Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 706

 

 

 

 

 

 

    2020            6             2                                          2020/ДШМ/706

 

 

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/768 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бгийн гаргасан гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906068960095 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Б,

1990 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Дархан хотын шүүхийн 55 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, уг хорих ялыг Дархан хот дахь хорих ангид эдлэж байгаад 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан,

2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 421 дүгээр ангид эдлэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 406 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан,

            Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төв дотор Д.Энхтөртэй архи уусан гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дулам овогт Галсанжамцын Г.Бг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Г.Бг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бгийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо: “...тухайн өргөтгөлийн ажил хийж байсан хэсэгт Д.Энхтөр согтуу унтаж байсан. Д.Энхтөрийг унтаж байсан зургыг албаны дарга авсан байсан. Тухайн үед Д.Энхтөр сэрсэний дараа “дарга ирсэн маргааш оффисс дээр ир гэсэн” гэхэд бид хоёрын маргаан эхэлсэн. Намайг ажилд оруулсан шалтгаанаар согтуу байхад минь даргыг аргалсангүй гэж дарамталж над руу дайрсаар байсан. Би хохирогч Д.Энхтөрийг зөвхөн айлгах гэж хутга тулгасан. Гэвч цээжинд нь тийм гүн орчихно гэж бодоогүй.  ...миний бие тухайн үед үйлдсэн болчимгүй буруу үйлдлээс болж хүний биед хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Тухайн үед болсон гэмт үйлдлээ ухамсарлаж хохирогчид анхны тусламж үзүүлж, хохирол төлбөрийг барагдуулж, мөрдөн шалгах явцад ямар нэгэн буруутай үйлдэл гаргаж саад учруулаагүй боловч яллагдагч надад хөнгөрүүлэх нөхцөл байдал авч үзээгүйд маш их гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тус прокурорын газраас Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тус зүйл хэсгээр 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хавдар судлалын үндэсний төв дотор Д.Энхтөртэй архи уусан гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Энхтөрийн “...Намайг Г.Б нэг удаа баруун гараараа хар иштэй жижиг хутгаар хутгалсан бөгөөд гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. ...бид хоёр хэрэлдэж маргалдаагүй. ...би хэн нэгэнтэй зодолдсон зүйл байхгүй. ...” /хх 9/,

шүүгдэгч Г.Бгийн “...Тэр үед Д.Энхтөр босч ирээд намайг архи яагаад уучихсан юм бэ гээд уурлаж загнасан ба бид хоёр маргалдаж эхэлсэн. Би өөрийн постон дээр очоод хар иштэй хутга аваад Д.Энхтөрийн урдаас очоод зүүн гараа мөрөн дээр нь тавиад баруун гараараа тус хутгаар цээжин тус газар нь нэг удаа хутгалсан. ...намайг хэн нэгэн гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй. ...Д.Энхтөр албаны даргыг ирэхэд намайг согтуу унтаж байгааг мэдсээр байж нууж хаасангүй гэж хэлээд маргалдаад би уурандаа хутгалсан. ...” /хх 35/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Энхтөрийн биед хэвлийн хөндийд нэвтэрч элэгний зүүн дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цусан хураа /700мл/ гэмтэл тогтоогдлоо. ...амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 13-14/,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 4-5/, мэс заслын тэмдэглэл, өвчний түүх, яаралтай тусламж, үйлчилгээний хуудас  /хх 18-26/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Бгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Бгийн “...надад хөнгөрүүлэх нөхцөл байдал авч үзээгүйд маш их гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Нөгөөтэйгүүр хохирогч Д.Энхтөр, шүүгдэгч Г.Б нарын хэрэгт авагдсан мэдүүлгээс дүгнэвэл шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан “...зөвхөн айлгах гэж хутга тулгасан...” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Б нь хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/768 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ