Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0684

 

Д.Н нарын 5 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Нэхэмжлэгч: Д.Н, Л.М, Г.А, Б.Ж, Х.Г

Хариуцагч: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Р.М, аудитор Л.У

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39/А/1270470 дугаартай “Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0021 дүгээр шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Н, Л.М, Г.А, Б.Ж, Х.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр  

Хэргийн индекс: 117/2026/0018/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.Н, Л.М, Г.А, Б.Ж, Х.Г нараас Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Р.М, аудитор Л.У нарт холбогдуулан “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39/А/1270470 дугаартай “Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.  

2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0021 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.11, 10 дугаар зүйлийн 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н, Л.М, Г.А, Б.Ж, Х.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39/А/1270470 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “... Нэг. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас тогтоосон 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39/А/1270470 дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчдийн хуульд зааснаас бусад урамшуулал авсан зөрчил, зөрчлийг гаргаснаар төсөвт учрах хохирлын асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй буюу нийтийн ашиг сонирхолд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Тодруулбал, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай" Б/19 дүгээр тушаалаар захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй буюу эрх зүйн үйлчлэлгүй тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчдэд 7,885,000 төгрөгийг олгосон байдаг.

Энэ нь Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хориглосон заалтуудыг зөрчсөн гэж үзэж, учирсан хохирлыг төрд буцаан төлүүлэхээр дээрх дугаар төлбөрийн актыг тогтоосон.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа талаар дурдсан байгаа боловч зөвхөн сонсох ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй, төлбөрийн актад дурдсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан Үндэсний зөвлөл гэдэгт байгууллагын өмч хамгаалах зөвлөл хамаарахгүй агуулгаар актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад хязгаарлагдаж, зөрчлийн үр дагаврыг хэрхэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, орхигдуулж шийдвэрлэсэн нь хууль дээдлэх зарчим, нийтийн ашиг сонирхолд нийцэхгүй байна.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг болон Тогтоох хэсэг хоёр хоорондоо нийцэж байх ёстой боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нарыг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх ба дахин шинэ акт гаргах эрх нь нээлттэй талаар дурдах нь зүйтэй” гэж үзсэн атлаа тогтоох хэсгээр дахин шинэ акт гаргах асуудлыг хөндөөгүй, актыг бүхэлд нь хүчингүй болгосон. Энэ нь тус шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсаныг баримтлан дахин шинэ акт гаргах үр дагаврыг үүсгэж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй болгож байна.

Зөрчлийг нэхэмжлэгчид зөвшөөрч, түүнийг шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан боловч захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох нь хууль хэрэглээний алдаатай байна. Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 117/ШШ2026/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

2. Нэхэмжлэгч Д.Н, Л.М, Г.А, Б.Ж, Х.Г нараас Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүн аудитор Р.М, аудитор Л.Унарт холбогдуулан “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39/А/1270470 дугаартай “Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Дундговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар “Өмч хамгаалах байнгын зөвлөл нь Төрийн өмчийг эзэмшүүлэх тухай гэрээний биелэлт 94 хувьтай үнэлэгдсэн” гэх үндэслэлээр Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга болон гишүүдэд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосныг маргаан бүхий актаар “... Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1, 3.2, 4.1.6, 10.2-т заасныг зөрчсөн гэж үзэн, тайлант онд үндсэн ажлын хөлстэй давхардуулан тооцож олгосон 7,885,000 төгрөгийн урамшууллыг хавсралтад заасан байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 5 гишүүдээр төлүүлэх” гэж шийдвэрлэсэн байна.  

4. Уг актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нараас “... нэр бүхий 5 гишүүнд холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй... төлбөрийн хэмжээ тодорхойгүй... өмч хамгаалах байнгын зөвлөл нь улс орны хэмжээнд бодлого тодорхойлдог үндэсний зөвлөл биш бөгөөд зөвхөн тухайн байгууллагын дотоод эд хөрөнгө, үндсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих зорилгоор байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан” гэж,

Хариуцагчаас “... зөвлөлийн гишүүдэд үндсэн цалин хөлснөөс гадуур давхар байдлаар урамшуулал олгосон нь төсвийн хөрөнгийн үр ашиггүй, давхардсан, зориулалт бусаар зарцуулсан... санхүүгийн сахилга, хэмнэлтийн зарчмыг зөрчсөн... өмч хамгаалах байнгын зөвлөл нь тусгайлан бие даасан байгууллага бус нэхэмжлэгч байгууллагын дотоод зохион байгуулалтын нэгж тул хуулийн зохицуулалтаас гадуур авч үзэхгүй үндэслэлгүй... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаж, сонсох ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулсан болно” гэж тайлбарлан маргаж байна.

5. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага нь зөвлөлийн бүрэлдэхүүний чиг үүргийг ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд тусгаж, ажиллах нөхцөл, боломжоор хангана. Шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төсөвт тусгуулна”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага нь өмч хамгаалах Байнгын зөвлөлийн ажлын үр дүнгээс хамааруулан холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн нэмэгдэл цалин хөлс, урамшуулал олгож болно” гэж заажээ.

6. Тухайн маргааны хувьд дараахь үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тодруулах боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.

Үүнд, нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд зөвлөлийн бүрэлдэхүүний чиг үүргийг тусгасан эсэх, урамшуулал, шаардлагатай үйл ажиллагааны зардлыг төсөвт тусгуулсан эсэх, мөн дээрх журамд зааснаар хууль тогтоомжид нийцүүлэн нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг олгохоор байх тул ямар хууль тогтоомжид зааснаар байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн 5 гишүүнд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгосон болохыг Дундговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс тодруулах шаардлагатай.

7. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасан.  

8. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сонсох ажиллагаа хийж, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Ө-ыг оролцуулсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар Ж.Ө-ыг Дундговь аймгийн Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст шилжүүлсэн,  

2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийсэн сонсох ажиллагаанд улсын бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ё.Б-ыг оролцуулсан, мөн маргаан бүхий акт гарсны дараа 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Н, Г.А, Б.Ж нарыг оролцуулан сонсох ажиллагааг дахин хийжээ.

9. Тодруулбал, хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, маргаан бүхий актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулан тайлбар, санал аваагүй, харин батлан гаргасны дараа өмч хамгаалах байнгын зөвлөлийн 5 гишүүнээс Д.Н, Г.А, Б.Ж нарт мэдэгдэл хүргүүлсэн нь сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын  давж заалдах гомдол үндэслэлтэй.   

10. Мөн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн 13-т “...нэхэмжлэгч нарыг зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газарт дахин шинэ акт гаргах эрх нь нээлттэй” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

11. Дээрхээс дүгнэвэл, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасныг зөрчсөнөөс гадна төлбөр барагдуулах актыг гаргахдаа шаардлагатай, хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн тодруулаагүй  байх тул тус актын хууль зүйн үндэслэлийг шалгахад нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 39/А/1270470 дугаартай төлбөр барагдуулах тухай актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.   

12.Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 117/ШШ2026/0021 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н, Л.М, Г.А, Б.Ж, Х.Г нараас Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Р.М, аудитор Л.Унарт холбогдуулан гаргасан “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39/А/1270470 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж,

Мөн хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39/А/1270470 дугаартай “Төлбөр барагдуулах тухай”  актыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж,

3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ  

        ШҮҮГЧ                                                      Э.ЗОРИГТБААТАР  

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН