Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 01725

 

    C.Ч-ын нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01058 дугаар шийдвэртэй, С.Ч-рын нэхэмжлэлтэй, Ц-т холбогдох

Цагдаагийн газрын эрэн сурвалжилж байгаа иргэний мэдээллийн сангаас нэр хасуулах, нэр хүнд гутаасан болон эрүүл мэндэд учирсан хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж, мэдээллийн санд оруулжээ. Тухайн үед намайг эрэн сурвалжлах шаардлагагүй болох нь 1986 оноос хойш 30 жил тогтвортой оршин сууж байгаа талаар засаг захиргааны албан тодорхойлолт, зээлийн өр төлбөрөө төлсөн тухай 1999 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны 4888 дугаар шийдвэрээр нотлогдоно. Энэ тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Ж.Б-д танилцуулсан боловч үл хайхарч эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөгүйн улмаас нэр хүндэд халдаж, удаа дараа хууль бусаар саатуулан баривчлагдаж, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учруулсаар байна. Ийнхүү намайг эрэн сурвалжилж байгаа гэж зарласнаас хойш удаа дараа баривчилж, саатуулсны улмаас зүрхний хэвийн ажиллагаа алдагдан, цусны даралт ихдэж, 2 удаа эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн. Тухайлбал, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаад журамлагдсаны улмаас миний сахар ихсэж, Бумаа санаа эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардал 495 000 төгрөг болсон. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог орчим Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн ахлах ахлагч н.Ганболд машины бичиг баримт шалгахдаа та улс орон даяар эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна гээд саатуулсан. Тухайн үед миний даралт 200 хүрч, биеийн байдал эрс муудаж, учраас Манба Дацан эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн.

Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хэв журмын хэлтэст 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Р.Чингис нарт өргөдөл гаргаж байсан боловч хариу өгөөгүй. Цагдаагийн байгууллага хууль тогтоомжийг хангаж ажиллана гэсэн хуулийн заалт байдаг. Намайг 4 жил 1 сарын хугацаанд гэм буруутан хэмээн зарлаж, миний хувийн болон ажил хэргийн нэр хүндийг гутааж, хууль бусаар баривчлагдсаны улмаас хоёр удаа эмнэлэгт хэвтэхдээ эмнэлгийн төлбөр болон эмийн зардалд 2 000 000 төгрөг зарцуулсан. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжилж байгаа иргэний мэдээллийн сангаас нэр хасуулах, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2 000 000 төгрөг, нэр төрийг гутаагдсан, сэтгэл санааны хохиролд 13 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг явуулах зохицуулалттай. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа АSAP мэдээллийн сан ашиглагдаг. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа болон эрх бүхий албан тушаалтнаас эрэн сурвалжлахыг даалгасан этгээдийн талаарх нэгдсэн мэдээллийн санг өөрийн үйл ажиллагаанд ашиглаж, албан хаагчдыг мэдээллээр хангах, эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2812-б дугаар шийдвэрээр С.Ч-ыг эрэн сурвалжилж, уг ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгасан. С.Ч-ыг эрэн сурвалжлах тухай мэдээллийг АSAP санд бүртгэгдсэн байсан бөгөөд цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл байдал бий болсон үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эрэн сурвалжлалтыг зогсоосон байна.С.Ч-ын эрэн сурвалжлалт зогсоогүй нь цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Нэхэмжлэгч энэ тухай цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан байдаг. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уучлал хүсч байсан баримт байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу С.Ч-ыг эрэн сурвалжилж байсан ажиллагаатай холбоотой баримтууд олдохгүй байна. Эрэн сурвалжлах үндэслэл арилсан ч мэдээллийн санд хадгалагдаж байдаг юм. Энэ нь С.Ч-т эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

Сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь цагдаагийн эрх бүхий ажилтан түүнийг шалгасны улмаас түүний алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учирсан нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц-аас 1 043 000 /нэг сая дөчин гурван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ч-т олгож, нэхэмжлэлээс Ц-ын эрэн сурвалжилж байгаа иргэний мэдээллийн сангаас нэр хасуулах, эдийн болон эдийн бус гэм хорын хохиролд 13 957 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц-аас 29 582 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Д давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ цагдаагийн алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч С.Ч цагдаагийн байгууллагад хүргэгдэн албадан саатуулагдсаны улмаас зүрхний хэмнэл алдагдан "Бумаа санаа", "Манба Дацан" эмнэлэгт тус тус хэвтэж, 1 043 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болохыг дурдаж, уг зардлыг цагдаагийн байгууллагаар төлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Гэтэл нэхэмжлэгч С.Чулуунбаатар 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр "Бумаа санаа", 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр "Манба Дацан" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үйл баримт болон түүнийг цагдаагийн алба хаагч саатуулсан үйлдэл хооронд шалтгаант холбоотой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг үнэлэх талаар заасан.

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Ч-ын 2014 оны 09 дүгээр сард "Бумаа санаа" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 495 000 төгрөгийг цагдаагийн байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэж буй нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед түүнийг эрэн сурвалжлахыг цагдаагийн байгууллагад даалгасан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2812-6 дуугаар шийдвэр хүчинтэй байсан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4888 дугаар шийдвэрээр С.Ч-ын "Мөнх" ХЭАА-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Дээрх байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй тул хэргийг хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Ч хариуцагч Ц-т холбогдуулан цагдаагийн газрын эрэн сурвалжилж байгаа иргэний мэдээллийн сангаас нэр хасуулах, нэр хүнд гутаасан болон эрүүл мэндэд учирсан хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2812-б дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хүсэлтээр “Мөнх” ХЭАА эзэн С.Ч-ыг эрэн сурвалжилж, эрэн сурвалжлах ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын ажилтан цагдаагийн ахлагч Ж.Б нэхэмжлэгч С.Ч-ыг цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах АSAP санд 2014 оны 09 дүгээр сард бүртгэж, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болох нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 49, 51 дүгээр тал/

Нэхэмжлэгч С.Ч-ыг эрэн сурвалжлах үндэслэл болсон Хөдөлмөрийн яам, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Мөнх” ХЭАА-д холбогдох гэрээний үүрэгт 40 400 000 төгрөг гаргуулах тухай хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4888 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн  5-6 дугаар тал/

Хариуцагч Ц-ын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн мөн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1 034 000 төгрөгийг хангаж шийдвэрлсэн нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч байгууллагаас гэм хор учирсан явдалд буруугүй болох тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй. Иймд хариуцагч Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                                      ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА