Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 255

 

А.Ба-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, 1728000690099 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан А.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ба-гийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Ба-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 кг ногоон хас нэртэй чулууг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Ба-д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. А.Ба-гийн улсын хилээр нэвтрүүлсэн чулуу нь хууль болон олон улсын ямар гэрээнд зааснаар хязгаарлалт тогтоосон бараа болох нь тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг давж заалдах шатны шүүх нь чулуу нэвтрүүлсэн хэргийн үйл баримттай хольж тайлбарлан барааны нэр төрлийг эргэлзээтэй тогтоосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2. Мөн магадлалд “Шүүхийн шийдвэр болон прокурорын дүгнэлтэд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарлалт тогтоосон барааны аль төрөлд уг чулуу хамаарч байгааг нотолж, тогтоогоогүй байна” гэсэн нь анхан шатны шүүхийн цагаатгах дүгнэлттэй нэг агуулгатай байх бөгөөд прокурор ийнхүү нотолж тогтоогоогүй учраас л А.Ба-г цагаатгаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан барааны аль төрөлд хамаарч байгааг шүүх нотолж тогтоогоогүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

3. Анхан шатны шүүх чулуу ямар хууль тогтоомжоор хязгаарлалт тогтоосон бараа болох нь тогтоогдоогүй гэсэн атлаа 100 грамм ногоон хас чулууг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэсэн зөрүүтэй ойлгомжгүй дүгнэлт хийсэн гэж магадлалд дурдсан нь ойлгомжгүй байна.  Шинжээчийн дүгнэлтээр “энэхүү шинжилгээний дүн нь захиалагчаас ирүүлсэн тухайн дээжид хамаарна” гэсэн учраас бүх чулууг ногоон хас чулуу гэж үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй тул анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд 100 гр ногоон хас чулууг хилээр нэвтрүүлсний улмаас ямар эрх зөрчигдөж хохирол, хор уршиг учирсан нь тодорхойгүй, энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэл алга байна” гэсэн утгыг илэрхийлж дүгнэлт гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй гэсэн нь учир дутагдалтай юм.

4. Хэрэв давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдсанаар ногоон хас чулууг бараа гэж үзвэл Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар уг чулууг Улсын Их Хурлын улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтад орсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхийг хориглохоор хуульчилсан байна. Гэтэл энэхүү хориглосон, хязгаарласан барааны жагсаалтад ногоон хас чулуу байдаггүй тул хууль тогтоомжийн дагуу чөлөөтэй нэвтрүүлэх бараатай адилтган үзэх боломжтой юм. Мөн магадлалд дурдсан шиг хас чулуу нь эрдэнийн чулуунд хамаарахгүй бөгөөд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6-д “эрдэнийн чулуу гэж ...үнэт, хагас үнэт чулууг хэлнэ” гэж заасан нь хуулиараа зөвхөн үнэт, хагас үнэт чулуу л эрдэнийн чулуунд багтах болохыг тодорхойлсон байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Ба- нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хас чулууг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Баатарсүрэн нь тухайн эрдэнийн чулууг гаргахын тулд зохих байгууллагаас тодорхойлолт авч мөн гаалийн бүрдүүлэлт хийсний дараа уг чулууг шалгуулах ёстой байхад Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаартай тушаалын заалтыг зөрчин хууль бусаар нэвтрүүлсэн. Анхан шатны шүүх 100 граммын хэмжээтэй чулуу байсан энэ нь тухайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж үзэн тухайн гэмт хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Учир нь хэргийн газрын үзлэгээр нийтдээ 18 кг чулуу хураагдан ирсэн байдаг. Эдгээр чулуу нь хас чулуу бөгөөд түүнээс сорьц тогтоох журмаар 100 грамм хас чулууг геологийн төв лабораторид шинжилгээнд өгч шинжлүүлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн А.Ба-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

А.Ба- нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Шивээ хүрэн” гаалийн хилийн боомтоор 18 килограмм ногоон хас нэртэй хуулиар хязгаарлалт тогтоосон эрдэнэсийн чулууг хууль бусаар нэвтрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ба-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр цагаатгах тогтоолд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаарх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, яллах нотлох баримтыг няцааж үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй тухай давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ..

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН