Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/98

 

                                                           

 

 

 

 

2024           02         01                                  2024/ШЦТ/98

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн 2311 00000 1761 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, Д.Д, 1990 оны 01 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: /РД:............./

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 11 сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагтын эцэст байрлах “Т.....” нэртэй машин угаалгын төвийн гадаа Э.Этай грашд байрлуулсан машинаа ав, авахгүй бол ачууллаа шүү гэж маргалдан улмаар түүний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Д.Дгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Дгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Э миний багын найз байгаа юм. 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр миний ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэд нэртэй авто угаалгын газарт Ауди загварын машиныг авч ирж тавьсан байсан. Би тэр машиныг нь өглөө гаргаж тавиад орой грашд оруулж тавиад 1 сар өнгөрсөн. Нэг гаргаад тавиад аккумлятор нь суугаад асахгүй удсан... 2023 оны 11 сарын 17-ны өдөр Эы ажлын 2 залуу машин угаалгаад, Э ч мөн ирэхээр нь би наад машиныг чинь асаагаад, дугуйг нь янзлаад өгье аваад яв, энд гай болоод байна, авахгүй бол ачууллаа гэж хэлтэл “яасан сүртэй юм, дахиад хэд хоног байж байг” гээд бид хоёр маргалдсан. Намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд маргалдаж байгаад Э намайг цохихоор нь би бултаад, баруун гараараа толгой хэсэгт нь 1 удаа цохисон..” гэсэн мэдүүлэг /хх-25/,

 

Хохирогч Э.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний 1616 улсын дугаартай Ауди А8 маркийн машин Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т.... нэртэй авто угаалгын гадаа зогсоол дээр байгаа. Тэр газрын манай 2 найз, ах нийлж ажиллуулдаг, тэдний нэг нь Д байгаа юм. 2023 оны 11 сарын 17-ны өдөр тэр угаалгын газраар дайраад гарсан чинь Д “машинаа аваад яв, энд гай болоод байна, авахгүй бол ачууллаа” гэхээр нь “яагаад байгаа юм” гэсэн чинь “яасан ч яадаг юм” гээд намайг заамдаад авсан. Би зөрүүлээд заамдсан чинь өөдөөс шууд баруун гараараа 1 удаа миний хамар хэсэгт цохисон. Миний хамраас цус гараад цагдаа дуудлаа шүү гэсэн чинь Д дууд дууд гэхээр нь цагдаа дуудсан..” гэсэн мэдүүлэг /хх-7/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Э.Эы биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-14-15/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/, шүүгдэгч Д.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Д нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д нь дээрхи үйлдлийн улмаас Э.Эы биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт бүхий гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Дг гэм буруутайд тооцож, хохирогч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед баримтаар хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Дг бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Дд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР