| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
2024 01 25 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Н.З /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.З-д холбогдох эрүүгийн 2411 00000 0035 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Н.З, 1969 оны 02 дугаар сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн .................байрны 7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:Х................/.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.З нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Халуун у....газарт И.Тын биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Н.Згоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тэр хүний хамар өмнө нь мурий байсан. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж болдог гэхээр нь би зөвшөөрсөн..” гэв.
Шүүгдэгч Н.Згоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Надад өмнөх өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй ээ би угаасаа бүхий л болсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна, тэр өдөр 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах халуун ...газарт ажлаа хийж байтал үл таних залуу орж ирээд усанд орж байгаад орох ёстой цагаа хэтрүүлэн орсон тул түүнээс илүү цагийн мөнгөө нэхсэн чинь тэр залуу өөдөөс олон юм яриад бид нарын хооронд үл ойлголцол асуудал үүсэж байгаад хоорондоо маргалдаж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байгаа юм, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж авсан, Ингээд би өөрөө урьд өмнөх өгсөн гэрчийн мэдүүлэгтээ бүхий л болсон асуудлаа үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа тул цаашид надад өөр нэмж яриад байх зүйл байхгүй байна, би буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу байгаа юм..” гэсэн мэдүүлэг /хх-43/,
Хохирогч И.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэр залуу намайг заамдаж аваад байсан тэгээд хоолой боогоод байсан боолт ороод ухаан алдаж унах гээд байсан, тэгээд тэрнийхээ дараагаар нь зууралдаж байгаад миний нүүрэн тус газарт гараараа хоёроос гурван удаа цохиж авч байсан би тэр ахад хэлсэн би бие муутай хүн шүү та ингэж хүн зодож байж өөртөө гай хурааваа гэж хэлсэн чинь тэр ах буцаж ирээд чи муу юу гээд байгаа пизда вэ гэж хэлээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж авсан тэр нь миний хамарт оноод хамраас нэлээн цус гарч байсан, миний төмсөг рүү хоёр удаа өвдөглөж байсан тэр үед тэр халуун усны үйлчлэгч эгч тэр залуу болиоч гэж хэлээд надаас салгаж авч байсан юм. Тэгээд миний хамар болохоор шүүх эмнэлэг болон хувийн эмнэлэгт үзүүлсэн чинь хугарсан байна, мурийлттай байна гэж хэлээд байсан би өөрөө тэр Гэмтэл согог судлалын хажуудах өөдөөс харсан эмнэлэг байсан Тгэдэг нэртэй эмнэлэгт очиж хамарныхаа зургийг толгойн зургийг бас авхуулж байсан юм, тэгээд эмч үзээд хамар хугарсан байна гэж хэлээд байсан юм миний хамрыг баруун тийшээгээ муруйсан, бяцралт үүссэн байна гэж хэлж байсан юм, тэр үед намайг зодож байхад хажууд тэр халуун усны газрын үйлчлэгч эгч байсан өөр ямар нэгэн хүмүүс байгаагүй тэр нь дөнгөж онгойж байсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-9-11/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааы үед мэдүүлсэн: “..Би тэр үед 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ахлагч Э.Х хамт Чингэлтэй дүүргийн ...........дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах хороонуудад ...........чиглэлийн автомашины эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан гэхдээ өглөөний ээлжинд гараад орой бууж байсан юм, энэ хугацаанд Согоот 10-аас 11:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн..... дүгээр хорооны нуурын ..........гудамжинд байдаг халуун усанд нь очоод ороод шалгахад хоёр эрэгтэй хүн хоорондоо зодолдсон байдалтай хувцас хунар нь урагдсан байдалтай халуун усны коридорт дуудлага өгсөн гэх хохирогч нь байж байсан тул би болсон асуудлынх нь талаар асуусан чинь тэр хохирогч залуу би энэ халуун усны газарт усанд ороод гарсан чинь эзэн нь намайг 30 минут цаг хэтэрлээ гэх шалтгаанаар намайг зодчихлоо гэж ярьж байсан тэгээд тэр залуу энэ хүн миний хамрыг цохиод мурийлгачихлаа шүү дээ гээд орилоод байсан тэгээд би тэр дуудлага өгсөн хохирогч холбогдогч нарыг машиндаа суулгаад Согоот жижүүрт авчирч хүлээлгэж өгөөд дараагийн ажилдаа орж байсан юм, Энэ залуу манай халуун усанд ороод 30 минут цаг хэтрүүлсэн тэгээд би энэ залууд цаг хэтэрсэн тохиолдолд мөнгө нэмж авдаг учраа хэлсэн чинь өөдөөр эсэргүүцээд хэл амаар доромжпоод байсан тэгээд надтай зууралдаад намайг коридор луу чирээд гаргасан чинь би салгах гээд түүнийг нэг удаа толгой руу нь цохиж авсан юм аа гэж тайлбарлан хэлж байсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-24/,
Гэрч Б.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Халуун усанд ороод удлаа цагаа хэтэрсэн байна гэх шалтгаанаар зодсон байсан юм, тэгээд бас тэр халуун усны газар нь хүйтэн ус гараад халуун усаа шахахгүй байгаад байсан юм, тэгээд бас тэр халуун усны газар нь хүйтэн ус гараад халуун усаа шахахгүй байгаад байсан болохоор удсан гэж нөхөр өөрөө надад хэлж байсан юм, тэр залуу нь гараараа хоёроос гурван удаа цохиж гэмтээсэн байсан тэр өөрөө надад хэлж байсан тэгээд хамраас нь нилээн ихээр цус гарсан байсан ба зүүн нүдний доод хэсэгт хавдаж хөхөрсөн байдалтай байсан хувцас хунар нь цус болсон куртикний малгай хэсэг нь ханз татаад урагдсан байсан бас зах нь урагдсан байсан өөрөө гэртээ ирээд оёж байсан юм, манай нөхрийг архичин минь дахиж битгий орж ирээрэй гэж хэлээд зөндөө ихээр хэл амаараа доромжилсон байсан, тэгээд миний хувьд, бодож байгаагаар тэр хүн бол манай нөхрийг тэр хавийнхаа хүнсний зах орчмын архи уудаг хүмүүстэйгээ андуурсан байх гэж бодож байна тэгээд их дээрэлхүүгээр хандсан гэж бодоод байгаа юм..” гэсэн мэдүүлэг /хх-22/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 80 дугаартай дүгнэлтэд: “..И.Тийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үрэх, нидрэх, дарах шахах цохих цохигдох механизмаар хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэх дүгнэлт /хх-29-30/, шүүгдэгч Н.Згийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Згоос би нэг удаа цохисон, хохирогчийн хамар угаасаа урьд нь муруй байсан гэж шүүхэд мэдүүлж, өмнө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн боловч хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлгээр тэрээр хохирогчийг заамдан авч, амьсгалыг боож, нүүрэн тус газарт нь гараар хэд хэдэн удаа цохисон болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.З нь дээрхи үйлдлийн улмаас хохирогч И.Тын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл үүсгэсэн, энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Згийн үйлдлийн улмаас хохирогч И.Тд хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Згийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч И.Т нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.З нь 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх бөгөөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч И.Т нь хохирол нэхэмжэлээгүй, гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байх тул шүүгдэгч Н.Зг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй байна. Мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.З нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР