| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/81 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/81
2024 01 25 2024/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч Б.Оргилболд,
шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2309027230002 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.М /РД:..............
Монгол Улсын иргэн, 19.... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Завхан аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сангийн техникч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт, Сүхбаатар дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай боловч, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, ..................тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шалгалгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байлдааны зориулалттай галт хэрэгсэл борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл болох 1990 онд ОХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62x39 мм-ийн калибртай ПС /Steel core bullet/ загварын ган зүрхэвчтэй 3 хайрцаг сумыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ш.Бд худалдан борлуулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр дээрх байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62x39 мм-ийн калибртай ган зүрхэвчтэй 17 ширхэг хайрцаг 2040 ширхэг галт сумыг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Төв шуудан”-гийн баруун талын автомашины зогсоол дээр “Лексус RX450H” маркийн 11-... С... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн, хадгалсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-10,11-16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-23-24, 25-44/, гэрч Г.Аийн мэдүүлэг /хх-57-59/, гэрч Э.Бгийн мэдүүлэг, гэрч Ш.Б мэдүүлэг /хх-78-79/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №3408 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-93-94, 95-96/, Зэвсэгт хүчний Жанжин штабын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн н/538 дугаар албан бичгийн хавсралт мэргэжлийн дүгнэлт /хх-101/, шинжээч Б.Тын мэдүүлэг /хх-105-106/, шинжээч Х.Ггийн мэдүүлэг /хх-109-110/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хэрэгт хэргийн газрын үзлэгээр хураан авсан одоо Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 7.62 ПС 120 шт гэсэн бичигтэй 17 ширхэг хайрцаг 2040 ширхэг сумыг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ. Мөн түүнчлэн хэрэгт Н.....................ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, иргэн М овогтой М /РД:З......./ эзэмшин ашиглаж байгаа Лексус RX450H маркийн /арлын дугаар GY............../ 11-..А улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн биш, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байлдааны зориулалттай галт хэрэгсэл борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Хэрэгт хэргийн газрын үзлэгээр хураан авсан одоо Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 7.62 ПС 120 шт гэсэн бичигтэй 17 ширхэг хайрцаг 2040 ширхэг сумыг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт .........ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй, иргэн М....овогтой М..... / эзэмшин ашиглаж байгаа Лексус RX450H маркийн /арлын дугаар ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцласугай.
7. Шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР