| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00669/и |
| Дугаар | 153/ШШ2020/00705 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2020/00705
| 2020 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00705 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн ******* сумын Төгрөг гол багт оршин суух, Буянт овогт Ширнэнгийн Г //-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00669/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ш.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянт овогт Ширнэнгийн Г миний бие нь 1965 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж 1973 онд Ховд аймгийн ******* сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1981 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд тодорхой эрхэлсэн ажилгүй байж байгаад 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харьяа Бэрлэг дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колоний даргын 1983 оны 06 сарын 01-ний өдрийн 77 тоот тушаалаар Машин механизмын слесариар ажилд орсон. Тэр үед миний ээж Ж.*******гийн төрсөн дүу Ж.******* гэдэг хүн Бэрлэг дэх ЗХХ-ийн колоний Үйлдвэр эрхэлсэн орлогч дарга байсан учраас намайг ажилд оруулсан юм. Миний бие нь Бэрлэгт 1987 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад хүсэлтээрээ чөлөөлөгдсөн. Дараа нь 1988 оны 04 сарын 28-ны өдрөөс Зүүнхараагийн хүнсний комбинатын Спиртийн үйлдвэрт засварчин дагалдангаар 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Ш.Г миний бие нь 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаад Ховд аймгийн ******* суманд ирж Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тэр үед манайх ам бүл олуулаа, эцэг эх ах дүү нийлээд 11-үүлээ амьдардаг байсан. Өмч хувьчлал 1990 оноос эхэлж нэгдэл малаа хувьд тарааж эхэлсэн бөгөөд Улсын бүртгэлд 1992 онд компани болж бүртгэгдсэн байна. Бодит байдал дээрээ бол үндсэндээ 1990 оноос эхлээд л малаа хувьчилж тарааж эхэлсэн. Буянт овогт Ширнэнгийн Г миний бие нь одоо Ховд аймгийн ******* сумандаа хувиараа мал маллан амьдарч байна.
Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Миний бие нь улсаас өгсөн жилээ малчин байснаар тогтоолгож өндөр насны тэтгэвэр гарахаар Нийгмийн даатгалын байгууллагад хандахад Ховд аймгийн ******* сумын ЗДТГ-ын архив шатсан учир мал маллаж байсныг нотлох баримт бичиг олдохгүй байгаа тул шүүхээр тогтоолгож ир гэсэн хариуг өгч байгаа. Иймд Буянт овогт Ширнэнгийн Г /РД: МЗ 65011976/ намайг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харьяа Бэрлэг дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид Машин механизмын слесариар, 1988 оны 04 сарын 28-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хүнсний комбинатын Спиртийн үйлдвэрт засварчин дагалдангаар, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1992 оны 02 сарын 09-ний өдрөөс 2000 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* суманд хувиараа мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г нь 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл Нийгмийн аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харъяа Бэрлэг дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид машин механизмын слесариар, 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн Хүнсний комбинатын Хүнсний үйлдвэрт засварчин, дагалдангаар тус тус ажиллаж байсан байдлыг, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2000 оныг дуустал Ховд аймгийн ******* суманд хувиараа мал маллаж байсан үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ш.Гын 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 055415 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь
2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1608000759 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3.Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7305 дугаартай Ш.Г нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанаас халагдсан тухай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4. Ш.Г нь 2020 онд Ховд аймгийн ******* сумын аварга малчин болсон тухай өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. 00118 дугаартай 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6.Ш.Г нь Хүнс Хөдөө Аж Ахуйн сайдын 2015 оны 66 дугаар тушаалаар Хөдөө Аж Ахуй Хүнсний Үйлдвэрийн тэргүүний ажилтан болсон тухай 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1231 дугаартай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
7. Гэрч Х.Баасанхалтарын ...Би 1966 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1972 оны хавар 6 дугаар анги төгссөн. Би 1975 онд Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол баг буюу 1 дүгээр бригадын гишүүн болж, ээж, дүү нарынхаа хамт мал малладаг байсан. Би 1977 оны 6 дугар сард цэргийн албанд татагдаж, 1980 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Би цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол баг буюу 1 дүгээр бригаддаа малчнаар 1992 он хүртэл ажилласан. Манай ******* сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 онд тарж, Баясгалант амьдрал ХК болсон. Би Баясгалант амьдрал ХК-нд ажиллаагүй. Ш.Г нь миний төрсөн дүү Х.Сүхбаатарын хамт 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сард халагдаж дугаар бригадад малчнаар ажилласан. Ш.Ганбодлынх хавар, намартаа манайхтай ойрхон Баянгол багийн Цайр хужир гэх газар хаваржиж, намарх
8. Гэрч П.*******ын ...Би 1979 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн ******* сумын Баянгол багт эцэг эхийнхээ гар дээр байж байгаад 1981 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1984 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Ингээд би Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн гишүүн болж, нэгдлийн бог мал хариулж байсан. Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэл нь 1993 онд тарж, Баясгалант амьдрал ХК болсон. Би Ховд аймгийн Баясгалант амьдрал нэгдэлд 1993 он хүртэл малчнаар ажиллаж байгаад Баясгалант амьдрал ХК болоход тус компанидаа 1994 оны намар хүртэл малчнаар ажилласан. Ш.Г нь 1966 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн гэж надад ярьж байсан. Ш.Г нь 1973 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1981 онд 6 дугаар сард 8 дугаар анги төгсөж байсан. 1981 оноос 1984 оны хооронд би цэргийн алба хааж байсан учраас үүнээсхойш би Ш.Ганбодлын талаар мэдэхгүй байна. Ш.Г нь 1990 оны 10 дугаар цэрэгэс халагдаж ирэхэд би Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол багт малчнаар ажиллаж байсан. Харин Ш.Г нь Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдлийн Төгрөг гол багт малчин болсон. Ш.Г нь хавар, намартаа манай Баянгол багт хаваржиж, намаржижаад зундаа Ботгон багт зусдаг байсан учраас би Ш.Ганблдын талаар мэдэж байна. Ш.Г 1993 онд Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаад Баясгалант амьдрал ХК-нд үргэлжлүүлэн малчнаар ажилласан. Ш.Г нь өнөөдрийгхүртэл мал маллаж амьдарч байгаа хүн юм. Ш.Г нь миний мэдэхийн малчнаас өөр ажил хийж байгаагүй. Ш.Г нь нэгдлийн бог мал маллаж байсан. Ш..Гын аавынх нь нэрийг Ширнэн гэдэг ээжийн нь нэрийг ******* гэдэг байсан. Ш.Г нь эхээс олуулаа, Ш.Г нь өөрөө айлын том хүүхэд байх гэж бодож байна. Дүү нарынх нь нэрийг Шинэхүү, Хосбаяр, Чимгээ, Батсуурь, Энхээ гэдэг. Ш.Г нь гэр бүлтэй болоогүй, өнөөдрийг хүртэл ганц бие амьдарч байгаа юм... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 1992 оны 02 сарын 09-ны өдрөөс 2000 оныг дуустал Ховд аймгийн ******* суманд хувиараа мал маллаж байсан үйл явдлыг тогтоолгохыг хүссэн ба энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журамд зааснаар Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 2/183 дугаартай албан бичгээр Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлөөс тогтоох боломжгүй талаархи баримтыг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэж дүгнэлээ.
Харин нэхэмжлэгч нь 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч нь 1990 оны 01 сараас 2000 оны 12 сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай Нийгмийн даатгалын дэвтрийн Баталгаажилтын хуудсыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн байх тул энэ хэсгийг шүүх дахин тогтоохгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар, Буянт овогт Ширнэнгийн Г //-ыг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харъяа Бэрлэг дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид машин механизмын слессариар, 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүн хараагийн Хүнсний комбинатын Хүнсний үйлдвэрт засварчин, дагалдангаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар Буянт овогт Ширнэнгийн Г //-ын 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2000 оныг дуустал Ховд аймгийн ******* суманд хувиараа мал маллаж байсан үйл явдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ