| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2023/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Хохирогч Ө.Ц,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Ббаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цын Тд холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х ургийн овогт Цын Т, регистрийн ****** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Т нь Хөвсгөл аймгийн *** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Цийн биед 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сард халдаж зодсон, мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ө.Цийн биед нь халдаж зодохдоо эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хамар баруун хацар, зүүн бугалга, зүүн хөх, дух, зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
мөн Ц.Т нь Хөвсгөл аймгийн *** сумын 6 дугаар багт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Быг урьд нь эхнэр байсан Ө.Цтай хардаж зодож биед нь баруун хөмсөг, хамарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч О.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч намайг 3 цаг гаруй хугацаанд зодсон. Шүүх эмнэлэг шинжилгээ хийхдээ миний бэлхүүснээс доошоо үзээгүй. Тухайн үед миний гуя, өвдөгнөөс доошоо хөх алга болчихсон байсан. Одоо миний толгой байнга өвддөг болсон учраас эмнэлгээр явж байнга эм уудаг болсон. Энэ хэргийн улмаас баримтгүй маш их зардал гарсан. Хамгийн сүүлд Улаанбаатар хот руу шинжээчийн дүгнэлт гаргуулахаар явахдаа 3,500,000 төгрөгийн зээл аваад явсан боловч энэ мөнгө хаанаа ч хүрээгүй. Би 2024 оны 7 дугаар сар хүртэл тэтгэврийн зээл авчихсан. Цагаан сав, хотны гэрлийг намайг зодохдоо эвдсэн атлаа одоо болтол төлж өгөөгүй байгаа. Би тухайн эд зүйлийг мөнгөөрөө худалдаж авсан байсан. Гэрийн хэдэн унь хугалснаа ч төлөөгүй байгаа. Намайг өмгөөлөгч, цагдаа, шүүхээс дуудах бүрд өөрөө хувийн унаагүй учраас тэр бүрд төлбөртэй унаагаар нааш цаашаа явдаг. Өнөөдөр шүүх хуралдаан 11 цагаас болох байсан учраас өчигдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу төлбөртэй унаагаар ирж хоносон ...”гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Т нь Хөвсгөл аймгийн *** сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Цийн биед 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сард халдаж зодсон, мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Ө.Цийн биед нь халдаж зодохдоо эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хамар баруун хацар, зүүн бугалга, зүүн хөх, дух, зулайн хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
мөн Ц.Т нь Хөвсгөл аймгийн *** сумын 6 дугаар багт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Быг урьд нь эхнэр байсан Ө.Цтай хардаж зодож биед нь баруун хөмсөг, хамарт сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэргийн талаар:
Хохирогч Ө.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед манай салсан нөхөр болох Ц.Т нь согтуу манайд ирсэн. Орж ирээд суухаар нь би цай хийж өгсөн чинь ууж байгаад намайг идээ өгөх үед ууж байсан цайтай аягаа над руу шидсэн. Тэр аяга нь миний толгой хэсэгт цохиод шаазан аяга унахдаа хагараад унаж байсан. Тэгээд идээний төмөр саваар толгой болон нүүр хэсэг рүү цохиод байхаар нь би болиоч гэсэн чинь миний баруун чихний дэлбэн тас цохиод хаячихсан байсан. Чамайг ална гээд зодож байгаад хоёр гар нь миний цээжнээс хальт салахаар нь би гэрээс гараад гүйсэн. Гэрээс зугтаагаад гарч ирээд би малын хашаа руу орсон чинь миний араас Ц.Т нь мотоциклоор хөөж ирээд мотоциклоо хашааны ард тавиад миний араас явган гүйж хашаа руу орж ирээд намайг барьж аваад миний үснээс зулгааж гэрийн үүд хүртэл чирч нүүр хэсэг рүү ахиад гараа атгаж байгаад зодож цохиод чамайг ална гээд л байсан. Тэгээд намайг босгож байгаад үснээс татаж, хэвлий тус газар луу гараараа маш олон удаа цохисон. Гэрийн үүдэнд зодож байхдаа гэр луу гүйж ороод хутга авч гарч ирээд миний цээжинд тулгаж, далайлгаж сүрдүүлсэн. Тэгснээ үснээс чирч гэр лүү хүчээр чирч орсноо цээж, нуруу руу цохих тонгойж байгаад нүүр, хамар луу цохисон. Тэр үед ам хамраас цус гараад тогтохгүй байхад зодсоор л байсан. Намайг нартай байхад ирж зодоод харанхуй болтол зодсон. Тухайн үед гэртээ ганцаараа байсан. Манай хүүхэд Д хониндоо яваад ирээгүй байсан. Д болохоор зодоод дууссаны дараа 22 цаг өнгөрч байхад малаасаа ирсэн. Д ирснээ ээж яачихсан юм бэ, цус алдаад үхлээ ш дээ гэж хэлсэн. Д-ид бол аав чинь ирээд зодчихлоо гэдгийг бол хэлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхөд *** сумын эмэгтэй эмч ирээд үзсэн. Тэр эмчийн нэрийг нь мэдэхгүй байна...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Бгийн хамт байхад салсан нөхөр Т нь мотоциклоор эрүүл архи уугаагүй ирсэн. Орж ирэхээр нь цай хийгээд өгөхөд уухгүй галын өрөн дээр тавиад аягатай цайгаа тавьснаа хойшоо орон дээр Бгийн дээр сууснаа Бг гараа атгаад толгой руу цохиод хамар амнаас нь цус гараад гоожуурт цусаа угааж байхад цайтай аягаа авснаа цайгаа над руу цацаад, аягыг Б руу шидэхэд толгой руу нь онож хөмсөг, хамар хэсгийг нь зүссэн байсан. Б тэр үед гэрээс гүйгээд гарахад намайг барьж авснаа хамар руу гараараа цохиж, хутга хамар луу тулгаж, хурц сүх тулгасан гэсэн. Би гэрээс гарсны дараагаар Бг хашааны хойно явж байхад нь чирч гэрт оруулаад бас хутга, хурц сүх тулгасан гэсэн. Тэгэхэд бас нэлээн удаан зодож тэнд байсан. Шөнийн 01 цагийн үед манай гэрээс явсан байх. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *** сумын уяачдын баярын маргааш орой нь Т нь мотоциклтой согтуу хүрч ирсэн. Ирэхэд манай бага охин Лхагвабаяр байсан. Би гадаа малаа хашчихаад гэртээ орж ирээд зуухны урд суусан. Т зуухны ард архи уугаад сууж байснаа гараад явсан. Гарч явснаа буцаж орж ирээд гараараа хоолой руу цохиж багалзуурдаж хойш нь унагаасан. Тэгэхэд манай охин ээж гараад гүйгээч гээд орилоод байхаар нь гараад гүйсэн. Тэгэхэд тотгоны таван унь хугалж, багана хугалсан. Гэрийн хөшиг хүртэл урьсан байсан. Миний баруун чих цуурсан. Миний хоёр нүд хөхөрсөн толгойны үс зулгарч унасан байна. Миний хоёр бөөрөнд өөрчлөлт орсон байна гэсэн. Аарцгийн хөндийд шар ус хурсан байна гэж эмч хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зодоход хамар яс хугарсан. Тэгээд эдгэрсэн байхад дахиад хамар луу цохиж гэмтээсэн. Ц.Т нь чи миний хөрөнгөн дээр байгаа шүү гэж зодсон. Тийн юм гэж бол байхгүй. Салахдаа бүх юмаа аваад явсан. Салахдаа 4 хүүхдийн мөнгө төлөх байсан. Буцаж надтай нийлнэ гээд бичиг хийлгэж аваад хүүхдийн мөнгө төлөөгүй. Би маш их гомдолтой байна. Намайг архи уусан болон эрүүл үед гэрт ирж намайг зодож цохиж байдаг. Энэ бүх үйлдэлд нь би маш их гомдолтой байна...Эрүүл мэндийн хувьд гомдолтой байна. эмчилгээний төлбөрт 7-8 сая төгрөг нэхэмжилнэ...намайг 3 цаг гаран цус гартал цохиж зодсон учраас сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр Цийн хүү Д айл руу морь авчрахаар явсан байхад Т мотоциклтой ирсэн. Гэрт нь орж ирэхэд Ц цай хийж өгсөн. Цайг нь тавьснаа намайг эхлээд нүүр лүү цохиход хамрын цус гарахаар нь гоожуурт цусаа угааж байсан чинь цай хийж өгсөн аягаараа над руу шидэхэд баруун талын хөмсөг, хамар хэсэгт онож хөмсөг, хамрын яс тасарсан. Тэгээд л цус нь гоожоод байсан. Та цохчихсон, миний цус тогтохгүй байна гээд болиулсан. Тэгсэн үнс нурмыг өшиглөөд Цийг барьж аваад цохиод байсан. Сайн харж бол чадаагүй, цус гоожоод байхаар нь нүүрээ дараад зугтаасан. Тэгж зодож зодож байгаад л явсан. Д болохоор аавыгаа явсны дараахан гэртээ хүрээд ирсэн. Д та нарыг арай хэтрүүлж зодсон байна. Хүний аав байж ингэж болохгүй дээ л гэж хэлж байсан...Ц намайг машин бариад өвсөнд яваад өгөөч гэж гуйхаар л тэднийд очсон. Өөр харилцаа байхгүй. Цийн нүүр амыг нь хөх алаг болтол нүдчихсэн, хамрын яс нь хугарчихсан байх шиг байсан. Дундаа овойчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч Ө.Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж, амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн 214,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Гэрч Т.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр15 цагийн үед айлын хонийг өөрийнхөө хоньтой нийлүүлснийг мэдээд гэрээсээ гарсан. Тэгээд хонио ялгаж дуусаад 21 цагийн үед гэртээ ирэхэд ээж зодуулсан байдалтай урдаас гарч ирсэн. Тэгэхээр нь ээжээс юу болсныг асуухад, аав чинь ирээд ингээд зодчихлоо. Аав чинь яваагүй хашааны хойно тасраад уначихсан хэвтэж байгаа гэж хэлэхээр нь гэрийн үүдэнд мотоциклоо аваачиж тавиад хашааны ар талын хунгар цасан дээр аав байна уу, үгүй юу гэдгийг очиж харахад аавын мотоцикл байсан. Аавыг байсан үгүйг нь бол олж хараагүй. Тэгээд шууд гэртээ орж ирээд гэрлээ асаагаад зурагтаа асаагаад гэр доторхыг харахад гэрийн зүүн талын орны бүтээлэг, хөнжил, дээлүүд нэл цус болчихсон, баруун талын хаяа гоожуурын урд талд их цус гоожсон байсныг хараад тэвдсэндээ гэрээс гарч ээжийг хайхад байхгүй байхаар нь ээжээ гэж хоёр гурван удаа дуудсан. Эргэж гэртээ орж ирээд асгасан тавгийн идээний ааруул, боорцгийг хамсан. Тэгээд хэсэг сууж байтал ээж гаднаас орж ирэхээр нь харахад нэг талын чих сэтэрчихсэн, нүүр ам нь хавдаад цус болчихсон байсан. Юу болсныг асуухад эхлээд цай хийж өгсөн аягыг ээж рүү шидсэн, идээ хийчихсэн байсан цагаан төмпөн савыг авч шидэж, жаал зодлоо гэж ээж хэлсэн... 2022 оны 11 дүгээр сарын хэдний өдрийг санахгүй байна. Б, ээж бид гурав байхад аав согтуу ирсэн. Ирэхээр нь энэ олигтой зүйл болохгүй гэж бодоод зөрөөд гараад явчихсан. Тэгээд буцаад шөнийн 01 цагийн үед ирэхэд ээжийг ганц нэг удаа цохисон гэж байснаас ноцтой гэмтэл аваагүй байсан. Харин Б ахын биед хамрыг цас цохчихсон байсан. Аяга аваад шидчихсэн гэж хэлж байсан. 2022 оны 12 дугаар сард адуунд явчихсан байхад аав гэрт ирээд ээжийг бас зодож, тотгоны таван унь хугалж, зүүн талын багана модыг хугалсан байсан. Ээжийг цохисон л гэж байсан. Тэрнээс гэмтэл учраагүй байсан. Гэртээ л агсам тавьсан юм шиг байна лээ. Манай аав, ээж хоёр шүүхээр ороод 2011 онд гэр бүлээ цуцлуулсан шиг санагдаж байна. Б ах манайд 2013 оноос хойш мал маллаж байдаг байсан юм. Аав болохоор ээжийг Бтай хардаад байдаг байсан. Б ах манайд мал малладаг байх үеэс л хардаад байдаг байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаартай: “1. Б.Бын биед баруун хөмсөг, хамарт сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь сэтгэл санааны дарамтын улмаас үүсэхгүй. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Б.Бын биед учирсан гэмтлийг хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаартай: “1. Ө.Цийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи хамар баруун хацар, зүүн бугалга, зүүн хөх, дух, зулайн хуйханд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Ө.Цийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун чихний дэлбэнд шарх, хоёр нүдний цус хуралт гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42 тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 720 дугаартай: “ 1. Ө.Ц нь зүүн өндгөвчийн уйланхай, умайн салстын архаг үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэлт өвчтэй байна. Дээрх үрэвсэлт өвчний улмаас бага аарцгийн хөндийд умайн араар бага хэмжээний сул шингэн үүссэн байна. 2. Дээрх сул шингэн нь үрэвслийн гаралтай үүссэн ба гэмтэлтэй шалтгаант холбоогүй, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 3. 2023.03.09-ны өдрийн хэвлийн компьютер томографикийн шинжилгээгээр бага аарцгийн хөндийд умайн араар бага зэрэг сул шингэн оношлогдсон ба дээрх шингэн хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Баруун бөөрний шээлүүр бага зэрэг өргөсөлттэй байгаа нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй. 5. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар бөөрний усжилт тогтоогдохгүй байна. 6. Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 133 тоот дүгнэлттэй зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Цийн биед нь халдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:
хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Ө.Цийн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, гэрч Т.Дийн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Цийн биед нь халдаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Быг Ө.Цтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 23 тал/, Хөвсгал аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Цийг байнга зодсон болох нь:
хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Ө.Цийн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, гэрч Т.Дийн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан шүүгдэгч Ц.Тийн хууль бус шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ө.Цийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна...” гэж,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан байх ба хохирогч болон шүүгдэгч нар нь дээр дурдсанчлан гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр байх тул уг хуулийн үйлчлэлд хамаарна.
Шүүгдэгч Ц.Т, хохирогч Ө.Ц нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь:
хохирогч Ө.Цийн мэдүүлэг /хх-ийн 16 тал/, гэрч Т.Дийн мэдүүлэг /хх-ийн 33 тал/, шүүгдэгч Ц.Тийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 237 дугаартай шийдвэр /хх-57 тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Тийн гэм буруутай үйлдэл, хохирогч Ө.Ц, Б.Б нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Ө.Ц, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Ц.Тийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус заасан байх ба шүүгдэгч Ц.Т нь хохирогч О.Ц, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ц.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ө.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийг шинжийн нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Тийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ө.Ц, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан хэд хэдэн гэмт хэрэг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрх үйлдэл тус бүрийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардахгүй.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, байнга хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлээр илрэх ба хууль зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн дээрх үйлдэл байхыг ойлгоно гэжээ.
Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана /УДШ-ийн 2019.10.16-ны №506-р тогтоол/ гэж заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогчийн биед халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэргээр хүний бие махбодид өвдөлт, зовиур мэдрүүлсэн аливаа үйлдлээр, сэтгэл санааны дарамтад оруулах, үргэлжид айдас түгшүүртэй, санаа зовж шаналсан байдалд байлгах, хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, заналхийлэх, мөшгиж мөрдөх, гутаан доромжлох, бусадтай харилцахыг хязгаарлах зэргээр сэтгэцийн хувьд хямрал үүсгэж байгаа аливаа үйлдлээр илэрдэг.
Шүүгдэгч Ц.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн Ө.Цийг удаа дараагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “байнга” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ц, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Б нь хохирол нэхэмжлээгүй,
хохирогч Ө.Цид эмчилгээнд гарсан бодит зардалд 527,500 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Б.Мын нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 214,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Ц шүүгдэгч Ц.Тээс эмийн зардал 1,413,770 төгрөг /хх-ийн 218-219 тал/, сэтгэл санаа хохирол 10,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн боловч хэрэгт сэтгэл санаа хохирлын талаарх баримтаа ирүүлээгүй байна.
Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Ө.Цийн эмийн зардал 1,413,770 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Тээс 1,413,770 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Цид олгож, хохирогч Ө.Ц нь сэтгэл санаа хохирол 10,000,000 төгрөг, цаашид гаргах эмчилгээний зардлаа, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршиг, нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгээд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, хилийн дээсийг Хөвсгөл аймгийн *** сумаар тогтоож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй байна.
Мөн шүүгдэгч Ц.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн үг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн үг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар
Хэрэт хураагдаж ирсэн хөнгөн цагаан төмөр 1 ширхэг, цагаан өнгийн гар чийдэн 1 ширхэг, гялгар ууттай олон тооны үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Цын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангид заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Тд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн *** сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ц.Тийг Хөвсгөл аймгийн *** сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Тд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.Тээс 1,413,770 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Цид олгож, хохирогч Ө.Ц нь сэтгэл санаа хохирол 10,000,000 төгрөг, цаашид гаргах эмчилгээний зардлаа, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнгөн цагаан төмөр 1 ширхэг, цагаан өнгийн гар чийдэн 1 ширхэг, гялгар ууттай олон тооны үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН