Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2020/00047

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

ХБ-ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Э, Д.А нарт холбогдох

Үндсэн зээлийн төлбөр 22 350 106.82 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 22 365 106.82 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээнд дурдсан ГД-000072144 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1902001074 дугаартай, 31 м.кв талбайтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр баг, 96 байрны 01 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсаны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Х Б ХХК нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г хариуцагч С.Э, Д.А шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Азжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ДЮ83012614 тоот регистрийн дугаартай Я.П болон хамтран зээлдэгч тоот регистрийн дугаартай С.О нар нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1120010268 тоот зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 1,95 хувийн хүүтэйгээр, мөн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1120014146 тоот зээлийн гэрээгээр 40 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.35 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн.

Банк нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч Я.П ХБ ХХК дахь 5000094791 тоот дансанд 50 000 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, зээлдэгч Я.П Хас банк ХХК дахь 5000094791 тоот дансанд 40 000 000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлж, зээлийг олгосон. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч Я.П хүсэлтийн дагуу 1120010268 болон 1120014146 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 1120010268 тоот дугаартай зээлийн үлдэгдэл 30 011 507,06 төгрөг, 1120014146 тоот дугаартай зээлийн үлдэгдэл 35 102 779,77 төгрөгийн зээлийн дансуудыг нэгтгэж, зээлийн дансыг 1120016766 тоот болгон өөрчилж, 65 114 268,83 төгрөгийн зээлд шилжүүлсэн. Я.П, С.О нар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлээ огт төлөлгүй, хугацаа хэтрүүлэх болсон тул Банк Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2016/00065 дугаартай шүүгчийн захирамжаар зээлийн нийт төлбөр болох 73 191 932,83 төгрөгийг Я.П гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж гарснаас хойш Я.П 1120016766 тоот зээлийн дансанд 50 841 826,01 төгрөгийн төлөлт хийгдэж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар тус зээлийн үлдэгдэл 22 350 106,82 төгрөг үлдээд байна. Я.П, С.О нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон ч сайн дураар төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах хүсэлттэй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээгээр С.Э, Д.А нарын дараах үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэлээр барьцаалуулсан.

Орон сууц: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 96-01 тоот, Ү-1902001074, ГД-000072144, 31 м.кв, 2 өрөө.

Иймд, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1120016766 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22 350 106,82 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 22 365 106,82 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээнд дээр дурдсан С.Э, Б.А нарын өмчлөлийн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 96-01 тоот, Ү-1902001074, ГД-000072144, 31 м.кв, 2 өрөө орон сууцаар барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Э, Д.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хас банк ХХК-ийн Чойр салбарын нэхэмжлэлтэй С.Э, Д.А нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын зүгээс дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь эсэргүүцэж байна. Холбогдох тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргаж өнгө гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Я.П, нар нь 2014 он болон 2015 онд манай банкнаас 50 000 000 төгрөг болон 40 000 000 төгрөгийн зээлийг авсан. 2015 оны сүүлээр зээлдэгчийн хүсэлтээр 2 зээлийг нэгтгээд нэг зээл болгосон. Зээл нь нийт 65 000 000 төгрөг болсон. Үүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлээд зээлдэгч нар зээлээ төлөхгүй хугацаа хэтрээд байсан учраас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 00065 дугаартай шүүгчийн захирамжаар нийт 73 000 000 төгрөгийн зээлийг төлүүлэхээр шийдвэр гарсан. Ингээд шүүхийн шийдвэр гарснаас хойш тухайн зээлд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдээд явж байсан боловч гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгө дээр албадан гүйцэтгүүлэх шийдвэр гарахгүй бол  манай зүгээс гуравдагч этгээд болон барьцаалуулагчаар нь дамжуулан зээлдэгчид шаардлага тавьж чадахгүй байна гэсэн шаардлага гараад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Тэгээд шүүхэд барьцаа хөрөнгөөр зээлийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргаад явж байх үед хариуцагчийн талаас сөрөг нэхэмжлэл гараад 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 001/ХТ2017/01061 дугаартай шийдвэрээр Хас банкны зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн шийдвэр гарсан. Үүний дараа дахин иргэний хэргийн шүүх манай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтээс татгалзсан байснаа эргэн сэргээж, 2017 оны 11 дүгээр сар гэхэд зээлдэгчийн зүгээс болон ямар арга хэмжээ авсан гэхээр нэг барьцаалуулагч нь өөрийн хөрөнгөө салгаж авсан. Мөн 12 700 000 төгрөгийг зээлдэгч өөрөө төлсөн. Зээлдэгч төлөлт хийсэн урчаас барьцаалуулагч болон зээлдэгчийн хүсэлтийг үндэслээд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзаад буцаан нь авсан. Тухайн үед юу гэж тохирсон бэ гэхээр үлдэж байгаа 28 350 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 6 000 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 12 350 000 төгрөгийг төлөөд энэ зээлийг дуусгах хүсэлтийн дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 5 000 000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн. Тэгээд манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй холбогдох, барьцаалуулагчид бас мэдэгдэх хуудас өгч зээлд төлөхийг шаардаж байсан боловч авч хэлэлцэхгүй, хаа нэг төлөлт хийх байдлаар явж байсан. Тэгээд 20120 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин барьцаалуулагчийн барьцаа хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаас хойш 01 дүгээр сарын 06-ны өдөр, 01 дүгээр сарын 13-ны өдөр, 01 дүгээр сарын 30-ны өдөр, 01 дүгээр сарын 31-ний өдөр, 02 дугаар сарын 27-ны өдөр гээд нийт 5 удаагийн төлөлт 4 300 000 төгрөгийн төлөлт хийсэн байгаа. Иймд манай байгууллага барьцаа хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргуулах нь зөв юм байна гэж үзсэн. Тиймээс гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв. 

 

Хариуцагч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийт 65 000 000 төгрөгөөс төлөлт хийж явсаар байгаад 18 000 000 төгрөг үлдсэн байгаа нь зээлийнхээ 70-80 хувийг төлсөн байгаа. Тиймээс үлдэгдэл дээр нь цаг хугацаа тохироод сард 1 000 000 төгрөгөөр төлөлт хийгээд явж болох уу гэсэн хүсэлттэй байна. Би энэ зээлийг өөрөө аваагүй, зөвхөн нотариат дээр гарын үсэг зурснаараа буруутаж байна. Үүнийг харгалзан үзнэ үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Х Б ХХК, С.Э, Д.А нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 22 350 106,82 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 22 365 106,82 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээн дээр дурдсан ГД-000072144 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1902001074 дугаартай, 31 м.кв талбайтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр баг, 96 байрны 01 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсаны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хас банк нь иргэн Я.П. С.О нартай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1120010268 дугаартай зээлийн гэрээ байгуулж,  50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.95 хувийн хүүтэй зээлсэн ба зээлдэгч нар үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ГД-000072144 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1902001074 дугаартай, 31 м.кв талбайтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр баг, 96 байрны 01 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулж, уг байрны өмчлөгч С.Э нь банкны шаардлагыг хүлээн зөвшөөрч, баталгаат ипотекийн гэрээг байгуулжээ.

Улмаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба зээлдэгч нар зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлснээр ХБ ХХК нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 134/ШШ2016/00065 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг, мөн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2017/00202 дугаар  захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс “... Өмнө нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж хариуцагч С.Эрдэнэбилэг маргаж, 3 шатны шүүхээр ороод Улсын Дээд шүүхийн тогтоолоор хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн, манай банк өмнө нь нэхэмжлэлээсээ татгалзаж байсан ч ямар ч үр дүнд хүрээгүй, 2 сарын хугацаанд 4 000 000 төгрөг төлсөн, харин хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бол сард 1 500 000 төгрөгөөр төлөөд явах боломжтой, одоогийн нөхцөл байдлаар төлөлт хийгдээд яваад байвал хөрөнгийг нь хураагаад байх шаардлагагүй ...” гэж,

Хариуцагч нараас “... Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, би энэ зээлийг өөрөө аваагүй, зөвхөн нотариат дээр гарын үсэг зурснаараа буруутаж байна. Манай зүгээс 1 000 000 төгрөгийг сард төлөх боломжтой, үндсэн зээлдэгч маань Солонгос улсад байдаг, 700 000-800 000 төгрөг өгье гэж хэлсэн, тиймээс би өөрөө нэмээд 1 000 000 төгрөг болгоод төлөөд явах боломжтой, үндсэн зээлийнхээ 70-80 хувийг төлсөн, одоо 18 000 000 төгрөг үлдсэн ...” гэж тус тус тайлбарлана.

Нэхэмжлэгч Х Б болон Я.П, С.О нарын хооронд байгуулсан №1120010268 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч С.Э, Д.А нар өөрийн өмчлөлийн ГД-000072144 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1902001074 дугаартай, 31 м.кв талбайтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр баг, 96 байрны 01 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №1120010268-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, түүний хавсралт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талууд баталгаат ипотекийн гэрээг бичгээр байгуулж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан ГД-000072144 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1902001074 дугаартай, 31 м.кв талбайтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр баг, 96 байрны 01 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсаны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 776 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269 776 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 

1. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох ГД-000072144 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1902001074 дугаартай, 31 м.кв талбайтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр баг, 96 байрны 01 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269 776 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269 776 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЦОГЗОЛМАА