| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2018/01644/и |
| Дугаар | 01723 |
| Огноо | 2018-07-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 01723
Д.М-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарны 14-ний өдрийн 101/ШШ2018/01646 дугаар шийдвэртэй, Д.М-ын нэхэмжлэлтэй, Ж.М-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.Мөнхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 онд Ж.М-тай танилцан гэр бүл болж, 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин М.Х, 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Ч нар төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Тухайн үед эвлэрч нэхэмжлэлээ буцаасан. Эвлэрсний дараа эвтэй сайхан амьдарч байсан боловч зан харьцааны таарамжгүй байдал дахин үүсч, хэрүүл маргаантай үл ойлголцох байдалтай байх болсон ч салж сарниж үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж бодож явсаар өдий хүрлээ. Бид 2012 оноос хойш тусдаа унтаж, тусдаа амьдрах болсон. Миний хувьд хувиараа ажил эрхэлж байгаа. Миний охин бие муутай, хүний асаргаанд байдаг, бие даах чадваргүй. Ж.М зөвхөн өөрийгөө бодож гэр бүлдээ анхаарал хандуулдаггүй мөн хэл амаар дарамталж, та нар миний хүчинд амьдарч байгаа гэсэн дээрэнгүй үзлээр надтай харьцаж, ажил дээр чинь охиныг чинь дагуулж очлоо гэж өвчтэй хүүхдээр дарамталдагт маш их гомдолтой байна.
Бид 15 жил хамт амьдарч байхад 2012 онд хүүхэд гарч ирсэн. Тухайн үед шүүхэд гэрлэлт цуцлуулахаар хандсан ч татгалзсан. Гэр бүлдээ анхаарал халамжгүй, мөнгө олохын төлөө амьдардаг, надад болон хүүхэддээ эд хөрөнгө шиг харьцдаг. Сүүлийн нэг жилийн хугацаанд бид хоёр дотно харьцаанд ороогүй, сэтгэл хөрсөн, хамт амьдарч байгаа боловч тусдаа унтдаг. Иймд гэрлэлтээ цуцалж, охин М.Х, хүү М.Ч нарыг өөрийн асрамжид үлдээж, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны 78 тоот орон сууцыг 90 000 000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны зоорийн давхрын зогсоолыг 15 000 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 1-9 тоот хашаа байшинг 20 000 000 төгрөгөөр үнэлж хүү, охин, бид гуравт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1997 онд Д.М-тай танилцан гэр бүл болж, 1999 онд охин М.Х, 2000 онд хүү М.Ч төрсөн. Охин маань хөгжлийн бэрхшээлтэй, үүний улмаас эхнэр сэтгэл зүйн хувьд байнгын хямралтай байдаг. Миний хувьд ажил төрлийн улмаас сүүлийн үед анхаарал халамж суларсан энэ байдлаа ухааран ойлгож, охин М.Х, хүү М.Ч нарыгаа хамтдаа асран хамгаалж, элэг бүтэн өсгөхийг хүсч, гэр бүл, үр хүүхдээ халамжилж хайрлах болно. Хүү маань энэ жил 12 дугаар ангиа төгсөх ба шилжилтийн үедээ явж буй сэтгэл санааг нь төлөв түвшин байлгаж их, дээд сургуульд бэлтгэнэ.
Намайг ажил төрөл, амьдрал минь сайн сайхан явахаар найз нөхөд хүүхэдтэй гэж амьдралыг минь үймүүлсэн. Дотно харьцаанд орохгүй байгаа нь үнэн. Мөнгөгүй ч гэсэн халуун дулаан уур амьсгалтай амьдрах боломж байсан гэдгийг ойлгож байна. Ажил гэж явсаар гэр бүлээ орхисон нь миний буруу. Хайраар дутаасан байна, эвлэрүүлэх хугацаа олгож өгнө үү. Эд хөрөнгө дээр маргах зүйл байхгүй эхнэр, хүүхдүүддээ өгнө гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт Т овогт Д.М, Х овогт Ж.М нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Ч-ыг эх Д.М-ын асрамжид үлдээж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 100 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.М-аас 70 200 гаргуулж нэхэмжлэгчид олгож,
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 000070320, Y-2204024893 Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол Энхтайваны эрх чөлөө 70 дугаар байрны 78 тоот орон сууц, дугаар 000076927, Y-2204026022 гэрчилгээтэй 70 дугаар байрны зоорийн давхарын 3 тоот зогсоол, дугаар 000365495, Y-2204026038 гэрчилгээтэй 70 дугаар байрны зоорийн давхарын 18 тоот зогсоол, дугаар 000021128, Y-2204007016 гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Алтан-Өлгийн 1 дүгээр гудамжны 9 тоот 18647312285071 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 700 м.кв газрыг нэхэмжлэгч Д.М, М.Х, М.Ч нарын өмчлөлд үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Д.М, эцэг Ж.М нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.М давж заалдах гомдолдоо: Бидний дунд хэрүүл маргаан байнга гардаггүй. Миний бие архи дарс ууж, гэр бүлээ ямар нэгэн байдлаар хүчирхийлж байгаагүй. Гэр бүл болж хамтран амьдарсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл гэр бүлээ мөр бүтэн, гэдэс цатгалан орох оронтой болгохын тулд цаг наргүй ажиллаж хөдөлмөрлөж өнөөдрийг хүрсэн. Миний зүгээс өөрийгөө алдаа дутагдалгүй гэж хэлэхгүй. Гэр бүлдээ анхаарал халамж тавилгүй хэт нэг талыг барьж хайхрамжгүй байснаас бидний харилцаа дэндүү хөндий болж ийм нөхцөл байдал бий болсонд гэмшиж байна.
Би өдий насандаа гэрлэлтээ цуцлуулж гэр бүлээ салгамааргүй байна. Бидний том охин хөгжлийн бэрхшээлтэй байнга хүний асаргаа шаардагддаг. Хүү маань шилжилтийн насандаа байгаа. Энэ мэт хүндэтгэх шалтгаан байгаа тул бид гэрлэлтийн асуудалдаа нухацтай хандах шаардлагатай. Миний зүгээс шүүхийн эвлэрлийн хугацаа 3 сарын хугацаа олгох байх гэж найдлага байсан боловч шүүхийн эвлэрүүлэи зуучлагч бидний байдлыг харгалзан үзээгүй. Биднийг дуудаж шүүх хурал явуулж байгаа мэтээр хандсан. Дахин уулзалт товлох байх гэтэл шууд шүүхэд хандсан байсан. Миний хүүхдүүд надаас тусдаа өсч ториноосоо гэж хүсэхгүй байна. Бидний харилцаа хөндий байгаа ч энэ байдлаа даван туулж элэг бүтэн амьдрахыг хүсч байна. Шүүх эвлэрүүлэх ажиллагаа хийгээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бидний гэрлэлтэд хүчирхийлэл, хүнд хэлбэрийн асуудал байхгүй бөгөөд миний бие эвлэрүүлэн зуучлагч болон шүүх хурал дээр удаа дараа өөрийн санаа бодлоо илэрхийлж хугацаа олгохыг хүссэн. Гэтэл миний хүсэлтийг аль ч шатанд хүлээн авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийх боломж олгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.М хариуцагч Ж.М-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Гэрлэгчид 1997 онд гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин М.Х, 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Ч нар төрсөн байх бөгөөд нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах шаардлага гаргасныг хариуцагч эвлэрүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсч гэрлэлтээ цуцлуулахыг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Анхан шатны шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүй байх үндэслэл буюу гэрлэгчид эвлэрэх боломжгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар гэр бүл, хүүхдийн эрх ашгийн үүднээс гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй нь буруу байна.
Нэхэмжлэгч нь 2012 онд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан бөгөөд тухайн үед эвлэрч нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж байсан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон үйл баримт нь шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Игэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарны 14-ний өдрийн 101/ШШ2018/01646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.БАЙГАЛМАА