| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0229/З |
| Дугаар | 221/МА2026/0687 |
| Огноо | 2026-09-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2026/0687
Ё.Г, Д.Б нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонихүү
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анужин
Нэхэмжлэгч: Ё.Г, Д.Б
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “Ж г” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Ё.Г, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0699 дүгээр шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0229/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ё.Г, Д.Б нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Ё.Г, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0699 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Г, Д.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Ё.Г, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... ГХДТ-Г/190 дүгээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 1.3 дахь хэсэгт "Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно", 1.5 "Талууд аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний нөхцөлийг өөрчлөх, өөр этгээдтэй ижил төрлийн гэрээ байгуулах, гэрээний үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд гурван талт гэрээ байгуулагдах хүртэл энэ гэрээний үүргийн биелэлтийг шаардахгүй" үүнээс үзвэл иргэн Д. Б нь гурван талт гэрээ байгуулагдсан гэх нотлох баримт байдаггүй бөгөөд төсөл хэрэгжүүлэгч “Ж г” ХХК-иас "гурван тал гэрээ байгуулагдаагүй болно" хэмээн хариу ирсэн атал шүүхээс тус гэрээг шууд хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж байна.
Мөн тус гэрээний 2.4 дэх хэсэгт “Газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардал /газар чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийг буулгах, нүүлгэх/-ыг талууд дор дурдсанаар харилцан тохиролцов”, “Төсөл хэрэгжүүлэгч талаас мэдэгдэл хүргүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд нүүх”, 2.5-т “Урьдчилсан нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй тул энэхүү гэрээний 2.2.1-д заасан Шинэ амьдрал төслийн орон сууцны барилга ашиглалтад ороход шууд нүүж орох"-оор харилцан тохиролцсон. Үүнээс үзвэл төсөл хэрэгжүүлэгч “Ж г” ХХК нь төслийн "Б" хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан нийслэлийн Засаг даргын захирамжаар эрх олгож шийдвэрлэсэн, харин иргэн Д.Б-ийн газар нь "Г" хэсэгчилсэн талбайд байдаг тул нүүх шаардлага байгаагүй, газраа бодитой ашиглах боломж байсан ба нэхэмжлэгч нарын шүүх хуралдааны явцад “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж тайлбарласан тайлбар нь илт зөрчилдөж байх атал шүүхээс үүнийг шууд зөвтгөж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.
“Ж г” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох 2 дугаар хавтаст хэргийн 200-202 дугаар хуудсанд авагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 4 дүгээр ээлжийн Б хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл Газар чөлөөлөлт гэх зургуудад Т310-26 №165 гэж зааснаар нотлогдож байх ба үүнийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч захиргааны байгууллага шүүхэд гаргаж ирүүлээгүй болно" гэсэн тухайд: Тус баримтыг хариуцагчаас гаргаж өгөх боломжгүй бөгөөд үнэхээр бодитой баримт шаардлагатай гэж үзвэл гуравдагч этгээд буюу “Ж г” ХХК-иас шаардах ёстой байсан. Гэтэл шүүхээс тус нотлох баримтыг шаардах, тодруулах ажиллагаа хийгээгүй, тус схем зургуудад дурдагдаж буй дугаар нь гэрээний дугаар гэж бүрэн нотлогдоогүй байхад шууд зөвтгөсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг мөн зөрчиж байна.
Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь нөхцөлийн 9 дэх хэсэгт "Түүнчлэн “Ж г” ХХК-ийн хэрэгжүүлж буй "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл" нь нийт 26.3 га газрыг хамарсан, уг газрын байршилд нэхэмжлэгч нарын газар бүхэлдээ багтаж байгаа нь тогтоогдсон, хариуцагч энэ үйл баримттай маргаагүй" гэсэн тухайд: Хариуцагч энэ талаар А,Б,В,Г тус тус хэсэгчилсэн тайлбай ялгаатай байдал мөн нэхэмжлэгч нарын газар тус талбайд багтаагүй талаар шүүх хуралдааны үе шатуудад удаа дараа тайлбарлаж нэхэмжлэгч нараас асуулт, хариултын шатанд асууж үүнийг нэхэмжлэгч нар ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар төдийгүй гуравдагч этгээдийн тайлбаруудаар тус тус нотлогдож байх атал шүүхээс үүнийг харьцуулан дүгнээгүй нь хуулийн хүрээнд зөв дүгнэсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь нөхцөлийн 9 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/XT2025/0064 дүгээр тогтоолын 21, 22 дугаар хэсэг... Хариуцагч Засаг дарга уг хуулийн дээрх зорилго, зохицуулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимтай зөрчилдөхийн зэрэгцээ иргэдийн газар эзэмших эрхийг дэмжих, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах хуулийн зорилгод нийцэхгүй" гэж дүгнэсэн тухайд: Тус дээд шатны шүүхийн хуулийн хэрэглээний тайлбар нь “иргэн, аж ахуй нэгж, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшихэд тавигдах шаардлага нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихэд тавигдах нөхцөл, болзлын хувьд ялгаатай байна" хэмээн заасан.
Гэхдээ энэ нь газраа огт ашиглахгүй байж болно гэсэн зөвшөөрөл биш юм. Тус тайлбарыг хэрэглэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараах эрхтэй”, 35.1.1-т “Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 35.1.2-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах”, 35.1.3-т “газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” газар эзэмшигч үүргээ зүй ёсоор биелүүлсэн эсэх талаар мөн адил дүгнэх нь зүйтэй байсан.
Мөн уг асуудлын талаар хариуцагч нарын зүгээс асуулт хариултын шатанд нэхэмжлэгч нараас "Газар дээрээ амьдарч байсан эсэх" талаар тодруулахад зөрүүтэй хариултууд өгдөг. Зарим нэхэмжлэгч нар нь амьдарч байгаагүй талаараа хүлээн зөвшөөрсөн мөн хавтаст хэрэгт авагдсан хашаа, гэрийн зураг нь тухайн газартай холбоотой зураг биш байдаг бөгөөд газрын үзлэг зэргүүдээс үзэхэд тухайн газраа огт амьдарч байгаагүй, ашиглаж байгаагүй нь илэрхий байдаг. Гэвч шүүхээс үүний талаар огт дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай хэмээн үзэж байна.
Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 13-т “Хариуцагч нарын тайлбарт дурдсан албан бичгүүд нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болохооргүй байгааг дурдах нь зүйтэй" гэсэн тухайд: Хариуцагч нарын зүгээс энэ талаар тайлбар хийхдээ тус албан бичгүүд нь захиргааны актын гол үндэслэл болох боломжгүйг хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэвч тус маргаан бүхий акт болох А/1009 дүгээр захирамж гарах чухал шалтгаан болсон хэмээн тайлбар өгсөн байдаг.
Хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч нарын зүгээс "Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох" гол үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь заалт "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” 47.1.7 “Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” хэмээн маргадаг. Үүнийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэхдээ "Захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтын үндэслэлээр нэхэмжлэгч нарт сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн" гэжээ. Гэвч Захиргааны Ерөнхий хуулийн 47.1.6 дахь заалт нь Улсын дээд шүүхээс баталсан хууль хэрэглээний тайлбартаа "захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэл эсхүл, хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгоно", 47.1.7 "захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй байна" хэмээн тайлбарласан байдаг.
Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний А/1009 дүгээр захирамж нь хүчин төгөлдөр хуулийн үндэслэлтэй, хэнд, ямар үр дагавар үүсгэж байгаа нь тодорхой тусгасан захиргааны акт юм. Үүнийг шүүхээс илт хууль бус хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талыг харсан шийдвэр гаргасан хэмээн үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0699 дүгээр шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй" гэж үзэх үндэслэлтэй байх тул тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Ё.Г, Д.Б нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Ё.Г, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нарын тухайд, анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай” А/546 дугаар захирамжийн хавсралтаар Д.Б-д Төмөр замын 10-7 тоотод иргэний ахуйн зориулалтаар 423 м.кв газар, Ё.Г-т Төмөр замын 10-26 тоотод иргэний ахуйн зориулалтаар 409 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, маргаан бүхий 2022 оны А/1009 дүгээр захирамжаар “Газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ё.Г, Д.Б нарын нийт 45 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
4. Гуравдагч этгээдийн тухайд, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9 дүгээр хурлаас “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжин клуб орчмын А, Б, В, Г хэсэгчилсэн талбайн газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулах төслийн хоёр талт гэрээг Б хэсэгчилсэн талбайд 75-аас дээш хувьтай байгуулсан тул “Ж г” ХХК-ийг тухайн хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан нийслэлийн Засаг даргын захирамж гаргах” гэж шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ГХТД-2014/2 багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ж г” ХХК-ийг шалгарсныг батламжилсан байна.
5. Нэхэмжлэгч талаас “... төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан, төсөл хэрэгжүүлэгч төслийн эхний гудамж болох нэхэмжлэгчийн эзэмшлийн төмөр замын 10 дугаар гудамжнаас эхэлнэ гэж мэдэгдсэн тул газар дээрээ буухгүйгээр тохиролцсоны дагуу орон сууц ашиглалтад орохыг хүлээж байсан” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдах бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд “... нэхэмжлэгч нар маргаан бүхий газар дээр амьдарч байсан. Амьдарч байсан эсэх нь 2014 оноос өмнөх зураг дээр харагдана. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй” гэж,
Хариуцагчаас “... нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар дээр амьдарч байгаагүй. Хүн амьдрах боломжгүй, маргаан бүхий газар нь төмөр замын хамгаалалтын бүс” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
6. Д.Б-гийн газрын хувийн хэргээс үзвэл, газар эзэмшихээр гаргасан хүсэлтдээ /огноо байхгүй/ Далхжав овогтой Б миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд Төмөр замын 10-7 тоотод олон жил амьдарч байна. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн нэр дээр газар эзэмшиж байгаагүй. Энэхүү хашаандаа олон жил амьдарсан тул надад эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгнө үү” гээд маргаан бүхий газар дээр хашаа, гэр барьсныг нотолсон зургийг хавсаргасан, мөн 2014 оны 05 дугаар сарын 13 болон 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод “Д.Б нь ам бүл 5, ТЗ 10-7 тоотод оршин суудаг” гэж,
Ё.Г-ын хувийн хэргээс үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлт /огноо байхгүй/ гаргахдаа “Ё овогтой Г миний бие 2 хүүхдийн хамт Төмөр замын 10-26 тоотод амьдардаг. Тус хашааны газрын гэрчилгээгээ гаргуулах хүсэлттэй байна” гээд маргаан бүхий газрын зургийг хавсаргасан, 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтод “Ё.Г нь ТЗ 10-26 тоотод хашааны газар эзэмшдэг” гэжээ.
7. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/1455 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 оны сансрын зургаас үзвэл нэхэмжлэгч Д.Б нь тухайн газар дээр амьдарч байсан, харин Ё.Г нь тус газарт амьдарч байгаагүй гэж үзэхээр байна.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасан бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Ё.Г болон Д.Б нарын газар эзэмшилтэй холбоотой үйл баримт болон түүнийг нотлох баримтууд нь өөр байх тул тусад нь эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх байтал анхан шатны шүүхээс хэргийг нэгтгэж, шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий А/1009 дугаар захирамжийн Ё.Г, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул дээрх үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбарыг дахин тодруулсны үндсэн дээр маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
10. Хэрэгт авагдсан баримт болох гуравдагч этгээд “Ж г” ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн “Газар чөлөөлөлтийн схем”, “Барилгажих талбайн ээлжийн хуваарилалт”-д ТЗ10-26 №165 гэж нэхэмжлэгч Ё.Г-ын газар байх боловч нэхэмжлэгч Д.Б-гийн газар болох ТЗ 10-7 тоот нь уг гэр хорооллын дахин төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайн барилгажилтын төслийн талбайд багтаагүй байна. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ГХДТ-Г/190 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-нд “Г хэсэгчилсэн талбай” гэж төсөл хэрэгжүүлэх талбайн байршлыг заажээ. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
11. Гэтэл анхан шатны шүүхээс “... Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь нийт 26.3 га газрыг хамарсан, уг газрын байршилд нэхэмжлэгч нарын газар бүхэлдээ багтаж байгаа нь тогтоогдсон” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Ё.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Ж г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх асуудал байхаас Д.Б-ийн газар нь “Ж г” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн газарт хамааралгүй энэ тохиолдолд тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөн гэж үзэхээргүй байна.
12. Иймд дээр дурдсанаар нэхэмжлэгч Ё.Г болон Д.Б нарын газар эзэмшилтэй холбоотой үйл баримтууд нь өөр байх тул тусад нь эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд ингэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Ж г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх эсэхийг нягталсны үндсэн дээр гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй.
13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.
14. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тайлбарлах бөгөөд захиргааны акт илт хууль бусад тооцогдохын тулд тухайн шийдвэр нь эрх зүйн ямар нэг зохицуулалтад огт тулгуурлаагүй байх, эсхүл хэрэглэсэн хуулийн заалт нь тухайн маргаантай харилцаанд эрх зүйн агуулгын хувьд илэрхий хамааралгүй, бодит нөхцөл байдалд илт зөрүүтэй байдлаар хэрэглэгдсэн байх, эсхүл эрх зүйн хэм хэмжээний агуулга, зорилгыг ноцтой гажуудуулсан шинжтэй байх зэрэг нөхцөлүүд бодитой тогтоогдсон байхыг шаарддаг.
15. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 8-д “Нэхэмжлэгч нь захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор “захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг “хүчингүй болгох” боломжтой, энэ нь “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан” агуулгад хамаарахгүй” гэж заасан.
16. Хэрэгт авагдсан баримтаар, хамгийн сүүлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8237 дугаар захирамжаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцааж” шийдвэрлэсэн байна. Үүний дараа Ё.Г нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, Д.Б нь 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус тус дахин анхан шатны шүүхэд маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан үйл баримтууд тогтоогдож байна.
17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг захирамжийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан гэх боловч уг баримт энэ хэрэгт авагдаагүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийн үйл баримт, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхийн тулд анхан шатны шүүхийн 8237 дугаар захирамжийг нэхэмжлэгч нар хэзээ, хэрхэн хүлээж авсан болон хүлээж аваад хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан эсэх талаарх холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт өгсний үндсэн дээр нэхэмжлэгч нарын маргаж буй актын холбогдох хэсгийг өмнө дурдсан Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 30 дугаар тогтоолд нийцүүлэн шийдвэрлэх үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
18. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэт тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2026/0699 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН