| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00589/И |
| Дугаар | 153/ШШ2020/00706 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 153/ШШ2020/00706
| 2020 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00706 | Ховд аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сум, Гулзатын шил ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Хаан засварын 0 тоотод оршин суух, Хойд наран овогт Тогтохбаатарын Г /7/-д холбогдох гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00589/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Т.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гулзатын шил ХХК-ийн захирал И.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Г нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Гулзатын шил ХХК-тай "Барилга барих эрхийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр талууд Т.Гийн эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт байрлах Улсын бүртгэлийн 200710001 дугаартай гэрчилгээтэй 3718,4 м2 газар дээр Гулзатын шил ХХК нь 48 айлын орон сууц барих, 4 айлын орон сууцыг Т.Гийн өмчлөлд шилжүүлэх, Т.Г нь орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсний дараа газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх гэсэн үндсэн нөхцөлүүдийг харилцан тохиролцсон. Гулзатын шил ХХК нь эхний ээлжийн 24 айлын орон сууцыг 2019 оны 02 дугаар сард барьж ашиглалтанд оруулж, гэрээний үүргийн дагуу 2 айлын 54 м2 талбай бүхий орон сууцыг Т.Гэд өгсөн. 2020 оны хавраас барилгын ажил эхлэх гэтэл Т.Г нь талбайг чөлөөлж өгөхгүй байсан бөгөөд талбай дээр нэг л өдөр барилгын ажлыг эхлүүлж одоо үргэлжлүүлэн баригдаж байна. Барилгын ажил эхэлсэн үеэс нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байна. Нөгөөтэйгүүр 24 айлын орон сууцны оршин суугчдаас Т.Гийн барьж эхлүүлж буй барилга нь барилга хоорондын зай талбайн стандартыг зөрчиж хэт ойр баригдаж байгаагаас байгалийн нарны гэрэл хаах, гаднах чөлөөт орчныг хязгаарлаж байна гэсэн гомдлыг удаа дараа гаргаж байна. Гулзатын шил ХХК нь 48 айлын орон сууц барих зориулалтаар дулаан болон цэвэр бохир усны шугам хоолойг өндөр зардлаар татах зэргээр зардлуудыг гаргасан. Мөн Т.Г нь 48 айлын орон сууцанд зориулан барьсан ЦТП-г дур мэдэн хүч түрэмгийлэн буулгаж хаяснаас байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Иймд иргэн Т.Г, Гулзатын шил ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Барилга барих эрхийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт улсын бүртгэлийн 200710001 дугаартай гэрчилгээтэй 3718.4 м2 газрын чөлөөлүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Гулзатын шил ХХК нь хариуцагч Т.Гэд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, газар чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид нь дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна. Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Гулзатын шил ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Гэд холбогдох Гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт Гулзатын шил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Т.Г нар нь дараах нөхцөлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
1.Хариуцагч Т.Г нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав /7 дугаар/ багийн нутаг дэвсгэрт орших Хаан засварын хашаанд талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Барилга барих эрхийн гэрээ-ний дагуу Гулзатын шил ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 24 айлын орон сууцны газар, нэмэлтээр тухайн орон сууцтай залгаа зүүн талд нь байрлах 18*24 м2 буюу нийт 432 м2 сул газрыг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийн эзэмшилд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор шилжүүлэх, Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт холбогдох баримт бичгийг бүрдүүлж эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр тохиролцов.
2. Хаан засварын газрын хөрш залгаа хашааны хажуу талд Гулзатын шил ХХК-ийн орон сууцны барилга шинээр баригдах үед хуучин Хаан засварын 30*30 м2 газрыг нэг жилийн хугацаатай барилга барих үйл ажиллагааг хэвийн явуулах зориулалтаар Гулзатын шил ХХК-д түр ашиглуулах, энэхүү түр ашиглуулах хугацаанд тухайн газрыг хоёр тал хамтран чөлөөлнө.
3. Зохигчид дээрхи нөхцөлөөр харилцан тохиролцсонтой холбоотойгоор нэхэмжлэлийн газар чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзаж байна.
4. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг хариуцагч Т.Гээс гаргуулан нэхэмжлэгч Гулзатын шил ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Гулзатын шил ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Гэд холбогдох гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Г нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав /7 дугаар/ багийн нутаг дэвсгэрт орших Хаан засварын хашаанд талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан Барилга барих эрхийн гэрээ-ний дагуу Гулзатын шил ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан 24 айлын орон сууцны газар, нэмэлтээр тухайн орон сууцтай залгаа зүүн талд нь байрлах 18*24 м2 буюу нийт 432 м2 сул газрыг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийн эзэмшилд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор шилжүүлэх, Ховд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт холбогдох баримт бичгийг бүрдүүлж эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр, Хаан засварын газрын хөрш залгаа хашааны хажуу талд Гулзатын шил ХХК-ийн орон сууцны барилга шинээр баригдах үед хуучин Хаан засварын 30*30 м2 газрыг нэг жилийн хугацаатай барилга барих үйл ажиллагааг хэвийн явуулах зориулалтаар Гулзатын шил ХХК-д түр ашиглуулах, энэхүү түр ашиглуулах хугацаанд тухайн газрыг хоёр тал хамтран чөлөөлөхөөр, Зохигчид дээрхи нөхцөлөөр харилцан тохиролцсонтой холбоотойгоор нэхэмжлэлийн газар чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзан эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бадамцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг хариуцагч Т.Гээс гаргуулан нэхэмжлэгч Гулзатын шил ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Т.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ