Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Хохирогч Ц.Ц,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т ургийн овогт Дгийн Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2338004040006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн **** сумын *** дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т ургийн овогт Дгийн О /РД:*******/. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн "С” гэх газар хохирогч Ц.Цын төмөр савтай 90 литр аарцыг газар асгаж, нарны цахилгаан үүсгүүр болон ДДШ-ийн антеныг хууль бусаар эвдэлж гэмтээн, нийт 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр 14 цаг өнгөрч байхад Ц.Цын гэрт очсон. Тэнд бид хашаа засч байсан. Тэгээд намайг орой нь гэрээсээ хөөсөн. Түүнээс болж бид маргалдсан...” гэв.

Хохирогч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бид хамт байсан. Тэр Д.О орой архи уугаад над руу агсараад ална шүү гэж айлгаад байсан. Тэгээд гэрээсээ уруудаж ээжтэйгээ утсаар ярьж дуудсан. Ээж маань удалгүй ирж намайг авч Мөрөнгийн төв рүү орж ирсэн. Маргааш өглөө гэртээ харихад агсам тавиад ДДШ антен болон илүү гэрт байсан аарцыг газарт асгасан байсан ...” гэв.

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн "С” гэх газар хохирогч Ц.Цын төмөр савтай 90 литр аарцыг газар асгаж, нарны цахилгаан үүсгүүр болон ДДШ-ийн антеныг хууль бусаар эвдэлж гэмтээн, нийт 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Цын өгсөн: “...Би Д.Оийг гэрт ирээд агсам тавиад айлгаж сүрдүүлээд байхаар нь би ээжийгээ утсаар дуудсан. Ээж удалгүй Мөрөн сумаас ирж намайг авсан. Ээж Д.Отэй уулзаж ямар нэгэн юм яриагүй. Намайг гэрт байхад эд зүйл эвдэж сүйтгээгүй намайг явсны дараагаар эд зүйл эвдэлсэн. Би маргааш өглөө нь гэртээ очоод харахад эд зүйл эвдсэн байсан...Мөнгө авчирч өгөөгүй худлаа ярьж байна. Харин түлээ авчирч буулгахын хувьд буулгасан. Тэр түлээ нь хуучин пронтер хүрэхгүй тэвшний тал хэмжээтэй түлээ байсан...” гэх мэдүүлэг /хх-21, 23/-р тал,

Гэрч П.Цгийн өгсөн: “...Ц.Ц миний төрсөн охин байгаа юм. Би Ц.Цын хөдөө байдаг гэрт явж очиход нэг эрэгтэй хүн байж байсан. Би охиноосоо охиноосоо энэ хүн хэн бэ, ямар учиртай хүн бэ гэсэн чинь надтай танилцая гээд байгаа юм. Цагаан-уул сумын хүн гэсэн намайг яв гэхээр явахгүй юм та нэг хэлээд өгөөч гэхээр би тухайн хүнд юунд энүүгээр ирээд байгаа юм бэ гэхэд би уул нь энэ Ц гээд байгаа хүнтэй амьдрах санаатай ирсэн ирээд удаагүй байна гэж хэлэхээр нь би наад хүн чинь олон хүүхэдтэй хүн байгаа юм ганцаараа амьдраад сурсан хэрэггүй байхаа даа гэж хэлээд орхисон. Тэгж л анх харж байсан. О нь түлээ буулгана гэж ярьж байхаар нь би тухайн үед эгч нь хүнээс үнэгүй түлээ авахдаа тулаагүй байна. Би түлээгээ бэлдсэн байгаа гэж хэлсэн. Тэгж хэлсний дараагаар нэг хөдөө гэрт нь очсон чинь гэрийнх нь ар талд түлээ буулгасан байсан. Ц.Ц бид хоёрын зүгээс түлээний мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Түлээ авах шаардлагагүй гээд байхад өөрөө аваачиж буулгасан байсан...Дахин ашиглах боломжгүй. Тухайн гэр нь шалгүй учир шороон дээр асгарсан. Мөн газар хөлдөөгүй учир дахин ашиглах боломжгүй хаягдсан. 20, 30, 40 литрийн хөнгөн цагаан битон дүүрэн байсан аарцыг асгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/-р тал,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/-р тал,

Хөрөнгийн үнэлгээчин ***** гийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2345617200298 дугаартай тайлан /хх-35-36/-р тал, 

А ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-924/8686 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-43/-р тал, бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О-ийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлын зарим хэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн "С” гэх газар хохирогч Ц.Ц-ын төмөр савтай 90 литр аарцыг газар асгаж, нарны цахилгаан үүсгүүр болон ДДШ-ийн антеныг хууль бусаар эвдэлж гэмтээн, нийт 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар нотлогдсон байна. 

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь хохирогч Ц.Цын эд хөрөнгийг эвдэлж устгасан, эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхэд 1,050,000 төгрөгөөр тогтоогдсон гэх үйл баримт тогтоогджээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг. 

Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосон байхыг ойлгоно гэжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 1,050,000 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч Д.О нь бусдын эд хөрөнгөд халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Энэ гэмт үйлдэл болон учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Иймд Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цын эд хөрөнгөд 1,050,000 төгрөгийн бодит хохирол /хх-ийн 35-36, 41-43/ учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ц нь хохирлоос модны мөнгө 300,000 төгрөгийг хасаж тооцохоор шүүгдэгч Д.Отэй тохиролцсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Оээс 750,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Од олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.О нь 1.050.000 төгрөгийн хохирлыг хохирогч Ц.Цт учруулсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ц.Ц, шүүгдэгч Д.О нар харилцан тохиролцож 300.000 төгрөгийг нийт хохирлоос хасч шүүгдэгч Д.Оээс 750.000 төгрөгийг хохирогч Ц.Цт олгуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах гэсэн сонгох ялтай, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хорихоос өөр төрлийн ял сонгож оногдуулах нь тохиромжтой гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч Д.О-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Д.Од  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Д-гийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 8 сарын дотор төлөх, заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ээс нийт 750,000  /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Ц-т олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.БЭЭЖИН