| | 2020 09 22 | 102/ШШ2020/02715 | | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: МУ ХХК нэхэмжлэлтэй, Хариуцагч: УБТЗ холбогдох, 1,253,068,028 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбадорж, түүний өмгөөлөгч Б.Буянтогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь УБТЗ ХНН-ээс зарласан Нөөц цахилгаан үүсгүүр худалдан авах УБТЗ/2019/НТШ/13 дугаартай нээлттэй тендерт оролцсоны дагуу манай компани шалгарч, улмаар УБТЗ ХНН-тэй 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ХХГ/19/1425 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 1,619,251,040 төгрөгийн үнэ бүхий FG Wilson брэндийн 57 ширхэг генераторыг хариуцагч УБТЗ ХНН-д худалдахаар харилцан тохиролцсон байдаг бөгөөд гэрээний 2.2.1-д хариуцагч нь урьдчилгаа төлбөр төлөхгүй бөгөөд гэрээ хэрэгжсэний дараа нийт төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу манай компани нь банкнаас өндөр хүүтэй зээл авч, гэрээний дагуу нийлүүлэх 57 генераторыг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр худалдан авагч тал болох УБТЗ ХНН-д хүлээлгэн өгч, угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэн, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тоног төхөөрөмжүүдийг эрх бүхий комисст хүлээлгэн өгч, уг өдөр гэрээний дагуу төлбөрийн нэхэмжлэхээ хариуцагч талд хүргүүлсэн. Гэрээний 2.2.2 дахь хэсэгт төлбөрийн нэхэмжлэх хүргүүлсэн өдрөөс 30 хоногийн дотор нийт гэрээний төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон боловч УБТЗ ХННнь 2019 оны 12 сарын 30-ны өдөр 500,000,000 төгрөгийг МУ ХХК-ийн дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 1,119,251,040 төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. УБТЗ ХННнь манайх төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй байгаа тул 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд шат дараалалтайгаар төлөх талаар албан хүсэлтийг манайд ирүүлсэн. Манай компанийн зүгээс банкны зээлээр санхүүжилтээ хийж, маш их хүүгийн төлбөр төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул санхүүгийн хүндрэлтэй байгаа талаар тайлбарлаж, үлдэгдэл төлбөрийг яаралтай хугацаанд төлөхийг хүссэн албан бичиг явуулж, утсаар болон уулзалт хийж, төлбөрийг нэхэж байсан боловч мөнгө байхгүй, замын дарга мэднэ гэж хугацаа авч байсан ба сүүлдээ УБТЗ ХНН-ийн Худалдан авалт, борлуулалтын албанаас Англи улсад үйлдвэрлэгдээгүй генераторууд байх тул сольж өгөх тухай албан бичиг ирүүлж, үүний дараа гэрээг цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. УБТЗ ХНН-ээс зарласан тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтод FG Wilson буюу түүнтэй дүйцэхүйц гэж тодорхой заасан байдаг ба үйлдвэрлэсэн улсын шаардлага ороогүй, харин ч тендерийн баримт бичигт гэрээний дагуу нийлүүлэх бараа нь аль ч улсаас гарал үүсэлтэй байж болно гэж заасан. Манай компанийн нийлүүлсэн FG Wilson брэндийн генераторууд нь тендерийн болон гэрээний бараа бүтээгдэхүүнд тавигдах стандартын болон техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангаж байгаа ба энэ талаарх нотлох баримтыг хэрэгт нотлох баримтаар хангалттай өгсөн байгаа. Үүнээс гадна гэрээт ажлын хугацаанд бид 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Тянжин хотод байрлах үйлдвэрээс нийлүүлэх дизель генераторын үйлдвэр лүү захиалагч байгууллагын холбогдох ажилтнуудыг үйлдвэрийн туршилтанд авч явсан бөгөөд захиалагч нь уг генераторуудыг БНХАУ-ын Тянжин хотод байрлах үйлдвэрт үйлдвэрлэж байгааг мэдэж байсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компанийн гэрээний дагуу нийлүүлсэн генераторуудыг хариуцагч байгууллага нь үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд манай компанийн зүгээс баталгаат хугацааны засвар үйлчилгээг хийсээр байгаа болно. МУ ХХК нь УБТЗ ХНН-ээс зарласан тендерт шалгараад худалдах, худалдан авах гэрээний дагуу 1,619,251,040 төгрөгийн тоног төхөөрөмжийг урьдчилгаа авахгүйгээр бүрэн угсарч суурилуулж ажиллагаанд оруулж өгсөн ба гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд шаардагдах санхүүжилт болох 1,500,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2019 оны 11 сарын 07-ны өдөр богино хугацаагаар сарын 1.3 хувийн хүүтэй зээлж авсан байдаг. Хариуцагч байгууллага нь гэрээний үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаагаас банкны зээлийн хүүнд 2019 оны 12 сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл сар болгон 14,000,000 гаруй төлж байгаа ба нийт 120,826,976.40 төгрөгийг төлж хохирсоор байна. Хариуцагч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул МУ ХХК нь 2019 оны 12 сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангийг гэрээний биелэгдээгүй үнийн дүнгээс тооцоход 12,204,436 төгрөг болсон. МУ ХХК нь Иргэний хуулийн 229, 219, 224.1, 227.3, 261.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 1,119,251,040 төгрөг, алдангид 12,204,436 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 65,650,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 55,962,552 төгрөг, нийт 1,253,068,028 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж байсан бөгөөд энэ талаарх тайлбар хүсэлтээ тухай бүр нь шүүхэд бичгээр өгч байсан. Өнөөдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. Үүнд -Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 1,119,251,040 төгрөг, алдангид 12,204,435.50 төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт төлсөн 120,826,976.40 төгрөг, нийт 1,252,282,451.90 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгаа бөгөөд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шаардаж байсан 1,253,068,028 төгрөгийн нэхэмжлэлийг 785,576 төгрөгөөр багасгаж байна гэв. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. УБТЗ ХНН нь 2019 онд Нөөц цахилгаан үүсгүүр худалдан авах тухай УБТЗ/2019/НТШ/13 дугаартай нээлттэй тендер зарласан бөгөөд тус тендерт МУ ХХК шалгарсан. Үүний дагуу тус компанитай ХХГ/19/1425 дугаартай Худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.1-т биет байдлын болон эрхийн доголдолгүй барааг хүлээлгэж өгч, авна гэж заасан байдаг ба гэрээний 2.2.2-т барааг хүлээж авсны дараа талууд харилцан акт үйлдэж мөнгийг шилжүүлнэ гэж заасан байдаг. МУ ХХК нь гэрээний үүргээ зөрчиж эрхийн болон биет байдлын доголдолтой бараа хүлээлгэж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл талуудын хооролд байгуулагдсан гэрээний хавсралтад тухайн генераторуудыг Англи улсад үйлдвэрлэгдсэн байх шаардлагыг тавьсан байхад хариуцагч нь Хятадад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нийлүүлсэн нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл болно. Тэгээд ч өнөөдрийг хүртэл талууд бараа, бүтээгдэхүүн хүлээж авсан акт үйлдсэн зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл манай байгууллага бараа бүтээгдэхүүн хүлээн авсан акт үйлдээгүй тул гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг тендер зарлах үед тусгасан байсан. МУ ХХК-ийн тендерийн шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгүүдэд гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг зөвшөөрсөн талаар албан бичиг болон баталгааг гаргаж байсан. Уг баталгаанаас жишээ болгон нэг зүйлийг дурдан хэлбэл: ...Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа буюу Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.1-ээс 4.2.11-т заасан шаардлагуудыг хангаж ажиллана... гэсэн баталгаа гаргаж өгсөн байдаг. Уг зааварчилгааны 4.2.5-т тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн эсхүл гэрээний мэргэжилтэнд хяналт зөвлөгөө үзүүлэхэд нэр дэвшигдсэн этгээдтэй ижил сонирхолтой биш байна... гэж тодорхойлж өгсөн байдаг. Гэтэл өнөөдрийн тухайд манай техникийн тодорхойлолтыг бэлтгэсэн ажилтан буюу гэрчээр МУ ХХК-ийн талаас асуугдсан гэрч болох Батнасанг ашиг сонирхлын зөрчилтэй буюу МУ ХХК-д ажиллаж байсан гэх үндэслэлээр тус тус гомдол өгч шалгуулах гэж байгаа. Үүнээс харвал МУ ХХК нь анхнаасаа тендерт оролцохдоо худал тодорхойлолт гаргаж өгсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Үүнээс гадна Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.5.2-т гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй байж болно. Харин захиалагч төлбөрийг зөвхөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1.1-т дурдсан барааг хүлээн авснаар төлнө гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн зааварчилгааны 1.1-т тендерт шаардлагатай өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн тодорхойлолтын шаардлага хангасан барааг авсан тохиолдолд төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэсэн үг. УБТЗ ХНН-ийн хувьд өнөөдрийг хүртэл ямар нэг бараа хүлээн авсан акт үйлдээгүй тул төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа. Мөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т ...Энэхүү заалтын 5.1-т дурдсан барааны гарал үүсэл гэдгийг тухайн барааг олборлосон, ургуулсан, бойжуулсан эсхүл хийж бүтээсэн улс буюу газар нутгийг хэлнэ... гэж заасан байдаг. Үүнээс харвал нэхэмжлэгч талын Англи улсад бүртгэлтэй зөвхөн угсарсан газар нь Бүгд Найрамдах Хятад ард улс гэх тайлбар үндэслэлгүй юм. Тэгээд ч МУ ХХК-иас барааны 51 хувиас илүү хувийг нь Хятад улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлчхээд барааны үйлдвэрлэгчийн сертификат буюу баталгааг хуурамчаар гаргаж өгсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 6.6.2-т бараа, бүтээгдэхүүний дийлэнх хувийг угсарч, эд ангийг бий болгосон газраар гарал үүслийг тодорхойлно гэж зааж өгсөн байдаг. Гэрээний ерөнхий нөхцөлийг өөрчлөх боломжгүй талаар Сангийн сайдаас гаргасан тушаал байдаг гэдгийг дурдах нь зүйтэй байх. Мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 18 дугаар зүйлд ...Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй бол гэрээгээ цуцлах, захиалагч доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүссэн гэж үзвэл зөрчлийг арилгуулах бусад арга хэрэгслийг ашиглахгүйгээр үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэнээр гэрээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн цуцлах эрхтэй..., мөн гэрээний 18.1.1 дэхь заалтад бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн ирүүлсэн бараа нь техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй бөгөөд гэрээний бусад үүргээ биелүүлээгүй бол гэж заасныг тус тус үндэслэн манай байгууллагаас МУ ХХК-д удаа дараа тендерийн шаардлага хангаагүй байна. Гарал үүсэл нь таарахгүй байна гэсэн албан бичгүүдийг хүргүүлж байсан талаар баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Мөн гэрээний 18.1.2-т ...гэрээний 18.1.1-т заасны дагуу гэрээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн цуцалсан тохиолдолд нийлүүлэгдээгүй барааг тохиромжтой гэж үзсэн нөхцөлөөр захиалагч болон худалдан авагчтай холбогдон гарсан нэмэлт зардлыг нийлүүлэгч хариуцна. Харин нийлүүлэгч гэрээний цуцлагдаагүй хэсгийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Мөн гэрээний тусгай нөхцөлийн 4 дэх хэсэгт барааг хүргэх болон бичиг баримтын бүрдүүлэлт гэсэн заалт байдаг ба 4.9.3.6-т барааны гарал үүслийн гэрчилгээ гэдэгт дараах баримт бичгүүдийг жагсаалтыг гаргаж өгсөн байдаг. Үүнд: Тоо ширхэг, нэгжийн үнэ, нэхэмжлэлийн хуулбар, барааны багц бүрийн боолтын жагсаалт, даатгалын гэрчилгээ, баталгаат засварын гэрчилгээ, үйлдвэрлэх эрх бүхий байгууллагын шалгалт, өөрчлөлтийн гэрчилгээ зэрэг баримт бичиг хамаарах бөгөөд дээр жагсаасан бичиг баримтыг барааг хүргэх эсхүл буулгах газраас 7 хоногийн өмнө захиалагчид өгсөн байна. Дээрх бичиг баримтыг захиалагчид өгөөгүйгээс гарах зардлыг нийлүүлэгч хариуцна гэж заасан байдаг. Үүнээс харвал нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг баталж чадаагүй, хуурамч баримт гаргаж өгснөөс үүдэлтэй хохирлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Манай байгууллагын хувьд гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг нээлттэй зарласан ба МУ ХХК ерөнхий болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа баталгаагаа гаргаж өгсөн гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч МУ ХХКнь хариуцагч УБТЗ ХНН-д холбогдуулан 1,253,068,028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, 785,576 төгрөгөөр багасгаж, 1,252,282,451.90 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч УБТЗ ХНН-тай 2019 он 07 дугаар сарын 30-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 1,619,251,040 төгрөгийн үнийн дүн бүхий 57 ширхэг генераторыг нийлүүлсэн боловч хариуцагч нь гэрээний төлбөрөөс 500,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 1,119,251,040 төгрөгийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс уг генераторуудыг нийлүүлэхийн тулд банкнаас өндөр хүүтэй зээл авсан бөгөөд хариуцагч тал төлбөрөө хугацаандаа биелүүлээгүйгээс сар бүр банкны хүүнд өндөр төлбөр төлж байна... гэж тайлбарлан, Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 1,119,251,040 төгрөг, алдангид 12,204,435 төгрөг 50 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 120,826,976 төгрөг 40 мөнгө, нийт 1,252,282,451 төгрөг 90 мөнгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Англи Улсад үйлдвэрлэсэн генератор нийлүүлэх үүрэгтэй байсан боловч БНХАУ-д үйлдвэрлэсэн генератор нийлүүлсэн тул нэхэмжлэгч талыг эрхийн болон биет байдлын доголдолтой генератор нийлүүлсэн гэж үзэж байна. Мөн уг генераторуудыг хариуцагч тал нь акт үйлдэн хүлээн аваагүй тул гэрээний төлбөр төлөх үүрэг үүсэхгүй ...гэх агуулгаар тайлбарлаж байна. Хариуцагч УБТЗ ХНН нь УБТЗ/2019/НТШ/13 дугаартай Нөөц цахилгаан үүсгүүр худалдан авах тухай нээлттэй тендер зарласан, уг тендерт нэхэмжлэгч МУ ХХКоролцон, шалгарч, гэрээ байгуулах эрхтэй болсон болох нь тендерийн баримт бичгүүд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Ийнхүү нэхэмжлэгч МУ ХХКнь дээрх тендерт шалгарсны дагуу хариуцагч УБТЗ ХНН-тай 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ХХГ/19/1425 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 1,916,251,040 төгрөгийн үнэ бүхий 57 ширхэг нөөц цахилгаан үүсгүүр буюу генераторыг урьдчилгаа төлбөргүйгээр 60 хоногийн хугацаанд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулан, талуудын эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-7-18 тал/. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч МУ ХХКнь БНХАУ-д үйлдвэрлэсэн FG Wilson брэндийн 57 ширхэг нөөц цахилгаан үүсгүүр буюу генераторыг гэрээнд заасан хугацааны дотор хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Бараа, материалын хүлээн авалтын баримт, 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт гэх баримт болон гэрч Ч.Гартаам, М.Энхтайван, Д.Батнасан нарын мэдүүлгээр тогтоогдож байхаас гадна хариуцагч байгууллагаас уг гэрээний төлбөрт 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргахгүй байна./1хх-86 тал, 2хх-13-24 тал/. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж үзнэ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт №1-д буюу Техникийн тодорхойлолт гэх хэсэгт Англи Улсын FG Wilson брэнд, ISO9001, ДГ-BS5000, ISO 8528, ISO 3046, IES 60034, NEMA MG-1.22, Европ стандартын CE шаардлагыг бүрэн хангасан гэж, Хавсралт №-3 буюу Бараа бүтээгдэхүүний нэгжийн болон нийт үнэ гэсэн хэсэгт үйлдвэрлэсэн улс-Англи, марк-FG Wilson гэжээ./1хх-13,17 тал/. Хариуцагч нь гэрээний Хавсралт №3-д заасныг үндэслэн Англи Улсад үйлдвэрлэсэн FG Wilson брэндийн генераторыг нийлүүлэх үүрэгтэй байсан гэж тайлбарлаж байна. Гэрээний зүйл болох FG Wilson брэндийн өмчлөгч компани Англи Улсын Caterpillar limited компани бөгөөд уг компани нь өөрийн охин компаниудаараа дамжуулан дэлхий дахины төрөл бүрийн байршилд FG Wilson брэндийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг, ийнхүү үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүн нь нэг стандартын дагуу ижил үзүүлэлт, чанар стандартын дагуу гардаг ба БНХАУ-ын Тяньжин хотод байрлах Asia Power Systems Limited компани нь Англи Улсын Caterpillar limited компанийн 100 хувийн өмчлөлийн компани мөн болох талаарх тодорхойлолтыг Англи Улсын Caterpillar limited компани нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх бөгөөд уг баримтыг хариуцагч талаас нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна./1хх-145-149 тал/ Иймд нэхэмжлэгч талыг гэрээнд заасан шаардлагыг хангасан, эрхийн болон биет байдлын догодолгүй генераторуудыг хариуцагч талд нийлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн МУ ХХКнь УБТЗ ХНН-ын даргад хандан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргаж, Тяньжин дэх үйлдвэрт хийгдэх генераторын үйлдвэрийн туршилтанд явуулах ажилчдыг томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллагын ажилтан М.Энхтайван, Д.Батнасан нар нь нэхэмжлэгч компанийн зардлаар 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд БНХАУ-ын Тяньжин хот дахь Asia Power Systems Limited компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, генераторын туршилтад оролцсон болох нь гэрч Ч.Гартаам, М.Энхтайван, Д.Батнасан нарын мэдүүлэг, нэхэмжлэгч компанийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 957/19 дугаартай Тодруулга хүргүүлэх тухай гэх албан бичиг болон уг албан бичигт хариуцагч байгууллагын албан тушаалтан цохолт хийсэн байдал зэргээр тогтоогдож байна./1 хх-245, 2хх-13-24 тал/. Иймд хариуцагч талыг уг генераторуудыг хүлээн авах үедээ БНХАУ-д үйлдвэрлэгдсэн болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...М.Энхтайван, Д.Батнасан нарыг БНХАУ-ын Тяньжин хотод томилолтоор ажиллуулах талаар ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй гэж тайлбарлаж байх боловч энэ нь хариуцагч талыг генераторуудыг хүлээн авахад үед БНХАУ-д үйлдвэрлэсэн гэдгийг мэдсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Хариуцагч байгууллага нь маргааны зүйл болж байгаа 57 ширхэг генераторуудыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу баталгаат хугацааны засвар үйлчилгээг нэхэмжлэгч талд хүсэлт гарган хийлгүүлж байгаагаас гадна уг генераторууд нь чанарын шаардлага ханган ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан хэрэгт авагдсан Дизель генераторын оношилгоо болон засвар үйлчилгээний ажлын тайлан гэх баримт, гэрч Ч.Гартаам, М.Энхтайван, Д.Батнасан нарын мэдүүлгээр тогтоогдож байна./1хх-150, 176-206, 2хх-13-24 тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй гэжээ . Иймд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байх тул хариуцагч талын гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ. Хариуцагч тал нь талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 1,119,251,040 төгрөгийг төлөөгүй байгаа болох хэрэгт авагдсан Гэрээ дүгнэсэн акт гэх баримтаар тогтоогдож байх ба уг үнийн дунд хариуцагч тал маргахгүй байна./1хх-86 тал/. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.3-т худалдагч тал нь гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 12,204,435 төгрөг 50 мөнгийг нэхэмжилжилж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.2 дахь хэсэгт төлбөрийн нэхэмжлэх хүргүүлсэн өдрөөс 30 хоногийн дотор нийт гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй гэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөр төлөх нэхэмжлэхийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлсэн байх тул хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээний төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байжээ. Гэтэл хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээний төлбөрөөс 500,000,000 төгрөгийг төлсөн байх тул 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх алдангийг гэрээний нийт үнийн дүн болох 1,619,251,040 төгрөгөөс бодоход 2,914,651 төгрөг 87 мөнгө, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 83 хоногийн алдангийг үлдэгдэл төлбөр болох 1,119,251,040 төгрөгөөс тооцвол 9,289,783 төгрөг 63 мөнгө болж байх тул нийт алдангид 12,204,435 төгрөг 50 мөнгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч нь ...хариуцагч тал гэрээний төлбөрөө төлөөгүйгээс зээлийн хүүнд их хэмжээний төлбөр төлж хохирч байна гэх үндэслэлээр зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 120,826,976 төгрөг 40 мөнгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.1-т урьдчилгаа төлбөргүй бөгөөд гэрээ хэрэгжсэний дараа нийт үнийг төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь генераторын үнийг өөрөө эхэлж үйлдвэрлэгчид төлж, генераторыг хариуцагчид хүлээлгэн өгсний дараа хариуцагчаас гэрээнд заасан үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээжээ. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон бусад баримтаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлэхийн тулд банкнаас хүүтэй зээл авсан болох нь тогтоогдож байх ба уг гэрээнд заасан үүргийнхээ хүрээнд банкинд хүүгийн төлбөр төлсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийн тулд банкнаас зээл авсан гэж үзэхээр байх тул уг гэрээний үүрэгт төлсөн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэв. Дээрх үндэслэлээр хариуцагч УБТЗ ХНН-аас талуудын хооронд байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөрт 1,119,251,040 төгрөг, алдангид 12,204,435 төгрөг 50 мөнгө, нийт 1,131,455,475 төгрөг 50 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч МУ ХХК-д олгож, үлдэх 120,826,976 төгрөг 40 мөнгөнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч УБТЗ ХНН-аас 1,131,455,475 төгрөг 50 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч МУ ХХК-д олгож, үлдэх 120,826,976 төгрөг 40 мөнгөний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6,423,251 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УБТЗ ХНН-аас улсын тэмдэгтийн хураамжид 5,880,227 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МУ ХХК-д олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА | | |