Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00720

 

 

 

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00720

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дуут сумын Босго багийн иргэн Х.Од холбогдох Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/108 дугаартай актын төлбөр 653,307 төгрөг, Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/107 дугаартай актын төлбөр 330324 төгрөг, нийт 983631 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэнд-Аюуш, прокурор Э.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Дуут сумын сургуулийн 2016-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Цэнд-Аюуш 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35/02/107, 35/02/108 дугаартай актууд тавигдсан. 35/02/107 тоот актаар амралтын цалин төлүүлэх тухай гэсэн улсын ахлах байцаагчийн актыг тогтоосон нь ямар учиртай вэ гэхээр Х.Од аймгийн Засаг даргын захирамжаар жилийн үр дүнг тооцож үндсэн цалингаас нэмэгдэл тооцож олгох гэсний дагуу захирамжаар үндсэн цалин авах ёстой байтал нэмэгдэл гээд 1,700,000 төгрөг авсан. Мөн Х.О нь амралтын мөнгөө аймгийн Засаг даргын захирамж шийдвэрээр амралтаа биеэр эдлэхээр 6,7,8 дугаар саруудад тооцож мөнгөө 6 дугаар сард авсан. Түүн дээрээ дахин сумын Засаг даргын захирамж гаргуулан үндсэн цалингаа бусад бүх нэмэгдэлтэйгээ авсан. Сумын Засаг даргын шийдвэрийг зайлшгүй ажиллах шаардлага үүссэн гэж зөвшөөрөгдөх хэмжээний цалин хөлс авсан гэж үзэхэд үндсэн цалингаа аваад амралтын мөнгөтэйгээ давхардуулан аваад мөн үр дүнгийн нэмэгдэл зэргийг нэмэгдлийг давхардуулан авсан. Энэ нь холбогдох хуулийн заалтууд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1 дүгээр зүйлийг зөрчиж байна. Мөн Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн цалин хэрхэн бүрдэхийг тодорхой зааж өгсөн. Ажлын зайлшгүй шаардлагаас болоод амралтаа биеэр эдэлж чадаагүй бол 1,5 сарын цалинг олгож болно гэсэн заалттай. Үүнд амралтын цалинтайгаа давхардуулан Сумын Засаг даргын захирамжаар цалингаа авлаа гэхэд 1,5 сартай тэнцэх хэмжээний цалин авах боломжтой байдаг. Гэтэл ээлжийн амралтын 3 сарын цалин, сумын Засаг даргын захирамжаар үндсэн цалин мөн зэргийн нэмэгдэл гээд 4 удаагийн давхардуулан авсан байна гэж үзээд та нэмэгдлээ төлөх ёстой гээд 653,307 төгрөгийн актыг тогтоосон. Х.О нь төсвийн шууд захирагч бөгөөд өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна. Иймд төрийг хохиролгүй болгохын тулд улсын ахлах байцаагчийн актыг тогтоосон гэв.

Хариуцагч Х.О нь шүүхэд ирүүсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас танай байгууллагат хандаж гаргасан 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 143 тоот нэхэмжлэлийг Ховд аймгийн Дуут сумын Босго багийн иргэн, өндөр настан Хартолгой овогтой О миний бие зөвшөөрөхгүй байна. Учир нь уг зэргийн нэмэгдлийг Ховд аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 08 сарын 29-ний өдрийн А/30 тоот тушаалын дагуу авсан болно. Би өөрөө дур мэдэн хууль зөрчин зэргийн нэмэгдлийг аваагүй бөгөөд эрх бүхий нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд уг тушаалыг үндэслэн олгосон гэж бодож байна. Би мөн сум орон нутгийн зайлшгүй шаардлагаар сургуулийн засварын ажлуудыг хариуцах үндсэн үүрэг бүхий Дуут сумын засаг даргын 2016 оны 07 сарын 24-ний өдрийн А/70-р захирамжийн дагуу ажилласан болно. Би 1985 онд Монгол улсын их сургууль төгсөөд төрөлх Дуут сумын дунд сургуульд ирж багш, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, захирал зэрэг бүхий л албыг нэр төртэй, тасралтгүй, тогтвор суурьшилтай 33 жил хашиж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй, хичээлээ сайн заадаг багш, ажлаа сайн хийдэгменежер байж чадсан. Сум орон нутагтаа нэр хүндтэй, сумын ИТХ-д гурван удаа төлөөлөгчөөр сонгогдож ард иргэдийнхээ дуу хоолой болж, үр хүүхдийг сургаж хүмүүжүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр шударга ажиллаж ирсэн. Одоо гавъяаныхаа амралтыг тайван эдлэх эрхтэй гэж бодож байна. Одоо эмнэлэгийн хяналтанд байдаг, хүнд хагалгаанд орсон тул хотод амьдарч байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь иргэн Х.Од холбогдуулан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/107 дугаартай актын дагуу 330324 төгрөг, мөн өдрийн 35/02/108 дугаартай актын дагуу 653307 төгрөгийг нэхэмжилжээ.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна гэж зохицуулсан ба Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/107, 35/02/108 дугаартай актууд гарсан байна. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална гэсэн байх ба Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор Дотоод аудитын дүрмийг баталсан байна. Энэ дүрмийн 11.1-д Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсанаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэж зохицуулсан байх ба хариуцагч Х.О нь энэхүү актуудын талаар зохих журмаар гомдол гаргаагүй ба энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, маргаагүй болно.

1.Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/107 тоот актын төлбөр болох 330324 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд:

Хариуцагч нь 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/107 тоот актын төлбөр болох илүү олгосон зэргийн нэмэгдэл болох 330324 төгрөгийг Ховд аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 08 сарын 29-ний өдрийн А/30 дугаартай тушаалын дагуу авсан учир төлөхгүй гэж хариу тайлбар ирүүлсэн ба хариу тайлбартаа уг тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувийг хавсаргажээ. / хэргийн материалын 15-17-р хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү Ховд аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 08 сарын 29-ний өдрийн А/30 дугаартай тушаалаар сургуулийн захирал нь зэргийн нэмэгдэл авах ёсгүй ба энэ тушаал нь эрх хэмжээгүй этгээдийн гаргасан тушаал гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэж буй нотлох баримтаа зааж тодорхойлдог.

2016 онд мөрдөгдөж байсан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалын хавсралтаар  Ерөнхий боловсролын сургуулийн багшийн багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерт мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагааг зохицуулжээ. Энэхүү журамд сургуулийн захиралд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох талаар зохицуулаагүй байхад Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар сургуулийн захирал Х.Од зэргийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон журамд нийцээгүй байх тул 2016 оны 8,9,10 саруудад зэргийн нэмэгдэл гэж авсан 330324 төгрөгийг хариуцагч Х.О нь буцаан төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 32/02/108 тоот актын төлбөр болох 653307 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь Х.Оийг 2016 оны 07,08 саруудад амраагүй хугацаанд Засаг даргын захирамжаар үндсэн цалин, амралт олгосон боловч 2016 оны 07 сард захирал Х.Од 90-р тогтоолд 110108 төгрөг, ур чадварт 212875 төгрөг, 8 сард ур чадварын нэмэгдэл 220216 төгрөг, 90-р тогтоолын нэмэгдэл 110108 төгрөг нийт 653307 төгрөгийг амралт, цалинтай давхардуулан олгосон хууль бус байх тул акт тавьсан. Энэ акттай маргаагүй тул төлөх ёстой гэж нэхэмжилсэн.

Хариуцагч нь Дуут сумын засаг даргын 2016 оны 07 сарын 24-ний өдрийн А/70-р захирамжийн дагуу энэхүү 653307 төгрөгийг авсан. Би өөрөө дур мэдэн хууль зөрчин 90-р тогтоол, ур чадварын нэмэгдлийг аваагүй бөгөөд эрх бүхий нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд зохих хууль журам, зааврыг үндэслэн олгосон гэж бодож байна гэж маргадаг.

Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 05-ны өдрийн А/338 дугаартай захирамж, түүний хавсралтаар Дуут сумын сургуулийн захирал Х.О нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажлын 30 хоног амрахаар тогтож амралтын мөнгө болох 1767540 төгрөгийг 2016 оны 7 сард авсан болох нь тогтоогджээ. /хэргийн материалын 15-17,20р хуудас/

Гэтэл ажлын зайлшгүй шаарлагаар ажилласан гэж Дуут сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжаар 2016 оны 07 дугаар сарын 06-наас 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажиллаж 890220 төгрөгийг цалин авсан байна. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд олгох олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар зохицуулах ба хэрхэн зохицуулсан талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Иймд хариуцагч Х.О нь 2016 оны ээлжийн амралтын мөнгө болох 1767540 төгрөгийг 2016 оны 7 сард, ээлжийн амралтаа эдлээгүй, ажилласан гэж 2016 оны 8 сард 890220 төгрөгийг давхардуулан авсан нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.

Хариуцагч нь дээрх улсын байцаагчийн актуудыг эсэргүүцэж гомдол гаргаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хартолгойн Оюунгэрлээс 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/107 тоот актын төлбөр болох 330324 / гурван зуун гучин мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөг, 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 35/02/107 тоот актын төлбөр 653307 / зургаан зуун тавин гурван мянга гурван зуун долоон мянга/ төгрөг, нийт 983631 / есөн зуун наян гурван мянга зургаан зуун гучин нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Х.Оээс 28157 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрбөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ