| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2024/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/126 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,
улсын яллагч Э.Оргилбат,
шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Жт холбогдох эрүүгийн 2311 02113 1611 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б ургийн овгийн Д Ж, /РД: /,
Монгол Улсын иргэн, 1.. оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........... дүүргийн 10 дугаар хороо, .......... 33-453 тоотод оршин суудаг,
Урьд ............. дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялд багтааж, биечлэн эдлэх 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Ж нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ........... дүүргийн 21, Булгийн 18-897 тоотод хохирогч Э.Вансэмбэрүүтэй маргалдаж толгойн тус газар луу нь архины шил шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 751 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Ж нь .......оны 10 дугаар сарын 03-ны өдөр .......... дүүргийн 21, Булгийн 18-897 тоотод хохирогч Э.В маргалдаж толгойн тус газар луу нь архины шил шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь: хохирогч Э.В мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим би ............дүүргийн 12 дугаар хороо 19 дүгээр гудамжинд тоотыг сайн мэдэхгүй Ганбаа гэх айлд очсон. Намайг очиход тухайн айлд Ж, Ганбаа ах хоёр байсан. Тэгээд бид 3 мөнгө нийлүүлж 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч хувааж уусан. Тэгээд архиа уугаад дуусах гэж байхад намайг хуурамч пүүз өмсдөг гээд Ж хэлэхээр нь би Жтай маргалдаж эхэлсэн. Тэгээд надтай маргаж байхдаа Ж намайг зайл гэж хэлэхээр нь би адилхан айлд байгаа байж намайг хөөдөг хэн юм гэж хэлээд эргэж хараад зурагт үзээд сууж байсан чинь над руу шил авч шидээд миний хацар болон хүзүүний орчим бага зэрэг зүсэгдэж цус гарсан. Би Ганбаа ахынхаас гараад гэртээ ирэхэд манай охин түргэн дуудсан. Түргэний эмч ирээд шарх боож өгөөд эмнэлэг явах шаардлагагүй гэж хэлээд харин цагдаа дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12672 дугаартай дүгнэлтэд:
Э.В бие зүүн хацарт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, хоншоор, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн гаргах санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дүгээр тал/, ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 62 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруу хүлээж байна...” гэх мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хохирогч Э.Вансамбэрүүд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал” зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Э.В нь хавтаст хэрэгт Д.Ж “гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан, гомдолгүй” /хавтаст хэргийн 75 дугаар тал/ гэсэн болно.
Шүүгдэгч Д.Жаас 48,000 төгрөгийг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овгийн Д Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Жаас 48,000 /дөчин найман мянган/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд төлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД