Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Т.У нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тунгалагийн Ут холбогдох эрүүгийн 2311 01163 1459 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.ургийн овгийн Т. У, /РД: ........../,

Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ......... дүүргийн 7 дугаар хороо, ............ Б-1-1 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийг ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.У нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.М.эзэмшлийн ......... дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр байрны 77 тоот байрны бүргэд хаалгыг өшиглөн гэмтээсний улмаас 456,000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 695 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.У нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.М. эзэмшлийн .............дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр байрны 77 тоот байрны бүргэд хаалгыг өшиглөн гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 456,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-36 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн хх-ийн 39-42 дугаар тал/,

Хохирогч Д.М....мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 05 сарын 04-ны өдөр 11 цагийн үед Баасандоржтой 5 сургуулийн тэнд тааралдаад хамт хоолонд орсон. Цайны газраас гарч байхад Баасандорж надад “нөгөөдөх чинь танай гэрийн гадаа байна ямар сураагүй биш дахиад эвдлээ шүү” гэж над руу мессеж бичсэн байна гэхээр нь яахаараа хаалга эвддэг юм. Чи бид хоёр хамт байгаа биш гэж хэлэхэд Б. “..............” хамт оръё гэхээр нь цуг явсан. Тэгээд Баасандоржийн ажлын байрных нь нэг давхарт гадуур хүрмийг нь хараад үлдсэн, хэдэн давхарт гарсныг нь мэдэхгүй. Тэгсэн 12 цагийн үед 1 давхарт утсаар яриад байж байхад нэг эмэгтэй хүрч ирээд үгийн зөрүүгүй үснээс зулгаагаад доош нь дараад гараараа толгой хэсэг рүү олон тооны удаа цохисон би туслаарай гээд орилоход гурван залуу ирээд салгасан. Тэгээд би тэр байрнаас гараад 102 дугаарт дуудлага өгчхөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа цагдаа дуудахаар ирэхгүй байна гэж хэлсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч нь эрэн сурвалжлалт зарласан байгаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдөр буюу 2023 оны 05 сарын 04-ны өдрийн 16 цагийн орчимд гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг У өшиглөж эвдээд явсан байсан ер манай гэрийн хаалгыг эвдэхээсээ өмнө .............. дүүргийн 3-р хороо 24-р байрны 77 тоотын чинь хаалгыг чинь эвдлээ гэж Б...........руу мессеж бичээд эвдсэн байдаг юм. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд цагдаагийн байгууллагын эргүүлийн цагдаа камерын бичлэгийг шүүж хурааж аваад надад үзүүлсэн хаалга эвдэж байгаа хүн У мөн байсан юм...” гэх /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Гэрч Т.Б......... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...У гэх хүнтэй 2017 онд танилцаад түүнээс хайр сэтгэлийн холбоотой байж байгаад 2018 оны 04 сарын 12-ны өдөр дундаасаа охинтой болсон. 2022 оны 06 сараас эхлэн У бид хамт байхаар таарч тохирохгүй байсан учраас тусдаа амьдарч эхэлсэн юм. Түүнээс хойш ганц бие явж байгаад 2022 оны 10 сарын эхэн үеэр М.гэх эмэгтэйтэй танилцаад хамт амьдарч байгаа гэж ойлгож болно. Би Баруунхараад уурхайд ажилдаг болохоор ажлаасаа буухаараа ирэн очин байдаг юм. 2023 оны 05 сарын 04-ны өдөр М.бид хоёр Соёл урлагийн их сургуулийн ойролцоо хоол идэж байсан чинь Уийн ......... гэсэн дугаараас миний ........ гэсэн дугаарт би М. гэрийн хаалгыг эвдлээ шүү би амьд байх хугацаандаа та хоёрыг хэзээ ч жаргаахгүй гэж мессеж бичсэн. Тэгэхээр нь М.....бид тухайн мессежийг уншаад тоолгүй орхисон. Тэгээд “..” pyy очиж би Солонгос улсын виз материалаар бүрдүүлэхээр хамт явсан. Тэгээд “........” 7 давхар гараад бичиг баримтаа бүрдүүлээд буугаад ирсэн чинь М.......уйлсан байдалтай хурдан зугтаарай У намайг зодсон чамайг бас ална гэж байна гэсэн. Тэгэхээр нь М........... бид 2 зугтаагаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад хандсан хэрхэн шийдвэрлэсэн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд М.....бид 13-р хороололд манай ээжийн гэрт очиж хоол идээд буцаад М..........гэрт ирсэн чинь хаалгыг хонхойтол У өшиглөсөн байсан. Тухайн хаалга гажсан цонх онгорхой байхаар салхинд дуугараад байсан. Тэгээд тухайн хаалгыг дуудлага янзлуулах гэсэн засвар авахгүй гэхээр нь сольсон юм. У намайг үргэлж дарамталдаг намайг сүүлийн үед тайван амьдруулахгүй байна...” гэх /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай нөхөр Т.Б. нь Д.М.гэх эмэгтэйтэй надтай хамт амьдардаг байхдаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. 2022 оны 6 дугаар сард бид нар Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Дэлгэрэх хотхонд гэр бүлээрээ байр хөлсөлж амьдарч байсан. Тэгтэл байрны эзэн нь байрандаа орлоо гэх шалтгаанаар бид нар түрээсийн байраа хүлээлгэж өгсөн. Үүний дараа Т.Б. 13 дугаар хороолол байрлах ээжийндээ би өөрийнхөө төрсөн хүүгийнд очсон. Ингэхдээ бид нар олон сараар байрны түрээс төлөх боломжгүй байгаа учир хоёулаа хэсэгтээ хоёр талд байж, мөнгөө хуримтлуулж байгаад нийлье гэж байсан. Үүнээс бусдаар бид хоёр таарч тохирохгүй нэг ч шалтгаан байгаагүй. Тэгээд би Т.Б. ээжийндээ байгаа гэж бодсон. Т.Б. алтны уурхайд ажилладаг ростерийн ажилтай байсан. Энэ хугацаанд бид хоёр охиноо 7, 7 хоногоор ээлжилж хардаг байсан. Энэ хугацаанд багагүй мөнгө хуримтлуулж байсан. Тэгээд оны өмнө тусдаа гарч байр түрээсэлье гээд хайхад гэнэт ор сураггүй болсон. Хагас жил орчмын дараа Улсын их дэлгүүрийн хойно байрлах 24 дүгээр байрны 77 тоотод нэг эмэгтэйн гэрт амьдарч байгааг мэдсэн. Үүнээс хойш би Д.М.гэх эмэгтэйд эхэндээ гар утсаар ч мессежээр ч удаа дараа өөрийн гэр бүлийн байдлаа мэдэгдэж, гэрээсээ явуулахыг хүссэн боловч хүлээж авахгүй байсан. Би охиноо маш их өрөвдсөн. Т.Б. нь хүнийг хүүхэдтэй болгож, хамт амьдарна гэж шийдсэн бол үүрэг хариуцлагаа ойлгож, ухаарах ёстой. Охин хүүхдийг хаяад явчихдаг зүйл байхгүй. Тиймээс би түүнд үүрэг хариуцлагыг нь ойлгуулах гэж хойноос нь явдаг байсан. Монголд нэг ч гэсэн хүүхэд хараа дээгүүр, бүтэн амьдралтай байгаасай гэж бодоод хойноос нь хөөцөлдсөн. Би Д.М.Т.Б. болон өөрийн амьдралын талаар удаа дараа хэлэхэд тоохгүй, мөн намайг чаддаг юм бол олоод ир гэх мэтээр даапаалаад байсан. Би түүнтэй очиж уулзах болгондоо охиноо дагуулаад очдог байсан. Тэгээд уулзъя гэж ярихаар гадуур бид нар гадуур байна зугаалж байна, завгүй байна гэдэг байсан. Би зөндөө олон сар тэссэн. Би тэр айлын хаалгыг өшиглөхөөс өмнө хоёр гурван удаа очихдоо зүгээр тогшоод л буцдаг байсан. Камерын бичлэг нь байдаг л байх. Төрсөн хүүхдээ хараад эх хүний тэвчээр тасардаг юм байна. Эр хүний хувьд бэлэн амьдрал хайж, үүрэг хариуцлагаасаа зугтааж болдог юм уу гэх зэргээр маш их уур хүрсэндээ тухайн айлын хаалгыг даавуун шаахайтай байхдаа хоёр удаа өшиглөсөн. Гэхдээ тэр айлын хаалгыг хонхойлгох хэмжээнд өшиглөхгүй. Харин би тэр айлын ручгийг татаад хугалаад мулт татсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ..” гэх,

хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдож байх ба улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Мөнх-Очирын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

“Хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Т.Уээс нийт 456,000 төгрөгийг гаргуулж хохирогч ............ дүүргийн 3-р хороо, 24-77 тоотод оршин суух хаягтай, Д.М./РД: ............./-т олгуулахаар шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. ургийн овгийн Т. Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Уээс нийт 456,000 төгрөгийг гаргуулж хохирогч ............... дүүргийн 3-р хороо, 24-77 тоотод оршин суух хаягтай, Д.М./РД: ..........4/-т олгуулсугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.АРИУНБОЛД