| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/01499/И |
| Дугаар | 2490 |
| Огноо | 2020-09-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2490
| 2020 09 07 | 102/ШШ2020/02490 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.У нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б
Хариуцагч: А.С нарт холбогдох,
4,584,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Бд 2018 оны 9 сараас эхлэн БГД, 17 хороо, 13 байр, 00 тоот өрөө байрыг хагас тавилгын хамт 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэх гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулах үед түрээсийн төлбөр 1 сарын 700,000 төгрөг байсан боловч Ж.Б нь ...Би төрийн албанд ажилладаг тул төлбөрийг багасгаж өгөөч... гэж хэлж байсан. Уг саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөрийг 650,000 төгрөг болгосон байдаг. Ингээд эхний сарын түрээсийн төлбөрийг байрны завсар, үйлчилгээнд зарцуулъя гэсний дагуу түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн ба 10 сараас түрээсийн төлбөрийг авч эхэлсэн. Ж.Б нь эхний сарын төлбөрийг цаг хугацаанд нь төлсөн ба 2 дахь сараас эхлэн түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөхөө больсон байдаг. Ингээд Ж.Бтэй уулзаж түрээсийн төлбөрийн талаар асуутал ...Мөнгө төгрөг байхгүй байна... гэж хэлдэг байсан ба 11 сараас эхлэн байнга хугацаа хэтэрч түрээсийн төлбөрийг төлдөг болсон.Ингээд 2019 оны 09 сар болж, түрээсийн гэрээний хугацаа дуусахад төлбөрөө төлж барагдуулаагүй байсан ба гэрээний хугацаа дуусгавар боллоо гэрээгээ цуцалъя гэж хэлэх гэхэд ээлжийн амралтаа аваад хөдөө явчихсан байсан тул байраа суллаж авч чадаагүй байдаг. Ингэж явсаар 2019 оны 11 сард арай хийж гэрт очиж уулзтал өмнө нь хэлдэг байсан шалтаг, шалтгаанаа ярьж байсан ба 14 хоногийн хугацаа өгчихвөл байрыг чинь суллаад өгье гэж хэлсэн. Үүний дагуу 14 хоногийн хугацаа өгөөд, 14 хоногийн дараа очиход мөн л хаалгаа тайлж өгөөгүй, гэрт нь хүн байгаагүй байдаг. Ингээд байж байтал Ж.Бн эхнэр Б.Сонинсувд над руу сүүлийн 3 сарын төлбөрийг чинь өгье. 2020 оны 05 сар хүртэл байранд чинь амьдаръя гэж мессеж бичээд өмнө нь ярьдаг байсан зовлон, жаргалаа ярьж эхэлсэн. Үүний дагуу 2020 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн гэрээгээ сунгасан ба 2020 оны 05 сарын 01-ний өдөр болоход Ж.Б нь тухайн үе хүртэлх байр ашиглалтын зардал болон түрээсийн төлбөрийг төлөөгүй байдаг. Иймд хариуцагч нараас 2019 оны 10-11 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 400,000 төгрөг болон 2020 оны 02 сараас 04 сар хүртэлх түрээсийн төлбөр 2,350,000 төгрөг, конторын төлбөр 1,283,878 төгрөг СӨХ-ны төлбөр 377,450 төгрөг, цахилгааны төлбөр 573,455 төгрөг нийт 4,584,809 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б, А.Снарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Б нь орон сууц түрээслэх гэрээг Ч.Утай байгуулсан үнэн. Тийм учраас нэхэмжилж байгаа үнийн дүнгийн тооцоололд маргаан байхгүй. Харин хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал тухайн түрээсэлж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч нь өөр этгээд байдаг. Үүнээс харвал Ч.Уыг бусдын эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээсэлж байсан гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв бусдад дамжуулан түрээсэлсэн бол бусдад дамжуулан түрээсэлж болно гэсэн гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн үү гэдгийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Бидний зүгээс Ч.Уыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй байгаа. Хэрэв уг орон сууцыг бусдад дамжуулан түрээслэх эрхтэй байсан бол тэр талаарх баримтыг гаргаж өгөх ёстой байсан гэж үзэж байна. Иймд Ч.Уын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч Ж.Б, А.Снарт холбогдуулан 4,584,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.У нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Ж.Бтэй Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулан БГД, 17 хороо, 13 байр, 00 тоот орон сууцыг 1 жилийн хугацаатайгаар, сарын түрээсийн төлбөр 650,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, бичгийн хэлбэрээр гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээг талууд 2020 оны 05 дугаар сарын 1 хүртэл хугацаагаар сунгасан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Талууд энэхүү гэрээг байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй ба гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч Ч.У нь БГД, 17 хороо, 13 байр, 00 тоот орон сууцыг хариуцагч Ж.Бд хүлээлгэн өгснөөр Ж.Б 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уг байранд амьдарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Харин уг орон сууцны өмчлөгч нь Ч.У биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь заавал эд хөрөнгө хөлслүүлэгчийн өмчлөлийн зүйл байх талаар хуульчлаагүй бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй тул нэхэмжлэгч Ч.Уыг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Ж.Бтэй байгуулсан Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг хариуцагч Ж.Бгээс шаардах эрхтэй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.У нь тус байрны өмчлөгч биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч энэ нь хариуцагчтай байгуулсан хүчин төгөлдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5-д түрээслэгч нь хэрэглээний зардал болох цахилгааны төлбөр, СӨХ-ны төлбөр, байр ашиглалтын зардлыг бие даан төлнө гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын тооцооллоо тайлбарлахдаа...орон сууцны ашиглалтын зардалд 1,283,878 төгрөг, СӨХ-ны төлбөрт 377,450 төгрөг, Цахилгааны төлбөрт 537,455 төгрөг, байрын түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 2,350,000 төгрөг, нийт 4,584,809 төгрөг нэхэмжилж байх бөгөөд энэхүү байрны ашиглалтын зардлуудыг нэхэмжилсэн хугацаа нь хариуцагч уг байрыг хөлсөлж байсан хугацаанд хамаарч байхаас гадна хариуцагч нь түрээсийн үлдэгдэл төлбөрт 2,350,000 төгрөгийг дутуу төлсөн талаар маргахгүй байна.
Иймд хариуцагч Ж.Бн эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 4,584,809 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.
Харин уг Эд хөрөнгө хөлслөх гэрээг нэхэмжлэгч нь хариуцагч А.Стай байгуулаагүй байх бөгөөд тэдний хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь А.Саас Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Бгээс 4,584,809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгож, нэхэмжлэгчийн хариуцагч А.С ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бгээс 4,584,809 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ч.Ут олгож, нэхэмжлэгч Ч.Уын хариуцагч А.Сад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Уаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 91,904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ут олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА