Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0703

 

“Х г б т х” НҮТББ-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Золжаргал    

 

Нэхэмжлэгч: “Х г б т х” ТББ

Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,

Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай Тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “А г б” НҮТББ

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/20260103002 дугаартай тендер шалгаруулалтын 18 дугаар багцын сонгон шалгаруулалтад “Х г б т х” ТББ-ыг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, “Х г б т х” ТББ-ыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах,

“А г б” ТББ-ын тендерийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “А г б” ТББ-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах” тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0754 дүгээр шийдвэр,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Золжаргал, өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.О, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М нар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2026/0456/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х г б т х” ТББ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/20260103002 дугаартай тендер шалгаруулалтын 18 дугаар багцын сонгон шалгаруулалтад “Х г б т х” ТББ-ыг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, “Х г б т х” ТББ-ыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах,

“А г б” ТББ-ын тендерийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “А г б” ТББ-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0754 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-т заасныг баримтлан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.З-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “... "Х г б т х” ТББ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХΕΓ/20260103002 дугаартай тендер шалгаруулалтын 17 болон 18 дугаар багцад оролцсон боловч нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон "Багц-18 Хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдэд танхимаар боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвийг сонгон шалгаруулах" тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж хариуцагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас татгалзаад, гуравдагч этгээд “А г б” ТББ-ын тендерийг шалгаруулсан байдаг.

Үүнд нэхэмжлэгчээс “А г б” ТББ нь хамгийн сайн тендерт шалгарах үндэслэлгүй тендертэй байгааг Сангийн яаманд гомдол гаргасанд хянан үзээд Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхийг даалгасан боловч хариуцагчаас өмнө гаргасан шийдвэрийг хэвээр үлдээн “А г б” ТББ-тай гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “А г б” ТББ-ын тендерийн материал ТШЗ 19.1-д заасан "... хамрагдаж буй хүүхэд, мэргэжлийн боловсролын багш, эсвэл тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багшийн харьцаа хамгийн багадаа 4:1 байх" гэж заасныг хангаагүй гэж маргасан ба хэрэгт авагдсан баримтад гуравдагч этгээдийн нийт ажилтнуудаас тусгай гэрчилгээ бүхий багшийн тоо тус 4:1 харьцааг хангахгүй байгааг анхан шатны шүүх зөв тогтоосон атлаа "...хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгыг хангахуйц хүний нөөцийн шаардлагыг илүү хангасан нь “А г б” ТББ байсан тул шалгаруулсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй..." гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар хамгийн сайн тендер гэж шаардлага хангасан тендерээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг хэлэх байтал дүгнэж, эрэмбэлэх боломжгүй “үйлчилгээ үзүүлэх зорилгыг хангахуйц" гэсэн хийсвэр агуулгаар тендерт оролцогчдыг ангилж нэхэмжлэгчээс 79,600,000 төгрөгөөр илүү үнийн санал ирүүлсэн тендерийг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан хамгийн сайн тендер гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Үүнээс гадна гуравдагч этгээд “А г б” ТББ-ын ажилтнууд нь тендерт шаардсанаас өөр буюу уламжлалт анагаах ухааны эмч нь хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалчаар бүртгэгдсэн ба эдгээр нь мэргэшлийн хувьд өөр төрөлд тооцогддог мэргэжил байхад нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэлт хийсэн.

Мөн гуравдагч этгээд “А г б” ТББ тендерийн материалыг зарим хэсгийг нууцалж хүргүүлсэн бөгөөд үүндээ ямар ч тайлбар хавсаргаагүй байдаг. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.3 болон ТШЗ-ын 25.5-д заасан хэрэв материал нууцлан ирүүлэх тохиолдолд нууцалсан тайлбарыг заавал хавсаргах тусгайлсан зохицуулалтуудыг зөрчсөн.

Гэвч анхан шатны шүүх үүнийг Хувь хүний нууцын тухай болон Байгууллагын нууцын тухай хуулийн зохицуулалтуудаар нууцалж болох материал байх ба "... Тендерийн Үнэлгээний хорооноос үнэлгээ хийхдээ нууцалсан мэдээллээр гуравдагч этгээдэд давуу байдал үүсгээгүй байх тул энэ үндэслэлээр гуравдагч этгээдийг тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэж дүгнэх боломжгүй" гэж үзсэн нь хуулийг буруугаар тайлбарласан гэж үзэхээр байна. Учир нь тендерт оролцогч хэрэв материал нууцлан ирүүлэхдээ тайлбарыг хавсаргаагүй бол бусад тендерт оролцогч нарт ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэх, сонгон шалгаруулахад хүндрэл учруулах зэргээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан "... өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай..." байх худалдан авах ажиллагааны үндсэн зарчимд харшилдаг бөгөөд тухайн материал агуулгын хувьд ямар байснаас үл хамааран хожим түүнийг ямар ч этгээд зөвтгөн тайлбарлах боломжгүй ноцтой үр дагавартай байдаг.

Харин нэхэмжлэгч “Х г б т х" ТББ-ын тухайд хариуцагчаас "ТШЗ 19.1-д заасан сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй, сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх хөдөлмөр засалч, сэргээн засахын эмч байхгүй, Нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх хүүхэд хамгааллаар мэргэшсэн ажилтан байхгүй" гэж үзсэн.

Гэтэл нэхэмжлэгч "Х г б т х” ТББ нь дээрх шаардлагыг бүрэн хангасан бөгөөд тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар "Х г б т х” ТББ-ын ажилтан Б.Б нь 2030 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хөдөлгөөн засалч мэргэжлээр сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хөдөлмөр засалч, сэргээн засахын эмчийн тухайд энэ хүрээнд “Э т” ТББ-тай хамтран ажилладаг ба хамтран ажиллах гэрээг хавсаргасан, нийгмийн ажилтан А.Д нь хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, социологич мэргэжилтэй ба энэ талаарх бүх баримтыг хавсаргасан байсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч "Х г б т хөгжил” ТББ-ын ирүүлсэн тендерт сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч, мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн санал болгоогүй буюу "Э т" ТББ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч, сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эрүүл мэндийн ажилтан ажиллуулах талаарх тохиролцсон нь тогтоогдсонгүй гэж үзээд нэхэмжлэгчийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Хэдийгээр "Э т” ТББ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч, сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эрүүл мэндийн ажилтан ажиллуулахаар үгийн шууд утгаар заагаагүй боловч гэрээний 1 дүгээр заалтад “...Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих" чиглэлээр мэргэжилтэн гэрээтээр ажиллуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран ажиллана..." гэж заасан ба нэхэмжлэгч "Х г б т х" ТББ нь шаардлагатай хүний нөөцийг ийнхүү бүрдүүлэхээр тохиролцсон бөгөөд бодит нөхцөлд дээрх тусгай мэргэшлийн эмч мэргэжилтэн тухайн гэрээний дагуу манайд ажиллаж байна.

Нөгөөтээгүүр, ТШЗ 19.1-д заасан хүснэгтийг хариуцагчаас гуравдагч этгээдэд ашигтай байдлаар тайлбарласан буюу хүний нөөцийн шаардлагын нэг тусдаа шаардлагад "Сэргээн засах тусламж үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахыг бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэнтэй байх" хэмээн заасныг тус бүр заавал нэг байх байдлаар гуравдагч этгээдэд ашигтай байдлаар тайлбарлаж байгааг анхан шатны шүүх анхаараагүй. Нэхэмжлэгч "Х г б т х" ТББ-ын хувьд хэл засалч, хөдөлгөөн засалч мэргэжилтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд танхимаар боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг байгууллага юм.

Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид албан бичгээр "Э т” ТББ-тай хэрхэн хамтарч байгаа талаар тодорхой тайлбар хүргүүлсэн боловч хариуцагч тендерийн Үнэлгээний хороо дахин хянан үзэхдээ харгалзан үзээгүй бөгөөд хэрэв хариуцагчид энэ нь тодорхойгүй гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар захиалагчаас тодруулга авах боломж байсныг харгалзан үзээгүй.

Ийнхүү нэхэмжлэгч "Х, г б т х" ТББ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/20260103002 дугаартай тендер шалгаруулалтын 18 дугаар багцын сонгон шалгаруулалтад шаардлага нийцсэн, хамгийн хямд үнийн санал бүхий тендер хүргүүлсэн оролцогч бөгөөд харин гуравдагч этгээд нь тусгайлан заасан хууль журмын болон хүний нөөцийн шаардлагуудыг хангахгүй, өндөр үнийн санал ирүүлсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0754 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, дараахь үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. “Х г б т х” ТББ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын ХБХХЕГ/20260103002 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/20260103002 дугаартай тендер шалгаруулалтын 18 дугаар багцын сонгон шалгаруулалтад “Х г б т х” ТББ-ыг тендерийн баримт бичгийн шалгуур хангахгүй гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, “Х г б т х” ТББ-ыг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах,

“А г б” ТББ-ын тендерийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “А г б” ТББ-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Нэхэмжлэгчээс “... “А г б” ТББ хамрагдаж буй хүүхэд мэргэжлийн боловсролын багш, эсхүл тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багшийн харьцаа хамгийн багадаа 4:1 байх гэж заасныг хангаагүй” гэх гомдлын тухайд.

4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах” ХБХХЕГ/20260103002 дугаартай тендерийн Багц №18-д “Хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ” гэж, Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа: ТШЗ - 19.1 “Техникийн чадавх болон туршлагын шаардлага: “Шаардана”, Үйлчилгээ үзүүлэх хүний нөөц: “Шаардана” гээд - Дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдаж буй хүүхэд, мэргэжлийн боловсролын багш, эсхүл тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багшийн харьцаа хамгийн багадаа 4:1 байх” гэж заасан.

5. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд “А г б” ТББ-ийн санал болгосон хүний нөөцийн мэдээлэлд “Хэл засалч Д.Э, Г.Э, зан үйл засалч Х.Ц, спорт засалч З.М, хөдөлмөр засалч Ш.С нар багш мэргэжилтэй, бүлгийн багшаар Г.О гэснээс үзвэл тендерийн баримт бичгийн дээрх шаардлага болох 4 хүүхэд тутамд 1 багш буюу 10-аас доошгүй багш ажиллах гэсэн шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

6. Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа ТШЗ 19.1-д “Техникийн чадавх болон туршлагын шаардлага: “Шаардана”, доор хүснэгтэд заасан ажилтантай байх гээд Үйлчилгээний төрөл - Эрүүл мэндийн үйлчилгээ /Бие бялдрын үйлчилгээ/, Шаардлага - Сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаа дуусаагүй байх, -Сэргээн засах тусламж, үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн байх” гэжээ.  

7. “Х г б т х” ТББ-аас тендер илгээхдээ хэл засалчаар Д.Э, хөдөлгөөн засалчаар Б.Б, сэтгэл засалчаар Б.Г нарыг санал болгосон бөгөөд бусад шаардлагатай ажилтнуудыг “Э т” ТББ-тай байгуулсан “Хамтран ажиллах” гэрээний дагуу ажиллуулахаар санал болгосон, “Баримт бичигт заасан тухайн шаардлагад бичигдсэн бүх мэргэжилтэн байх ёстой гэж үзэхгүй” гэж тайлбарлаж байна.

8. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ – 19.1-д “Доор хүснэгтэд заасан ажилтантай байх” гэснээс үзвэл нэхэмжлэгчийн илгээсэн тендерт сэргээн засахын эмч, хөдөлмөр засалч, сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтнийг санал болгоогүй, “Э т” ТББ-тай байгуулсан “Хамтран ажиллах” гэрээнд эдгээр мэргэжилтэй ажилтнуудыг ажиллуулах талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгч шаардлага хангасан тендер илгээгээгүй байна.  

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-т “Шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1-т “Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална: 4.1.7-д “Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ нь хүүхдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байх” гэж тус тус заасан.

10. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэвжих төвүүдийг сонгон шалгаруулах тендерийн үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн чадавхтай холбоотойгоор маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчээс илүү гуравдагч этгээдийг шаардлага хангана гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

11. Энэ талаар анхан шатны шүүх  “... тендер шалгаруулалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилго хангагдах учиртай, иймд нэхэмжлэгчийн тендер тус шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийжээ.

12. Нэхэмжлэгчээс “... “А г б” ТББ нь тендерийн материалыг зарим хэсгийг нууцалж хүргүүлсэн бөгөөд үүндээ ямар ч тайлбар хавсаргаагүй байдаг. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6.3, ТШЗ-ын 25.5-д заасныг зөрчсөн” гэх гомдлын тухайд.  

13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ”, 22.6-д “Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ”, 22.6.3-д “Энэ хуулийн 22.5-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл”, ТШЗ – 25.5-д “Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт:” гээд “ТШЗ 16.1.2-т заасан шаардлага хангасныг нотлох баримт бичиг”, “Хуулийн 22.6-т заасан баримт бичиг, мэдээллийг заавал ил болгож илгээнэ”, “Тендерт оролцогч нь Хувь хүний нууцын тухай болон Байгууллагын нууцын тухай хуулиудаар ил болгохыг хориглосон мэдээллийг тусад нь файл үүсгэн ирүүлнэ”, “Тус файлын эхэнд тэдгээр мэдээллийг нууцлах үндэслэлийг бичгээр тайлбарлаж, тендерт оролцогчийн эрх бүхий этгээд баталгаажуулан ирүүлнэ”, “Тендерт оролцогч хуульд заасан үндэслэлээр нууцалж буй баримт бичиг, мэдээлэл бүрд хамаарах хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан тайлбарыг IV бүлгийн Маягт 10 (Нууцалсан баримт бичиг, мэдээллийн жагсаалт)-ын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ” гэж тус тус заажээ.  

14. “А г б” ТББ-аас сургалтад хамрагдаж буй хүүхдийн мэдээллийг тендер илгээхдээ нууцалсан бөгөөд Тендер шалгаруулалтын зааварчилгаанд заасны дагуу нууцалж буй хууль зүйн үндэслэлийг тайлбарласан маягтыг ил болгоогүй байх боловч өөр бусад байдлаар уг шаардлагыг хангаагүй баримт илгээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

15. Нэгэнт “Х г б т х” ТББ-ын тендер шаардлага хангахгүй, мөн гуравдагч этгээдийн тендер нь талуудын маргаж буй үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн чадавхын шаардлагыг илүү хангасан гэж дүгнэсэн хариуцагчийн шийдвэрийг шууд буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.   

 16. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2026/0754 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “Х г б т х” ТББ-ийн төлөөлөгч Н.З-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА

        ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН