Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

                                                           

 

 

 

 

 

2024          01         25                                  2024/ШЦТ/80

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Билгүүн,

Шүүгдэгч Б.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2311 02018 1721 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, Б.М, 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой,......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ..................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: У......................../,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 09 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .....талбай дээр хүнсний ногоо худалдан борлуулж байсан иргэн Б.Этай “..жоохон лангуугаа цааш нь шахчих, явган хүний гарц хаагаад байна.." гэж маргалдан түүнийг зодож "духны зүүн хажуу хэсэгт зөөлийн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун, зүүн бугуйны гадна хэсэгт цэс хуралт" бүхий гэмтэл учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Мгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тухайн үйл явдал 2023 оны 09 сарын 16-нд болсон. Би 1,85 см өндөртэй, 130 кг жинтэй хүнийг зодож чадахгүй. Намайг ирж үсдээд ийшээ яваад зодолдъё гээд байсан. Тэр газарт тойроод сууж байсан хүмүүс нь бүгдээрээ хамаатан. Би цагдаа дуудах гэсэн утас унаад би авсан. Би анх удаа юм зарах гэж очсон. Тэгтэл намайг дээрэлхээд байсан. Саравчны тийшээ очоод зодолдсон. Би өөрөө цагдаа дуудсан. 20 гаран хоногийн дараа хохиролтой гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлсэн бол надад гэмтэл гарах байсан.. Цагдаа мэдүүлэг аваад та 2-ыг 100,000 төгрөгөөр торгоно гэхээр нь тэгж ойлгоод үзүүлээгүй. Байцаагч солигдсон байхад нь шүүх эмнэлэгт үзүүлэх гэсэн 2 сар өнгөрсөн байна гэсэн. Миний нүдэнд цус хуралттай байсан, зураг нь байгаагүй..гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Мгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Би .............дээр өөрийн бизнес болох тарвас, бүдүүн ногоо зараад зогсож байсан чинь миний өөдөөс харсан нарийн ногоо зардаг эмэгтэй надад “чи наад лангуугаа жоохон цаашлуулчих явган хүний гарц хаагаад байна” гэх зэргээр хэрүүлийн чанартай хэлтэл хажуу талаас нь зөгийн бал зардаг эмэгтэй “чи одоо наад лангуугаа хойшлуулаачаа яадаг гичий вэ” гэх зэргээр доромжилсон шууд лангуунаасаа гарч ирээд намайг үсдээд цээжээрээ түлхсэн намайг үсдэж аваад газраар чирээд байхаар нь хүмүүс салгасан юм. Тухайн эмэгтэй ийшээ очоод зодолдье гэх зэргээр намайг үсдээд байсан. Мөн миний толгой руу 4-5 удаа цохисон, миний үснээс 200 грамм үс унасан. Би утсаараа нүүр ам руу нэг ч цохиогүй, тэр эгч намайг үсдээд дагуулаад аваад чирээд аваад явсан асуудал байгаа. Тухайн эмэгтэй намайг цагдаад дуудлаа гээд миний утсыг аваад газар шидсэн, тэгээд цагдаа ирээд тухайн эмэгтэйгийн гэр бүлийнхэн ирээд намайг мөн гэр бүлийнхэн нь намайг үг хэл амаар доромжлоод байсан. Тэнд нарийн ногоо зардаг нэг эмэгтэй байгаа А гээд байсан байхаа тэр эмэгтэй харсан тэр эмэгтэй анх хэрүүл гаргаад, мөн бид хоёрыг салгасан хүн юм. Нэмж хэлэхэд би тухайн үед бусдад зодуулчихлаа гэх дуудлага мэдээлэл би өөрөө түрүүлж өгсөн, гэтэл тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа намайг “шүүх эмнэлэгт үзүүлэх үү, гэх талаар надаас асуугаагүй үзүүлэх бичиг хийж өгөөгүй хэрэг чинь маргааш өглөө өөр байцаагч дээр шилжинэ гээд надаас байцаалт авсан цагдаа надад үзүүлэх бичиг хийж өгөөгүй, зөрчлийн хуулиар 100, 100 төгрөгөөр торгуулаад салах юм шиг байна харилцан зодоон болоод торгуулах юм байна гэж надад хэлсэн. Тухайн үед миний биед үс халзарсан нүдний доор бага зэргийн хөхрөлттэй байсан нүдэнд цус хурсан байдалтай байсан тэгээд мөрдөн байцаах тасаг дээр хэрэг 2023 оны 10 дугаар сарын 19-нд нээгдсэн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөгч Б.Ө хүлээн авч над руу залгаж ирж мэдүүлэг өгөөрэй гэсний дагуу ирэхэд надад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол гаргаж өгч би 2 хувь тогтоолыг хүлээн аваад эмнэлэгтээ очиж үзүүлээгүй, одоо бараг гэмтэл гарахгүй байхдаа гэж бодоод үзүүлээгүй юм. Энэ нь тухайн үйл явдал болсоны гарсны дараа юм. Намайг яагаад ингэж яллах гээд байгаа юм бэ би гомдолтой байна тэр анхны цагдаа дээр очоод үзүүлсэн бол надад ч бас гэмтлийн зэрэг гарах байсан гэж бодож байна..” гэсэн мэдүүлэг /хх-69/,

 

Хохирогч Б.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2023 оны 09 сарын 27-ны өдөр 14 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Ялалтын талбай дээр зөгийн бал зарж хувиараа бизнес хийж байсан юм. Бараагаа зараад сууж байтал миний өөдөөс харж суудаг лангууны охин лангуугаа хэтэрхий миний лангуу руу ойртуулсан байсан тул би жоохон лангуугаа цааш шахчихаа гэсэн шаардлага тавьсан чинь нөгөө охин холдуулна шүүдээ гээд орилсон. Тэгэхээр нь би чи яагаад уурлаад байгаа юм бэ гэтэл өөдөөс бүдүүн гичий минь гээд над руу дайраад хэл амаар доромжилсон. Тэгээд миний нүүр лүү өөрийнхөө утсаар 2 удаа цохисон. Тэгэхээр нь би үснээс нь доошоо дарсан чинь тухайн эмэгтэй намайг түлхээд газар унагаасан, ер нь бол бид 2 хамт газар унасан юм. Намайг  унасны дараа дахин миний нүүрлүү өшиглөсөн, мөн цээж хэсэг рүү утсаараа цохисон, тэгээд тэнд байсан танихгүй хүмүүс бид хоёрыг салгасан. ..дахин над руу ирээд миний нүүр лүү утсаараа цохисон, хэл амаар доромжилсон, би яаж байгаа юм бэ гээд босоод зогстол намайг дахин өшиглөөд миний нүүрийг хумсаараа майжсан байдаг юм. ..би 2 асарын цаана очоод ярилцах гээд очтол намайг дахин утсаараа цохисон, энэ үед би гар хүрээгүй, хөлөнд нэг зүйл тээглээд дахин газар унатал дахин утсаараа намайг цохьсон..” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Гэрч Т.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тухайн өдөр Ялалтын талбай дээр хүнсний ногоо зарж байсан бөгөөд өглөө 8 цаг өнгөрөөгөөд ирцгээсэн. Тэгээд өөдөөс харж зогсдог тарвас зардаг охин 12 цагийн үед ирсэн. Ерөнхийдөө маргаан нь тарвас зардаг охин өөрийнхөө лангууг хэтэрхий шахаад зогссон байсан нийтийн эзэмшлийн талбайг зөрчөөд шахаад зогссон байхаар нь би тарвас зардаг охинд шаардлага тавьсан чи лангуугаа битгий шахаа, нийтийн эзэмшлийн талбай битгий өөрөө шах гэж хэлсэн чинь миний хажууд зогсдог зөгийн бал зардаг С хүн юм хэлээд чамд шаардлага тавьж байхад лангуугаа хойш нь болгоорой гэж хэлсэн чинь тухайн тарвас зардаг охин чамд ямар хамаатай юм бүдүүн авгай гээд тэр 2 хоорондоо маргаан эхэлсэн. Тэгээд тэр тарвас зардаг охин Сгийн урд ирээд элдэвээр хэлээд утсаар яриал баахан хүмүүс дуудаад л өөрийнхөө гар утсаараа ярьж байхдаа Сгийн толгой руу хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна баахан цохисон, нүүрийг нь маажсан, үсийг нь үсдээд байсан. Би гайхаад тэр охины ямар аймаар охин бэ гэж бодсон сүүлдээ хувцасаа тайлаад бүүр Сг зодох гээд хүрч ирээд байсан. Сүүлдээ С за одоо 2 уулаа больё хүмүүс их яваад байна гээд лангууны ард очтол нөгөө тарвас зардаг охин Сг доороо оруулсан өөрөө дээр нь гараад суусан байдалтай нүүрийг нь хэд хэд маажчихсан нилээд зодсон байсан..” гэсэн мэдүүлэг /хх-27/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12365 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /хх-32-33/  “..Б.Эын биед духны зүүн хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун, зүүн бугуйны гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-95/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “..би анх удаа юм зарах гэж очсон. Тэгтэл намайг дээрэлхээд байсан. Саравчны тийшээ очоод зодолдсон. Би өөрөө цагдаа дуудсан. 20 гаран хоногийн дараа хохиролтой гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлсэн бол надад гэмтэл гарах байсан, би зодоогүй, харилцан зодолдож өөрөө бас гэмтэж бэртсэн” гэж маргасан бөгөөд шүүгдэгч Б.Мд гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй байна. Тэрээр өөрөө хохирсон гэмтсэн талаар мэдүүлж шалгуулаагүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй, бусад баримт цуглуулах, гэрч асуулгах талаар хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2023 оны 09 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ялалтын талбайд шүүгдэгч Б.М, хохирогч Б.Э нар нь харилцан зодолдсоны улмаас хохирогч Б.Эын биед духны зүүн хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун, зүүн бугуйны гадна хэсэгт цус хуралт гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Эад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Мд нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч  Б.Мгаас 7.830.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд хохирогч Б.Э “С  б” гэх эмнэлэгт үзүүлж нэг удаагийн эмчилгээнд 1.050.000 төгрөг төлж, нийт 3 удаа эмчилгээ хийлгэн 3.150.000 төгрөг төлсөн, цаашид 2 удаа уг эмчилгээнд орох ёстой, мөн “М” эмнэлэгт үзүүлж 140.000 төгрөг төлсөн.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар приус маркийн автомашиныг битүүмжлэх хүсэлтэй, үүнийг хохирогч нэхэмжилж байгаа.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Б.Эад учирсан “духны зүүн хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун, зүүн бугуйны гадна хэсэгт цус хуралт” бүхий гэмтэлд зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар ямар нэг баримт байхгүй, хавтаст хэргийн 85-аас 92-р талд байх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар, үүний 88 талд бичигдсэн эмчилгээний гэх төлбөр 92-р талд байх “эрүүл мэндийн үйлчилгээ” гэж төлсөн төлбөрөөс зөрүүтэй байна. Мөн хохирогч Б.Эын төлсөн төлбөр гэж үзэх тэмдэглэгээгүй бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн баримт байсангүй.

 

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн” гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг буюу дөрвөн долоо хоног дотор эдгэрэх гэмтлээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал байдаг. Иймд цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын бусад зардал нэхэмжлэх эрхгүй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул хохирогчийн нэхэмжлэлээс 7.690.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин хохирогч Б.Эын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр толгойн дүрс оношлогоо хийлгэсэн баримт 140.000 төгрөгийн баримт хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан энэ нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Б.Мгаас 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эад олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мгийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, .............тоотод оршин суух Б.Э /РД:Т........../ олгуулж, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Билгүүн нараас нэхэмжилсэн 7.690.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч Б.Мгийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР