Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/154

 

 

 

 

 

 

    2024          02          08                                        2024/ШЦТ/154                          

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Хохирогч М.А , түүний өмгөөлөгч О.Санчирбал,  

Шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Ц.Одмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е  овогт Б ын Д д холбогдох эрүүгийн 2209027280688 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла Молл”-ын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” үйлчилгээний газрын гадаа 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч М.А ийг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд ...шүүгдэгч Б.Д  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла Молл”-ын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” үйлчилгээний газрын гадаа 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч М.А ийг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч М.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дүгнэлттэй уншиж танилцлаа. Миний биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдсон байна. Энэ гэмтлийг 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангри-Ла Моллын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” үйлчилгээний газарт үйлчлүүлж байх үед урт үстэй, үл таних, чардгар нүдтэй эрэгтэй тус газрын үүдний террас хэсэгт миний биед халдаж учруулсан. Тухайн үед би тус газраар эхнэр Хуан Шин Хэтэй үйлчлүүлж байсан бөгөөд манай эхнэр нойл орох гээд явсан хойгуур би агаар амьсгалахаар Битси үйлчилгээний газрын террас хэсэг рүү ганцаараа гарсан бөгөөд тэр үед үл таних, урт үстэй эрэгтэй нь намайг гэнэт өдөхөд нь би “таныг би танихгүй” гэж хэлэхэд намайг харааж шууд миний нүүр, хамар хэсэгт мөргөчихсөн бөгөөд би хойшоо унаж тэгээд салцгаасан Би цагдаад дуудлага өгсөн бөгөөд намайг мөргөсөн залуу шатны хажууд зогсож байхаар нь очоод яагаад намайг мөргөж байгаа юм бэ гэж хэлэхэд чи намайг мэдэх үү гэж хэлээд дахин хараагаад намайг түлхэж унагаасан ба би газарт хэвтэж байхад миний нүүр лүү өшиглөсөн. Би тэр үед нүүрээ гараараа хамгаалсан байсан юм. Ингээд өөр танихгүй хүмүүс ирээд тэр урт үстэй залууг салгаж аваад явсан. ...Тухайн үед би өөрийн баруун гарт “Alexandre” брэндийн цаг зүүсэн байсан бөгөөд тэр залуу намайг цохиж зодох үед байхгүй болсон гэж бодож байна. Цагдаа дээр ирэх үед миний цаг байхгүй байгааг мэдсэн юм. Бас миний цамцыг намайг татаж шатнаас унагах үед урсан бөгөөд "Dandy" загварын цамцыг 500,000 төгрөгөөр 2021 онд худалдаж авсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13164 дугаартай “...М.А ийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, доод эрүү, зүүн ташаа, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27, 49-51 дүгээр тал/,

 

2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн: ... Бичлэг нийт 12 минут 12 секунд байх бөгөөд тоглуулахад 3 минут 59 секундэд Шангри-Ла моллын 1 дүгээр давхрын ... үйлчилгээний газрын гадаа талбайд 30-40 орчим насны 175- 180 см өндөртэй саарал өнгийн хослол өмссөн эрэгтэй /Б.Д /, 30-40 орчим насны 175-180 см өндөртэй хар өнгийн хослол, цагаан өнгийн цамц өмссөн /М.А / нар нь үйлчилгээний зориулалттай гадаа талбайд хэрэлдэж муудалдсан шинжтэй ярилцаж зогсох ба хохирогч М.А ийн нүүрэн тус газарт нь холбогдогч Б.Д  нь толгойгоороо нэг  удаа мөргөж байгаа нь хяналтын камерын бичлэгийн 4 минут 22 секундэд цохиж байгаа нь харагдаж байна... гэх тэмдэглэл /хх-ийн 46-47 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 252 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлт /хх-ийн 171-173 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.Д ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн:..Би үл таних залууг толгойгоороо нэг удаа нүүр хэсэгт нь мөргөж гэмтлийг учруулсан. Үүнээс болж уг залуу унахдаа бусад гэмтлүүд учирсан. Нотлогдсон баримтаар гарсан зардлыг бүрэн барагдуулах болно. ... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Д өөс шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.Д  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла Молл”-ын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “...” үйлчилгээний газрын гадаа 2022 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч М.А ийг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Ц.Одмаа нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед болон нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13164, 847 дугаар дүгнэлтээр хохирогч М.А ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Д  нь хохирогч М.А ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Д  нь хохирогчид 25,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмлэх зүйлгүйгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Д ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одмаагаас: ...Гэм буруугаа хүлээсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага дүнгээр торгож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Б.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас  чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е  овогт Б ын Д ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН