Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ ШЦТ/95

 

 

 

 

 

 

 

 

  2024         02         01                                    2024/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Б.А, 

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат,

улсын яллагч Б.Очгэрэл нарыг оролцуулан эрүүгийн 2321001490290 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ө ургийн овгийн Б.А

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг Зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож 32 хоногийг оногдуулсан 6 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн нийт 6 сар 32 хоногийн хугацаагаар тогтоосон.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.А нь Сute ширхэг бараа ч бөөний үнээр" гэх фейсбүүк группийн админы "Хишигсүрэн Л." фейсбүүк хаягийг хуурамчаар үүсгэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Мээс цахим хэрэгсэл ашиглаж бараа, эд зүйлс зарна гэж бодит байдлыг нуух замаар өөрийн болон бусдын хаан банкны дансыг ашиглан 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хаан банкны .......... тоот дансаар 92,800 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр хаан банкны ............. тоот дансаар 154,800 төгрөг, мөн тус өдөр хаан банкны ........ дансаар 450,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хаан банкны ........ тоот дансаар 200,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хаан банкны ........ тоот дансаар 150,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хаан банкны ...... тоот дансаар 180,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 27-ний өдөр ..... тоот дансаар 147,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ...... тоот дансаар 60,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ....... тоот дансаар 40,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдөр ....... тоот дансаар 13,000 төгрөг тус тус шилжүүлсэн авч нийт 1,487,600 төгрөгийг залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 02-оос 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “Х.А” гэх нэртэй фейсбүүк хаягаас гэр ахуйн бараа зарна гэсэн утга бүхий хуурамч зар оруулж улмаар хохирогч Б.Дтэй чатаар холбогдон гэр ахуйн бараа нийлүүлнэ, хөдөө унаанд тавьж явуулна гэж хуурч, Зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 11 удаагийн гүйлгээгээр 2.330.000 төгрөгийг өөрийн хамтран эзэмшдэг А.Ин эзэмшлийн Хаан банкны ...... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 08 сард фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан “А.Х” гэх нэртэй фейсбүүк хаягаас гэр ахуйн бараа зарна гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу бараа авахаар холбогдсон хохирогч С.Мс 1,178,000 төгрөгийг А.Хын эзэмшлийн Хаан банкны ........ тоот данс руу шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.А нь “Cute ширхэг бараа ч бөөний үнээр" гэх фейсбүүк группийн админы "Хишигсүрэн Л." гэх нэртэй фейсбүүк хаягийг хуурамчаар үүсгэж 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хүртэл хохирогч Б.Мээс өөрийн болон бусдын хаан банкны дансыг ашиглан удаа дараагийн үйлдлээр нийт 1,487,600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан ба хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр автобусны буудлын дэргэдэх ХААН банкны АТМ-ээс шилжүүлэн авсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

              - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

              - хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сute ширхэг бараа ч бөөний үнээр" гэсэн нэртэй пэйж хуудас руу ороод хартал 118,000 дагагчтай, их найдвартай онлайн шоп юм шиг санагдаад Хишигсүрэн Л. гэх фейсбүүк хэрэглэгчтэй чатаар харилцан анх хувцас захиалахаар 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдөр Б.Агийн эзэмшлийн хаан банкны ..... тоот данс руу 92,800 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр дээл захиалахаар Э.Лын хаан банкны ..... тоот данс руу 60,000 төгрөг, 94,800 төгрөг тус тус шилжүүлсэн. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б.Бийн эзэмшлийн хаан банкны ...... тоот данс руу 40,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Түүнээс хойш бараагаа авч чадалгүй явсаар байгаад 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчимд манай охин "Сutе ширхэг бараа ч бөөний үнээр"-н группийн админ болон Хтэй холбогдоход хуучин харьцаж байсан ямар чат байхгүй болохоор нь гайхаад хартал тухайн админы нүүр зураг, фейсбүүк нэр, доторх мэдээллийг бүгдийг нь яг дуурайсан хуурамч фейсбүүк хаяг байсан. Тэгээд жинхэнэ админтай холбогдоод залилуулсан гэдгээ мэдсэн. Би гомдолтой байна. Би анх цагдаагийн байгууллагад хандаж мэдүүлэг өгөхдөө Хишигсүрэн Л, гэх хуурамч хаягтай хэрэглэгчтэй чатаар холбогдон бараа захиалахаар нийт 1,100,000 орчим төгрөг шилжүүлсэн гэх боловч эхнээс нь бүх гүйлгээгээ шалгаж үзэхэд нийтдээ 1,487,600 төгрөг шилжүүлж залилуулсан байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20,23 дугаар тал/,

              - гэрч Б.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 18-ы өдөр надаас өрөөнд хамт хэвтэж байсан А гэх эмэгтэй "манай нөхөр М мөнгө шилжүүлж байгаа юм миний банк болохгүй байна" гэж хэлээд миний хаан банкны ..... тоот данс руу 150,000 төгрөг хийлгэж аваад тэр өдрийн 15 цаг 53 минутад М банкны ..... гэсэн данс руу 150,000 төгрөгийн шилжүүлэг хийлгүүлсэн. Би нөхөр нь шилжүүлж байна гэж бодоод гуйлтыг нь биелүүлсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

              - гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Миний зүс таних фейсбүүкээр танилцсан "Анукааа" гэсэн фейсбүүк хаягтай Б.А гэдэг охин над руу тухайн гүйлгээ ордог өдөр чатаар "банкны зээлээс болоод миний бүх данс хаагдсан байна. Би таны дансаар хэдэн төгрөг хийгээд авч болох уу маргааш эмчилгээний мөнгө хийх гэсэн юм" гээд гуйгаад би зөвшөөрөөд нөхөр Б.Б дугаарын дансыг явуулсан. Тэгэхэд манай нөхрийн дансанд дээрх 2 гүйлгээ орж ирээд би тэр мөнгийг нь хаан банкны дугаартай дансанд нийлүүлж 450,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би дээрх мөнгийг ямар учиртай мөнгийг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

              - гэрч Э.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр манай найз болох Б.А фейсбүүкээр чатаар чиний хаан банкны дансаар мөнгө авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би өөрийн хаан банкны дугаартай дансыг өгсөн. Тэгсэн удалгүй 60.000, 94.800 төгрөг тус тус орж ирсэн. Би яг нарийн сайн санахгүй байна А нь мобикомын нэгж хийлгүүлсэн, юнивишн төлбөр төлүүлсэн, үлдэгдэл мөнгийг өөрийнхөө М банкны гэх дугаартай данс руу шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

              - гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 сарын 20-ны өдөр манай нөхөр Хийн найзынх нь эхнэр болох Б.А гэдэг эмэгтэй над руу мессеж чат бичээд надад Хаан банкны данс байдаггүй чиний данс руу гялс мөнгө хийлгээд авчих уу гэхээр нь хаанаас хэн гэдэг хүнээс шилжүүлэх мөнгө юм бэ? гэж асуухад манай ээж шилжүүлэх мөнгө байгаа юм гэхээр нь би охин Х.Аийн улсаас хүүхдийн мөнгөнөөс авдаг дугаарын дансыг өгсөн чинь төд удалгүй 180.000 төгрөг орж ирсэн тэгсэн чинь Б.А над руу мессеж чат бичээд чам руу манай ээж мөнгө шилжүүлсэн гэнээ буцаагаад миний данс руу шилжүүлчих гээд М- банкны гэсэн данс явуулахаар нь тухайн данс руу нь мөнгийг нь шилжүүлж өгсөн. Түүний дараа ахиад 2023 оны 01 сарын 27-ны өдөр над руу Б.А мессеж чат бичээд гэрт хоол ундгүй болчихлоо ээжээс ахиад мөнгө авах гэсэн юм данс руу минь мөнгө хийлгээд авчихъя гэхээр нь би зөвшөөрөөд хүү Х.Ций эзэмшлийн Хаан банкны тоот дугаарын дансыг өгсөн тэгтэл 146,000 төгрөг шилжиж орж ирсэн тухайн мөнгийг мөн адил Б.Агийн М-банкны гэсэн данс руу шилжүүлж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

              - гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн миний дансыг ашигласан гэх үл таних 20-25 орчим насны эмэгтэйгээс урд өмнө би I Рhоnе 6 пласс загварын гар утас худалдаж авахаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Хайлааст гэх газрын автобусны буудал дээр фейсбүүкээр холбогдож очиж уулзаж байсан. Ингээд тэр үед I Рhоnе 6 пласс загварын гар утсыг өөрийн барьж байсан энгийн iphone 6 утсаар сольж зөрүү 35.000 төгрөгийг бэлнээр өгч авч байсан. Тэр өдрөөс хойш фейсбүүк мессенжерээр холбоотой байж байгаад миний фейсбүүк хуудас болох БНСУ-ын хэллэгээр буюу "Бямбаа" гэх хаягт "Аnuкааа Б". гэх нэртэй хэрэглэгч надтай холбогдож надтай чат бичиж дансаар чинь мөнгө хийгээд авчихъя гээд бичихээр нь би зөвшөөрөөд өөрийн хаан банкны дугаарын дансыг өгсөн. Тухайн үед 2023 оны 02 дугаар сарын 11-ний 13 цаг 44 минутад 60.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 13-ны 16 цаг 58 минутад 1 гэх утгаар 40.000 төгрөгийн орлого орж ирснийг би "Аnuкааа Б" гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчийн өөрийнх нь данс болох М банкны дугаарын дансанд мөнгийг тэр даруйд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дүгээр тал/,

              - гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн  15 дугаар тал/,

              - Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 87-97 дугаар тал/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

              2. 2022 оны 04 дүгээр сарын 02-2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “Х.А” гэх нэртэй фейсбүүк хаягаас гэр ахуйн бараа зарна гэсэн утга бүхий хуурамч зар оруулж улмаар хохирогч Б.Дтэй чатаар холбогдон гэр ахуйн бараа нийлүүлнэ, хөдөө унаанд тавьж явуулна гэж хуурч нийт 11 удаагийн гүйлгээгээр 2.330.000 төгрөгийг өөрийн хамтран эзэмшдэг А.Иийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

              - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

              - хохирогч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2022 оны 02 дугаар сард өөрийн гар утсаар фейсбүүк орж байхад гэр ахуйн бараа зарна гэсэн зарын дагуу Х.А гэсэн фейсбүүк хаяг руу чат бичиж үнийг нь асуусан. Би бараа захиалъя та дансаа өг гэхэд дугаартай Хаан банкны данс эзэмшигч нь А.И гэх данс руу 95.000 төгрөг хийсэн. Дараа хэд хэдэн удаа дугаартай Хаан банкны данс эзэмшигч нь А.И гэх данс руу гэр ахуй нь бараа материалын мөнгө тухайн үед шилжүүлсэн мөнгөө тооцоход 2.230.000 төгрөг болсон байсан ба миний захиалсан бараа яагаад ирэхгүй байна гэж Х.А гэсэн фейсбүүк чатаар асуухад гааль дээр ирсэн байгаа удахгүй унаанд тавьж өгнө гэж хэлсэн... Би Хаан банкны данс руу өөрийн дугаарын данснаас 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 85.000 төгрөг гүйлгээний утга дээр "Shuugee" гэж бичиж явуулсан, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг гүйлгээний утга дээр "Fuuz" гэж бичиж явуулсан, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг гүйлгээний утга дээр "mashin ..." гэж бичиж явуулсан, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг гүйлгээний утга дээр "gaali" гэж бичиж явуулсан, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 85,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 65.000 төгрөг гүйлгээний утга дээр “uldegdel”, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 60.000 төгрөг гүйлгээний утга дээр “.....”, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гүйлгээний утга дээр "1" гэж тус тус шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар тал/,

              - Хаан банк дахь дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дүгээр тал/,

              - хохирогч Б.Дээс гаргаж өгсөн яллагдагчтай харилцсан гэх зурвас бүхий зурагт баримт /1 дүгээр хавтаст хэргийн 136-144 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

 

3. 2021 оны 08 сард фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан “А.Х” гэх нэртэй фейсбүүк хаягаас гэр ахуйн бараа зарна гэсэн зар оруулж уг зарын дагуу бараа авахаар холбогдсон хохирогч С.Маас 1,178,000 төгрөгийг А.Хын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч С.Мн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би өөрийн фейсбүүк “.......” хаягаар Фейсбүүк дээр тавигдсан гэр ахуйн бараа шүүгээ зарна гэх зарын доор шүүгээ хэд вэ гэх утгатай коммент үлдээгээд сонирхож байтал А. Х гэх фейсбүүк хэрэглэгчээс сайн байна уу шүүгээний захиалга авна шүү, манайх хямдралтай байна гэсэн зурвас ирж надад гэр ахуйн бараа /хувцасны шүүгээний/ зургууд ирж би захиалга өгч нийт 1,178,000 төгрөг шилжүүлэн залилуулсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар тал/,

- Хаан банкны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 314 дугаартай"... тоот дансыг Агийн Х эзэмшдэг..." гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр тал/,

- хохирогч С.М депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 224-233 дугаар тал/,

              - шүүгдэгч Б.Агийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 67-71, 98-11 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлөд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.А нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Мээс цахим хэрэгсэл ашиглаж бараа, эд зүйлс зарна гэж бодит байдлыг нуух замаар өөрийн болон бусдын хаан банкны дансыг ашиглан 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хүртэл нийт 1,487,600 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 04 дүгээр сарын 02-2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “Х.А” гэх нэртэй фейсбүүк хаягаас гэр ахуйн бараа зарна гэсэн утга бүхий хуурамч зар оруулж улмаар хохирогч Б.Дтэй чатаар холбогдон гэр ахуйн бараа нийлүүлнэ, хөдөө унаанд тавьж явуулна гэж хуурч, Зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 11 удаагийн гүйлгээгээр 2.330.000 төгрөгийг өөрийн хамтран эзэмшдэг А.Иийн эзэмшлийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан, 2021 оны 08 сард фейсбүүк олон нийтийн цахим сүлжээг ашиглан “А.Х” гэх нэртэй фейсбүүк хаягаас гэр ахуйн бараа зарна гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу бараа авахаар холбогдсон хохирогч С.Маас 1,178,000 төгрөгийг А.Хын эзэмшлийн Хаан банкны тоот данс руу шилжүүлэн авч залилсан тус тус үргэлжилсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлж байсан, уг шийтгүүлж буй гэмт хэргүүд нь урьд шийтгүүлсэн хэргийн үед үйлдэгдсэн, бага насны 2 хүүхэдтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Б.Ад урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар 32 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 29 хоног үлдсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан журмын дагуу Б.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын зорчих эрх хязгаарлах ялд,  дээрх үлдэгдэл зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 11 сар 29 хоногоор тогтоож, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

 

Шүүгдэгч Б.А нь залилах гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 4.995.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Үүнээс: - хохирогч Б.Мт 1.487.600 төгрөгийн хохирол учруулсан ба төлж барагдуулаагүй байна.

- хохирогч Б.Дд 2.330.000 төгрөгийн хохирол учруулсан ба төлж барагдуулаагүй байна.

- хохирогч С.Мд 1.178.000 төгрөгийн хохирол учруулсан ба төлж барагдуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Агаас нийт 4.995.600 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт 1.487.600 төгрөг, Б.Дд 2.330.000 төгрөг, С.Мд 1.178.000 төгрөгийг олгож, уг хохирлыг шүүгдэгчийн өөрийн санал, орлого олох боломж зэргийг харгалзан 1 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ө овогт Б.Аг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад  10 /арав/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг баримтлан Б.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сарын зорчих эрх хязгаарлах ялд, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сар 32 /гучин хоёр/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногоор тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Агаас нийт 4.995.600 /дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-д 1.487.600 /нэг сая дөрвөн зуун наян долоон мянга зургаан зуун/ төгрөг, хохирогч Б.Д-д 2.330.000 /хоёр сая гурван зуун гучин мянган/ төгрөг, хохирогч С.М-д 1.178.000 /нэг сая нэг зуун далан найман мянган/ төгрөгийг тус тус олгож, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТГЭРЭЛ