| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/02051/И |
| Дугаар | 3071 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 3071
| 2020 10 14 | 102/ШШ2020/03071
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Б холбогдох,
Гэм хорын хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Уртнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг, иргэдийн төлөөлөгч Б.Түвшинтөгс, гэрч Б.Дашзэвэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Mиний бие 2011 онд 000 ОРО улсын дугаартай HINO Ranger маркийн крантай автомашиныг Да хүрээ захаас худалдаж авсан бөгөөд 2012 оноос хойш өөрийн ээж Чулуунцэцэгт өгч, түүний өрмийн компанид нь ашиглуулсан. Ингээд 2014 оны 5 сард О.Б болон манай эрэгтэй дүү н.Оргил, ээж н.Чулуунцэцэг нар уг крантай машин дээр 2806 дугаартай Бонго машиныг ачиж, аккумляторын шингэн бас бус зүйлүүдтэй хөдөөнөөс оруулж ирээд О.Бд автомашиныг зүүн салаанд байрлах хашаанд аваачиж тавиарай гэж хэлээд өгөөд явуулсан байсан боловч өөрийнхөө хашаанд машиныг минь аваачиж тавьсан байсан. Удаагүй манай дүү О.Бэгчийнд очиж машин яагаад зүүн салаанд аваачиж тавиагүй юм бэ гэхэд. ...Байж бай. Би жаахан ашиглаадахъя... гэж хэлсэн байсан. Тухайн үед ээж минь тал харвачихсан бие муутай байсан. Тэгээд ч ээж минь ...О.Бгайгүй байх. Найдвартай хүн... гэж хэлэхээр нь хойноос нь хөөлцөлдөөгүй орхисон юм. Ингээд 2017 онд миний бие О.Бэгчтэй уулзаж машинаа асуухаар 2 удаа гэрт нь очиход О.Бэгч өөрөө болон миний машин аль аль нь байгаагүй. Хөршөөс нь асуухад ...Крантай машин бол байсан. Өөрсдөө унаад айл нүүлгээд явж байсан... гэж хэлж байсан. 2019 оны 09 дүгээр сард О.Б 8817257 дугаартай утсаар нь ярьж, машинаа авъя гэхэд барьцаанд тавьсан, өгөх боломжгүй гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд Цагдаагийн байгууллага ажиллагаа хийгээд миний хохирлыг 22,000,000 төгрөг гэж үнэлсэн. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1965 дугаартай прокурорын тогтоолоор О.Б үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан тул О.Бгэм хорын хохиролд 22,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч О.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд прокурорын тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл тухайн тогтоолыг харвал О.Бхөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэх утгатай үг, үсэг байхгүй. Зөвхөн гэмт хэргийн шинжтэй байж болох юм гэсэн утга агуулгатай зүйл бичигдсэн байдаг. Мөн уг тогтоолыг зөвхөн хохирогч гомдол гаргах эрхтэйгээр гаргасан байдаг. Иймд О.Буг тогтоолд гомдол гаргах боломжгүй байсан. Мөн тухайн тогтоолд дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4-т заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй гэж тусгаж өгсөн байдаг. Хөрөнгө завших гэмт хэргийн тухайд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол гэж зааж өгсөн байдаг. Хавтаст хэргээс харвал Г.О нь О.Бд ямар нэг тээврийн хэрэгсэл итгэмжлэн хариуцуулсан тухай баримт авагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тэгээд ч прокурорын тогтоолыг үндэслэн О.Бгэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэдгийг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар О.Бгэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр байхгүй. Мөн Г.Оийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгт О.Бд тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн, захиран, зарцуулах эрх олгосон зүйл байхгүй гэсэн байдаг. Иргэний хуулийн 8.1.1-т хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр Иргэний эрх зүйн харилцаа үүснэ гэж заасан байдаг. Үүнээс харвал Г.О болон О.Бнарын хооронд ямар нэг Иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул Г.Оийг О.Бд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.
Мөн маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний хувьд үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг Г.О нь 2011 онд 17,000,000 төгрөгөөр худалдаж авснаа хүлээн зөвшөөрдөг гэтэл 8 жилийн дараа уг тээврийн хэрэгслийг үнэлэхэд 22,000,000 төгрөг буюу үнэ цэнэ нь улам өссөн байдалтай шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Автомашины тухайд үйлдвэрлэсэн он болон Монгол Улсад орж ирсэн оноос хамаарч жил ирэх тусам үнэлгээ буурах хандлагатай байдаг хэдий ч тухайн тээврийн хэрэгслийн хувьд улам өндөр үнээр үнэлэгдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Г.О 2014 оны 05 сард уг тээврийн хэрэгслийг О.Бд хүлээлгэн өгсөн гэдэг боловч тэрээр 2019 оны 09 сарын 10-ны өдөр буюу 5 жилийн дараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн хугацаанд Г.Оийн хувьд ямар нэг байдлаар уг тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлуулахаар Цагдаагийн байгууллагад хандаж байсан удаа байдаггүй. Тэгээд ч өнөөдрийн байдлаар Г.О нь 000 ОРО улсын дугаартай автомашины жинхэнэ эзэмшигч байх тул Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлуулахаар өргөдөл, гомдол гаргаад хайлгах бүрэн боломж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... өөрийн эзэмшлийн 000 ОРО улсын дугаартай автомашиныг 2012 онд өөрийн ээжид ашиглуулахаар өгсөн. Ээж н.Чулуунцэцэг нь 2014 онд уг автомашиныг О.Б хашаанд түр хадгалуулахаар О.Бд өгсөн боловч тэрээр хувьдаа завшиж, надад 22,000,000 төгрөгний хохирол учруулсан гэх агуулгаар тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч Г.Оээс уг автомашиныг хүлээн аваагүй, уг тээврийн хэрэгслийг хувьдаа завшсан зүйл байхгүй гэх агуулгаар тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаар болон зохигчийн тайлбараар 000 ОРО улсын дугаартай HINO RANGER маркийн автомашин нь нэхэмжлэгч Г.Оийн өмчлөлд бүртгэлтэй байх ба нэхэмжлэгч Г.О нь уг автомашиныг өөрийн ээж н.Чулуунцэцэгт итгэмжлэн хариуцуулан өгсөн, улмаар н.Чулуунцэцэг нь 2014 оны 5 сард О.Б хашаанд түр хадгалуулахаар О.Бд хүлээлгэн өгсөн болох нь цагдаагийн байгууллагад өгсөн гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1965 дугаартай прокурорын тогтоолыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 22,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.
Хэдийгээр дээрх прокурорын тогтоолд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй гэсэн байх О.Бнэхэмжлэгч Г.Оийн өмчлөлийн автомашиныг ямар байдлаар завшсан болохыг тогтоогоогүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт хариуцагч О.Бнь цагдаагийн байгууллагад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...тэгээд тус тээврийн хэрэгслийг надад цалин мөнгө өгөхгүй байсан бас надаар хүнээс 2,500,000 төгрөг зээлүүлж авчихаад тус мөнгөө өгөхгүй байхаар нь би тухайн тээврийн хэрэгслийг найздаа өгөөд заруулчихсан, ...миний хүүгийн Одсүрэн гэж найз нь авч явсан... гэх мэдүүлэг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ...Төрбат гэдэг хүнээс 2 сая төгрөг зээлсэн байсан чинь Төрбат мөнгөө нэхээд байхаар нь цалин мөнгөө аваад өгье гэхэд би таныг хэзээ мөнгөө авна гэж хүлээх юм.Би энэ крантай машиныг чинь авлаа гээд аваад явчихсан... гэж өөр өөр байдлаас мэдүүлсэн байгаахаас үзэхэд О.Бнь уг автомашиныг яг ямар байдлаар өөртөө завшсан нь тодорхойгүй байхаас гадна уг автомашин нь өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Г.Оийн өмчлөлөөс хасагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.Бд өөрийн өмчлөлийн автомашиныг хүлээлгэн өгөөгүй, итгэмжлэн хариуцуулаагүй, харин өөрийн ээж н.Чулуунцэцэгт хүлээлгэн өгч, итгэмжлэн хариуцуулсан байх бөгөөд н.Чулуунцэцэг нь уг автомашиныг О.Бд түр хадгалуулахаар өгөхдөө өмчлөгч этгээд болох Г.От мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг авсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд нэхэмжлэгч Г.О нь хариуцагчид уг автомашиныг итгэмжлэн хариуцуулаагүй байхаас гадна автомашины өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.О бүртгэлтэй хэвээр байх тул уг автомашиныг үнийг О.Байгалаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Оийн хариуцагч О.Бд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Оийн хариуцагч О.Бд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА
ШҮҮГЧ М.МӨНХТӨР
А.САРАНТУЯА