Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/02366

 

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/02366

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгээр тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б.Т-т холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэгт 113,720,000 /нэг зуун арван гурван сая долоон зуун хорин мянган/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.С /ШТҮД:0000/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийг төлөөлөн захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Б.Т-ийн өргөдлийг үндэслэн түүнтэй 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ҮЗГ-00 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн барьцаанд ҮБГ-00 дугаартай барьцааны гэрээгээр 0000тоот хаягт байрлах хувийн орон сууцны зориулалттай 30 м.кв талбайтай, Ү-0 дугаартай байрыг барьцаалж, 0 тоот барьцаалбар үйлдсэн. Зээлдэгч Б.Т нь зээл авсан өдөр зээлийн шимтгэл буюу нийт зээлийн 1%-тай тэнцэх мөнгө болох 300,000 төгрөг төлсөн. Зээл авснаас хойш эхний сарын төлөлтийг, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй.

2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1,050,000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 1,050,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 2,170,000 төгрөг, нийт 4,570,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй ба, манай байгууллага 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Тт холбогдуулан 44,364,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үр дүнд нь түүний гэрээ байгуулахдаа зээлдэгчийн анкет-д бүртгүүлсэн гэрийн хаяг дээрээ бүртгэлгүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид 2015 оны 12 дугаар сарын 03-нд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эрэн сурвалжлуулах шийдвэр гарч албажсан. Ийнхүү Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс Б.Тийн эрэн сурвалжлах ажиллагааг амжилттэй хийж гүйцэтгэн, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 00 тоотод аав Бийндоо оршин сууж байгаа нь тогтоогдсоны дагуу энэ хаягаар нэхэмжлэл гаргаж байна. Одоогийн байдлаар Б.Т нь 5 жил гаруй хугацааны үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 58,450,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,410,000 төгрөг, нийт 99,860,000 төгрөг төлөөгүй тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж манай байгууллагад олгуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гардан авах үед нь манай байгууллага эвлэрэх санал тавьсан боловч Б.Т нь хариу тайлбар гаргана гэж хэлж яваад 20 хоног өнгөрүүлэн байж, нэхэл дагуул болсны үр дүнд хариу тайлбар гаргаж өгсөн. Иймд шүүх, хуулийн байгууллагыг үл хүндэтгэн харьцаж байгаа Б.Төөс урьд нь гаргаж байсан нэхэмжлэл дээр нэмж нэг сарын хүү 1,050,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 210,000 төгрөг, нийт 1,260,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснээр бүгд 101,120,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба, 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд тооцогдох зээлийн үндсэн хүү 10,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,100,000 төгрөг болж байна. Иймд урьд нэхэмжилж байсан 101,130,000 төгрөг дээр нэмж зээлийн үндсэн хүү 10,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,100,000 төгрөг нэмж, нийт 113,720,000 төгрөгийг Б.Төөс гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч талаас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш сунгалт хийгээгүй учраас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэж байна. Гэрээний 6.1, 6.2, 1.10-т зааснаар гэрээ байгуулахдаа анх тохиролцсон. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж заасан учраас хариу тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан. 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлд гэрээгээ цуцлах хохирлоо шаардсан нэхэмжлэл биш, хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө тоорохойлдог. Зээлийн гэрээг 6 жилийн өмнө байгуулсан. Талууд өөрсдөө гэрээний агуулгаа тохиролцдог. Гэрээгээр шимтгэлийг харилцан тохиролцсон учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Манайх зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгуулага. Шимтгэл нь ашиг олж байгаа нэг хэлбэр. Аливаа гэрээг байгуулахадаа талууд хуулийн дагуу чөлөөтэй зөвшилцлийн үндсэн дээр байгуулдаг. Б.Т зээлийн гэрээ байгуулах санал гаргаж зээлийн гэрэээг хуулийн дагуу байгуулсан. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь үндсэн болон нэмэлт үүргээ зөррчиж байна гэж үзэж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-т Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байгаа. Хариуцагч талаас манай санхүүгийн тооцоллыг буруу гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлтээр зөв гэж нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.

            Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч С.Сгийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Бидний хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ҮЗГ-1406-06 тоот зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд зээлийн ерөнхий нөхцлийг тусгасан байна. Гэрээнд зааснаар зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд, үүнээс хойш зээлийн гэрээний сунгалт хийгдээгүй байна. Гэрээний 2.1-д зээлийн гэрээний сунгалтын талаар тусгаж өгснөөс харахад зээлийн гэрээний хугацааг сунгаж болох байсан боловч энэхүү талуудын аль нь ч энэ талаар хүсэлт гаргаагүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3, 25.2-т заасны дагуу Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бол үүнээс хойш зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг ямар хэмжээгээр тооцож төлөхийг гэрээндээ нарийвчлан тодорхой тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай байжээ. Гэтэл зээлийн гэрээний 1.5-д зөвхөн тухайн зээлийн гэрээний графикт хугацаанаас зээлийн төлөлтийг хожимдуулсан тохиолдолд төлөх үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тусгаж өгсөн байна. Үүнээс харахад Иргэний хуулийн 198.1-т заасны дагуу бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн хугацаа дуусгавар болсноос хойш хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тодорхой зааж өгөөгүй байх тул 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсанаар анх хариуцагчид холбогдуулсан нэхэмжлэлээ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргаж байжээ. Гэтэл энэ өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байсан. Энэ тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээгээ цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн байх учиртай. Хэрэв энэ өдрөөр зээлийн гэрээг цуцалсан бол тухайн өдрөөс хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй болж байна гэсэн үг юм. Зээлийн гэрээний 1.9-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийн гэрээний шимтгэлд 300,000 төгрөг суутган авсан нь үндэслэлгүй байна. Хуульд заасны дагуу зээлдүүлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг л зээлдэгч буцаан төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан байхад зээлдүүлэгч нь зээлийн шимтгэл гэж 300,000 төгрөг суутган 29,700,000 төгрөг зээлдэгчид шилжүүлсэн байх тул үндсэн зээлийн 30,000,000 төгрөг гэж тооцон нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Талууд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргахгүй байгаа гэж үзэж байна. Хугацаа хэтэрсэн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү дээр маргаж байгаа. Зээлийн гэрээний 1.5-д 30 сарын хугацаанд төлөлт хийх өртгийн хүүг тооцсон график байдаг. Эднээс харахаар графикт заасан хугацааны төлөлтийн асуудал л байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар асуудал байхгүй. Үүнд дээр маргаж байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасан байгаа. Хүүний хэмжээг заавал зээлийн гэрээнд тусгаж өгөх ёстой гэж үзэж байна. Иймд гэрээ дууссанаас хойших хүү болон нэмжээгдүүлэн хүүг хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаад эхний 3 сарын хугацаанд хүү төлж байсан. 3 сарын хугацаанд үндсэн зээлээс төлөхгүй гэж тохирсон байна. Зээлээс төлсөн эсэх дээр талууд маргадаггүй. Нэхэмжлэгч нь нийт 52,680,000 төгрөг шаардах эрхтэйгээс төлсөн 4,270,000 төгрөг, үлдэгдэл 48,410,000 төгрөгийн үлдэгдэл байгаа.

Иргэний хуулийн 451-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэгэж заасан. Шилжүүлсэн үнийн дүнгээр зээлийн хэмжээг тодорхойлох ёстой. Зээлийн шимтгэлд 300,000 төгрөг авсан нь үндэслэлгүй байна. Иймд зээлийн гэрээнээс 48,418,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бид үзэж байна. Шинжээчийн дүгнэлт хууль зүйн үйлчлэлийн хувьд хуулиас дээгүүр үйлчлэхгүй. Хүү бодох аргачлал зөвхөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш тооцоолсон аргачлал биш харин зээлийн хугацаанд хүүг хэрхэн тооцох вэ гэдэг аргачлал байгаа болохоор шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Зээлийн хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тоооцохыг Монгол банкны хүү бодох аргачлал дээр заагаагүй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.4-т Тодорхой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр олгох зээлийн эх үүсвэрийг зээлдүүлэгчид хамтарч гаргаж болно. Хамтарч зээл олгохдоо энэ талаар гэрээ байгуулна. гэж заасан. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь гэрээний 1.5-т зааснаар зохицуулна гэж байгаа боловч Иргэний хуулийн 195.1-т заасны дагуу гэрээнд нарийвчлан хувийг тогтоож өгөөгүй учраас гэрээ дууссанаас хойш хүү, нэмээгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 48,478,000 төгрөгийг шаардах эрхтэй. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1, Иргэний хуулийн 451.1-т зааснаар зээлдэгч нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үнийг дүнг буцаан төлөх үүргийг хүлээдэг. Шилжүүслэн мөнгөний үндэн дүнгээр буюу 48,110,000 төгрөгийг төлөх үүрэг үүсэж байна...гэв.

            Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.Тт холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 70,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,720,000 төгрөг, нийт 113,720,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Б.Т нэхэмжлэлийн шаардлагаас 48,110,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ...үлдсэн төлбөрийг хариуцах үндэслэлгүй буюу, зээлийн мөнгөнөөс 300,000 төгрөгийн шимтгэл үндэслэлгүй суутгаж 29,700,000 төгрөгийн зээл олгосон, гэрээний дагуу шилжүүлээгүй уг мөнгөнөөс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон, гэрээний хугацаа дууссанаас хойш зээл ашигласны хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцох талаар тусгаж тохиролцоогүй учир Иргэний хуулийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлаж, нэхэмжлэгч зээлийн гэрээний 18 сарын хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардсанаар гэрээг цуцлагдсан гэж үзнэ... гэх зэрэг тайлбарыг гаргаж маргасан.

            М ББСБ ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/240 дугаар бүхий Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, хуулийн этгээдийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх 6, 93-95/

Талууд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр №ҮЗГ-00 тоот Зээлийн гэрээ байгуулж, М ББСБ ХХК нь Б.Тт 30,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар, нэг сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хүчин төгөлдөр Зээлийн гэрээний харилцаа тэдний хооронд үүсчээ. /хх 7, 11/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор талууд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №ҮБГ-00 тоот Барьцааны гэрээ байгуулан, зээлдэгч Б.Тийн өмчлөлийн 00 тоот дахь 2 өрөө, 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 75,000,000 төгрөгт үнэлж барьцаалан, №0 тоот барьцаалбар үйлдэж, улсын бүртгэлийн газар бүртгүүлжээ. /хх-8,9,10/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасан болон хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Гэвч зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу 30,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал: Зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт зээлийн хэмжээг 30,000,000 төгрөг байхаар тохиролцсон боловч зээлдэгчид бодитоор 29,700,000 төгрөг хүлээлгэн өгсөн талаар хариуцагч Б.Тийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгч тал няцаагаагүй, уг зээлийн төлбөрөөс 300,000 төгрөгийг гэрээний 1.9 дэх хэсэгт заасан 1% шимтгэлд тооцож суутгасан хэмээн тайлбарласан тул зээлдэгчид гэрээгээр тохирсон 30,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдэгч Б.Т бодитоор хүлээн авсан 29,700,000 төгрөг, түүний хүүг төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч талын зүгээс ...зээлийн гэрээний дагуу зээлдэгчид 30,000,000 төгрөгөөс зээлийн шимтгэл 1%-ийг зээлдэгч төлөхөөр харилцан тохирч, зээлийн төлбөрөөс суутгал хийсэн... гэж тайлбарлан, гэрээгээр тохирсон 30,000,000 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байна.

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй боловч тухайн гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн байх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.

Түүнчлэн маргаан бүхий зээлийн гэрээ нь М ББСБ ХХК-иас зээлдэгчид урьдчилан тогтоож өгсөн стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд, Зээлийн гэрээний 1.9 дэх хэсэгт заасан зээлийн нийт үнийн дүнгийн 1%-ийг зээлийн үйлчилгээний шимтгэлд төлөхөөр үүрэг хүлээж буйг болон, уг шимтгэл юунд зарцуулагдах талаар зээлдэгчид тайлбарлалгүйгээр түүнд олгогдох зээлийн үндсэн мөнгөнөөс суутган олгож, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 30,000,000 төгрөгөөс тооцсон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар ...уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талд хохиролтой байх тул энэхүү нөхцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Зээлдүүлэгч зээл олгохдоо зээлийн мөнгөнөөс тодорхой хувийг зээлдэгчид буцаан олгохгүйгээр суутгаж авах, зээлдэгч хүлээн аваагүй тэрхүү мөнгийг хүүгийн хамт төлөх тухай талуудын тохиролцоо нь зээлдэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл: Шимтгэлд тооцсон гэх зээлийн төлбөрийн 1% болох 300,000 төгрөгийг ...зээлийн үйлчилгээний төлбөр, ашиг олж байгаа нэг хэлбэр... гэх зэргээр тайлбарлах ба, энэ талаар зээлдэгчид танилцуулаагүй, зээлийн үйлчилгээ үзүүлэхэд уг үнийн дүнтэй тэнцэх ямар зардалд тооцсон зэрэг нотлох баримтгүй, мөн уг мөнгийг гарсан зардлаар нь бус, харин олгох зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тооцож байгаа нь зээл олгохоос өмнөх үйл ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй бөгөөд, түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд зээлийн төлбөрөөс 1 хувийн шимтгэл тооцож 300,000 төгрөг суутгаж авснаа зээлдүүлсэн мэт тайлбарлан, зээлийн төлбөрт оруулан тооцож 30,000,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж буй нь хуульд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь гэрээний дагуу хүлээн авсан 29,700,000 төгрөг, түүний хүүг төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.Төөс зээлийн гэрээний хугацаанд төлсөн 4,270,000 төгрөгийг хасч, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрт нийт 70,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,720,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч тал гэрээний хугацаан дахь зээлийн хүүгийн төлбөрийг бодитоор олгогдсон 29,700,000 төгрөгөөс тооцох үндэслэлтэй бөгөөд, маргаан бүхий Зээлийн гэрээнд талууд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг хэрхэн тооцох талаар тусгайлан тохиролцож заагаагүй учир нэхэмжлэгчийн хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Зээлдэгч Б.Т гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1,050,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1,050,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,170,000 төгрөг, нийт 4,270,000 төгрөг төлж, сүүлийн төлбөр хийсэн өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусчээ. /хх-35/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь тухайн гэрээний үндсэн үүрэг бөгөөд, хэтэрсэн хугацааны хүү нь зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарах тул шаардах эрхийн хууль зүйн үндэслэл өөр байна.

            Талууд маргаан бүхий Зээлийн гэрээний 1.3 дахь хэсэгт Зээлийн хүү 1 сарын буюу 30 хоногт 3,5%..., мөн 1.5 дахь хэсэгт Зээлдэгч нь 1.4-т заасан графикт хугацаанаас хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн сар бүр тухайн зээлийн төлбөрийн үнийн дүнгээс үндсэн зээлийн хүү 3,5%-ийг 20 хувь (0,7%)-иар нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлийн хүүг нийт 4,2%-иар тооцож төлнө гэж заан тухайн гэрээний хугацаан дахь хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тусгаж, зээлийн гэрээний 1.10 дахь хэсэгт Зээлдэгч нь энэ гэрээний 1.4-т заасан графикт хугацаанд нь зээлийн төлбөрийг гүйцэтгээгүй бол энэ үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож төлнө хэмээн хэтэрсэн хугацааны хүүгийн талаар тохиролцсон байна. /хх-7/

Зээлдэгч тал гэрээний графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээхээр тусгасан Зээлийн гэрээний 1.10 дахь заалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан хуулийн зохицуулалтад нийцүүлэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тогтоосон гэж үзэхээр байна.

Хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл зээлдэгч төлөх ба, хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээ нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй тул зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.

            Зээлдүүлэгч М ББСБ ХХК нь зээлдэгч Б.Төөс гэрээний үүрэг биелүүлэхийг шаардан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал ...шүүхэд хандсанаар гэрээг цуцалсан.. гэж үзэн, энэ хугацаанаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Гэвч уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх эцэслэн шийдвэрлэлгүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул талуудын байгуулсан Зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд, зээлдүүлэгч М ББСБ ХХК нь Б.Тийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд дахин хандаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №56 тоот шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Б.Тийн оршин суух хаягийг илрүүлсэн болохыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-5, 14-18/

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 29,700,000 төгрөг, зээлийн хүүг нэг сарын 1,039,500 төгрөгөөр тооцож, зээлийн гэрээний хугацаанд төлвөл зохих 18,711,000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 4,270,000 төгрөгийг хасч 14,441,000 төгрөгийн хүүг зээлийн гэрээний хугацаанд төлөх байсан ба, хэтэрсэн хугацааны хүүг Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчийн шаардсан 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 55,093,500 төгрөгийн хэтэрсэн хугацааны хүүг нэмж, зээлийн хүүгийн төлбөрт нийт 69,534,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг нэг сарын 207,900 төгрөгөөр тооцон, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 65 сарын хугацааны нэмэгдүүлсэн хүү 13,513,500 төгрөг, нийт 112,748,000 төгрөгийг Б.Төөс гаргуулан М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү шаардсан 972,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 00 тоот дахь 2 өрөө, 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах аргаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Төөс 112,748,000 /нэг зуун арван хоёр сая долоон зуун дөчин найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 972,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Тийн өмчлөлийн 00 тоот дахь 2 өрөө, 30 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,069,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төөс 721,690 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     А.САРАНТУЯА