Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/365

 

    2023          5           04                                      2023/ШЦТ/365

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 4 дүгээр сарын 20-нд Булган аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” *** 1 курсийн оюутан, ам бүл 4; эмэг эх, эх, дүүгийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

**** дугаарын регистртэй Т овогт Г-ийн Х

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Х 2022 оны ** дугаар сарын **-ны өдөр *** дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Ланд” нэртэй зочид буудлаас хохирогч Х.П-ийн “Самсунг А52”, “Самсунг А8" загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг өгөхгүй. Хохирлыг манай ээж төлсөн. Харин хохирогчийн гар утсыг зарахад Н, С гэх манай найзууд хамт байлцсан. Н болохоор зарчихья, хэрвээ цагдаа сэргийлэх гээд асуудал болбол би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлсэн. С-ийн хувьд нэг их юм хэлээгүй, асуудалд орвол чамд л хэцүү ш дээ гэж байсан. Би тэр хоёроос өмнө нь мөнгө зээлсэн байсан юм. Тэгээд өөртөө 150.000 төгрөг авч үлдээд, үлдэгдэл мөнгийг нь тэр хоёрт өгсөн. Н одоо Турк улсад ээжтэйгээ амьдарч байгаа гэсэн. Би энэ хоёртой найзаараа дамжиж танилцаж байсан гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х-ын П “... би 2022 оны ** дугаар сарын **15-ны өдөр найз М, Х нарын хамтаар караокед архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж байгаад буудал орохоор болсон. Тэр үед Х нэг найзыгаа дуудахаар болоод тэр найзыг нь мөн Х гэж нэрлэдэг гэсэн. Бид гурав *** дүүрэг *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудалд ороод өрөө авсан байсан. Удалгүй Х-ийн найз Х нэгийг бараг би ганцаараа уусан. Үлдсэнийг нь хувааж уугаад амарцгаасан. Тэгээд өглөө босоход миний Samsung А52 загварын гар утас, Samsung А-8 загварын гар утас байхгүй болсон байсан. Би Х-гаар найз руу нь яриулахад би аваагүй би цагдаа дагуулаад очъё гэж хэлээд гар утсаа унтраагаад алга болсон.

Усан цэнхэр өнгийн Samsung Galaxy А52 загварын гap утас байсан ба гаднах гэр нь тод цэнхэр өнгийн гэртэй байсан. Хар өнгийн Samsung Galaxy А8 загварын гap утас байсан ба гаднах гэр нь өнгөгүй гэртэй байсан. Би Samsung Galaxу А8 загварын гар утсыг 3 жилийн өмнө 290.000 төгрөгөөр худалдан авч байсан. Samsung Galaxy А-52 загварын гар утсыг 1.086.000 төгрөгөөр худалдан авч байсан. Өөрийн гар утсаа олж авах хүсэлтэй байна” /хх-н 13-14/ гэж,

гэрч Д-ийн Х “... 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр М, П бид нар караокед дуулж байгаад би нэг найзыгаа дуудаад буудал орохоор болсон. М, П бид гурав буудал орчихоод байж байхад манай найз Х орж ирээд тэд нар П-ийн гар утсаар дуу тавиад юм яриад сууж байгаад унтацгаасан. Өглөө сэрэхэд Х байхгүй болсон байсан. П сэрээд миний 2 ширхэг гар утас алга болсон байна гэж хэлэхээр нь би Х-ийн **** гэсэн утас руу залгахад би цагдаагаа дагуулаад яваад очьё гэж хэлээд гар утсаа тасалсан боловч ирээгүй. Дуу тавьж байсан 1 ширхэг гар утсыг харсан” /хх-н 25/ гэж,

гэрч А-ийн Д “... 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай дүү Хүслэн фейсбүүк чатаар Ц.Ц гэх хүнтэй чатаар холбогдож Самсунг А52 загварын гар утсыг авахаар болж надад та тухайн гар утсыг очоод худалдаад авчих гэсэн. Тэгэхээр нь би дугаарыг санахгүй байна, холбогдож 2022 оны 8 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед 10 дугаар хороололд байрлах автобусны буудлын урд очиход “Приүс 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 эмэгтэй байсан. Тэгээд би тус машинд сууж гар утсыг нь үзсэн. Уг гар утас нь цэнхэр өнгийн 128гб багтаамжтай Самсунг А52 маркийн гар утас байсан. Тэгээд худалдаж авахаар болж 430.000 төгрөгийг тэнд байсан махлаг охины өгсөн **** дугаартай ХААН банкны Г Х гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд гар утсыг би *** аймаг *** суманд байдаг өөрийн ээж болох Ц-д өгч явуулсан. Би тухайн үед хулгайн замаар алдагдсан гар утас болохыг нь мэдээгүй” /хх-н 27-28/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Г-ийн Х “... 2022 оны ** дугаар сарын **-аас **-нд шилжих шөнө 01:00 цаг өнгөрөөгөөд манай найз Х намайг ***-ын “Ланд” гээд буудалд би хоёр найзтайгаа байна, чи ирээд хамт жаахан суучихаач гэж дуудсан. Би 04:00 цагийн үед очсон. Намайг очиход Х тасраад унтсан, хамт байсан П, М нар нь тасралтын байдалтай байсан. П, М хоёртой нь би том Сэнгүр нэртэй пиво уусан. Би тэнд очихдоо хоёр шил пиво уусан байсан. Тэгээд 05:00 цагийн үед М, Х хоёр унтах гээд хажуу талын өрөө рүү орж хаалгаа хаасан. Тэр буудал нь тасалгаатай хоёр өрөө буудал байсан. Би нэг найзыгаа ирээд авчих гээд хэлсэн байсан. Найзыгаа хүлээгээд утсаа цэнэглээд сууж байхад П нь хажуугаар ороод унтчих гээд миний гуя, нуруу зэрэгт хүрээд байсан. Тэгэхээр нь би уурлаад хол очиж суусан. Нэг харсан чинь П тасраад унтсан байсан. Тэгэхээр нь би гарахдаа ширээн дээр байсан Самсунг А52, Самсунг А8 маркийн  хоёр гар утсыг авч гарсан. Тэгээд гэртээ хариад 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр утасны ченж эгчтэйгээ уулзаад Самсунг А52 маркийн утсыг нь 430.000 төгрөгөөр, Самсунг А8 маркийн утсыг нь 170.000 төгрөгөөр тус тус заруулсан. Тэгээд 300.000 төгрөгийг нь өртэй байсан хүндээ өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө хэрэглээд дуусгасан” /хх-н 69-70/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт үүрэн телефоны оператор “Мобиком” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний 4/8126 дугаартай албан бичиг болон албан бичгийн хавсралт /хх-н 55-56/, “Кости Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-н 17-19/, ХААН банкны **** дугаартай “Гантөмөр овогтой Халиун”-ын дансны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-н 57/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Т овогт Г-ийн Х-ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр “хулгайлах” гэмт хэргийг шүүгдэгч Г.Х үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдсон боловч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу “гар утсыг борлуулсан мөнгө”-нөөс нэр бүхий хүмүүс авч ашигласан гэхээр үйл баримт хавтаст хэрэгт авагдсан тухайлбал, гэрч А-гийн Д “... 2022 оны 8 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед 10 дугаар хороололд байрлах автобусны буудлын урд очиход “Приүс 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 эмэгтэй байсан. Тэгээд би тус машинд сууж гар утсыг нь үзсэн” гэж мэдүүлснээс гадна шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.Х “... гар утсыг зарж борлуулахад н.Н гэгч, н.С гэгч нар байсан, тэдгээрт уг мөнгөнөөс өгсөн” гэж мэдүүлэв.

 

Гэвч “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарт хянан шийдвэрлэснийг дурдая.

Шүүхээс шүүгдэгч Г.Х-д ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Х.П-ийн эзэмшлийн “Самсунг А52”, “Самсунг А8” загварын гар утсуудыг Кости Эстимэйт” ХХКомпани нийт 800.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 17-19/

Хохирогч Х.П “... 800.000 төгрөгийг Х-аас хүлээн авсан. Х ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-н 60/ гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан тул шүүгдэгч Г.Х бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Г.Х-ны хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 41/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Г.Хн цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Т овогт Г-ийн Х-ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ныг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.П гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Халиунд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.