| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02140/и |
| Дугаар | 102/ШШ2020/02329 |
| Огноо | 2020-08-18 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2020/02329
| 2020 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2020/02329 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Э-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Ө-д холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,813,800 /гурван сая найман зуун арван гурван мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, М.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би Г.Өтэй 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулан, тус дүүргийн 00 тоот нэг өрөө байрыг тавилгын хамт, 1 сарын 750,000 төгрөгөөр харилцан тохиролцож 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл түрээслэхээр гэрээ байгуулсан ба, цаашид гэрээг үргэлжлүүлэн амаар тохиролцон гэрээ сунгасан. Гэрээний дагуу урьдчилгаанд 100,000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа 1 сарын түрээсийн төлбөртөө тэнцүү хэмжээний барьцаа төлбөр болон сар бүр түрээсийн төлбөрийг авсан. Би гэрээнд заасны дагуу өөрийн байрны тавилга, эд хогшлыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Өнөөдөр 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр түрээсийн байр, тавилга эд хогшлыг хүлээлгэн өгч, байрыг чөлөөлөх байсан боловч гэрийн түлхүүрийг дэлгүүрт орхиод утсаар мессеж бичээд, утсаа авахгүй алга болсон. Түлхүүрийг авч байрандаа ороход 2018 оны 9 дүгээр сард шинээр авсан 1,399,000 төгрөгийн үнэтэй зурагт эвдэрсэн, 2018 онд шинээр авсан 499,000 төгрөгийн үнэтэй угаалгын машин эвдэрсэн, үүдний хувцасны шкафыг эвдлээд өөр мод шилээр хийж зассан, хөргөгчний хаалганы нүүрийг хонхойлгож сэвтүүлсэн, орны булан мод болон цонхны тавцан бага хэмжээгээр нурааж хугалж эвдсэн, угаалгын өрөөний тавилга болох хананд тогтоосон толийг эвдэлж зассан боловч сэвтүүлж заваартуулсан байдалтай, гал тогооны өрөөний 2 ширхэг модон сандал байхгүй, нэг бүр нь 125,000 төгрөгийн үнэтэй байсан гэх мэт гэрийн нийт эд хогшлыг эвдэж гэмтээсэн, бохир заваан байлаа. Мөн байрны СӨХ-ны 11 сарын төлбөрт нийт 316,800 төгрөг, 5 дугаар сарын цахилгаан, ус болон байрны төлбөр төлөгдөөгүй байна. Иймд аман болон бичгээр хийсэн гэрээнд заасны дагуу түрээсийн байрыг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэж өгөлгүй алга болсон тул зурагтны 1,399,000 төгрөг, угаалгын машины 499,000 төгрөг, 2 ширхэг гал тогооны сандал 250,000 төгрөг, 11 сарын хугацааны СӨХ-ны төлбөр 316,000 төгрөг, бусад тавилга эд хогшилд учирсан эвдрэлийн хохирлыг өөрийн тооцоолсноор 1,273,000 төгрөг, нийт 3,813,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Байрны СӨХ-ны 11 сарын турш төлбөрт нийт 316,800 төгрөг төлөгдөөгүй байсан. Сая хэргээс харахад төлөгдсөн байна. 2020 оны 5 дугаар сарын 18-нд түлхүүр хүлээлгэж өгөхөөр Г.Ө бид 2 тохирсон байсан. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 17-нд үлдээгээд явсан байсан. 2020 оны 5 дугаар сарын 18-нд түлхүүр хүлээлцэж өгөхөөр тохирсон боловч хүлээлгэж өгөөгүй. Анх ороход манай угаалгын өрөөний дулаан шугам задарсан тэрийг зассан байсан. Надад нэг ч удаа энийг эвдэлчихлээ гэж хэлж байгаагүй. Би түүнд итгээд 1 жил очиж байгаагүй. Мөнгөө цаг тухайдаа төлдөг байсан боловч байрны тавилгуудыг ингэж эвдчихлээ ингэж янзлах уу гэж хэлж байгаагүй. Анх байрандаа ороход үнэхээр уйлмаар байсан. Манай тавилганууд шинэ тавилгууд байсан. Үүдний шкафанд юм өлгөхөд унасан гэдэг боловч эвдэлснийгээ нуун далдалсан байсан. 2018 онд худалдаж авсан тавилгууд байсан. Гэрээнд түрээслэгч талын үүргүүдийг зааж өгсөн байгаа. Иргэний хуулийн 288.2.3-т хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу би нэхэмжлэл гаргасан. Түрээслэгч тал энэ үүргээ зөрчиж надад мэдэгдээгүй. Энгийн элэгдлээс муутгахгүй байх гэхэд санаатай хохирол учруулсан гэж үзэж байна. Байрыг надад тохиролцсон ёсоор хүлээлгэж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, М.С нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Г.Ө нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А.Этай Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулсан. А.Э нь түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т тусгасан орон сууцны хөрөнгө нэг бүрийг жагсаалтаар гаргаж, түрээслэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд, нэхэмжлэлд тусгасан эд хөрөнгийг хариуцагч талаас гаргаж хохирлыг барагдуулах үндэслэлгүй юм. Учир нь 2018 оны 9 дүгээр сард шинээр авсан зурагтаа 1,399,000 төгрөгөөр үнэлж байгаа нь одоо үеийн ханшаар үнийг тогтоох, эд хогшил хүлээлцэж авснаас хойш чанарын хувьд элэгдэж хорогдох ёстой байдлыг тооцох хэрэгтэй. Мөн гэрээний 4.4-т заасны дагуу үүдний хувцасны шкаф, угаалгын өрөөний тавилга болох хананд тогтоосон толийг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж засварлуулсан. Г.Ө нь тухайн орон сууцанд байсан хугацааныхаа бүх цахилгаан, ус болон бусад байрны төлбөрөө төлсөн. Гэрээний дагуу урьдчилгаанд 100,000 төгрөгийг өгч гэрээ байгуулан, барьцаа төлбөр болгон нэг сарын төлбөр 750,000 төгрөгийг өгсөн. Мөн ямар ч тодорхой нотлох баримтгүй 3,813,800 төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2018 оны 9 дүгээр сард шинээр авсан зурагтаа 1,399,000 төгрөгөөр үнэлж байгаа нь одоо үеийн ханшаар зурагтны үнийг тогтоох, эд хогшил хүлээлцэж авснаас хойш чанарын хувьд элэгдэж хорогдох ёстой байдлыг тооцох хэрэгтэй. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээг цуцлах үед түрээслэж авсан эрон сууц, талбай, эд хогшил анх хүлээлцсэнээс чанарын хувьд элэгдэж хорогдох ёстой хэмжээнээс илүү эвдэрсэн байвал түрээслэгч өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх буюу эсвэл уг сэргээн босголтонд шаардагдах хөрөнгийг үл маргах журмаар гаргах үүрэгтэй гэж заасны дагуу үүдний хувцасны шкаф, угаалгын өрөөний тавилга болох хананд тогтоосон толийг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээж засварчин дуудаж янзлуулсан. Г.Ө нь тухайн орон сууцанд байсан хугацааныхаа бүх цахилгааны мөнгө, ус болон бусад байрны төлбөрөө төлсөн. Г.Ө нь гэрээний дагуу урьдчилгаанд 100.000 төгрөгийг өгч гэрээ байгуулж барьцаа төлбөр болгон нэг сарын мөнгө 750,000 төгрөгийг өгсөн. Мөн ямар ч тодорхой нотлох баримтгүй 3,813,800 төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээслэгч төлбөрөө цаг тухайд нь төлдөг байсан. Хөргөгчийн тухайд анх ороход хөргөгч нь угаасаа сэвтэй байсан гэж хэлж байсан. Угаалгын машин хэрэглээний явцад онгойдог болсон. Манай талаас зурагтны үнийг л төлөх боломжтой байгаа. Бусдыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Г.Өд холбогдуулан, Орон сууц хөлслөх гэрээний улмаас учирсан хохиролд 3,813,800 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаас ашиглаж байсан телевизорт учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1,094,600 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх 2,719,200 төгрөгийг нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй учир төлөх үндэслэлгүй, орон сууцыг хөлслөх явцад учирсан ердийн элэгдлийг хөлслүүлэгч шаардах эрхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Э нь Т.Этай хамтран өмчилдөг, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 0 тоот дахь 41,62 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тавилгын хамт хариуцагч Г.Өд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, нэг сарын 750,000 төгрөгөөр хөлслүүлэхээр харилцан тохиролцож, хөлслөгч тал ашиглалтын зардлыг хариуцан төлөх үүрэг хүлээн, Орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасанд нийцсэн, хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээний үүрэг үүссэн байна. /хх-4-6/
Гэрээний дагуу Г.Ө нь А.Эы өмчлөлийн дээрх орон сууцыг тавилгын хамт жагсаалтаар хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хөлсөлж эхлэн, бичгээр байгуулсан гэрээнд заагдсан 3 сарын хугацааг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байхаар харилцан тохиролцож, хөлслөгч Г.Ө гэрээний хугацаанд орон сууцны тохирсон хөлсийг бүрэн төлж барагдуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг гэрээний зүйл болох орон сууцыг буцаан хүлээлгэж өгөөгүй бөгөөд, орон сууцны тавилгуудыг ердийн элэгдлээс илүү муутгасан, зарим эд хөрөнгийг эвдэж ажиллагаагүй болгосон учир гэрээний улмаас учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, ажиллагаагүй болж эвдэрсэн смарт телевизорын үнэ 1,399,000 төгрөг, угаалгын машины үнэ 499,000 төгрөг, гал тогооны өрөөний 2 ширхэг сандалны үнэ 250,000 төгрөг, үүдний шкаф, орны хөл, хөргөгчний хаалга, цонхны тавцан, угаалгын өрөөний толь зэрэг бусад эд хөрөнгөд учирсан хохирлыг 1,273,000 төгрөгт тооцсон, мөн гэрээний хугацаан дахь 11 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 316,000 төгрөг, нийт 3,813,800 төгрөгийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт заасны дагуу шаардаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар нэхэмжлэлд дурдсан телевизорын зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжээч Гэрэгэ эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр LG маркийн 49 инчийн Смарт телевизорыг 2020 оны 8 дугаар сарын байдлаар 1,094,600 төгрөгөөр үнэлснийг зохигчид хүлээн зөвшөөрсөн. /хх 33-41/
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт зааснаар хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон тохиолдолд хөлслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт ...хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй... гэж заасны дагуу нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж тайлбарлах боловч, LG маркийн смарт телевизорын үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээ 1,094,600 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор нэхэмжлэгч фото зургууд гаргасан ба, хариуцагчаас шаардаж буй тухайн эвдрэл үүссэн гэх эд хөрөнгүүдийн үнэлгээг хэрхэн тооцсон нь тодорхой бус, эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүлээсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэн, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон телевизорын үнэ 1,094,600 төгрөгийг хариуцагч Г.Өгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, эд хөрөнгийн үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлага 2,326,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Түүнчлэн, нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Г.Өгээс орон сууцыг ашигласан 11 сарын хугацааны СӨХ-ны зардлыг төлөөгүй гэж тайлбарлан 316,800 төгрөг гаргуулахаар шаардсан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас СӨХ-ны төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх тул энэхүү шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Өгээс 1,094,600 /нэг сая ерэн дөрвөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,719,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 75,971 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 30,820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА