| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2024/0101/Э |
| Дугаар | 2024/ ШЦТ/107 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ ШЦТ/107
2024 02 06 2024/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Э.Оргилбат,
шүүгдэгч Э.Л,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2311007941374 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Э.Л
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Э.Л нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч Г.Бийн эзэмшлийн "Самсунг Галакси А-23” загварын гар утсыг “утсаар чинь яриад хүнээс мөнгө шилжүүлэн авч худалдан авч байгаа зүйлийнхээ тооцоог хийе” гэж хууран, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад 583.960 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт
А. шүүгдэгч Э.Л нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” нэртэй хүнсний дэлгүүрт архи, ундаа, боорцог зэрэг зүйл худалдан авахаар болж, улмаар төлбөрийн мөнгийг шилжүүлэх гэсэн боловч гар утас нь ажиллахгүй байна гэх шалтгаанаар худалдагч хийж байсан хохирогч Г.Бийн эзэмшлийн "Самсунг Галакси А-23” загварын гар утсыг “утсаар чинь яриад хүнээс мөнгө шилжүүлэн авч худалдан авч байгаа зүйлийнхээ тооцоог хийе” гэж хэлэн 583.960 төгрөгийн үнэ бүхий гар утсыг өөртөө авч залилсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Э.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,
- хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр үед буюу 2023 оны 03 дугаар сард 17 настай байсан. Сая өнгөрсөн 6 сарын 25-нд би 18 насанд хүрсэн. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Т” гээд ахынхаа ажиллуулж байсан хүнсний дэлгүүрт худалдагчаар 1 өдөр л зогссон юм. Яг тэр өдөр буюу 03 сарын 25-ны өдөр намайг дэлгүүр дээр байж байтал өдөр 15 цагийн үед гаднаас 30 орчим насны гэмээр бондгор, намхан нуруутай ах орж ирсэн. Тэр ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, архи үнэртэж байсан. Тэгээд тэр ах манай дэлгүүрээс гурлин боов, архи, ундаа зэрэг эд зүйлс авсан. Тэгээд мөнгөө шилжүүлэх гэсэн чинь утас нь цэнэггүй болоод унтарчихсан байсан. Тэгсэн чинь тэр ах намайг “...ахын дүү цэнэглэгч байна уу, утсаа цэнэглэж болох нуу үзээдхий гэсэн юм” гэхээр нь “...та энд ирээд цэнэглэчих” гээд өөрийнхөө цэнэглэгчийн байгаа газрыг зааж өгсөн. Тэгсэн чинь тэр ах миний утасны цэнэглэгчид өөрийнхөө утсыг цэнэглэх гэсэн чинь утас нь асахгүй байсан. Утасных нь дэлгэц нь шатчихсан байсан. Тэр ах өөрөө утасных нь дэлгэц асахгүй байгаа гэдгийг бараг мэдэж байсан юм шиг байсан. Намайг “...ахын дүү чи нэг дугаар луу залгаадхаач” гээд өөрийнхөө утасны дугаар луу залгуулсан. Тэгсэн чинь барьж байсан утас нь дугараад байгаа мөртлөө дэлгэц нь харагдахгүй, харлачихсан байсан. Тэгсэн чинь тэр ах утсаа цэнэглэгчээс салгаад өөрөө авсан юм.
Тэгээд “...ах нь хүнээр мөнгө хийлгээдхий, утсаа өгч байгаа ч” гээд авсан. Тэр үед би дэлгүүрт цэвэрлэгээ хийгээд зогсож байсан юм. Тэр ах надад “...энэ манай төрсөн дүүгийн дугаар чи залгаад өг” гэхээр нь би 1 дугаар луу залгаад утсаа өгсөн. Тэр ах цаад утас авсан хүнтэйгээ “...ах нь энд Оийн гэрийн энд байна, доод дэлгүүрт нь байна, дэлгүүрээс юм авсан чинь утас унтарчихлаа, мөнгө хийгээдхээ” гэж яриад байсан. Тэр дүү нь урдаас нь “....мөнгө байхгүй” гэсэн юм шиг байна лээ, утсаа салгачихсан. Тэгсэн чинь дахиж дүү рүүгээ залгаад дахиад нэг О хэн гэлээ байз, нэг хүний дугаар асуугаад байсан. Дүүгээсээ тэр хүний дугаарыг авчхаад бас мөнгө асууж яриад байсан. Яг тэр хүнтэй утсаар ярьж байх үед нь дэлгүүрт хүн ороод ирсэн. Би тэр хүмүүст үйлчилж байхад нөгөө ах миний утсаар хүнтэй яриад дэлгүүр дотор цонхны хажууд зогсож байсан. Би нөгөө орж ирсэн хүмүүстэй наймаа хийгээд зогсож байтал надаас “...гарч хүнд байгаа газраа харагдаадхий” гэж асуугаад гарахаар нь би араас нь дагаад гарсан. Гадаа гараад нөгөө ах хойш зүг рүү 1 газар руу харчхаад “....Т дэлгүүр” гээд яриад утсаар яриад байсан. Би тэгэхээр нь “...одоо болоо утсаа авъя” гэсэн чинь “...байж байлдаа” гээд байсан. Тэгсэн чинь яг тэр үед дахиад дэлгүүрт хүн орж ирчхээд юм асуугаад дуудаад байхаар нь би дотогш ороод камерт харсан чинь гадаа зогсож байгаа нь харагдаж байсан. Тэгээд би орж ирсэн хүний наймааг хийж картыг уншуулж тооцоо хийчхээд дэлгэц рүү харсан чинь байхгүй болчихсон байсан, их хурдан зугтаагаад явсан байсан. Би араас нь гараад тэр хавиар зөндөө хайсан боловч зугтаагаад явчихсан байсан. Би тэр дор нь эхлээд өөрийнхөө утас руу залгасан чинь нөгөө ах утас авснаа “...яаралтай 13 хороолол явах ажилтай болчихлоо, юун сүртэйн, орой аваачаад өгнө” гээд тасалчихсан. Тэгээд утас маань холбогдох боломжгүй болсон. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд дуудлагаар ирсэн 2 цагдаа хяналтын камер үзсэн чинь бичлэг нь хадгалагддаггүй байж таарсан. Зүгээр л шууд тухайн цаг үеийн болж байгаа үйл явдлыг харах зориулалттай ажиллаж байсан юм билээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-20 дугаар тал/,
- гэрч Э.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дугаарыг мэдэхгүй гэхдээ миний төрсөн ах Э овогтой Л нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 45 минут 47 секундэд залгаад 30.000 орчим төгрөг байна уу, тэгээд манай төрсөн эгч болох О эгчийн дугаар асуугаад байхаар нь би эгчийн дугаарыг хэлж өгөөд тасалсан ...согтуу залгасан ба ах нь Зурагтад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
- Г.Бийн нэр дээрх Мобиком ХХК-ны дугаарын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуудлага хийсэн тухай ярианы хуулга /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан Самсунг А23” загварын гар утсыг 583.960 төгрөгөөр үнэлсэн /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
- шүүгдэгч Э.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар тал/,
- ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 48 дугаар тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.
Иймд шүүгдэгч Э.Л нь шууд санаатай, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “утсаар чинь яриад хүнээс мөнгө шилжүүлэн авч худалдан авч байгаа зүйлийнхээ тооцоог хийе” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Бийн эзэмшлийн "Самсунг Галакси А-23” загварын гар утсыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, хохирол учруулж залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Э.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулж, уг торгох ялыг орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Г.Б нийт 583.960 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч Э.Л нь бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э.Лийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лийг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Э.Лийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ