Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/02328

 

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/02328

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

М ХХК-ийн түгээгч, харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч О.Бгийн хамт гаргасан тайлбартаа:

Би М ХХК-ийн Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх салбарт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түгээгчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр түгээгчээр ажиллаж байсан 6 хүнийг гэнэт ажлаас халсан. Ажлаас халсан тушаалд борлуулалтын орлогоос хэтэрсэн НӨАТ-ын баримт санаатайгаар илүү хэвлэсэн, цахим карт уншуулан хэрэглэгчид бэлэн мөнгө гаргаж өгсөн ноцтой зөрчлүүд гаргасан гэж тусган ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Намайг ажиллаж байх хугацаанд уг салбарын НӨАТ-ын баримт хэвлэдэг пос машин, компьютер, принтер зэрэг нь эвдрэл гэмтэлтэй байснаас болоод НӨАТ-ын баримт ихэвчлэн давхар хэвлэгддэг байсан. Энэ асуудлыг салбарын эрхлэгчид хэлэхээр угаасаа тэгдэг юм гээд тоодоггүй байсан. Энэ тухай тайларыг төв оффис руу байнга хүргүүлдэг байсан. Миний хувьд цахим карт уншуулан хэрэглэгчид бэлэн мөнгө гаргаж өгсөн үйлдэл байхгүй. Би ажил үүргээ шударгаар биелүүлж явсан болохоос өөртөө ашиг хонжоо хайж, компанид хохирол учруулах санаа зорилго байгаагүй. Өөрийн ажлаа холбогдох дүрэм журамд заасны дагуу сайн гүйцэтгэн ажиллаж байхад үндэслэлгүй гүтгэж халж байгаа нь ийм хүнд цаг үед надад хэцүү байна. Хөдөлмөрийн гэрээг надад өгөөгүй, ямар шалтгаанаар ажлаас халж буй талаар асуухаар захиралтай уулзах гэсэн боловч надад уулзах боломж олгоогүй. Захирлын тушаал 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гарсан. Хөдөлмөрийн тухай хуульд азаснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байсан боловч уг өдөр амралтын өдөр байсан учир дараагийн ажлын өдөр буюу 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Ажилд анх орохдоо 5 хоног дагалддаг. Надад ажил хүлээлгэж өгсөн түгээгчийн өгсөн зааварчилгаагаар утаснаасаа дандаа гаргаж өгч байсан. Батням эрхлэгч надруу яриад чам дээр илүү НӨАТ хэвлэгдсэн байна. Давхар посоо уншуулаад байна гэсэн. Тэгээд би тайлбараа бичиж өгсөн. Надад санаатай үйлдэл байхгүй. 12 сараас хойш над дээр илүү хэвлэлт гараагүй. Утаснаас гаргаж болохгүй л байсан юм байна лээ. Утаснаас гаргаж өгөхөөр давхар хэвлэгдээд байсныг нь би мэдэхгүй байсан. Пос төхөөрөмж маш алдаатай, гацсаныхаа араас 2 гарж ирдэг. Шөнө ч гэсэн пос нь гэнэт ажилладаг. Би энэ талаар хэлж байсан. Утаснаас мөн ялгаагүй нэг сануулсан байхад дахиад л 2,3 гардаг байсан. Үүний алдаанаас болж над дээр илүү баримт хэвлэгддэг байсан. Тэгээд би эрхлэгч рүү хэлэхэд наадах чинь угаасаа ингэдэг юм гэдэг тайлбар өгч байсан. Ажил олгогч нь ажлаас халах тушаалдаа хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.25 гэсэн заалтыг үндэслэл болгосон. Ажилтны зүгээс энэ баримтыг санаатай хэвлэсэн зүйл байхгүй. 12 сарын дундуур эрхлэгч нь хэвлэж болохгүй юм байна гэдгийг ойлгоод санаатайгаар хэвлэсэн асуудал гаргаагүй. Бэлэн мөнгө өгч байгаа талаарх баримт хэрэгт байхгүй байгаа. А.Аын хувьд илүү бэлэн мөнгө өгсөн зүйл байхгүй. Хамгийн сүүлд өгсөн байсан баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. н.Оюунтуяа гэдэг хүнийг ажиллаж байхад нь илүү баримт хэвлэсэн гэдэг асуудал нь үндэслэлгүй. Системийн алдаа гардаг байсан талаар эрхлэгчдээ хэлэхээр унтраагаад асаа гэдэг байсан. Төхөөрөмжийг ажиллуулах талаар албан ёсны хөдөлмөр хамгааллын ажилтан зааварчилгаа өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.Аыг түгээгч-харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү ...гэв.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

А.А нь 2019 оны 10 дугаар сараас манай компанид ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 170/20 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 6.2.8 дахь заалтад заасны дагуу НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан бол, 6.2.25 дахь заалтад заасны дагуу Удирдлагын зөвшөөрөлгүйгээр мөнгөн талон болон картыг бэлэн мөнгө болгосон, картын зөвшөөрлийн бичигт заасан шатахууныг бүрэн олгоогүй, орлогын бэлэн мөнгө хэрэглэгчид гарган өгсөн гэх үндэслэлүүдээр ажлаас халагдсан. А.А нь шатахууны борлуулалтын орлогоос хэтэрсэн НӨАТ-ын баримт хэвлэсэн бөгөөд 2019 оны 11, 12 дугаар саруудад нийт 4,001,815 төгрөгийн НӨАТУС-ын хэтрэлттэй болох, мөн А.А болон Шатахуун түгээс станцын 2 түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчид 2019 оны 12 дугаар сард 989,615 литр, 2020 оны 1 дүгээр сард 629,598 литрийг тухайн гарааныхаа дизель түлшний борлуулалтаас хэтэрсэн дүнгээр бэлэн бусаар борлуулалт хийсэн нь 2020 оны 4 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд Дотоод аудитын газраас хийсэн гэнэтийн шалгалтаар тус тус тогтоогдсон байна. Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.25 дахь заалтуудад заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан байна.

А.А нь буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. НӨАТ-ын илүү шивэлт үүсгэсэн гэдгээ А.А хүлээн зөвшөөрч тайлбар бичсэн. Системийн алдаанаас болж баримт гарахгүй байх тохиолдол байгаа ч, давхар хэвлэх оролдлого хийгээгүй л бол хэвлэх боломжгүй юм. Дахин хэвлэх үү гэсэн сонголт гарч ирдэг. Үүнийг дарсан нь энэ хүний санаатай үйлдэл болно. А.А эрхлэгчийн сануулгыг аваад 2020 он гарснаас хойш НӨАТ-ын баримт давхар хэвлээгүй байх. Хамт ажиллаж байсан түгээгч нь гомдол гаргасан учраас шалгалт хийсэн. Хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас халсан. Бэлэн мөнгө гаргаж өгсөн гэдэг нь камерын бичлэгээр тогтоогдож байгаа. А.А нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамтай танилцаж гарын үсэг зурсан байгаа. 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл ажиллахдаа хөдөлмөрийн гэрээгээ уншаагүй асуудал нь энэ хүний өөрийнх нь алдаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, тус компанийн түгээгч-харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, А.Аыг ...хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь дотоод аудитын гэнэтийн шалгалтаар тогтоогдсон учир Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй бөгөөд, нэхэмжлэгч А.А нь түүнийг ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүлээн авч, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШЗ2020/01006 тоот захирамжаар түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улмаар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд дахин гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. /хх-8, 9/

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

А.А нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс М ХХК-д түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчаар томилогдон, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн 00 дүгээр шатахуун түгээх салбарт ажиллаж байгаад, компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 170/20 тоот Ажлаас халах тухай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байна. /хэргийн 47-55/

Уг тушаалаар 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон А.Атой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.25, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1.3, Дотоод аудитын газрын 11/20 тоот илтгэх хуудас-ыг үндэслэл болгожээ.

Ажил олгогч нь дээрх тушаалаар А.Аыг Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан буюу борлуулалтын орлогоос хэтэрсэн НӨАТ-ын баримт санаатайгаар илүү хэвлэсэн, цахим карт уншуулан хэрэглэгчид бэлэн мөнгө гаргаж өгсөн, энэ талаар хамтран ажилладаг түгээгчээс удирдлагад гомдол гаргаж, дотоод аудитын гэнэтийн шалгалтаар тогтоогдсон учир түүнийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Харин нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч О.Б нарын зүгээс ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч ...хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг буюу НӨАТ-ын баримтыг санаатайгаар илүү хэвлэсэн гэх үйлдлийг ажилтан гаргаагүй, хэрэглэгчид цахим карт уншуулж бэлэн мөнгө гаргаж өгсөн гэх тайлбар, үндэслэл нь баримтаар тогтоогдохгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан... гэх зэргээр тайлбарлаж мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно... гэж хуульчилсан бөгөөд, ажилтанд сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тэрээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох сахилгын ноцтой зөрчил гаргасан байх, улмаар тухайн зөрчлийг сахилгын арга хэмжээ ногдуулж буй ажил олгогчийн шийдвэрт тусгасан байх шаардлагатай ба, ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийг нэр хүндийг нь гутаах зэргээр ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон байхыг ойлгоно.

М ХХК болон А.А нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний Гэрээ дуусгавар болох үндэслэл-ийг зохицуулсан 6 дугаар зүйлийн 6.2.8-д НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан бол.., мөн зүйлийн 6.2.25-д Удирдлагын зөвшөөрөлгүйгээр мөнгөн талон болон картыг бэлэн мөнгө болгосон, картын зөвшөөрлийн бичигт заасан шатахууныг бүрэн олгоогүй, орлогын бэлэн мөнгө хэрэглэгчид гарган өгсөн зэрэг ноцтой зөрчлийг ажилтны зүгээс гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талууд гэрээндээ тусгажээ.

М ХХК-иас А.Аыг Хөдөлмөрийн гэрээнд заагдсан эдгээр ноцтой зөрчлүүдийг санаатай үйлдсэн болох нь Дотоод аудитын газар-аас хийсэн гэнэтийн шалгалтаар тогтоогдсон хэмээн тайлбарлаж, хэрэгт МТ ХХК-ийн ДАГ-ын дотоод аудитор Б.Б, ТАГ-ын технологийн инженер болон БХГ-ын хөрөнгө зохицуулалтын менежер Б.Х нарын Дорноговь аймгийн Сайншанд суманд томилолтоор ажиллаж, гэнэтийн шалгалт хийсэн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11/20 тоот Илтгэх хуудас-ыг нотлох баримтаар гаргаж, уг баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

М.Т ХХК-ийн дотоод аудитын газраас хийсэн уг шалгалтын илтгэх хуудсаар ...ШТС-165-ын ХХАХ түгээгч А.А,...-ыг ШТС-ын шатахууны борлуулалтын орлогоос хэтрүүлж НӨАТ хэвлэсэн, ШТС-ын тухайн өдрийн ДТ-ний борлуулалтаас хэтэрсэн карт (NFS карт, цахим карт) уншуулж ШТС-ын өдөр тутмын тайлан тооцоог алдаатай хийхэд хүргэсэн тул хөдөлмөрийн дотоод журмын 6.3.6 болон 6.3.8-д заасны дагуу ажлаас халах... санал гаргаж, улмаар М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар дээрх илтгэх хуудсыг үндэслэл болгон нэхэмжлэгч А.Аыг ажлаас нь халсан байна.

Гэтэл ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил санаатай гаргасан хэмээн дүгнэж, түүнийг ажлаас халах тушаалын үндэслэлээ болгож буй дээрх Дотоод аудитын газар нь хариуцагч М ХХК-ийн бус, харин М.Т ХХК-ийн ажилтнууд байх бөгөөд, тэрхүү илтгэх хуудсыг хянаж, саналын дагуу арга хэмжээ авахаар М ХХК-ийн бус, чухам аль хуулийн этгээдийнх болох нь тодорхойгүй гүйцэтгэх захирал Д.А гэх хүн шийдвэрлэсэн байгааг А.Аын ажил олгогч М ХХК-иас гаргасан шалгалтын дүн гэж үзэх боломжгүй юм. /хх-25-28, 33, 35 дугаар хуудсын арын нүүр/

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан гэх ноцтой зөрчлүүдийн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн ямар хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй, ажилтанд өдөр тутмын ажилдаа хэрэглэх тоног төхөөрөмжийн зааварчилгаа өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, ажилтан буруу зааварчилгаа авсны улмаас алдаа гаргасан тухай ажил олгогчид тайлбарласан байхад Хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан буюу, санаатай үйлдэл гаргасан хэмээн үзэж, ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, А.Аыг үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан байх тул түүнийг М ХХК-ийн түгээгч-харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн А-д заасны дагуу А.Аын дундаж цалин хөлсийг Нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтийн дагуу тооцон тодорхойлвол, нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 759,271 төгрөг, нэг хоногийн дундаж цалин 35,315 төгрөг /759,271 төгрөг : 21,5 хоног/, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 77 хоногийн цалинтай тэнцэх олговор 2,719,255 төгрөгийг М ХХК-иас гаргуулан А.Аод олгох нь зүйтэй.

Шүүх А.Аыг М ХХК-ийн түгээгч-харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,719,255 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул ажил олгогчоор Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу А.Аын ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг маргаанд хамаарах тул нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 58,458 төгрөг гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн татвар/ оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч А.Аыг М ХХК-ийн түгээгч-харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоож, М ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,719,255 /хоёр сая долоон зуун арван есөн мянга хоёр зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан А.Аод олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Аын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М ХХК-д даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч М ХХК-иас 58,458 төгрөг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-т оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.САРАНТУЯА