Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/716

 

 

    2023         9           06                                         2023/ШЦТ/716

                         

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч Б.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 20-нд Баянхонгор аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө малчин гэх, “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, 4 дүгээр баг, Задгай” гэсэн хаягийн бүртгэлтэй боловч ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байр, ** тоотод амьдарч байгаа гэх, урьд ял шийтгэлгүй,

***** дугаарын регистртэй П овогт Б-ийн Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” супер маркетын орчим зам тээврийн осол гаргаж, улмаар дуудлагын дагуу очсон цагдаагийн ажилтан, дэслэгч цолтой Э.Эрдэнэдаваа, зохицуулагч офицер Н.Тогтохбаяр нарын гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу согтолтын хэмжээг шалгах зорилгоор албаны машинд суухыг шаардахад нь Э.Э-ийн гар утсыг авч шидэх, биед нь нүүр хэсэг рүү мөргөх, алгадах зэргээр халдан албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий гэмтэл учруулж “хууль сахиулагчийг хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Цагдаад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Цаашид өөртөө дүгнэлт хийх болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа. Хохирогч надаас мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Гар утасных нь хохирлыг төлсөн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э-ийн Э “... 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 348 дугаар пост буюу Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын уулзвар хэсэгт 14 цагаас 21 цаг хүртэл үүрэг гүйцэтгэх хуваарьтай үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20:50 минут орчимд “Өргөө”-ийн уулзвар дээр согтуу жолооч шаардлага биелүүлэхгүй байна гээд манай зөрчил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Болдбаатар станцаар хэлсэн. Тэгэхээр нь хорооллын “Өргөө" рүү очиход “Тоёота Харриэр” маркийн, хар өнгийи **** УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч /Б-ийн Э/ замын боршур дээр сууж байсан. Тэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Н.Тогтохбаяр алаг тэргэнд суулгах гэтэл нөгөө залуу нь тэвэрч аваад газар унагаасан. Тэгэхээр нь би “та суу, үгүй бол Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасны дагуу албадлагын арга хэмжээ авна шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь “май шүү лалар аа” гээд салаавч гаргаад, миний зүүн хацар хэсэгт цохисон. Тэгээд би албадлагын арга хэмжээ хэрэглээд татаж газарт унагаад, гарыг нь өчиж алаг тэргэнд оруулсан. Тэгтэл машин дотор нулимаад, салаавч гаргаад машинаас гарч ирээд дахиад зодох гэж дайрсан. Бид нар дахин албадлагын арга хэмжээ хэрэглэж Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирч хийсэн. Тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр хүүхдээ автомашиндаа тээвэрлэж, хорооллын Номингийн урд зам тээврийн осол гаргаж машин мөргөсөн байсан. Миний уруул язарсан, бас утасны камер хагарсан эдгээр зүйлийнхээ хохирлыг барагдуулмаар байна” /хх-ийн 13-15/ гэж,

гэрч Н.Т “... намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Өргөө”-гийн урд согтуу жолооч, араас мөргөчихлөө” гэсэн дуудлага 19 цаг 50 минутын үед ****, **** дугаараас орж ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу хэмжилт хийхээр очиход **** УЕВ улсын дугаартай, хар өнгийн “Харриэр” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нэлээн согтолтой байсан учир таныг шалгах хэрэгтэй байна, та дагаад алаг тэргэн дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч “би чамайг яахаараа дагаж явж шалгуулдаг юм” гэж хэлээд салаавч гаргасан. Тухайн эрэгтэй нь нэлээн согтолттой байсан учир би алаг тэргэнд суулгах гэтэл миний хантаазнаас зуурч, зодолдох гээд шаардлага биелүүлэхгүй байсан учир би ойролцоох чиглэлээ дуудсан. Ойролцоо гарч байсан чиглэлээс цагдаагийн дэслэгч Э.Эрдэнэдаваа удалгүй ирсэн. Э.Эрдэнэдаваа бид хоёр тухайн тээврийн хэрэгслийн жолоочид “та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, таныг хэлтэс дээр аваачиж шалгах шаардлагатай байна, та алаг тэргэнд суу” гэж шаардлага тавихад дахин салаавч, гаргаж “хувцасны гол лаларууд минь, та нар намайг амжихгүй шүү” гээд хашхираад Э.Эрдэнэдаваагийн нүүр хэсэг рүү хоёр удаа мөргөж, гар утсыг нь авч газарт шидсэн. Э.Эрдэнэдаваа бид хоёр хамжиж дараагийн арга хэмжээ буюу албадлагын арга хэмжээ хэрэглэж машинд суулгаж хэлтэс дээр авчирсан” /хх-ийн 11/ гэж,

гэрч М.Д “... согтуу жолооч тээврийн хэрэгсэлтэй явж байсан болохоор бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирэхээр нь тэр хүнийг хүлээлгэж өгөөд, манай машинд гэмтэл учраагүй зүгээр байсан болохоор бид нар гомдолгүй гэдгээ хэлсэн. Хар өнгийн “Харриэр” маркийн тээврийн хэрэгслийн жолооч бол нэлээн согтуу байсан. Тэр согтуу жолооч дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчтай хэрэлдээд барьцалдаж аваад байсан. Тэр жолоочийн эхнэр нь ирсэн, нөхрөө салгаад байх шиг харагдсан” /хх-ийн 13/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ийн Э “... би 2023 оны 6 дугаар сарын 14-ний орой найз Хойлогдорж, Оодог, нэг нь танихгүй залуу байсан ингээд дөрвүүлээ 15 цагийн үед Нисдэг машины урд байрлах Прэмиум зочид буудалд Белуга нэртэй 0.75 литртэй архи хувааж уусан. Тэр буудлаас хэзээ гарснаа санахгүй байна, ганцаараа **** УЕВ улсын дугаартай хар өнгийн Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй хороололд явж байгаад нэг машины араас орж мөргөсөн. Миний мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирж эрүүлжүүлэгдсэн. Би цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэл үзүүлсэндээ харамсаж байгаа” /хх-н 65/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Э.Э-гийн биед дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн 7813 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 21-22/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Б.Эын гэм буруутайг нотолно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бодит хохирол шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч П овогт Б-ийн Э-ыг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин прокурорын яллах дүгнэлт, хохирогчийн мэдүүлэгт гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг “14-ний өдөр”, “15-ны өдөр” гэж зөрүүтэй бичсэн байгааг дурдъя.

 

Шүүгдэгч Б.Эын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, АСАП сангийн лавлагаа /хх-н 37-44/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч Б.Э “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасан байна. /хх-н 100/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Э.Идэрбаярт оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Э цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Э.Э “... гомдол санал байхгүй” /хх-н 99/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. П овогт Б-ийн Э-ыг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Э торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Э-ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ