| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02328/и |
| Дугаар | 102/ШШ2020/02271 |
| Огноо | 2020-08-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2020/02271
| 2020 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2020/02271 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ю.У,
Хариуцагч: М.Г нарт холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,637,550 /нэг сая зургаан зуун гучин долоон мянга таван зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, хариуцагч М.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
М.Г, Ю.У нар нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 00 тоот дахь 16 м.кв талбай бүхий 1 өрөөг 7 сарын хугацаатай, сарын 250,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч гэрээ хийн, хөлсөлж эхэлсэн. Гэрээний дагуу төлбөрийг 3 сараар буюу улирлаар төлөх, хөлслөх хугацааны байрны ашиглалтын зардлыг бүрэн хариуцах, байрыг хүлээлгэж өгснөөр гэрээг дуусгавар болох нөхцөлтэй гэрээгээ байгуулсан. Ю.У, М.Г нар нь нийт 9 сар хөлсөлж суусан ба, төлбөрт 2,250,000 төгрөг төлөхөөс 750,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 1,500,000 төгрөг төлөөгүй. Л.Б миний бие ашиглалтын зардал болох цахилгааны төлбөр 21,150 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр, орон сууцны конторын төлбөр 116,400 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тус тус өөрөө төлсөн. Иймд хариуцагч Ю.У, М.Г нараас орон сууц хөлсөлсний үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг, ашиглалтын зардал 137,,500 төгрөг, нийт 1,637,550 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагч Ю.У шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Л.Бгийн байранд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 3 сараар түрээслэхээр гэрээ хийж орсон. Түрээсийн эхний 3 сарыг бэлнээр, сүүлийн 3 сарыг хүний дансаар 750,000 төгрөг Л.Бгийн данс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хийсэн. Миний хамтран амьдрагч М.Г бүх эд хогшлыг нүүлгэж авч явсан. Би тэр үеэс тэр байранд огт очоогүй. Түлхүүр 1 ширхэг хувь байсан. М.Г авч явсан. Би М.Гөд байрны түлхүүр өг гэхэд утсаар хэлсэн, Төв аймагт байна гэсэн. Л.Б эгч М.Г рүү 5 дугаар сарын сүүлээр утсаар ярьж түлхүүр авсныг бол би мэднэ. Бидний амьдраагүй цаг хугацааны төлбөрийг нэхэмжлээд байгаа учир төлөх ёсгүй гэж үзэж байна. Түлхүүр бол М.Гөд байсан. Хэрэв амьдарсан гэж үзэж байгаа бол М.Гөд гомдол гаргана уу. Миний бодлоор бол М.Г тэнд очиж хонодог байсан. Энэ хүн надтай 7 жил амьдарсан, намайг жирэмсэн байхад хаяад явсан. Би одоо 3 сартай охинтой, энэ хүнтэй ямар нэг холбоо байхгүй, утсыг нь ч мэдэхгүй. Ямар нэг төлбөр төлөх бол М.Г төлнө гэж бодож байна. Энэ хүн 2 талд амьдарч байсныг сүүлд мэдсэн. Төлбөр төлөх бол М.Г төлөх ёстой... гэжээ.
Хариуцагч М.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Л.Бгийн байранд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр орохдоо бэлнээр 750,000 төгрөг төлж ороод 3 сар суусан. Дахин 3 сар сунгах болж, төлбөрийг өөрийн Хаан банкны дансаар Л.Бгийн Хаан банкны дансанд 750,000 төгрөг хийж, суух 3 сарыг гүйцэт суугаагүй. 2018 оны 2 сарын 14-ний өдөр гарсан. Тэр үед иргэн Л.Бд түлхүүр өгөх гэтэл утас нь холбогдохгүй байсан тул өөрөө хадгалж байсан. Гэтэл 2018 оны 4 сарын 10-нд над руу залгаж холбогдсон. Тэгээд суугаагүй 3 сарын мөнгө нэхээд байгаа тул миний бие өгөх боломжгүй байна. Яагаад гэвэл суусан 6 сарын төлбөрөө бүрэн төлсөн гэж үзэж байна. 5 дугаар сард, дулаан орсон байхад түлхүүрийг нь өгсөн. Үүний дараа бидний дунд маргаан үүссэн. Би уг байранд 2 дугаар сараас хойш суугаагүй гэдгээ хэлэхэд Л.Б хүлээж аваагүй. Нийт суусан хугацааны 1,500,000 төгрөгөө төлсөн, ашиглалтын зардлыг мөн төлсөн байгаа. СӨХ-ны дарга над руу утсаар холбогдож танайх 300,000-400,000 төгрөгийн өртэй байсан гэж хэлж байсан. Анх гэрээ хийхэд би гарын үсэг зураагүй, Ю.У гэрээ хийгээд 750,000 төгрөг бэлнээр төлсөн. Тэгэхдээ би гэрээ байгуулагдсан гэдгийг хүлээн зөвшөөрнө, энэ талаар маргахгүй. Тэр байранд түрээсээр суусан нь үнэн... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч М.Г, Ю.У нарт холбогдуулан, Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 6 сарын хугацааны хөлс 1,500,000 төгрөг, ашиглалтын зардал 137,550 төгрөг, нийт 1,637,550 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцыг хөлсөн суусан 6 сарын хугацааны хөлс 1,500,000 төгрөгийг бүрэн төлж, тухайн орон сууцнаас 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нүүж гарсан учир амьдраагүй хугацааны төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Б нь өөрийн өмчлөлийн 00 тоот дахь 00 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ю.У, М.Г нарт 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн нэг сарын 250,000 төгрөгөөр, 7 сарын хугацаатай хөлслүүлэхээр харилцан тохиролцож, хөлслөгч нар ашиглалтын зардлыг хариуцан төлөх үүрэг хүлээн, Орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасанд нийцсэн, хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээний үүрэг үүссэн байна. /хх-8, 4/
Гэрээний дагуу Ю.У, М.Г нар нь Л.Бгийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хөлсөлж эхлэн, гэрээ байгуулагдсан өдөр 750,000 төгрөгийг хөлслүүлэгчид бэлнээр төлж, барьцааны 50,000 төгрөгийг 10 хоногийн дотор өгөх талаар гэрээнд бичиж, хөлслөгч Ю.У үүнийг баталгаажуулан гарын үсэг зуржээ. /хх-4 дүгээр хуудасны ард/
Хариуцагч М.Гийн зүгээс тухайн Орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэх тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан боловч, тэрээр гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар болон, нэхэмжлэгчтэй энэхүү гэрээний харилцаа үүссэн болохыг хүлээн зөвшөөрч байх тул түүнийг маргаан бүхий гэрээний хөлслөгч мөн гэж дүгнэв.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө гэж хуульчилсны дагуу гэрээний талууд орон сууц хөлслөх гэрээний хөлс болон нэмэлт зардлын талаар харилцан тохиролцсон, хөлслүүлэгч Л.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, гэрээний зүйлийг хөлслөгч нарт хүлээлгэн өгчээ.
Хариуцагч нар 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарыг хүртэлх 6 сарын хугацаанд орон сууц хөлсөлсний төлбөр 1,500,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2 удаагийн төлөлтөөр төлсөн болох нь Орон сууц хөлслөх гэрээ, 750,000 төгрөгийг шилжүүлсэн тухай хариуцагч М.Гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-4 дүгээр талын арын хуудас, 22/
Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий гэрээний Нэмэлт нөхцлийн 4 дэх хэсэгт тусгагдсан ...Байр хүлээлгэж өгснөөр гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу хөлслөгч М.Гөөс орон сууцыг хүлээн авсан гэх 2018 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны хөлс нийт 2,250,000 төгрөгөөр тооцож, хариуцагч нараас 750,000 төгрөгийн хөлс хүлээн авсан учир, үлдэх 1,500,000 төгрөгийг гаргуулах эрхтэй хэмээн шаардах эрхээ тодорхойлсон.
Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлийг эс зөвшөөрч, орон сууцыг 2018 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацаанд ашиглаж, энэ хугацааны буюу 6 сарын хугацааны төлбөр 1,500,000 төгрөгийг төлсөн учир амьдраагүй үеийн төлбөрийг төлөх үндэслэлгүй хэмээн маргаж байна.
Орон сууц хөлслөх гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 7 сарын хугацаатай хийгдэж, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дуусахаар талууд гэрээний хугацааг тодорхой тусгасан, гэрээний хугацааг талууд сунгаагүй, орон сууцны түлхүүрийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээлцсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээ байгуулахад 750,000 төгрөгийг бэлнээр төлөөгүй, гэрээний хугацаанд дансаар 750,000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлах боловч, тэрээр нэхэмжлэлд хавсарган шүүхэд нотлох баримтаар гаргасан Орон сууц хөлслөх гэрээ-ний арын хуудсанд бичигдсэн 750,000 төгрөг төлсөн, 2017.12.04 хүртэл түрээс төлөв гэх хариуцагч Ю.Уянгын гар бичмэл бүхий баримтыг үгүйсгэсэн аливаа баримт гаргаагүй, энэ тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байх тул хөлслөгч нар эхний 3 сарын хугацааны орон сууцны хөлсийг бэлнээр төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тиймээс дээрх хугацааны буюу 2017 оны 9, 10, 11 дүгээр сарын хөлс 750,000 төгрөгийг хөлслөгч тал бүрэн биелүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
2018 оны 3, 4, 5 дугаар сарын хугацааны орон сууц хөлсөлсний буюу талууд орон сууцыг хүлээлцсэн гэх хугацааг хүртэлх төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардсан бөгөөд, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4 дэх хэсэгт ...гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах эрх хөлслөгчид байжээ.
Талууд гэрээний ерөнхий нөхцлөөр орон сууцыг хөлслөх хугацааг тодорхой зааж тохиролцсон учир гэрээ 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болох ба, энэ хугацаанаас өмнө орон сууцнаас гарсан гэх үндэслэлээр хариуцагч нар төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй, харин хуульд зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах боломжтой байсан байна.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасны дагуу хариуцагч нар нь гэрээний хугацаа дуусах 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 500,000 төгрөгийг хөлслүүлэгч талд төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Харин гэрээ дуусгавар болоход гэрээний зүйлийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан, улмаар 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээлцсэн байх тул хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлвөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй бөгөөд, нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 250,000 төгрөг, үүн дээр гэрээний хугацаа дуусах хүртэлх 2 сарын төлбөр 500,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч нараас орон сууцны ашиглалтын зардалд цахилгааны төлбөр 21,150 төгрөг, орон сууцны конторын төлбөр 116,400 төгрөг, нийт 137,550 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт зааснаар талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлөх бөгөөд, талууд Орон сууц хөлслөх гэрээгээр орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, утасны төлбөр, СӨХ-ны төлбөр зэргийг хөлслөгч тал төлөхөөр харилцан тохирч гэрээнд тусгажээ.
Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын гаргасан тайлбар, орон сууцны конторын 2018 оны 2, 3, 4, 5 дугаар сарын төлбөр 97,124 төгрөг, алданги 23,561 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байрны ашиглалтын зардал төлөх талаар баталгаажуулсан хариуцагч М.Гийн гар бичмэл бүхий баримт зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Ю.У, М.Г нараас орон сууцны ашиглалтын зардалд 120,685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэгчийн ашиглалтын зардалд шаардсан 137,550 төгрөгөөс илүү шаардсан 16,865 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч М.Г, Ю.У нар орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг гүйцэтгэж, тухайн орон сууцанд хамтран амьдарч байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.
Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Б нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт орон сууцны хөлс 750,000 төгрөг, ашиглалтын зардал 120,685 төгрөг, нийт 870,865 төгрөгийг хариуцагч М.Г, Ю.У нараас шаардах эрхтэй байна.
Хариуцагч Ю.У шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шүүхэд хандан хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хариуцагч Ю.Уянгын эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Г, Ю.У нараас 870,865 /найман зуун далан мянга найман зуун жаран таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 766,865 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 25,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА