Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/170

 

 

                          

    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Ц.Амар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Д.Ганбаатар, шинжээч С.Чулуунсүх, гэрч А.М, түүний өмгөөлөгч С.Батнасан, гэрч Х.Б, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, Ж.Төмөрхуяг нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1727 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Б.Г, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод амь хохирогч Ц.Ц-аас гар утсаа нэхэж, улмаар гэрээс нь ТСЛ брэндийн 200,000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг гар утасныхаа оронд авна хэмээн өөртөө эдийн ашигтай байдал бий болгон хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: “шүүгдэгч, Б овгийн Б.Г нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод амь хохирогч Ц.Ц-аас гар утсаа нэхэж очсон бөгөөд тухайн үед улмаар түүний хэвлий рүү өшиглөсний улмаас бие махбодод нь “...хэвлийн хөндийн битүү гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл...” учруулж алсан, харин зурагтыг нь барьцаа болгож авч явчхаад маргааш нь авчирч өгсөн” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

1. Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Баянхонгор аймагт ажлаар яваад 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод ирээд байж байхад М, Г нар залгаад “Баянхошуунд хүрээд ир” гэсэн. Өглөө нь ажилтай байсан тул “би очиж чадахгүй” гэж хэлсэн. Гэтэл М, Б, Г нар манай гэрийн гадаа  ирсэн байсан. Бас нэг танихгүй эмэгтэй хүн хамт байсан. Хэн юм бэ гэж асуухад “гэрт нь хүргэж өгөх гэж байгаа юм” гэж хэлсэн. Г 1 шил архи тэр танихгүй эмэгтэйд авч өгөөд гэрт нь хүргэж өгөөд үлдээх гэхэд “буцаж хамт явна” гээд буцаад бид нартай хамт манай гэрт ирээд архи уусан. Би эрүүл ухаанаа алдаад унтсан байсан. Нэг сэрэхэд тэр хэд байгаагүй. Орой болоход Г, М нар “караоке ороод ирлээ” гээд манай гэрт ирсэн. Би Г-ын автомашинд гар утсаа цэнэглэж байсан болохоор маргааш өглөө нь Г, М нараас “гар утсаа авъя” гэхэд Г “миний машинд байхгүй, чи цэнэглээд авсан” гэж хэлсэн. Тэгээд ярилцаж байгаад Г, М нар “өдөр ирсэн Ц эгч авсан байх” гэхэд нь М, Г нар тэр айлыг мэдэх юм чинь гээд дуудахад М ирсэн, Г хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгнө гээд явсан байсан. Б, М бид гурав тухайн айлд очиход гэр нь цоожтой байсан тул буцаад манай гэрт ирсэн. Удалгүй Мийн найз нь “21 дээр байна ирээд аваач” гэхэд нь М-ийн машинтай очиж авсан. Буцах замдаа дэлгүүрээс худалдан авалт хийх гэсэн боловч мөнгө байгаагүй тул гар утаснаас мөнгө шилжүүлэх хэрэгтэй болсон учраас нөгөө эгч хүрээд ирсэн байж магадгүй гээд буцаж гэрт нь очиход гэр нь цоожтой байсан. М “тогноос явж байна” гэж хэлээд хаалгыг нь онгойлгуулсан. Эхлээд М бид хоёр гэрт нь орсон, Б гэрийн гадаа баруун талд тамхи татаад байж байсан. Утас авсан талаар тэр эгчээс асуухад эхлээд аваагүй гэж хэлсэн. Сүүлд нь “дэлгүүрт тавьсан байгаа” гэж хэлэхэд нь би “тэгвэл хамт яваад утсаа авъя, би мөнгийг нь өөрөөсөө гаргаад өгнө” гэж хэлээд хамт явахаар болсон. Тэр эгч “оронд нь энэ зурагтыг ав, би тэр дэлгүүрээс дахиж юм авах юм” гэж хэлэхэд нь би зурагтыг нь аваад гэрээс түрүүлж гараад М-ийн автомашинд зурагтыг нь хийгээд байж байтал Б надтай зөрөөд гэрт орсон. Тэгээд М “ороод ир, хамт явъя гэж байна” гээд намайг дуудсан. Би буцаж зурагтыг нь оруулж өгөх гээд гэрт ороход М, Б тэр гурав хөргөгчийн дээд талын орон дээр барьцалдаад зогсож байсан. Ц эгч “та нар одоо боль, явцгаа” гээд зууралдаад, М 1-2 удаа өвдөглөсөн, Б бариад зогсож байсан. Би хажуугаар нь гараад зурагтыг нь тавиад, “эгчээ хамраас чинь цус гарсан байна” гэж хэлсэн. Намайг орж ирэхээс өмнө М цусыг нь арчсан юм байна лээ. Тэгээд би “та тайвшраад суу, бүгдээрээ хамт тэр дэлгүүрт очиж гар утсаа авъя, би хөдөө ажилладаг тул хүмүүстэй утсаар ярьж болохгүй байна, та авсан бол хэлчих” гэхэд “** гэж дэлгүүрт тавьсан” гэж хэлсэн. “За тэгвэл бүгдээрээ явцгаая” гээд би түрүүлээд зурагтыг нь аваад гарсан, Ц эгч хойноос гарч ирэх гэж байгаа бололтой гэртээ үлдсэн. Гэрт үлдээд ямар зүйл болсон талаар мэдэхгүй. Намайг автомашинд ороод арын сандал дээр сууж байхад М, Б нар гарч ирсэн. Яасан бэ гэж асуухад “гарч ирээгүй буцаад хэвтээд өгсөн” гэж хэлсэн. Тэгээд бид нар Их нарангийн эцэст хамгийн эхний дэлгүүр орж “нэг эмэгтэй ирж гар утас барьцаанд тавьсан уу” гэж асуухад “** хочтой эгч үү, гар утас тавиагүй” гэхэд нь шууд 21 дүгээр хороолол орсон. М-ийн найзыг аваад автомашин түр саатуулах газрын урд талд байх зочид буудалд орсон. Би М-ийн найзтай зочид буудалд хөзөр тоглож байж байгаад М, Б нар Г ирлээ гээд гараад явцгаасан. Би тухайн зочид буудалд хоноод маргааш өглөө 10 цагийн үед зочид буудлын эгчийн гар утсаар өөрийн дарга руу “мөнгө явуулаарай” гэж ярьсан. Удалгүй М-ийн гэрт очиход М хувцсаа угаагаад байж байсан. Тэдний гэрт архи уугаад, М “одоо ээж, эмээ ирнэ явцгаая” гээд замаараа айлын зурагт өгнө гээд гэрийнх нь гадаа очиход цагдаа нар ирсэн байсан. Тэгээд бид нарыг салгаад аваад явсан. Юу болсон талаар асуухад нь “өчигдөр энэ айлд ирсэн, өнөөдөр зурагтыг нь өгөх гэж байгаа юм” гэж хэлэхэд хамаг хувцас тайлаад, шинжилгээ хийсэн. Ц эгчийг нас барсан гэж мэдээгүй. Эрүүлжүүлэхэд оноод маргааш өглөө нь байцаалт авсан. М, Б нар өөрсдөө хэргээ хүлээх байх гээд тухайн үед мөрдөгчийн асуултад хариулсан” гэсэн мэдүүлэг;

            2. Гэрч А.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Амь хохирогчийн гэрт эхний удаад өдөр 12 цагаас өмнө очсон, хоёр дахь удаа очиход хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Амь хохирогч гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. Гэрт ороод Г гар утсаа нэхсэн, хохирогч би аваагүй гэж нэг хэлээд, авсан гэж нэг хэлж байсан. Г түүнийг цохисон, би болон Б цохиогүй. Г хохирогчийг алгадсан, үснээс нь зулгаасан, дараа нь хэвлий тус газарт хөл нь хүрсэн...Өшиглөхөд хохирогч “ёооё” гэсэн. Хохирогч “гар утсыг нь хаана тавьсан гэдгээ хэлье, тэгэхгүй бол мөд явахгүй хачин юм болно, манай гэрийнхэн залгаад байна” гэж хэлэхэд нь би Г-ыг дуудсан...Хохирогчтой анх уулзахад нүд нь хөхөрсөн, гар нь шалбарсан зодуулсан юм шиг байсан, шуу нь зулгараад тов тогтсон байсан...Би бие засаад орж ирэхэд амь хохирогчийн хамраас нь цус гарч байсан. Г, Б нар урд нь сандал дээр сууж байсан. Адилхан эмэгтэй хүн учраас би хамрынх нь цусыг арчсан. Г-ыг алгадахад цус гараагүй байсан...Амь хохирогч гэрээс гараад бие засаад орж ирэхдээ довжоон дээр эгцээрээ урагшаа унасан, тэр үед ус асгарсан. Г зурагтыг 2 удаа авч гарсан. Эхэлж зурагтыг аваад миний автомашинд хийсэн. Б-тай ярилцаад буцаж оруулж тавьсан. Тэрний дараа амь хохирогчийг өшиглөсөн. Амь хохирогч гар утас тавьсан дэлгүүрийг зааж өгнө гэж хэлсэн боловч би аваагүй гэж хэлсэн. Тэгэхэд Г зурагтыг нь буцаагаад аваад гарсан. Г зурагтыг өөрийнхөө гар утаснаас болж авсан. Миний гар утсыг эрүүл болсон үедээ барьцаанд тавьсан газраасаа авч өгөөд зурагтаа аваарай гэж хэлж байсан. Тэгээд маргааш өдөр нь зурагтыг нь буцааж өгөх гэж ирээд цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг,   

            3. Гэрч Х.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Г-тай багаасаа найзалсан. Бид амь хохирогчийн гэрт 2 удаа очсон. Өглөө 10 цагт, өдөр 14 цагийн үед очсон. Г-ын гар утас алга болсон байсан учраас хохирогчийн гэрт ороод Г “утсаа авъя, та аль дэлгүүрт тавьсан юм бэ, би мөнгийг нь өгөөд авна” гэхэд хохирогч “би утас аваагүй” гэж хэлсэн. Тэгээд Г дахиад “миний гар утсыг барьцаанд тавьсан дэлгүүрээ заагаад өгөөч” гэж хэлэхэд хохирогч “би аваагүй” гэж хэлэхэд нь Г үсдэж авахаар нь би болиулсан. Г дахиад “гар утас хаана байна” гэхэд амь хохирогч хариулахгүй байсан. Тэгээд Г М-ийг нүдээ аньж бай гэж хэлээд хохирогчийг алгадсан. Дараа нь хэвлий хэсэгт нь өшиглөсөн, хохирогч ёооё гэх шиг болсон. Тэгээд Г зурагтыг нь авсан. Тэгэхэд нь “чи хүний эд зүйлд ингэж хандаж болохгүй, боль” гэхэд Г буцааж тавьсан. Г-ыг “тамхилъя, яах гэсэн юм бэ шийддэг газар нь шийднэ биз” гэж хэлээд гэрээс гарсан. Гадаа байхад М “гар утас хаана барьцаанд тавьсан газраа хэлнэ гэнээ” гээд дуудахад нь орсон. Г хаана тавьсан бэ гэхэд хохирогч хэлэхгүй байсан. Намайг гэрийн гадаа байхад хохирогч жорлон ороод гэртээ буцаж орсон, орохдоо довжоон дээр унасан гэж М хэлж байсан, гэхдээ унасан талаар надад ажиглагдаагүй. Хохирогчийн тохой нь шалбарсан байсан, өөр зүйл харагдаагүй. Би болон М хохирогчтой маргалдсан болон зууралдсан зүйл байхгүй. Зурагтыг маргааш өдөр нь буцааж өгөх гээд хохирогчийн гэрт очиход цагдаа нар ирсэн байсан. Г хохирогчийг алгадсан. Хамраас нь цус шүүрээд М яаж байгаа юм бэ гээд арчиж өгсөн. Амь хохирогчийн гэрт анх ороход унтмаар байна гарцгаа гээд орон дээрээ хэвтээд байсан, согтуу байна гэж бодсон. Гэрт байх хугацаанд хохирогч гэрээсээ нэг удаа гарсан. Г бид хоёр хохирогчийн хажууд нь сууж байгаад Г босоод “гар утас тавьсан дэлгүүр явъя” гээд татаад өшиглөсөн, хэвлийн хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд амь хохирогч эргээд цаашаа хараад эвхэрсэн байдалтай хэвтээд өгсөн” гэсэн мэдүүлэг, 

            4. Шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэвлийн битүү гэмтэл нь гаднын ямар нэгэн гэмтээгч хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсэж байгаа гэмтэл юм. Өөрийнх нь архаг хууч өвчтэй холбоогүй, тухайн гэмтэл авсан цаг хугацаанд үүссэн, бүтцийн хувьд эмгэг өөрчлөлтөд орно. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цогцост задлан шинжилгээ хийгээд нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл гэж үзсэн. Шинэ гэмтэл, хуучин гэмтэл хоорондоо хугацаагаар ялгагддаг тул 24 цаг байна уу, 7 цаг байна уу гэдгийг ялгахад хэцүү. Хэвлий рүү өшиглөсөн тохиолдолд үүсэж болно. Хэдэн удаа гэдэг нь хамааралгүй. Хүчний үйлчлэл чухал, хэр хүчтэй вэ гэдгээс шалтгаална. Хэрэв архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл хүн байсан бол өвдөлт зовуурь мэдрээд эмнэлгийн тусламж авах боломжтой, амь хохирогчийн хувьд согтолтын зэрэг өндөр буюу хүнд зэргийн согтолттой байсан. Энэ тохиолдолд өвдөлт мэдрэх чадвар нь багасдаг. Эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амьд үлдэх боломжтой байхыг үгүйсгэхгүй. Гэмтэл учирснаас хойш идэвхтэй гүйх, харайх, энгийн үйлдэл хийх чадвар согтолтын зэргээс хамаарна. Амь хохирогчийн хувьд согтолтын зэрэг өндөр тул нарийвчлан тогтоох боломжгүй гэж үзсэн. Хэвлийн битүү гэмтэл нь урагшаа унасан, мохоо зүйл дээр унасан тохиолдолд үүсэж болно. Гэрийн шалан дээр унах үед хэвлийн битүү гэмтэл үүсэх нь бага. Хязгаарлагдмал гадаргуутай буюу тодорхой хэлбэр дүрстэй, өнцөгтэй, ирмэгтэй зүйлд хэвлийн гэмтэл үүснэ. Усны сав дээр унасан байлаа гэхэд усны савны шинж чанараас шалтгаална. Хуванцар саван дээр унасан бол гэмтэл учрах магадлал бага. Хэвлий хэсэг гэж цээж бага аарцаг хоорондын зайг хэлдэг. Хоёр мохоо зүйлийн хооронд хавчуулагдах үед гэмтэл үүсдэг. Газар байхад нь дээрээс нь дэвсэх цохих гэх мэт. Үүнээс гадна хэвлийн урд хэсэгт гэмтэл үүсэх магадлал 70-80 хувь гэж үздэг. Урд хэсгээр хүч үйлчлэхэд даралтаар гэмтэл үүсэх боломжтой. Хэвлий гэдэг нь урдуураа булчинтай, дотроо цул эрхтнүүд байдаг. Нэг талд нь гэмтэл учруулахад тэр хэсэгтээ гэмтэл үүсээд бусад хэсэгтээ гэмтэл үүсэхгүй гэсэн зүйл байхгүй. Хэвлийн өөрийнх нь дотоод даралтаас шалтгаална. Их хэмжээний хүч аль нэг хэсэгт үйлчиллээ гэхэд тэр хэсэгт гэмтэл учрахаас гадна өөр газарт гэмтэл учирч болно. Аливаа зүйлтэй хавсарч цохисон үед хэвлийн хоёр талд гэмтэл үүснэ. Зөвхөн зүүн талд нь өшиглөөд, зүүн талаараа унахад гэх зүйл байхгүй. Энэ хэмжээний гэмтэл үүсэхэд хэрэв хувцастай байвал хүчийг зөөллөөд наад арьсанд гэмтэл учрахгүйгээр цаад талдаа битүү гэмтэл үүсэж болно. Хэвлийн битүү гэмтэл учирсан үед үүсэх нийтлэг шинжийг дүгнэлтдээ дурдсан. Үүнээс өөрөөр гэхээр амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсан. Энэ нь хүний архи даах чадвараас хамаарч орчинтой харьцах харьцаа муу, босоо байж чадахгүй, хэвтрийн байдалтай л байна. Дээрх шинжүүдээс өөр онцгой шинж тэмдэг байхгүй. Шинжилгээгээр цусанд 3,4, цөсөнд 3,6, ходоодонд 3,8 хувийн промилл спирт илэрсэн. Ер нь 3 бүхлээс дээш бол хүнд зэргийн согтолттой буюу спиртийг их хэмжээгээр хэрэглэсэн гэж үзнэ...Амь хохирогчид мөн нойр булчирхайн үхжил цус харвалт оношлогдсон. Архи, спиртийн хэрэглээ ихтэй хүнд энэ өвчин илэрдэг. Энэ нь амь насанд аюултай гэхээс илүү спирт хэрэглэсэн байна гэдгийг харуулж байна. Үхэлд хүргэсэн гэсэн үг биш. Нойр булчирхайн үхжил нь олон эрхтний дутагдалд хүргэдэг тул дангаар үхэлд хүргэхгүй. Зүүн бөөрний дээд талд голомтот цус харвалт нь гэмтэлтэй холбоотой ойлголт, нойр булчирхайн үхжилттэй холбоогүй. Чацархай эдийн цусан хураа нь гэмтэл аваад ямар судас, ямар хэсэг гэмтсэн, гэмтсэн хэсгийн байрлал зэрэг хамаарна. Цусан хураа 1600 мл гэдэг их хэмжээ. Чацархай гэдэг өөрөө судас сайтай эрхтэн. Том судас гэмтээд богино хугацаанд цус алдсан уу, эсвэл арай жижиг судаснаас цус алдаад удаан хугацаанд шүүрч байсан уу гэдгээс шалтгаална....Нойр булчирхайн үхжилт гэдэг нь спиртийг нэг удаа хэрэглээд үхжилт үүсэхгүй. Нойр булчирхайн үхжилт хэвлийн битүү гэмтэлтэй хавсарсан байдлаар үхэлд хүргэхгүй...” гэсэн мэдүүлэг;

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 04 дүгээр сараас эхлэн хөдөө орон нутагт нүүрс тээвэр хийж байгаад 2023 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Улаанбаатар хотод ирсэн. Энэ хугацаанд талийгаач эхнэр Ц.Ц, охин С нар Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо ** тоотод байрлах айлын хашаанд амьдарч байсан. 9-өөс 10-нд шилжих шөнө машиндаа хоночхоод 10-ны өдрийн 11 цагийн орчимд гэртээ ирэхэд охин маань байхгүй, харин талийгаач бага зэрэг архи үнэртүүлчихсэн шарталтын байдалтай байсан. Би эхнэртээ “битгий архи уугаарай, охиноо сайн хараарай” гэж хэлээд 12 цагийн орчимд буцаад машин байрлуулсан газартаа очиж машиндаа засвар үйлчилгээ хийсэн. 10-ны оройдоо би өөрийн төрсөн дүү Д-ын гэрт очиж хоносон. 11-ний өглөө буцаад машин тавьсан газартаа очиж засварын ажлаа үргэлжлүүлсэн, орой нь дахиад дүүгийнхээ гэрт очиж хоносон. 12-ны өдөр машин дээрээ завсар хийж байтал 16 цаг өнгөрч байхад манай охин С над руу залгаж “ээж гэрийн гадаа байна, амьсгалахгүй байна” гэж хэлэхээр нь би “түргэн дууд” гэчхээд “багажийг хураагаарай” гэж Ж гэдэг найздаа хэлээд дүү Д-ын машинаар гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд түргэний эмч ирчихсэн, талийгаач гэрийн амбаарын урд дээш харсан байдалтай байсан, эмч ухаангүй байсан, эмч амьсгал хураачихсан байна гэж хэлсэн... гэртээ ороход гэрийн ертөнцийн зүгээр баруун талын орны урд хэсгээр хэд хэдэн газарт цус болчихсон, эхнэрийн маань өмсдөг байсан улаан өнгийн бэлтгэлийн цамцны тохой шуу хэсэгт цус болчихсон, орны урд талын шал хэсэгт туссан цусыг арчиж цэвэрлэсэн шинжтэй байсан. Гэрийн хоймор байх модон тавилга дээр байсан 32 инчийн TCL брэндийн зурагт байхгүй байсан...10-ны өдөр талийгаачтай уулзахад гэмтэл шарх байгаагүй, харин нас барсан байхад нь ирж харахад хамар нүд хэсэг нь хөхөрсөн, уруул нь язарсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-72, 75 дахь тал),

6. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2023 оны 10 дугаар сарын 11-ний өглөө ажлаасаа тараад 11 цагийн орчимд нутгийн найз Г-ын гэрт утсаар ярьж байгаад очсон. .. М гэх эмэгтэй Г болон ахиад нэг танихгүй залуугийн хамтаар цагаан өнгийн Приус 11 маркийн машинаар очсон. Г “сайхан танилцъя, тухтай газар сууж юм ууж сууя” гэхээр нь би зөвшөөрч Г, М, хамт байсан танихгүй хөл муутай залуу бид дөрөв Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороололд байрлах караоке орж 2 цаг орчим дуулсан. Бид дөрөв 18 цагийн орчимд Г-ын гэр лүү буцаж такси бариад явсан ба замаараа дэлгүүр орж 2 шил архи, 1 ширхэг пиво болон идэж уух зүйлс аваад очиход Г сэрчихсэн байсан. Г-ын гэрт бид нар авч ирсэн архи пивоо хувааж уусан. Улмаар ууж байхдаа Г нь миний гар утас алга болсон гэж ярьсан. Г-ын унаж байсан Приус машинд цэнэглэсэн гэхэд Г “байхгүй байсан” гэж хэлсэн. Тэгээд дахин бие биеэсээ асууж байгаад өдөр нь ирчихсэн байсан ** хочтой Ц эгч аваад явсан байна гэж ярьцгаасан....2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8 цагийн орчимд бид 3 сэрээд Г-ын гар утсыг ахин хайсан ба утас нь олдохгүй байсан тул М, Г хоёрыг дуудсан. М ганцаараа хар өнгийн приус 41 маркийн машин унаад ирсэн. Хөл муутай залууг үлдээгээд Г, М бид 3 урьд Ц гэх эгчийн гэр лүү явсан. Гэр нь Их нарангийн эцэст байдаг талаар М мэдэж байсан. Хашааны гадаа 10 цагийн орчимд очиход гэр нь түгжээтэй, хажуу талын айлын хүн Ц эгчийг гараад явсан гэсэн. Тэгэхээр нь бид 3 хэсэг хүлээж байгаад ирэхгүй шинжтэй болохоор нь ойр орчмын дэлгүүр орж ** хочтой эгчийг сураглахад ойрхон явж байсан нэрийг нь Ц гэж дэлгүүрийн эгч хэлсэн. Тухайн дэлгүүрийн нэрийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд бид 3 буцаад Г-ын гэрт очиж байж байгаад 14 цагийн орчимд Ц эгчийн гэр лүү ахин ирэхэд дотор нь хүн байгаа боловч хаалгаа тайлахгүй түгжсэн байсан. М “эрчмээс явж байна, тог шалгана” гэж худлаа яриад хаалгыг нь тайлуулсан. Гэрт нь ороод Г “утас хаана байна, тавьсан дэлгүүрээ хэлчих” гэхэд “би мэдэхгүй, би аваагүй, та нар гарцгаагаач би унтмаар байна” гээд тэр эгч гэрийнхээ баруун талын орон дээр хэвтээд босохгүй байсан. Тэгтэл Г “таныг авсан гэдгийг нь мэдэж байна. Утас нь байршил тогтоогч танай гадаа ирээд байхгүй болсон” гэхэд тэр эгч нь “би аваагүй” гэж хэлсэн. Тэгтэл Г тэр эгчийг үсдэх гээд дайраад байхаар нь би болиулж гарыг барьсан. Хэсэг байж байгаад ахиад Г Ц эгчийг үсдээд авсан. Тэр үед Ц эгч “та нар чинь ямар аймар юм бэ, би аваагүй” гэхэд Г М-ийг “нүдээ аньж бай” гэж байгаад нүүр рүү нь алгадсан. Ц эгчийн хамраас нь цус гарахаар нь Г-ыг М бид 2 болиулж хойшлуулсан. Тэгтэл Г “зурагтыг нь аваад явчихъя” гэж хэлээд хойморт байсан модон тавилга дээрх зурагтыг нь авч гараад М-ийн машинд хийсэн. Тэгэхээр нь би Г-д “чи болиоч ээ, ээж шигээ хүний юмыг аваад эвтэй яриад асуудлаа шийдээч” гэхэд миний үгийг аваагүй. Тэгээд Г бид 2 гэрийнх нь гадаа тамхилах гээд зогсож байтал М “энэ эгч утас тавьсан газраа зааж өгөх гээд байх шиг байна” гэж хэлээд дуудсан. Би Г-д “зурагтыг буцааж өгөөд тайван ярилц” гэхэд зурагтыг нь аваад гэр лүү орсон. Г зурагтыг байсан газар тавьчхаад “за эгчээ одоо яг үнэнээ хэлчих” гэхэд Ц эгч “би мэдэхгүй, би амармаар байна” гэхэд Г “за эгчээ тайван ярилцаад асуудлаа шийдье” гээд урд нь суусан. М бид хоёр 00 орох гээд гарсан хойгуур тэр 2 ярилцаад үлдсэн. Тэгээд 2-3 минутын дараагаар Г-ын дуу чангараад байхаар нь М бид 2 буцаад гэр лүү орсон. М “яагаад муухай орилоод байгаа юм бэ? Эвтэйхэн ярьчхаач” гэж хэлэхэд Ц эгч зайлцгаа гэж хэлээд хэвтчихээд босохгүй байсан ба хамраас гарсан цусыг нь М ариун цэврийн цаасаар арчсан. Г уурлаж “таныг тэгвэл аваад явна” гэж хэлээд эхлээд гараас нь татсан. Гараас нь татахад Ц эгч босохгүй зууралдаад орилтол Г баруун хөлөөрөө цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь М бид 2 болиулж Г-ыг аваад гэрээс гарсан. Гарахдаа Г зурагтыг нь аваад явна гээд аваад гарсан. Ингээд бид 3 буцаад Г-ын гэрт ирэхэд 15 цаг л болж байсан. Тэгээд М машинаа тавилаа гэж хэлээд явсан. Ингээд Г бид 2 буудалд унтацгаасан ба маргааш нь буюу 13-ны өглөө 10 цагийн орчим М бид хоёрыг дуудаж тэр хүнийхээ зурагтыг аваачиж өгөө гэж хэлсэн. Тэгээд бид 2 М-ийн гэрт очиж бид 3 нэг шил Хараа нэртэй архи хуваан уусан. М бага зэрэг архи үнэртүүлж машинаа барьсан ба тэр эгчийн гэр лүү 16 цагийн үед очиход цагдаа нар ирчихсэн байсан. Ингээд Г бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хийсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-82 дахь тал)

7. Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найз Г-тай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхонд байх Г-ын гэрт 0.75 литрийн Хараа архи хувааж уучхаад байж байгаад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байх Г-ын гэр лүү явсан. ... Маргааш нь өглөө нь Г над руу залгаад миний утас алга болчихсон байна хамт архи ууж байсан танихгүй эмэгтэй аваад явчихсан байна, тэдний гэр лүү очиж утсаа авъя гэхээр нь Г, Б бид 3 нөгөө эмэгтэйн гэрт явж очиход хүн байхгүй байсан...Тэгээд ирэхгүй болохоор нь буцаж Г-ын гэрт ирээд 2.4 литрийн пиво 1 ширхгийг хувааж уучхаад би харих гэхэд Г дахиад 1 очиж үзнэ гээд байхаар нь Б, Г бид дахиад гэрт нь явж очсон. Тэр гэрээ дотроос нь түгжчихсэн хаалгаа онгойлгохгүй байхаар нь “тогноос явж байна” гэж хэлээд онгойлгохоор нь гэр лүү нь орсон. Г тэр эгчээс утсаа асуугаад “миний утсыг өгчих, тавьсан дэлгүүрээ заагаад өгчих, танаас мөнгө авахгүй” гэж хэлтэл “аваагүй” гээд байхаар нь цагдаа дуудлаа гэж хэлэхэд битгий цагдаа дуудаач ээ гээд орилоод байсан. Тухайн эмэгтэй гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байсан ба Г хажууд нь очиж суугаад удаан хугацаанд ярилцсан. Харин Б бид 2 гэрийн нөгөө талын орон дээр хамт сууцгаасан. Сүүлдээ Г уурлаад намайг “нүдээ аньж бай” гэж хэлэхээр нь би 2 гараараа нүүрээ дарчхаад яах гэж байгаа юм бол гэж бодоод хартал Г шууд нөгөө эгчийн үснээс нь зулгаагаад нэг гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа алгадахаар нь Б бид хоёр боль гэж хэлээд болиулсан. Хэсэг хугацаанд сууж байгаад Б бид 2 гэрээс гарч бие засаж тамхилчхаад буцаж гэр лүү орсон. Г тэр эмэгтэйтэй ярилцаж сууж байгаад орон дээрээ хэвтэж байхад нь гараас нь татаж босгоод “цуг явъя миний утсыг заагаад өгчих” гэхэд нөгөө эмэгтэй “би мэдэхгүй” гэхэд Г шууд өвдгөөрөө хэвлий хэсэг рүү нь 1 удаа өвдөглөхөд нөгөө эгч доошоо атиралдаад ёолсон. Тэр эмэгтэйн хамраас нь цус гарсан байхаар нь би хөргөгч дээр байсан ариун цэврийн цаасыг авч цусыг нь арчсан. Г “би танайхаас өөрийнхөө утастай дүйцэхээр зүйл авч явна миний утсыг олж өгчхөөд аваарай” гээд зурагтыг чинь явлаа гэж хэлэхэд “тэгээ тэг” гэж байснаа яахлаараа би зурагтаа өгдөг юм гэж хэлтэл Г би яахаараа ганцаараа хохирох ёстой юм гэхээр нь Б бид хоёр Г-д зурагтаар нь яах гээд байгаа юм үлдээгээд явъя гэж хэлтэл Г авна гэж хэлсээр байгаад тэдний гэрээс зурагтыг нь аваад миний машинд тавьсан. Тэр өдрөө бид 3 дахиад архи уучхаад гэр гэртээ харьж амарцгаасан. Маргааш нь Г над руу залгаад “зурагтыг нь хүргэж өгье, буянаараа болог дээ” гэж ярилцаад Б, Г бид 3 тэдний гэрийн гадаа ирэхэд цагдаа нар ирчихсэн байж байгаад бид нарыг хэлтэс дээр авч ирсэн” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал),

8. Гэрч Э.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг болох гэж байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ** тоотод манай гэрт миний төрсөн ээж Б-ийн төрсөн дүү Ж гэж дуудаад байдаг эгчийн хүү Т ганцаараа эрүүл ирсэн. ...удалгүй гүйж орж ирээд охин залгаад байна. Би явлаа шүү та миний түлхүүр багажийг хучаад хураачихаараа гэхээр нь би юу болсон юм бэ гэхэд, эхнэр Ц уначихсан юм шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),

9. Гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 08 цаг өнгөрч байхад .... талийгаач “тамхи байна уу айргаасаа жаахан өгчхөөч” гэхээр нь би 2 ширхэг энгийн ногоон савтай айраг өгсөн... тухайн үед талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй юм шиг байсан биеийн байдал нь хэвийн байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дахь тал)

10. Насанд хүрээгүй гэрч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг өнгөрөөж хичээлдээ яваад ээж гэртээ ганцаараа үлдсэн. Хичээлээ тараад 14 цагийн үед гэртээ ирэхэд ээж өөрийн шавь гээд 25 орчим насны 170 орчим см өндөртэй Б гэдэг хүнтэй хамт архи уугаад сууж байхаар нь би ээжээс “энэ хүн бэ" гэсэн чинь ээж надад "манай шавь" гэж хэлсэн. Би тэр хүнийг нь гэрээс хөөхөд явахгүй байсан. Би тэгээд гэртээ хоол халааж идээд унтаж байгаад 18 цаг өнгөрөөд сэрэхэд ээж нөгөө хүнтэйгээ хамт нэлээн согтчихсон сууж байхаар нь би тэр хүнийг гэрээсээ хөөгөөд гаргахад ээж тэр ахыг дагаад бас гараад явсан. 19 цагийн үед тэр хоёр том пиво барьчихсан ороод ирэхээр нь би хэсэг байж байгаад тэр хүнийг дахин хөөсөн чинь " би багштайгаа хамт ярьж байна" гээд хамт гарах гэхээр нь нөгөө ахыг би гэрээсээ гаргачхаад ээжийг унтуулсан. Өчигдөр өглөө 6 цагт ээжийг унтаж байх үед босоод "та өнөөдөр эрүүл болоод байж байгаарай би хичээлээ тарж ирээд таны алга болгосон гар утасны дугаарыг сэргээж өгнө шүү" гэхэд ээж "за" гэж хэлээд босоод хаалгаа дотроосоо түгжээд үлдсэн. Би хичээлээ тараад 15 цаг болж байхад гэртээ ирэхэд ээж дээгүүрээ цагаан футболк ягаан өмдтэйгөө орон дээрээ цаашаа хараад юм хэлэхгүй унтаад байхаар нь би гэрт байсан зурагт яасан талаар асуухад ээж дуу нь их сул болчихсон арай гэж" мэдэхгүй" гэж хэлсэн. Ээж согтуу байхаар нь зурагтаа архи ууж байгаад алдчихсан юм байна гэж бодоод орхисон. Гэтэл ээж удалгүй" шээлээ" гээд гэрээс гараад орж ирэхгүй болохоор нь би гараад хайхад манай гэрийн баруун талын амбаарын ар талд газар уначихсан хэвтэж байхаар нь босгоод гэрт оруулсан. Ээж юу ч хэлж чадахгүй амь нь тэмцээд байгаа бололтой босоод гадаа гараад амбаарын үүдэнд очоод газар хэвтэхээр нь би очоод гайгүй байх гэж бодоод эргэж гэртээ ороод хоол хийж байхад ээж гадаа их сонин дуу гаргаад байхаар нь хоолоо хийчхээд гадаа гарсан чинь ээжийн царай цусгүй мэт цагаан болчихсон амьсгал нь тасалдаад байхаар нь би шууд аав руугаа залгаад болсон явдлыг хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал),

11. Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08 цагийн үед гэрээсээ гараад 2 хүүдээ цэцэрлэг болон сургуульд нь хүргэж өгөөд ажил болох Сонгинохайрхан дүүргийн 4-р хороонд байрлах “***” ХХК-нд очоод мужааныхаа ажлыг хийж байгаад 09 цагийн үед М рүү залгаад “за юу болж байна” гэсэн чинь М “Г-ийн гэрт байна, Г, Б бид нар архи ууж байна” гэсэн. Тэгээд би 13 цагийн үед дахин М рүү залгаад “та нар юу хийж байна” гэсэн чинь “Ц-гийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн Алтан овоо ** тоотод байна. Ц архи уугаад согтуу тасарчихсан унтаж байхад Ц-гийн нүүр рүү Г 2-3 удаа алгадаад, миний гар утсыг чи авсан юм уу гэсэн чинь Ц сэрээд би гар утсыг чинь авсан гэж хэлсэн. Тэгээд Г би зурагтыг чинь аваад явлаа гэсэн чинь Ц ав ав гэж Г-д хэлсэн, Г уг зурагтыг ломбардад тавина гэж хэлсэн, М яах юм бэ хүн чанартай байя гэж хэлсэн” талаар, 17 цагийн үед дахин М рүү залгахад М “зурагтыг ломбардад тавиагүй ээ, миний ** ... улсын дугаартай автомашинд байгаа Ц-гийн гэрт аваачиж өгнө” гэж хэлсэн.. ...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал),

12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2726 дугаартай: “Амь хохирогч Ц.Ц нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижилт, элэгний өөхлөлт, архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна. Дээрх өвчнүүд үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогчийн цогцост зүүн бөөрний өөхөн эслэг, сэмж, чацархайд цус хуралт, чацархайн язарсан урагдал, хэвлийн хөндийд цус хуралт, дух, баруун тохой, 2 өвдөгт зулгаралт, дух, хамар, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун бугуй, сарвуу, баруун ташаа, баруун гуя, 2 өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх, унах, нидрэгдэх үед үүсгэгдэх боломжтой. Дээрх хэвлийн битүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь биед аюултай хүнд гэмтэл, бусад гэмтлүүд нь тус журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Амь хохирогч АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 237 дахь тал),

13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1096 дугаартай: “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01.00 цагт хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг орчим болсон байжээ. Ц.Ц-гийн биед учирсан зуун бөөрний өөхөн эслэг, сэмж, чацархайн цус хуралт, чацархайн язарсан урагдал, хэвлийн хөндийн цус хуралт гэмтэл нь амь хохирогчийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. Дух, баруун тохой, 2 өвдөгт зулгаралт, дух, хамар, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, баруун бугуй, сарвуу, баруун ташаа, баруун гуя, 2 өвдөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагаас дээш хугацаанд үүссэн хуучин шинэ хавсарсан гэмтлүүд байна. Ц.Ц нь дээрх хэвлийн битүү гэмтлийг авсан үед хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, огиулах, дотор муухайрах, царай цайх, цонхийх, хөлс гарах зэрэг шинжүүд илрэх бөгөөд согтолтын зэрэг, хоол тэжээлийн байдал, архи даах чадвар зэргээс хамаарч дээрх шинжүүд харилцан адилгүй хугацаанд илэрч болно. Дээрх гэмтлийг аваад хэдий хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх чадвар нь согтолтын байдлаас хамаарч харилцан адилгүй илэрнэ. Ц.Ц-гийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн тухайлбал өшиглөх, өвдөглөх, цохих, цохигдох, унах, нидрэгдэх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг аваад хэр удаан амьд явах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй”...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 135 дугаар хуудас),

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5027 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамц, ариун цэврийн цаас дээр цус илэрсэн. Улаан өнгийн өмд, шар өнгийн куртка, цэнхэр өнгийн футболк, бор өнгийн хос гутал, цэнхэр өнгийн алчуур, ягаан өнгийн зузаан өмд, даавууны өөдөс дээр биологийн ул мөр илрээгүй. Улаан өнгийн цамц, ариун цэврийн цаас дээр илэрсэн цус нь ДНХ тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ИБ8198 дугаартай Ц.Ц гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ тогтоцтой тохирно, Т5025 дугаартай Б.Г, Т5026 дугаартай Х.Б нарын гэх хатаан бэхжүүлсэн цуснуудын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй....” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 9-10 дахь тал)

15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5031 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ц.Ц-гийн биед хийсэн цогцсын үзлэгээр хураан авсан гэх ягаан өнгийн өмд, цагаан өнгийн футболк, улбар шар өнгийн хос оймс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн өмд дээр цус илэрсэн. Цагаан өнгийн футболк, улбар шар өнгийн хос оймс дээр биологийн ул мөр илрээгүй. Ягаан өнгийн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Илэрсэн цус нь 5027 дугаартай дүгнэлтэд дурдсан ИБ8198 дугаартай Ц.Ц гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно, Т5025 дугаартай Б.Г, Т5026 дугаартай Х.Б нарын гэх хатаан бэхжүүлсэн цуснуудын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 26 дахь тал),

16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5028 дугаартай: “... Б.Г-ын биед хийсэн үзлэгээр хураан авсан... хар өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд дээр цус илэрсэн...илэрсэн цус нь ДНХ тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Илэрсэн цус нь ДНХ тогтцоороо 5027 дугаартай дүгнэлтэд дурдсан Б.Г гэх хатаан бэхжүүлсэн ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэсэн шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 59-60 дах тал),

17. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 882 дугаартай: “Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Г нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Г-ын хэл ярианы хөгжил, сэтгэн болох чадвар нь хэвийн байна. Б.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна. Б.Г нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. Б.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 117-118 дахь тал)

18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч нараас дараах дүгнэлтийг гаргав. Үүнд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг: “...Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу явагдсан. Гэмт хэргийг ямар шалтгааны улмаас хэн үйлдсэн болох нь эргэлзээ бүхий баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр баримтуудыг бүрэн нягталж шалгаагүй. Гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч болон гэрч М, Б нарын өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй болох нь ажиглагдаж байна. Тухайлбал, гэрч М “...Г хохирогчийг өвдөглөсөн...” гэж, харин гэрч Б “...Г хохирогчийг өшиглөсөн...” гэж, гэтэл шүүгдэгч Г “...Б амь хохирогчийг бариад М цохисон...” гэж тус тус зөрүүтэй мэдүүлцгээсэн...” гэсэн дүгнэлт хэлсэн боловч үйл баримтыг үгүйсгэлгүйгээр зүйлчлэлийн талаар хууль зүйн санал гаргасан болно.

      Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад баримтуудыг тал бүрээс нь шинжлэн хэлэлцлээ. Амь хохирогч 2023 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 16-17 цагийн хооронд амь хохирсон гэдэг нь насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Амь хохирсон хугацаанаас өмнөх 24 цагийн дотор гэмтэл авсан байх боломжтой, хүнд зэргийн согтолттой байсан гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан тооцож үзэхэд тухайн өдрийн өмнөх өдөр нь амь хохирогч архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тодорхой болсон. Гэрч нарын мэдүүлгээр Г-тай хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн, такси барих гээд зогсож байсан гэдэг. Түүнээс хойш амь хохирогч хэн нэгэнд цохиулаагүй, унаагүй гэдгийг тогтоосон нэг ч зүйл байхгүй. Насанд хүрээгүй гэрчийг хичээлдээ явснаас хойш гарч айраг зарж байсан хүний хажуугаар гарч дэлгүүр, эмийн сан орсон гэсэн үйл баримт тогтоогдсон. Энэ хооронд амь хохирогч унаагүй, аливаа зүйлд цохиогүй гэдгийг хэн ч хэлээгүй. Шинжээч эмч нэг талдаа хатуу нэг талдаа дэвсэх гэсэн үйлдлийн улмаас гэмтэл илүү учрах боломжтой гэдгийг тодорхойлж хэлсэн. Амь хохирогчийн гэрт юу болсон талаар 3 өөр агуулгатай мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрч М өвдөглөсөн, өвдөглөхдөө хэвтэж байсан хүнийг татаж босгож ирээд өвдөглөсөн гэж мэдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгосон. Аль хэсэгт вэ гэж асуухад баруун талын хэвлий хэсэгт өвдөглөх шиг болсон гэж тодорхойлж хэлж чадахгүй байна. Гэрч Б гутлын үзүүрээр өшиглөсөн гэж байна. Хэвтэж байсан хүнийг татаж босгож ирээд зайнаас өшиглөх байдлаар хөл хүрэх боломжтой юу? Өшиглөлтийн хүч нь өөрөө гэмтэл учруулж болохуйц нөхцөл байдалд байсан уу? Хоёр хатуу мохоо зүйлийн завсар харшуулж өшиглөсөн үү гэдэг нь тогтоогдоогүй. Тухайн үед тодорхой үйлдлүүд хийгдсэн боловч амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна. Амь хохирогч тухайн үед шарталтын байдалтай, урьд орой нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Насанд хүрээгүй гэрч өглөө хичээлдээ явахад амь хохирогч согтолтын байдалтай байсан гэдгийг илэрхийлсэн. Г нарыг гэрт нь ороход хэвтээд босохгүй байсан гэж гэрч нар мэдүүлдэг. Шинжээч эмч дээрх гэмтлийг аваад хэвтэх гэсэн нэмэлт шинж илэрч болно гэж мэдүүлсэн. Амь хохирогчийн хэвлийд хуралдсан цусыг шинжээч эмч ямар судас хагарснаас шалтгаалж их, бага хэмжээгээр цус хурна гэж мэдүүлсэн. Гэхдээ 1600 мл цус гэдэг их хэмжээний цус. Магадгүй эрт үүссэн байх боломжтой. Хэрэв өшиглөсөн бол баруун тал руу өшиглөсөн байх магадлал тогтоогдсон. Зүүн хэвлий, зүүн бөөрний дээд хэсэгт, зүүн талын чацархай хэсэгт язралт гэмтлүүд тогтоогдсон. Амь хохирогч гэрээсээ гараад буцаж орж ирэхдээ урагшаа хүчтэй унасан болох нь шүүх хуралдаанд гэрч М-ийн мэдүүлгээр тодорхой боллоо. Шалан дээр унасан уу, усны саван дээр унасан уу, ямар ч байсан урагшаа хүчтэй бүдэрч унаад, босож орон дээрээ хэвтсэн байна. Унаснаас үүдэлтэй юу, өшиглөснөөс үүдэлтэй юу, эсвэл бусад шарх гэмтлийг авахдаа үүссэн үү гэдгийг өнөөдрийн байдлаар эцэслэн тогтоох боломжгүй. Г-ыг өшиглөсөн гэсэн М, Б нарын мэдүүлгээр Г өшиглөсөн гэсэн дүгнэлт хийсэн болохоос тухайн үед үүссэн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоож чадаагүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон. Ийм учраас миний үйлчлүүлэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүх үйл баримтын талаарх өмгөөлөгч нарын дүгнэлттэй холбоотойгоор дараах няцаалтыг өгч байна. Үүнд:

Нэгдүгээрт: Шүүгдэгч Б.Г-ын хувьд “...Би хохирогч эмэгтэйг өшиглөөгүй, харин гар утсаа асуусан боловч нэг бол аваагүй, нөгөө бол авсан гээд өөр өөрөөр хэлээд байхаар нь зурагтыг нь барьцаа болгон авсан юм. Намайг гарчхаад орж ирэхэд Б хохирогчийг барьчихсан, М тэр эмэгтэйг цохисныг би харсан...” хэмээн мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийг гэрч Х.Б, А.М нар няцаан үгүйсгэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Б “...Г хохирогч эмэгтэйг гар утас тавьсан газраа зааж өгөхгүй болохоор орноос нь татаж босгоод хэвлий хэсэг рүү өшиглөсөн...” гэж, гэрч А.М “...хохирогч эмэгтэй гар утас тавьсан газраа зааж өгөхгүй болохоор Г түүнийг орноос нь татаж босгоод өвдөглөсөн...” гэж тус тус мэдүүлцгээсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагааны үед анх мэдүүлэг өгөхдөө гэрч Х.Б “...Г уурлаж “таныг тэгвэл аваад явна” гэж хэлээд эхлээд гараас нь татсан. Гараас нь татахад Ц эгч босохгүй зууралдаад орилтол Г баруун хөлөөрөө цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь М бид 2 болиулж Г-ыг аваад гэрээс гарсан. Гарахдаа Г зурагтыг нь аваад явна гээд аваад гарсан...” (1 дэх хавтаст хэргийн 79-82 дахь тал) гэж, гэрч А.М “...Г тэр эмэгтэйтэй ярилцаж сууж байгаад орон дээрээ хэвтэж байхад нь гараас нь татаж босгоод “цуг явъя миний утсыг заагаад өгчих” гэхэд нөгөө эмэгтэй “би мэдэхгүй” гэхэд Г шууд өвдгөөрөө хэвлий хэсэг рүү нь 1 удаа өвдөглөхөд нөгөө эгч доошоо атиралдаад ёолсон юм...” (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал) гэж тус тус шүүгдэгч Б.Г-ыг зааж мэдүүлсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн гэрч нарын мэдүүлгийг агуулгын хувьд зөрүүгүй гэж үзсэн болно. Учир нь, хүн хүний нөхцөл байдлыг үнэлэх, харах, санах чадамж нь харилцан адилгүй байдаг бөгөөд ялангуяа, харах өнцөг буюу гэрч нар хаанаас нь харснаас хамаараад өөр өөрөөр харсан, ойлгосон байх боломжтой байдаг. Ийм учраас гэрч нарын хувьд нэг нь өшиглөсөн, нөгөө нь өвдөглөсөн хэмээн зөрүүтэй мэдүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэдний хувьд шүүгдэгч Б.Г-ыг амь хохирогчийн хэвлийд хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болохыг хэн алин нь батлан мэдүүлж байгаа нь шүүгдэгч Б.Г-ын мэдүүлгийг няцаан үгүйсгэх гол үндэслэл болж байна.

Түүнчлэн, гэрч Х.Б, А.М нарын тухайд урьд нь бие биеэ танихгүй, өөр хоорондоо ашиг сонирхлын нэгдэлгүй болох нь хэргээс тодорхой харагдах бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгч нар тэднээс анх мэдүүлэг авахдаа үгсэн тохиролцохоос сэргийлж, эрүүлжүүлэх байрнаас гармагц нь нэгэн зэрэг өөр өөр өрөөнд мэдүүлэг авах ажиллагааг явуулсан байх тул тэднийг зориудаар шүүгдэгч Б.Г-ыг гүтгэсэн гэж үзэх үндэслэл алга. Үүнээс гадна, гэрч Х.Б, А.М нарт амь хохирогч Ц.Ц-тай муудалцах шалтгаан огт байгаагүй, эсрэгээрээ шүүгдэгч Б.Г-ын хувьд гар утсаа алдчихсан бөгөөд гар утсаа  олж авах зорилгоор амь хохирогчийн гэрт очсон болохыг харгалзах нь зүйн хэрэг.

Хоёрдугаарт: амь хохирогчийн нас барсан цаг хугацаатай холбоотой асуудлаар өмгөөлөгч Н.Энхжаргал дүгнэлт гаргасан нь үндэслэл муутай болсон хэмээн шүүх дүгнэв. Тодруулбал, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр амь хохирогч нас барахаасаа өмнө 24 цагийн дотор түүнийг үхэлд хүргэсэн хэвлийн хөндийн битүү гэмтлийг авсан болох нь тогтоогдсон бөгөөд уг хугацаанд амь хохирогч Ц.Ц нь тухайн хугацаанд ямар байдалтай байсан болохыг насанд хүрээгүй гэрч Т.С (1-р хх-ийн 110-111 дэх тал) тодорхой мэдүүлсэн байна.

Насанд хүрээгүй гэрч Т.С нь мөрдөн шалгах ажиллагаанд “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг өнгөрөөж хичээлдээ яваад ээж гэртээ ганцаараа үлдсэн. Хичээлээ тараад 14 цагийн үед гэртээ ирэхэд ээж өөрийн шавь гээд 25 орчим насны 170 орчим см өндөртэй Б гэдэг хүнтэй хамт архи уугаад сууж байхаар нь би ээжээс “энэ хүн бэ" гэсэн чинь ээж надад "манай шавь" гэж хэлсэн. Би тэр хүнийг нь гэрээс хөөхөд явахгүй байсан. Би тэгээд гэртээ хоол халааж идээд унтаж байгаад 18 цаг өнгөрөөд сэрэхэд ээж нөгөө хүнтэйгээ хамт нэлээн согтчихсон сууж байхаар нь би тэр хүнийг гэрээсээ хөөгөөд гаргахад ээж тэр ахыг дагаад бас гараад явсан. 19 цагийн үед тэр хоёр том пиво барьчихсан ороод ирэхээр нь би хэсэг байж байгаад тэр хүнийг дахин хөөсөн чинь "би багштайгаа хамт ярьж байна" гээд хамт гарах гэхээр нь нөгөө ахыг би гэрээсээ гаргачхаад ээжийг унтуулсан. Өчигдөр өглөө 6 цагт ээжийг унтаж байх үед босоод "та өнөөдөр эрүүл болоод байж байгаарай би хичээлээ тарж ирээд таны алга болгосон гар утасны дугаарыг сэргээж өгнө шүү" гэхэд ээж "за" гэж хэлээд босоод хаалгаа дотроосоо түгжээд үлдсэн. Би хичээлээ тараад 15 цаг болж байхад гэртээ ирэхэд ээж дээгүүрээ цагаан футболк ягаан өмдтэйгөө орон дээрээ цаашаа хараад юм хэлэхгүй унтаад байхаар нь би гэрт байсан зурагт яасан талаар асуухад ээж дуу нь их сул болчихсон арай гэж" мэдэхгүй" гэж хэлсэн. Ээж согтуу байхаар нь зурагтаа архи ууж байгаад алдчихсан юм байна гэж бодоод орхисон. Гэтэл ээж удалгүй" шээлээ" гээд гэрээс гараад орж ирэхгүй болохоор нь би гараад хайхад манай гэрийн баруун талын амбаарын ар талд газар уначихсан хэвтэж байхаар нь босгоод гэрт оруулсан. Ээж юу ч хэлж чадахгүй амь нь тэмцээд байгаа бололтой босоод гадаа гараад амбаарын үүдэнд очоод газар хэвтэхээр нь би очоод гайгүй байх гэж бодоод эргэж гэртээ ороод хоол хийж байхад ээж гадаа их сонин дуу гаргаад байхаар нь хоолоо хийчхээд гадаа гарсан чинь ээжийн царай цусгүй мэт цагаан болчихсон амьсгал нь тасалдаад байхаар нь би шууд аав руугаа залгаад болсон явдлыг хэлсэн...” хэмээн амь хохирогч Ц.Ц-гийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойших нөхцөл байдлыг тодорхой мэдүүлжээ.

Мөн түүний мэдүүлгээс үзвэл, насанд хүрээгүй гэрч Т.С 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 06 цагт гэрээсээ гараад 15 цагийн үед буцаж ирэхэд түүний эх болох амь хохирогч Ц.Ц нь орон дээрээ буруу хараад хэвтэж байсан бөгөөд алга болсон зурагтаа асуух үед дуу нь их сул болчихсон арай хийж “мэдэхгүй” гэж хэлжээ. Тэгээд удалгүй амь хохирогч Ц.Ц шээх гэж гараад орж ирэлгүй гэрийн гадна унасан байдалтай байсныг охин нь олж гэртээ оруулсан боловч амь тэмцсэн байдалтай байж байгаад дахин гэрээс гарч амбаарынхаа үүдэнд хэвтсэн ба тэр чигтээ нас барсан байна. 

Цаг хугацааны хувьд шүүгдэгч Б.Г, гэрч Х.Б, А.М нар нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 цагаас хойш, 15 цагаас өмнө Б.Г-ын гар утсыг олж авах зорилгоор амь хохирогч Ц.Ц-гийн гэрт очсон болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү цаг хугацааны талаар оролцогч нар хэн алин нь маргаагүй болно.

Гуравдугаарт: Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.М амь хохирогч Ц.Ц-г гэрээс гарч бие засчхаад буцаж орж ирэх үедээ гэрийн үүдэнд устай саванд бүдэрч унасан талаар мэдүүлсэн боловч энэ нөхцөл байдал нь хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн “...усны саванд бүдэрч унах үед амь хохирогчийг үхэлд хүргэсэн хэвлийн битүү гэмтлийг авах боломжгүй...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн юм.

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Харин энэ хэргийг шалгасан мөрдөгч насанд хүрээгүй гэрч Т.С-ээс дахин мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан зохицуулсан хүүхдээс мэдүүлэг авах журмыг зөрчиж, цаг хэтрүүлэн мэдүүлэг авсан байх тул өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтээр тухайн мэдүүлгийн тэмдэглэлийг нотлох баримтаас хассан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй, шүүхийн шийдвэрт үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нь хэргийн үйл баримтыг үгүйсгэж, цагаатгах байр суурьтай дүгнэлт хэлсэн тул түүний хууль зүйн дүгнэлтийг энэ тогтоолын үйл баримт хэсэгт дүгнэсэн болно.           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг гэм буруугийн талаар: “...шүүгдэгч Г нь гар утсаа хаана барьцаанд тавьсан гэдгийг амь хохирогчоор өөрөөр нь заалгах зорилгоор босгож зууралдаж үйлдсэн үйлдлийг улсын яллагч зөв дүгнэж чадаагүй буюу эрүүгийн хуулийг буруу тайлбарласан. Г нь өөрт эдийн болон давуу байдал бий болгох зорилгоор хүнийг алах зорилго байгаагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн Г-ын үйлдэл нь шууд амь хохирогчийн амь насыг хохироосон гэдэгт эргэлзээ төрөхүйц байгаа тул зүйлчлэл нь үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг хэлэлцэж өгнө үү...” гэв.

            Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд талуудаас шинжлэн судалсан нотлох баримт болон талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч Б.Г-ыг шунахайн сэдлээр буюу өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэлээ. Учир нь, шүүгдэгч Б.Г нь өөрийн алга болсон гар утсыг хайж амь хохирогчийн гэрт очсон, мөн зурагтыг нь барьцаа болгох зорилгоор авч явсан, маргааш нь буцааж өгөхөөр очсон болох нь тогтоогдсон болно. Иймд өмгөөлөгч Ж.Төмөрхуягийн байр суурь, хууль зүйн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Г-ын амь хохирогчийн хэвлий рүү өшиглөсөн идэвхтэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд тэрээр өөрийнхөө үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, улмаар хүний амь хохирсон хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний амь нас хохироосон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Г-ын амь хохирогч Ц.Ц-гийн хэвлий хэсэгт өшиглөсөн үйлдэл нь амь хохирогчийн хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокт орж нас барсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алсан шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.

Иргэдийн төлөөлөгч Д.Ганбаатар нь шүүгдэгч Б.Г-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзсэн бөгөөд шүүх хуралдаанд өөрийн санал дүгнэлтийг бичгээр гаргаж өгснийг хэрэгт хавсаргасан болно. Иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийсэнгүй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 10,218,000 төгрөгийг нэхэмжилсэн, харин сэтгэцийн гэм хортой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мэтгэлцээний талууд санал хүсэлт гаргаагүй, дүгнэлт хэлээгүй тул шүүх бүрэлдэхүүн сэтгэцийн гэм хорыг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Г-аас 10,218,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г-аас хохирол төлбөрийг төлөх зорилгоор эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан ба тэрээр энэ хугацаанд нийт 10,288,000 төгрөгийг тус шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан байх тул хохирол төлөгдсөн гэж үзэж шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд дурдах нь зүйтэй.

            Харин шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан 10,288,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

    1. Талуудын санал, дүгнэлт    

         Улсын яллагч: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон, хэзээ ч нөхөн төлөгдөхгүй зүйл. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардал төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөхгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй...” гэв. 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Төмөрхуяг: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол нэмж нэхэмжлэх, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхээ эдлээгүй ч шүүгдэгчид оногдуулж байгаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хамгийн бага буюу 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв. 

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал: “...Эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг Төмөрхуяг өмгөөлөгч хэллээ. Г-ын хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Эхнэрийн хамт ажил хөдөлмөр эрхлэх гэж Улаанбаатар хотод ирээд тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Амь хохирогчийг босгож чадахгүйгээс цааш бодит хохирлыг нөхөн төлсөн, өөртөө дүгнэлт хийсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, нээлттэй дэглэмд эдлүүлж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дахь хавтаст хэргийн 175 дахь тал), Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ** багийн засаг даргын тодорхойлолт (шинээр гаргаж өгсөн), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (шинээр гаргаж өгсөн), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дахь хавтаст хэргийн 172 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 174 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (1 дахь хавтаст хэргийн 177 дэх тал), жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 178 дахь тал), 2013-2020 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 197 дахь тал), оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа (1 дахь хавтаст хэргийн 176 дахь тал)-д үндэслэн түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын доод хэмжээг багасгаж хорих ял оногдуулах боломжгүй хэмээн шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Г нь 48 цаг буюу 2 хоног баривчлагдсан, мөн сарын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс шүүгчийн захирамжаар 112 хоног цагдан хоригдсон байх тул нийт 114 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тухайн хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

    1. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь оршуулгын зардалд 10,288,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч, Б овгийн Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д арван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 114 (зуун арван дөрөв) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар эдийн бус гэм хорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардах эрхтэйг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г-ын тус шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан 10,288,000.00 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

  ДАРГАЛАГЧ                                        Б.БАТАА

      

                                              ШҮҮГЧ                                        Ц.АМАР

                                                                                                  

    С.СЭРЖМЯДАГ