Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 707

 

 

 

 

 

 

    2020            6             2                                          2020/ДШМ/707

 

 

Б.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

яллагдагч Б.Эын өмгөөлөгч Б.Ганзориг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/819 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлээр Б.Эд холбогдох эрүүгийн 2009009010379 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Э,

Яллагдагч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын манаачийн байранд ногоон алаг цүнхнээс хохирогч Б.Гантуулын бичиг баримт, биет 500.000 төгрөгтэй түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 543.700 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,

мөн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд хог ачих ажил, хөдөлмөр эрхэлж байсан хохирогч М.Сүхбаатараас “гар утсаа өгөөч, хүнтэй ярьчихаад буцаагаад өгье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 130.000 төгрөгийн үнэ бүхий самсунг эс-6 маркийн гар утсыг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 16 дугаар гудамжны 144 тоотод оршин суух хохирогч Б.Алтанбаганын монгол гэрийн тооноор нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэхээр байна. Учир нь:

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тус шүүхэд хандан ирүүлсэн албан бичгээс харвал яллагдагч Б.Э нь тус дүүрэгт дахин хулгайлах төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заажээ.

Яллагдагч Б.Эд холбогдох хэргийг тус шүүх хянан хэлэлцсэний дараагаар өөр шүүхэд дахин адил зүйл ангиар ял шийтгэж, өмнөх шүүхийн оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоовол яллагдагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Хэдийгээр хууль тогтоогчоос хэргийг хурдан шуурхай илрүүлэх зорилгоор холбогдох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан нь нэг талаараа зөв ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэргийг хурдан шуурхай бүрэн илрүүлэх...” гэх зохицуулалттай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас харахад яллагдагч Б.Эын үйлдсэн гэх хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй буюу хуулийн дээрх шаардлагыг хангахын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг аваагүй болох нь тогтоогдож байна.

Яллагдагч Б.Э нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэл нийт 3 удаагийн үйлдлээр бусдыг залилж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт 2020 оны 2 дугаар сарын үйлдэл байгаа болох нь тогтоогдсон байна.

Дээрхээс харахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллаж, мэдээлэл солилцож болно...” гэх заалтыг хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэх байжээ.

Иймд, дээрх үндэслэлээр яллагдагч Б.Эд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч нь өөр дүүрэгт гэмт хэрэгт холбогдсон нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хамаарах нотолбол зохих байдал биш юм.

Учир нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоохоор хуульд заасан бөгөөд ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт үйлдэлдээ хандсан субьектив санаа зорилго, идэвхтэй үйлдэл гэж үзэхээр байна. Мөн хэргийн бодит байдлыг нотлох ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан.

Иймд хэрэгт хяналт тавьсан прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчөөгүй болно.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс Б.Эд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байгаа талаар албан бичиг ирүүлсний дагуу шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан бөгөөд уг албан бичигт Б.Эыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон талаар огт дурдаагүй байсан тул Б.Эд холбогдох хэргийг нэгтгэх үндэслэлгүй юм.

Яллагдагч Б.Э нь өөр дүүрэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтойгоос гадна шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй гэж үзэж байна.

Мөн хяналтын прокурор, өмгөөлөгч хамт очиж мэдүүлэг авч, яллах дүгнэлт гардуулах үед яллагдагч Б.Э нь өөр дүүрэгт хэрэгт шалгагдаж буй талаар хэлээгүй, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд гомдол хүсэлт гаргаагүй зэргээс үзэхэд яллагдагч хэргийн шийдвэрлэлтийг удаашруулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учрах, хохирогч нарын эрх ашиг зөрчигдөхөд хүрч байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой.

Хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэх үндэслэлээр буцаасан нь буруу байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Прокурор эсэргүүцлийн агуулгадаа яллагдагчаар татаагүй байгаа тохиолдолд хэргийг нэгтгэх шаардлагагүй гэж байна. Иймд шүүх бүрэлдэхүүнээс энэ талаар тодорхой шийдэл гаргаж өгөхийг хүсэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан. Улсын Дээд шүүхийн “нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй. Иймээс өөрт холбогдох хэргийг нэгтгүүлэн шийдвэрлүүлэх талаар гаргасан яллагдагчийн гомдлыг хангах нь зүйтэй” гэсэн зөвлөмж гаргасан байдаг. Энэ үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх яллагдагч Б.Эд холбогдох хэргийг хянаад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй байна гэж үзээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Учир нь нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй энэ нь тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх гол шалгуур болдог.

Шүүх хийсвэр бус, шилжүүлсэн хэргийнхээ хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг тогтоодог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс сэргээн дүрслэх замаар тухайн асуудлын болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “...хэрэгт шалгагдаж байгаа Болдын Б.Э нь... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, цагдан хорьсон шүүгчийн захирамжийг хуулбарлан өгч бидний ажилд тусална уу. ...” гэх албан бичгийг шүүхэд ирүүлжээ. /хх 201/,

Дээрх албан бичгээс үзвэл яллагдагч Б.Эын эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй, Сонгинохайрхан дүүрэгт дахин хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг нотолсон гэж үзэхгүй.  

Анхан шатны шүүх дээрх албан бичгээс хальсан, түүнд тусгагдаагүй, тогтоогдоогүй нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлон хуульчилсантай нийцэхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тодруулан хуульчилжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу бэхжигдэж, гэрчлэгдсэн байхаас гадна хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байдаг. Хэрэгт авагдаагүй нотлох баримтанд үндэслэгдсэн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотолдог юм.

Шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн хуулийн заалтад яллагдагч Б.Эын үйлдэл хамаарах эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байна.  

Яллагдагч Б.Эд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/819 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЗ/819 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Эд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлтэл яллагдагч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ