Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2026/0660

 

 

 

 

Д.Злын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа 

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мб

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Зл

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Өргөдлийн хариу өгөх” тухай 01/1064 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан Ддын Злд нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах захиргааны шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 724 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Зл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мб, Б.Дж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр 

Хэргийн индекс: 128/2026/0736/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 724 дүгээр шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Злын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1064 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу түүнд өндөр насны тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

 

2.Гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мб шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

 

2.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Тус шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан буцалтгүй тусламж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасан тэтгэмж, энэ хоёр мөнгөн олголт "буцалтгүй тусламж" "тэтгэмж” нь нэршил хэмжээгээрээ ижил байж болох боловч олгох эрх зүйн үндэслэл, урьдач нөхцөл, эрх үүсэх цаг хугацаа зорилгоороо ялгаатай, нэгийг нь авсан тохиолдолд нөгөөг нь авах эрхгүй байх тэтгэмж гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

2.2.Нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д “...бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэж, 76.10- д “Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, зэрэг дэв, цалин хөлс, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.”...зааснаар Улсын Их хурлаас томилогдсон.

 

2.3.Нэхэмжлэгчийг Монгол Улсын Их хурлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай" 121 дүгээр тогтоолоор чөлөөлснөөр төрийн албанд ажиллах эрх дуусгавар болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн түүнийг төрийн албанаас чөлөөлөх тухай Б/169 дүгээр тушаал нь ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

 

2.4.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан "нэг удаагийн буцалтгүй тусламж" болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасан "36 сарын нэг удаагийн тэтгэмж" нь хоёулаа төрд зүтгэсэн иргэнийг тэтгэвэрт гарахад нь олгодог нийгмийн баталгааны ижил агуулгатай, нэг төрлийн тэтгэмж юм. Хууль тогтоогчийн үзэл баримтлалаар энэхүү тусламж, тэтгэмжийг "Нэг удаа" гэж тусгайлан заасан нь төрийн албанаас зөвхөн нэг удаа тэтгэмж авах эрхийг баталгаажуулсан агуулгатай.

 

2.5.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д "Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна" гэж заасан. Энэ нь эдгээр хуулиудыг тусад нь салгаж, давхардуулан давуу эрх олгох биш, харин хооронд нь уялдуулан хэрэглэх зарчмыг заасан зохицуулалтыг анхан шатны шүүх тайлбарлаж чадсангүй.

 

2.6.Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн албаны ангиллыг заасан бөгөөд нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нь төрийн тусгай албаны ангилалд хамаарч байна.

 

2.7.Төрийн албаны тухай хууль болон уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 4.1-д “Төрийн тусгай албан хаагчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход "Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ыг баримтална." гэж заасныг хариу тайлбарт дурдсан боловч шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч төрийн тусгай алба хаагчаар ажиллаж байсан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр тогтоолгох үед нэг удаагийн тэтгэмж авах эрхээ эдэлсэн нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 238 дугаар "Ажлаас чөлөөлж тэтгэвэрт гаргах, тэтгэмж тогтоох, тусламж олгох тухай" тушаалаар 36 /гучин зургаан/ сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа авсан болох нь тогтоогдсон.

 

2.8.Засгийн газрын тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д нэг удаа олгох зарчмыг төрийн тусгай албанаас тэтгэмж авсан иргэнд дахин тусламж олгохыг шууд зөвшөөрөөгүй, харин хуулиудын уялдааг хангах замаар олгохоор заасан байдаг.

 

2.9.Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоосон хугацаа болон төрийн захиргааны байгууллагад ажилласан хугацааг нэгтгэн нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дагуу тэтгэврийн хэмжээгээ нэмэгдүүлэн тооцох эрхтэй ч буцалтгүй тусламжийг давхардуулан олгох нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

2.10.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-д “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж тодорхой заасан. Гэтэл энэ журмыг анхан шатны шүүх нэгэн зэрэг тохиолдол үүсэх гэсэн агуулгаар тайлбарласан. Хуулиар нэг удаа тэтгэмж олгох зорилгоор сонгох боломжийг олгосон байхад шүүх энэ зарчмаас өөрөөр тайлбарласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

2.11.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0724 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгчээс “2021-2025 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа
  2.  дууссан учир УИХ-ын тогтоолоор тус албанаас чөлөөлөгдөж, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулж Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгож өгөхийг хүссэн” хүсэлтийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргажээ.

2.Түүний хүсэлтэд “төрийн тусгай албанд ажиллаж байгаад 2007 оноос төрийн захиргааны албанд шилжин ажиллахдаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгон  тэтгэмж авсан байна...Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүн төрийн байгууллагад дахин ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж заасан байх тул нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдье.” гэсэн хариуг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/1064 албан бичгээр өгсөн.

3.Энэхүү албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Злаас “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Өргөдлийн хариу өгөх тухай” 01/1064 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан Ддын Злд нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах захиргааны шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргажээ.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож буй маргааны үйл баримтын тухайд:

4.1.Нэхэмжлэгч нь Цагдаагийн академийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс цэргийн тэтгэвэрт гарсан, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг түүнд олгосон гэдэг нь  Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж тэтгэвэрт гаргах, тэтгэмж тогтоох, тусламж олгох тухай” 288 дугаар тушаал[1], Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын лавлагаа[2] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

4.2.Улмаар нэхэмжлэгч нь төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж байгаад Монгол Улсын Их Хурлын 2025 оны 12 дүгээр сарын 30-ний өдрийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” 121 дүгээр тогтоолоор[3]  “бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үндэслэлээр” Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн, мөн цэргийн тэтгэвэрт гарч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хугацаандаа буюу 2007 оноос 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасны тэтгэврийг авч байсан байх бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр-цалинд суурилсан тэтгэврийг тогтоолгон авч эхэлсэн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл[4], Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас[5], Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт[6] зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

5.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, анхан шатны шүүхийн дүгнэлттэй холбоотой хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс өгөх үндэслэл, дүгнэлтийн тухайд:

Нэхэмжлэгчээс шүүхэд маргаж байгаа үндэслэлүүдтэй холбоотойгоор энэ маргаанд 2007 онд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосонтой холбоотойгоор авсан нэг удаагийн тэтгэмж авсан боловч 2025 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үеэс Төрийн албаны хуульд заасан нэг удаагийн тусламж авах эрх дахин үүссэн эсэх, нэгэнт тэтгэвэр тогтоолгож тэтгэмж авсан этгээд үргэлжлүүлэн ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тэтгэврийг дахин шинээр тогтоолгох, улмаар өндөр насны тэтгэвэрт гарахтай холбоотой нэг удаагийн тэтгэмжийг дахин авах шинэ эрх үүсэх эсэх талаарх хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс хууль тогтоомжийг системчлэн тайлбарлах замаар дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.

5.1.“Хоёр өөр хуулиар зохицуулсан, хоёр өөр тэтгэмж тул нэг удаагийн тэтгэмжийг давхардал гэж үзэхгүй гэх” агуулга бүхий нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:

5.1.1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулахаар заасан. Энэ зохицуулалт нь нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг дээрх хуулиудаар тогтоосон тэтгэвэр, тэтгэмж болон төрийн энгийн албаны тусламж тусдаа зохицуулалттай гэдгийг тодорхойлоогүй, харин төрийн албан хаагчийн авах тэтгэвэр, тэтгэмжийн төрөл, тэтгэвэр тогтоолгох үндэслэл, тухайн нийгмийн баталгааны шинжээс шалтгаалан хэрэглэгдэх хуулийг харилцан уялдаатай хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон зохицуулалт байна.

5.1.2.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол ажилласан хугацааг үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор, түүний дээд хэмжээг 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байхаар тогтоосон. Харин Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульд заасан нөхцөлийг хангасан цэргийн алба хаагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрхтэй, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг тэтгэвэрт гарахад 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор тус тус зохицуулжээ.

5.1.3.Эдгээр мөнгөн тусламжийн шууд урьдач нөхцөл, хэрэглэгдэх хууль ялгаатай боловч аль аль нь төрийн алба хаасан этгээд тэтгэвэрт гарахад төрөөс үзүүлж буй нэг удаагийн нийгмийн баталгааны шинжийг агуулж байна. Иймд зөвхөн “буцалтгүй тусламж”, “тэтгэмж” гэсэн нэршлийн ялгаа, эсхүл эрх үүссэн цаг хугацааны зөрүүтэй байдлаас шалтгаалж тэдгээрийг хоорондоо огт хамааралгүй бөгөөд хоёр тусдаа эрх үүсэх үндэслэл гэж үзэх боломжгүй юм.

5.1.4.Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.1-д төрийн тусгай албан хаагчид Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн хуулийн 19.1-19.3-т заасан нэг удаагийн тэтгэмж олгоход цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг баримтлахаар; 4.4-т Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад зориулж нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан бол тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй байхаар зохицуулсан байна.

5.1.5.Дээрх журмын 4.4-т хоёр тэтгэмжийн эрх нэг өдөр, нэг цаг хугацаанд зэрэг үүссэн байх гэсэн нөхцөл байхгүй. Харин өөр өөр хуулиар тэтгэвэрт гарахад зориулсан нэг удаагийн мөнгөн тэтгэмж тогтоосон тохиолдолд тэдгээрийг давхардуулан олгохгүй гэсэн хориглосон агуулгыг зааж, аль илүүг нь сонгон нэг удаа олгох зарчмыг тогтоосон байна.

5.1.6.Иймээс анхан шатны шүүх дээрх журмын 4.4-ийг хэрэглэхдээ “бусад хуулиар олгогдох тэтгэмж нь нэг цаг хугацаанд, нэг нөхцөл байдлаас шалтгаалан тэтгэвэрт гарахтай холбоотойгоор зэрэг үүссэн байх шаардлагатай” гэж тайлбарласан нь журмын зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлан, нэмэлт нөхцөл бий болгосон үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

5.1.7.Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй гэж тусгайлсан хуулиар мөн тогтоосон.

5.1.8.Үүнээс үзэхэд “төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг давхардуулахгүй байх” хязгаарлалт нь зөвхөн Засгийн газрын журмаар бус, хуулиар мөн зохицуулсан хууль тогтоогчоос тогтоосон зарчим  байна.

 

6.“Тэтгэвэр тогтоолгосны дараа үргэлжлүүлэн ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөнтэй холбоотойгоор үүсэх эрх зүйн үр дагавар”-ын талаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:

6.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан зохицуулалтын агуулгаар өндөр насны тэтгэвэр авах эрхийг хуульд заасан нөхцөл хангасан даатгуулагч хэрэгжүүлж, тэтгэвэр тогтоолгосны дараа ажил хөдөлмөр эрхэлж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний тэтгэврийн хэмжээг өөрчлөн олгохоор зохицуулсан.

6.2.Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоолгосны дараах нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь өмнө тогтоосон тэтгэврийг хүчингүй болгож шинээр дахин тэтгэвэр тогтоох  үндэслэл бус, харин нэгэнт тогтоосон тэтгэврийн хэмжээг өөрчлөн тооцох эрх зүйн үр дагавартай, харин нэхэмжлэгчийн өмнө нь хэрэгжүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх болон түүнтэй холбоотой нэг удаагийн тэтгэмж авах эрхийг дахин сэргээх, эсхүл шинээр “тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмж”-ийг хоёр дахь удаа авах эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

6.3.Тодруулбал, нэхэмжлэгч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хугацаандаа цэргийн алба хаасны тэтгэвэр авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бол энэ нь тэтгэврийн эрхийг “дахин шинээр” бий болгосон гэж үзэх бус, нэгэнт хэрэгжсэн тэтгэврийн эрхийн хүрээнд тэтгэврийн хэмжээг өөрчлөх үндэслэл болно. Өндөр насны тэтгэврийг тогтоохдоо өмнө нь тогтоосон тэтгэврийг дахин шинээр тогтоодог зохицуулалт хуульд байхгүй, харин анх тогтоосон тэтгэвэрт дараа төлсөн шимтгэлийг харгалзан өөрчлөлт оруулдаг хуулийн зохицуулалттай байна.

6.4.Энэ хуулийн зохицуулалтын агуулгын хүрээнд нэхэмжлэгчийн цэргийн тэтгэвэрт гарсан 2007 оноос хойш төрийн албанд үргэлжлэн ажилласан хугацаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцогдож, хуульд заасан нөхцөлөөр өмнө авч байсан тэтгэврийн хэмжээнд нэмэгдсэн өөрчлөлтүүд орсон, тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох үед 2007 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар 1,551,353 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон байсан, харин 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг үндэслэн 6,473,025 төгрөгөөр нэмэгдүүлэн өөрчилсөн цалинд суурилсан тэтгэврийг тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

6.5.Үүнээс үзэхэд  нэхэмжлэгчээс гаргасан “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “...үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.“ гэсний “ажилласан хугацааг нь үндэслэн тооцож” гэдэг бол уг тусламжийг олгоход ажилласан хугацаа нь гол чухал ач холбогдолтой...миний энгийн албанд ажилласан хугацаа цэргийн албанд ажилласан хугацааг огт оролцуулахгүйгээр 20 гаруй жилээр тооцогдох болзол нэгэнт хангагдсан учраас төрийн энгийн албан ажилласан хугацаа нь өөрөө бие даасан эрх үүсгэсэн...өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн болон нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх хууль ёсоор үүссэний тодруулга юм.” гэх агуулга бүхий нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

6.6.Мөн анхан шатны шүүхийн “2025 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан эрх шинээр үүссэн” гэсэн дүгнэлт үндэслэлгүй. Учир нь энэ дүгнэлтээр тэтгэвэр тогтоолгох эрх, нэгэнт тогтоосон тэтгэвэрт дараа төлсөн шимтгэлээр нэмэлт өөрчлөлт оруулах эрх, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж гэсэн хоорондоо ялгаатай эрх зүйн харилцааг ижил мэтээр авч үзсэн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт тэтгэвэр тогтоолгож, түүнтэй холбоотой нэг удаагийн тэтгэмж авсан этгээдийн дараагийн ажилласан хугацаа нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн өөрчлөхөд нөлөөлөхөөс бус “анх удаа тэтгэвэр тогтоолгох”, “нэг удаагийн тэтгэмжийг” эрхийг дахин бий болгох үндэслэлд хамаарахгүй юм.

7.“Анх удаа өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул нэг удаагийн тусламж авах эрхтэй” гэх нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:

7.1.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт болон Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоол баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т заасан зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагчийн Төрийн албаны хуулиас бусад хуулийн дагуу авсан өмнөх нэг удаагийн тэтгэмж нь заавал “өндөр насны тэтгэвэрт” гарахад олгогдсон байхыг шаардаагүй, харин Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид “тэтгэвэрт гарахад” нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгосон байх, нэг удаагийн тусламжийг давхардуулан олгохгүй байх урьдчилсан нөхцөлүүдийг тодорхой заасан байна.

7.2.Иймд нэхэмжлэгчийн “анх удаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл хангасан” гэх үндэслэл нь түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг нотолж болох боловч өмнө нь цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахдаа 36 сарын нэг удаагийн тэтгэмж авсан нөхцөл байдал болон дээр дурдсан хууль, журмын “нэг удаагийн тусламжийг давхардуулан олгохгүй байх” хуулийн зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

8.“Өөр өөр цаг хугацаанд, өөр өөр нөхцөлөөр үүссэн тул давхардуулсан тэтгэмж гэж үзэхгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийн тухайд:

8.1.Анхан шатны шүүхийн 2007 оны цэргийн тэтгэмж болон одоо шаардаж буй Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан тусламж нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр урьдач нөхцөлөөр үүссэн тул давхардуулсан тэтгэмж гэж үзэхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт нь үндэслэлгүй байна.

8.2.Учир нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт болон Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоол баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т хоёр тэтгэмжийн эрх нэг өдөр, нэг цаг хугацаанд зэрэг үүссэн байх, нэг ижил тэтгэврийн төрөлд үндэслэсэн байх, эсхүл нэг ижил ажилласан хугацааг тооцсон байх гэсэн нэмэлт шалгуур тогтоогоогүй. Харин өөр өөр хуулиар тэтгэвэрт гарахад зориулсан нэг удаагийн мөнгөн баталгаа тогтоосон эсэхийг шалгуур болгон, тэдгээрээс аль илүүг сонгох бөгөөд давхардуулан олгохгүй гэсэн эрх зүйн үр дагаврыг шууд тогтоосон байна.

9.Дүгнэхэд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Өргөдлийн хариу өгөх тухай маргаан бүхий 01/1064 тоот албан бичиг хууль бус болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Зл нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу “цэргийн алба хаасны тэтгэвэр” тогтоолгон, мөн хуульд заасны дагуу “36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг” 2007 онд авсан байх тул түүнд 2025 онд төрийн албаны насны дээд хязгаарт хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгосон үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан “нэг удаагийн буцалтгүй тусламж”-ийг дахин олгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид “нэг удаагийн буцалтгүй тусламж” олгохоос татгалзсан маргаан бүхий шийдвэрийг хуульд нийцээгүй бөгөөд уг татгалзсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн “төрийн албан хаагчийн хувьд өндөр насны тэтгэврээ тогтоолгон нэг удаагийн тусламж авах эрх” зөрчигдсөн, маргаан бүхий хариуцагчийн татгалзсан шийдвэр нь хууль бус гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 724 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Злаас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Өргөдлийн хариу өгөх тухай 01/1064 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан Ддын Злд нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах захиргааны шийдвэр гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ 

 

   ШҮҮГЧ                                                   Т.ЭНХМАА 

 

   ШҮҮГЧ                                                  А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 29 дэх тал

[2] Хэргийн 16 дахь тал

[3] Хэргийн 9 дэх тал

[4] Хэргийн 38 дахь тал

[5] Хэргийн 11, 12 дахь тал

[6] Хэргийн 40-50 дахь тал