Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01222

 

                              Б.З-ын нэхэмжлэлтэй иргэний

                                  хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01116 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2388 дугаар магадлалтай,

Б.З-ын нэхэмжлэлтэй,

“Г-Э” СӨХ-нд холбогдох,

2016, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 700,000 төгрөг, дутуу олгосон цалингийн зөрүү 1,000,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хувиасаа гаргасан зардал 2,015,950 төгрөг, нийт 3,715,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.З-ын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч “Г-Э” СӨХ-нд холбогдуулан анх 2016, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 700,000 төгрөг, дутуу олгосон цалингийн зөрүү 1,000,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хувиасаа гаргасан зардал 2,015,950 төгрөг, нийт 3,715,950 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч орон сууцны дээврийн засварын ажилд зарцуулсан 1,235,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01116 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.З-ын хариуцагч “Г-Э” сууц өмчлөгчдийн холбооноос 2016, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 700,000 төгрөг, дутуу олгосон цалингийн зөрүү 1,000,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хувиасаа гаргасан зардал 780,000 төгрөг, нийт 2,480,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З-ын орон сууцны дээврийн засварын ажилд зарцуулсан зардал 1,235,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Г-Э” СӨХ хүлээн зөвшөөрч, СӨХ-нд өгөх сар бүрийн төлбөрт суутгах замаар төлж барагдуулах, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г-Э” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 34,213 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.З-од олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2388 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01116 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,630 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Б.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч миний бие 2 шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Би хоёр оны амралтын мөнгө болон дутуу авсан цалинг нөхөн олгохыг амаар болон бичгээр СӨХ-ны гүйцэтгэх захиралд удаа дараа тавьж шаардсан. Уг хүсэлтийг санаатайгаар дарж хөөн хэлэлцэх хугацаанд хүргэсэн, СӨХ-ны буруутайг үл тооцон ажилласан хоёр жилийн амралтын мөнгө 700,000 төгрөгийг олгохгүй гэдэг нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1,  55.2-т заасны дагуу хоёр жилийн амралтын 740,000 төгрөг авах ёстой, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 110 дугаар зүйлийн 110.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор ажлын байр дахь хамтын ажиллагааг дэмжих хороо эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргах эрхтэй” болохыг хуульчилсан. Харин СӨХ-ны тухайд гомдол гаргах субъект нь гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл юм. Миний бие, үгсэн хуйвалдаж СӨХ-г гартаа авч мөнгө төгрөг завших зорилгоор нэгдсэн бүлэглэлийн байнгын дарамт шахалт, гүжирдлэг гүтгэлгээс болж 2017 оноос эхлэн артерийн даралт 200 хүрч зүрхний хэм алдагдалтай болж өрхийн болон дүүрэг, Улсын 3, 1-р эмнэлгээр байнга эмчлүүлж байсан нь эмчлүүлэгчдийн картад бичээстэй байгаа. Энэ бол хөөн хэлэлцэх хугацааг авч үзэх хүндэтгэх шалтгаан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 110 дугаар зүйлийн 110.2-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд уг хугацааг шүүх сэргээн тогтоож, хэргийг хянан хэлэлцэж болно” гэж заасан.

4.2. Хөрөнгө мөнгөний гачигдалтай, ажилчдынхаа цалинг ч бүтнээр нь тавьж өгч чадахгүй байсан он жилүүдэд тус СӨХ-ны гүйцэтгэх захирал хоёр жил ээлжийн амралтаа эдэлж чадаагүйг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Ж баталж байгаа. Ц.Э бид нарын амралтаа эдэлсэн, амралтын мөнгөө авсан баримт нь  миний эрэл сурал болж олж авчирсан “Г-Э” СӨХ-ны санхүүгийн тайланд байхгүй байгааг олж харахгүй л яваа бололтой. Тэнд амралтын мөнгө олгосон баримт байхгүй байгаа нь амралт болон  амралтын мөнгөө аваагүйн нотолгоо болно. Цалингийн урьдчилгаа болон сүүлийн мөнгөн дээр 50,000-100,000 төгрөг авч байсныг нотлох баримтууд хэд хэд бий. Хагас дутуу цалингаа авч байсныг С.Б (манай гэргий) тэмдэглэж байсан бөгөөд тэмдэглэлийн дэвтэр хавтаст хэрэгт авагдсан. Цалинг дутуу өгч жижиг цаас дээр гарын үсэг зуруулж байсныг СӨХ-ны ажилчид батална. Харин миний цалинг бүтнээр нь бичиж, түүнийг авсан мэтээр хуурамч гарын үсэг зурсан, зарим нь огт гарын үсэггүй онгорхой орхисон хүснэгтүүд санхүүгийн тайланд үдээстэй байдаг. Нягтлан бодогч М.Ж мөнгөгүй гэж хэлээд бидэнд сард хоёр удаа ихэвчлэн 50,000-100,000 төгрөг өгч байсан. Миний цалинг бүтнээр бичиж гарын үсэг дуурайлгаж зурсан, заримыг нь онгорхой орхисон байгаа нь Б.З цалингаа бүтнээр нь авсан гэж үзэх нотолгоо болж чадахгүй. Шүүх хуурамч бичиг баримтыг үнэний нотолгоо гэж үзэх учиргүй. “Г-Э” СӨХ-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Б-гаас 40 гаруй сая төгрөг төлүүлэх хэрэгт СӨХ-ны өмнөөс “Өмгөөллийн номос” ХНН-тэй гэрээ байгуулсан бөгөөд СӨХ-г буруутан болгохгүйн тулд таньдаг хүнээс мөнгө зээлж өгсөн. Албан ёсны тамга тэмдэг, гарын үсэгтэй баримт байхад миний хохирлыг 500,000 төгрөгөөр нэмэхгүй байгааг зөв шийдвэр гэж үзэхгүй байна.

4.3. Ахмад настны тухай хуулийн 1.3-т “Төсвийн байгууллага үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс, аж ахуйн нэгж, байгууллага үлдэгдэл ашгаас цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг жил бүр санд төвлөрүүлж, ахмадуудаа харж халамжилна” гэж заасны дагуу ахмадын баярт зориулж 100,000 төгрөгийг хороонд төвлөрүүлэхэд нягтлан бодогч мөнгө байхгүй гэхээр нь хувиасаа төлсөн баримт хавтаст хэрэгт байгаа. 2016 оны намрын мод бут тарих, зүлэг суулгах, бордох үүрэг даалгаврын дагуу Сэлэнгэ аймгийн “Шар эрдэнэ сувд” мод үржүүлгийн ХХК, 1-р хорооноос худалдаж авсны төлбөрт 108,000 төгрөг төлсөн албан ёсны тамга тэмдэгтэй баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Хөрөнгө мөнгөгүй хүнд үед нь СӨХ-г дампууруулчихгүйн тулд тэтгэврийнхээ мөнгөнөөс төлж байсан хохирлыг шударга шүүх барагдуулж өгнө хэмээн найдахын хамт СӨХ-ны бичиг хэрэгт төлсөн 72,000 төгрөгийг нэхэмжлэн авахаас татгалзаж байна. Харин 2016, 2017 оны ээлжийн амралтын 700,000 төгрөг, 2017 оны сүүлийн хагас жилийн цалингаас дутуу олгосон 1,000,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөг, ахмадын баярт зориулсан 100,000 төгрөг, СӨХ-нд бут, ургамал, модны үрслүүр, бордоо авсны төлбөр 108,000 төгрөг, нийт 2,408,000 төгрөгийг “Г-Э” СӨХ-оос гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү.

4.4. Миний нэхэмжилсэн мөнгийг санхүүгийн данс орлого, зарлагад тусгагдаагүй учир төлөх боломжгүй хэмээн СӨХ-ны гүйцэтгэх захирал татгалзаж байгаа. Хэрэв би шүүх, цагдаа, прокурорын байгууллага, хянагчид учирлан, улаа эргэтэл хөөцөлдөөгүй бол “Г-Э” СӨХ өнөөдөр сүүлийн 12 жилийн санхүүгийн тайлангүй, үзүүлж харуулах юмгүй байх байсан. Санхүүгийн баримт бичгээ аваад зугтчихдаг, дансны аргаар залилан хийж зуршсан албан тушаалын гэмт хэрэгтэнд би хувиасаа төлсөн санхүүгийн баримт бичгээ өгсөн бол өнөөдөр хохирлоо барагдуулах нотлох баримт бичиггүй үлдэж, давхар хохирох байсныг гүйцэтгэх захирал Ц.Э мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин энэ гэмт хэрэгтнийг илчлэх миний олж ирсэн нотолгоо баримтыг барьж, СӨХ-ны хохирлыг барагдуулах хүсэлгүй байгааг гайхаж байна. М.Ж 2016 оноос 2018.04.06-ны өдөр хүртэл тус СӨХ-нд нягтлан бодогчоор дахин ажиллах хугацаандаа дүүргийн төрийн сан, татвар болон нийгмийн даатгалын байгууллагад тайлан бланс өгч төлбөр хийж байгаагүй. Байгууллагын болон ажилчдын нийгмийн эрх ашгийг хохироосон. Энэ хүн эрчим хүчний бичилтийн заалтыг санаатайгаар гарсан хэмжээнээс багаар бичүүлж, 2016 оны сар бүрийн бичилтүүд 50 хувь, 2017 оны бичилтүүд 70 хувь дутуу орсон, мөн 2018 оны 4, 5-р сард 8,600,000 төгрөгийн нөхөн бичилт орсноос болж эрчим хүчний төлбөрт төлөх төлбөр эрс өссөн байдаг. Энэ хэрэгт Ц.Э дарга намайг буруутгаж, санхүүгийн идэж уух нарийн арга мэхтэй залиланг надад тохон, хэн залилан хийсэн, хуурч мэхэлснийг шүүх тогтоогоогүй байхад нэгдүгээр гарын үсэг зурах үүрэгтэй гэж 22,000,000 төгрөгийн дутагдал гэгчид хамаатуулж, Б.З  СӨХ-ны хөрөнгийг идэж уусан гэж иргэдэд хов түгээн, хяналт шалгалт хийсэн н.Донид гэгч шалгалтын дүнг нь шүүх прокурорт өгөхөөсөө өмнө оршин суугчдад бичгээр тарааж, яриа хийж байсан нь хуйвалдаанд илт оролцож, хууль зөрчин миний нэр төрд халдсан хэрэг юм. Гүйцэтгэх захиралтай өмнө нь олон жил хамт ажиллаж байсан сүүлд ажилдаа эргэн орсон хугацаандаа албан байгууллагынхаа эрх ашгийн төлөө бус хувийн эрх ашиг нь давамгайлж, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн М.Ж-ээд ажлаас буруу халагдсан гэх шалтгаанаар 1,5 сая төгрөг өгсөн нь цаанаа учир начиртай хэмээх хардлага төрүүлж байгаа. СӨХ-нд олон сая төгрөгийн хохирол учруулснаас болж цахилгаан, татвар, нийгмийн даатгал төлөөгүй, ажилчдынхаа ээлжийн амралтын мөнгө, цалингийн дутууг өгч чадахгүй өртэй байсан.

4.5. Үүнээс үзвэл СӨХ ажилчдад цалин олгох чадвартай, харилцах дансандаа байнга мөнгөтэй байсан гэх Ц.Э гүйцэтгэх захирлын дүгнэлт бодит байдалтай огт авцалдахгүй байгааг шүүх анзаарч буй гэдэгт итгэж буй бөгөөд тэр нь Б.З амралтын мөнгөө мөн цалингаа гүйцэд авсан гэх нотолгоо болж чадахгүй нь илт байна. Иймд 2016, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 700,000 төгрөг, 2017 оны сүүлийн хагас жилийн цалингаас дутуу олгосон 1,000,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөг, ахмадын баярт зориулсан 100,000 төгрөг, СӨХ-нд бут, ургамал, модны үрслүүр, бордоо авсны төлбөр 108,000 төгрөг, нийт 2,408,000 төгрөгийг СӨХ-оос гаргуулж, хохирол барагдуулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Б.З-оос хариуцагч “Г-Э” СӨХ-нд холбогдуулан 2016, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 700,000 төгрөг, дутуу олгосон цалингийн зөрүү 1,000,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хувиасаа гаргасан зардал 2,015,950 төгрөг, нийт 3,715,950 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх орон сууцны дээврийн засварын ажилд зарцуулсан 1,235,000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгчээс “... Би 2014.12.23-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг хүртэл “Г-Э” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажилласан. Миний бие тус СӨХ-ны үйл ажиллагааг зогсоочихгүй явуулах, оршин суугчдын ая тухыг алдагдуулахгүй байх үүднээс шаардлагатай бараа материал авах, өмгөөлөгчийн хөлсийг хувиасаа болон бусдаас зээл авч өгдөг байсан. Түүнчлэн 2016, 2017 оны ээлжийн амралтаа эдэлж чадаагүй бөгөөд амралтын олговроо авч чадаагүй. Мөн сар бүрийн цалингаас 100,000-250,000 төгрөг дутуу авч байсан. Иймд хариуцагчаас дутуу цалин, ээлжийн амралтын мөнгө болон СӨХ-ны үйл ажиллагаанд хувиасаа зарцуулсан зардал болох нийт 3,715,950 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Б.З нь сар бүрийн цалин болон амралтын олговрын тооцоогоо хийж дуусгасан байна. Иймд Б.З-ын 2016, 2017 оны дутуу олгогдсон цалин, ээлжийн амралтын олговорт 1,700,000 төгрөгийг СӨХ нөхөн гаргаж өгөх үндэслэлгүй. 2010 оноос хойших санхүүгийн анхан шатны баримт хүлээлгэж өгөөгүй учраас хаана, ямар засвар, үйлчилгээ болон дээврийн засвар хийгдсэнийг мэдэх аргагүй. Иймд Б.З-ын хувиасаа гаргасан зардал гэх 2,015,950 төгрөгийг гаргаж өгөх үндэслэлгүй. Хариуцагч нь 22 дугаар байрны хамгийн дээд давхарт оршин суудаг, оршин суугч нарын дээврээс ус гоожсоны улмаас учирсан зардлыг тэр болгон төлөөд байх боломж СӨХ-нд байхгүй. Гэхдээ орон сууцны дээврээс ус гоожсоны улмаас Б.З 3 удаа засвар хийснийг үгүйсгэхгүй тул засварт зарцуулсан 1,235,950 төгрөгийг хүлээн зөвшөөрч СӨХ-нд өгөх сар бүрийн төлбөрт суутгах замаар төлж барагдуулна. Харин үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Тодруулбал, нэхэмжлэгч Б.З нь хариуцагч “Г-Э” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2014.12.23-ны өдрөөс 2018.01.20-ны өдрийг хүртэл ажилласан, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу 2016, 2017 оны ээлжийн амралтын мөнгө 700,000 төгрөг, дутуу олгосон цалингийн зөрүү 1,000,000 төгрөгийг гаргуулахаар тухайн байгууллагад болон хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах ёстой байсан. Гэтэл тэрээр 2020.02.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, шаардах эрхээ алдсан байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь “хариуцагч байгууллагын удирдлагад энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан” гэх боловч үүнээс үл хамааран тэрээр хуульд заасан хугацаанд шүүхэд хандах боломжтой байсан. Харин эрх нь зөрчигдсөнийг мэдсэнээс хойш бүтэн 3 жилийн дараа, гүйцэтгэх захирлын ажлыг өгснөөс хойш 2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буйг зөвтгөх үндэслэл, шалтгаан алга байна. Хэдийгээр нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “өвчтэй байсан тул хүндэтгэн үзэх шалтгаан болно” гэсэн боловч анхан шатны шүүхэд энэ үндэслэлээ нотлон хөөн хэлэлцэх хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргаагүй байна.

10. Нэгэнт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан тул шүүх түүний цалин хөлс, амралтын мөнгө дутуу олгогдож байсан эсэхийг буюу холбогдох баримтыг шалгах шаардлагагүй юм. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.2, 4.5-д заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.  

11. Мөн нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа СӨХ-ны үйл ажиллагаанд хувиасаа өмгөөлөгчийн зардал 500,000 төгрөг, бусад материал, бичиг хэргийн зардалд 72,000 төгрөг, хайлаас мод авч, тарихад 108,000 төгрөг, ахмадын баярт зориулж 100,000 төгрөг, нийт 780,000 төгрөгийг зарцуулсан гэх боловч түүний шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримт, кассын орлогын ордер, бэлэн мөнгөний орлогын баримтууд нь тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай болох нь тогтоогдохгүй, нотлох ач холбогдол бүхий баримт биш гэсэн үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэрийг буруутгахааргүй байна.

12. Учир нь эдгээр баримт нь санхүүгийн тамга тэмдэггүй, хүлээн авсан хүний гарын үсэггүй, зарим зарлагын баримтаар юу авсан нь тодорхойгүй, СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулагдсан гэдэг нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шүүх эдгээр баримтыг үнэлэх боломжгүй юм. Иймд “...нягтлан бодогч мөнгө байхгүй гэхээр нь ахмадын баярт зориулж 100,000 төгрөгийг хувиасаа төлсөн баримт хавтаст хэрэгт байгаа, 2016 оны намрын мод бут тарих, зүлэг суулгах, бордох үүрэг даалгаврын дагуу Сэлэнгэ аймгийн “Шар эрдэнэ сувд” мод үржүүлгийн ХХК, 1-р хорооноос худалдаж авсны төлбөрт 108,000 төгрөг төлж албан ёсны тамга тэмдэгтэй баримт хавтаст хэрэгт өгсөн...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.3-т) гомдол үгүйсгэгдэнэ.

13. Түүнчлэн, уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.4-т заасан нэхэмжлэгчийн гомдол тухайн маргаанд хамааралгүй болохыг дурдаад, дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2388 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 53,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАЯРМАА

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Б.МӨНХТУЯА