Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/769

 

    2023         9             27                                      2023/ШЦТ/769

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Э.Намуун

шүүгдэгч Т.Э

хохирогч З.С

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1988 оны 12 дугаар сарын 06-нд Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ** дугаар гудамж, ** тоотод хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, **** дугаар гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* дугаарын регистртэй Ш овогт Т-ын Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Т.Э нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 15 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, “Говь” сауны хойд замд Кiа Воngо маркийн, **** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас Г.Ч жолоочтой Hyundai Porter маркийн, **** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч З.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа. Хохиролд 6 сая төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч З.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр өдөр би ажилдаа явж байгаад машинд мөргүүлсэн. Биеийн байдал одоо гайгүй байгаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд гэж 6 сая төгрөг дансаар шилжүүлэн авсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч З-ийн С “... би 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад өөрийн найз О гэрээс нь гараад ажилдаа явсан. Тэр үед ганцаараа зам хөндлөн гарахаар замын хойд талаас нь алхаад ирэх үед зүүнээс баруун явах чиглэлийн 1 ба 2 дугаар эгнээний автомашинууд нилээд зайтай байхаар нь гарч амжина гэж бодоод алхаад зам хөндлөн гарч явах үед 3 дугаар эгнээнд ачааны автомашин дөхөж ирэх үед би замын дунд зогсоод нөгөө автомашиныг өнгөрөөх гэтэл нөгөө автомашин зогсоод надад зам тавьж өгөхөөр нь би цааш үргэлжлүүлээд зам хөндлөн гарах үед баруун чиглэлд явах хөдөлгөөний 3 дугаар эгнээнд явж байтал гэнэт нөгөө зогсож байсан ачааны автомашин гэнэт над руу хүрч ирээд миний зүүн талаас намайг мөргөөд газарт унасан” /хх-н 20/ гэж,

гэрч Г-ийн Ч “... 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн нутаг Таван буудлаас Саппоро худалдааны төвийн тэнд байрлах ажил руугаа явж байсан. Тэгээд 3, 4 дүгээр хорооллын эцсээс баруун зүгт явж байтал замын хойд хэсгээс явган зорчигч урд зүг рүү гарч байхаар нь би зам тавьж өгөөд өөрийн зорчиж явсан 3 дугаар эгнээнд зогс шугам тэмдэглэлийн өмнө зогссон. Зогсоод зам тавьж өгөөд нөгөө явган зорчигч хойноосоо урагшаа чиглэлтэй явганаар миний урд хэсгээр зам хөндлөн гарч байх үед миний жолоодож явсан автомашины хойноос өөр нэг автомашин ирж мөргөсөн. Тэр үед зогсоод тоормос гишгэсэн байсан боловч нөгөө араас мөргөсөн автомашины хүчтэй мөргөлтөд урагш үсэрч нөгөө явган хүний замаар гарч байсан явган зорчигчийг мөргөсөн” /хх-н 41/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... З.Сын биед умдаг яс, ууцны 1-4-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 8582 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 69-70/

 

Түүнчлэн “... Кiа Воngо маркийн, **** УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн 826 дугаартай магадлагааг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч гаргасан /хх-106-107/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 07-08/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-14/ зэрэг бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч Т.Эн гэм буруутайг нотолно.

 

Жолооч-шүүгдэгч Т.Э, хохирогч-явган зорчигч З.С, жолооч-гэрч Г.Ч нарын “согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх”-ийг шалгасан тэмдэглэлүүд /хх-н 16, 17, 15/ хавтаст хэрэгт мөн авагджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Т-ын Э “... би тухайн өдөр өөрийн байгууллагын захирал Энхцэцэгийн эзэмшлийн К.Бонго маркийн, **** УЕА улсын дугаартай автомашиныг жолоодоод 100 айл худалдааны төвөөс гараад Яармаг руу явж байсан. Ингээд хорооллын Говь цогцолборын хойд замаар зүүнээс баруун тийш 3 дугаар эгнээгээр явж байгаад явган хүний гарц руу дөхөж ирэхэд урд явж байсан машин тоормос гишгээд зогсоход би араас нь тоормос гишгээд зогсож байсан машины араас мөргөөд зогссон. Урд явж байсан машин мөргөх үедээ явган хүний гарцаар гарч явсан эмэгтэйг мөргөж унагаасан байсан. Би хохирогчид нийт 6.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Би одоо **** ХХК-д шаврын ажил хийдэг, эхнэр гэртээ хүүхдүүдээ хардаг, миний сарын орлого 4.000.000 төгрөг орчим” /хх-н 120/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ш овогт Т-ын Э-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Э-н хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 123/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 55/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч З.С нь “... миний эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлыг жолооч Э бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 130/ гэсэн хүсэлтийг,

мөн шүүгдэгч Т.Э хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Т.Э нь хохирогч З.Сын эзэмшлийн ХААН банк дахь **** тоот дансанд 5.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг нийт 6.000.000 шилжүүлсэн байна. /хх-н 137, 140/

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Жолооч Г.Ч-ын жолоодож явсан “Hyundai Porter” маркийн, **** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч С-ийн Б-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.

Иргэний нэхэмжлэгч С-ийн Б мэдүүлэхдээ “... ослоос миний эзэмшлийн уг автомашинд 972.000 төгрөгийн хохирол учирсан ба буруутай этгээд буюу араас нь мөргөсөн автомашины жолооч уг мөнгийг төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-н 24/

 

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н-ын Э “... Кiа Воngо маркийн, **** УЕА улсын дугаартай автомашиныг би 2023 оны 3 дугаар сард өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч байсан бөгөөд манай ажилтан Т.Э эзэмшдэг. Учир нь ажлын хөлсөнд уг автомашиныг аваад Т.Э өгсөн юм. Төлбөр тооцооны асуудал дуусаагүй байгаа болохоор нэрээ шилжүүлж амжаагүй. Эвдрэл хохирлын талаар би хэлж мэдэхгүй. Надад энэ автомашинтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-н 29/ байх тул шүүгдэгч Т.Э бусдад төлөх төлбөргүй.

 

Харин хохирогч З.С нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 290.500 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 04/3006 тоот албан бичгийн хавсралтаар нотлогдож байх бөгөөд

иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д-ийн Га “... уг 290.500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд оруулж өгнө үү” /хх-н 39/ гэж мэдүүлснээс гадна шүүгдэгч Т.Э дээрх төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Т.Э оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч Т.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Т-ын Э-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Э торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Т.Эгаас 290.500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай данс/-т олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Э урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ