Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/02128

 

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02128

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батмандалийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Х-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Ц.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Ц.Хтай 0000 оны 2 дугаар сарын 14-ны өдөр гэр бүлээ бүртгүүлсэн. Бидний дундаас 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр хүү Х.А, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр охин Х.А нар төрсөн. Хэдийгээр Монгол Улсын гэрлэлтийн баталгаатай, албан бичиг баримтан дээр эхнэр нөхөр мэт боловч амьдрал дээр ганц бие эмэгтэй, ээжийн үүргийг гүйцэтгээд удаж байна. Би үр хүүхдээ харж хандах, өсгөх ажлыг яг л өрх толгойлсон эмэгтэй мэт ганцаараа зүтгэн хийж байгааг манай хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, бусад эцэг эхчүүд, айл хөрш болоод эргэн тойрны маань ах дүү, хамт олон, найз нөхөд маань гэрчилж чадна. Одоогоор бид тусдаа амьдардаг бөгөөд Ц.Х нь гэр бүлээс гадуурх амьдралтай бөгөөд гэртээ ирэх ямар ч сонирхолгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Тусдаа амьдраад 4 сар болж байна. Мөн хамт амьдардаг байхдаа олон удаа орой, үүрээр, маргааш нь ирж, нойргүй хонуулдаг. 2018 оны намар гэртээ хоноогүй шөнийнхөө маргааш нь ирэхдээ эмэгтэй хүний сүрчиг үнэртүүлэн ирж, тэр байдлаа өөрөө ч хүлээн зөвшөөрч, гайхан мэлзэхэд нь гэр бүлээс гадуурх харилцаатайг нь ойлгосон. Хонон өнжин зугаацан цэнгэж байсан тохиолдол маш олон ч намайг гэрээс гарахад дургуйцдаг бөгөөд гарсан тохиолдолд араас байнга залгадаг. Мөн маш олон удаа ирэн очин амьдарч байсан бөгөөд хүүхдүүдтэйгээ хамт байж, аавын үүргийг халуун дотноор биелүүлэхийн төлөө цаг, зүтгэлийг гаргаагүй явсаар өдийг хүрсэн. 2020 оны 3 сард хоёр хүүхдийн маань төрсөн өдөр болсон боловч ямар ч хэл чимээ, мэнд ч байгаагүй. Тухайн үед хүүхдүүд маань ямар их гомдож, өрөвдөлтэй харагдаж байсныг үгээр илэрхийлэх ч багадна. Нэг ч удаа өөрийн санаагаар хүүхдүүд рүүгээ холбогддоггүй бөгөөд 9 настай хүү маань өөрөө аав руугаа залган барин байж сая нэг барааг нь хардаг. Миний хувьд өөрийн бүхий л цаг, хүчийг хүүхдүүдээ өсгөх, харж хандахад зориулдаг бөгөөд сэтгэл санааны хувьд маш хохирч, энэ олон жилийг нулимстай, халамжгүй өнгөрөөж алдсандаа гомдолтой байна. Иймд амьдрал дээр нэгэнт салаад, тусдаа амьдарч байгаа энэ гэрлэлтийг цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн дундаасаа худалдан авсан, 1 өрөө байрандаа хүүхдүүдээ өсгөхөд Ц.Х саад хийхгүй байх гэж найдаж байна гэв.

Хариуцагч Ц.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ц.Х би Л.Дтай 0000 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болон албан ёсоор бүртгүүлсэн. Л.Дгийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцахад ганц бие эмэгтэйн үүргийг болон намайг гэр бүлээс гадуурх амьдралтай гэж ор үндэсгүй гүтгэсэн байна. Учир нь энэ бүх хугацаанд үр хүүхдүүддээ аавын хайрыг мэдрүүлж, эцэг хүний үүргээ ухамсарлан биелүүлж байгаа ба бүх өр зээлээ дангаараа төлөх, хоол унд хувцас хэрэглэл зэрэг бүхий л санхүүтэй холбоотой гэр бүлийн асуудлыг хүлээсэн үүргийнхээ дагуу дангаараа хариуцдаг билээ. Л.Дгийн ойр тойрны хүмүүс ч мөн намайг гэр бүлдээ хэрхэн ханддагийг мэднэ. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бид хоёр тусдаа амьдраад 4 сар болж байгаа нь үнэн.

Шалтгаан нь гэр бүлийн маргаанаас үүдэн шаардлагагүй үед цагдаа дуудан намайг гэрээс хөөсөн нь миний хувьд Л.Дгийн гаргаж байгаа ааш занг нь тэвчиж хамт байхад хүндрэлтэй байсан. Маш олон удаа үүрээр хонож өнжин ирдэг гэсэн нь мөн худлаа гүтгэсэн байна. Л.Д мөн адил шөнө орж ирдэгийг тооцож хэлвэл ялгаагүй зүйл байх. Эмэгтэй хүний сүрчиг үнэртүүлсэн гэдэг дээр тухайн үед тайлбарлан ойлгуулсан ба түүнийг минь хүлээн зөвшөөрч байсан. Иймд ямар нэг гадуурх харилцаа байхгүй болно. Би хоёр хүүхдэдээ юунаас ч илүү хайртай бөгөөд манай хоёр хүүхэд ч надад маш их хайртайг Дэлгэрмаа мөн адил мэднэ. Л.Дгийн хувьд намайг маш ихээр доромжлох хараалын үг мөн өөрийнх нь аливаа хүслийг нь биелүүлээгүйгээс болон тэвчилгүй уурлаж орилох, гарт тааралдсан зүйлээр цохих шидэх, чимхэх маажих, өшиглөх зэрэг үйлдлийг түрүүлж байнга хийдэг. Түүнээс гадна хорон үг хэлэх зэргээр хэцүү хүнд байдалд байнга оруулдаг нь бид хоёр хөндийрөх шалтгаан болсон. Ийм байдлаа засах талаар хэлэхэд тухайн үедээ ойлгон уучлалт гуйдаг ч эргээд хэвэндээ байдаг нь хүүхдүүдэд хүртэл нөлөөлөн ээжийгээ уурлаж бухимдахгүй байхыг ятгахад хүргэдэг нь хүнд санагддаг. Миний хувьд бүхий л хэцүү хүнд үед нь байнга хажууд нь хамт байж сэтгэл санааны хувьд тусалж дэмжиж байсан билээ. Хүүхдээ төрүүлэх үед нь хүртэл дэргэдээс холдоогүйг санаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө, хүү Х.А, охин Х.А нарыг эх Л.Дгийн асрамжид үлдэхийг зөвшөөрч байна. Мөн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00, гэрчилгээний 000 дугаартай, 0 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө байрыг хүү Х.А, охин Х.А, Л.Д нарын нэр дээр шилжүүлнэ. Миний бие Голомт банкин дээрх ипотекийн зээлийн 2020 оны 3 болон 4 дүгээр сарын төлбөрийг төлнө. Үүнээс хойшхи сар бүрийн төлбөрийг Л.Д хариуцан төлөх болно гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ц.Хаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Гэрлэгчид 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 0000 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлд бүртгэж, 0000 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Х.А, 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр охин Х.А нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 9,10,21/

Нэхэмжлэгч Л.Д нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Ц.Хтай таарч тохирохгүйн улмаас 2019 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь ар гэртээ анхаарал, халамж тавьдаггүй, гэр бүлдээ цаг зав гаргаддаггүй гэж тайлбарлах бөгөөд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Зохигчид гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцалж, гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Х.А, охин Х.а нарыг эх Л.Дгийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу 0000 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Х.А, 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр охин Х.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Ц.Хаар тэжээн тэтгүүлэн, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00, гэрчилгээний 000 дугаартай, 0 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө байрыг хүү Хосбаярын Аз-Эрдэнэ /РД:00000000/, охин Хосбаярын Х.А /РД:000000000/ болон Лхамсүрэн овогтой Дэлгэрмаа /РД:00000000/ нарын өмчлөлд буцалтгүйгээр шилжүүлэхийг хариуцагч зөвшөөрсөн.

Ц.Х нь 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ/0 тоот Орон сууцны зээлийн гэрээний 2020 оны 3 дугаар сар, 2020 оны 4 дүгээр саруудын эргэн төлөлтийн төлбөрийг төлж, цаашид гарах сар бүрийн төлбөрийг Л.Д хариуцан төлж дуусгахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх тэдний тохиролцоог шийдвэрт дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Л.Д, Ц.Х нарт даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар Монгол улсын иргэн Л.Д /РД:000000000/, Монгол улсын иргэн Ц.Х /РД:00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан Л.Д, Ц.Х нарын дундаас 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү Х.А, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Х.А нарыг эх Л.Дгийн асрамжинд үлдээж, тэднийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоон, эцэг Ц.Хаар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Ц.Х нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-00, гэрчилгээний 000 дугаартай, 0 тоотод байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө байрыг хүү Х.А /РД:00000000/, охин  Х.А /РД:00000000/ болон Л.Д /РД:00000000/ нарын өмчлөлд буцалтгүйгээр шилжүүлж, 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ/0 тоот Орон сууцны зээлийн гэрээний 2020 оны 3 дугаар сар, 2020 оны 4 дүгээр саруудын эргэн төлөлтийн төлбөрийг төлж, цаашид гарах сар бүрийг төлбөрийг Л.Д хариуцан төлж дуусгахаар гэрлэгчид харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар Л.Д, Ц.Х нарын хэн нэг нь нөгөөдөө хүүхдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА