Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/02920

 

   2020         10             28

                  183/ШШ2020/02920

                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол.............. байрлах “М ”ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух Б  овогт Ш-ын Н /РД:............./,

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ............. байрлах “С ХХК /РД:.........../ нарт холбогдох

            худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1814.77 га тариалангийн газрыг “М ХХК-д шилжүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, хариуцагч Ш.Н-гийн төлөөлөгч М.О, хариуцагч “С”ХХК-ийн төлөөлөгч А.Т, хариуцагч “С ”ХХК-ийн өмгөөлөгч Н.Н /ШТЭҮД:0000 /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч “М ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын нутаг дэвсгэрт байрлах олон жил орхигдож атаршсан тариалангийн талбайг өөрийн хөрөнгөөр сэргээн, дахин ашиглах хүсэлт гаргасныг орон нутгийн удирдлага дэмжин Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 69 дүгээр захирамжийн дагуу 2004 га тариалангийн газрыг эзэмшиж, зориулалтын дагуу газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан болно. Нэхэмжлэгч “М ХХК нь хариуцагч Ж.Н-тай 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд байрлах “М”ХХК-ийн эзэмшлийн 2016 га болон 33 нэр төрлийн эд зүйлийг шилжүүлж өгсөн. Хариуцагч Ж.Н нь худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч “М ”ХХК-д 100.000.000 төгрөг шилжүүлэх, гэрээний 6.2, 6.3-д заасан нэхэмжлэгч “Монгол плаза”ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлсэн тариалангийн үрийн буудай болон дизель түлш зэргийн өр төлбөр болох 397.000.00 төгрөгийг төлж барагдуулах үндсэн үүрэгтэй байсан болно. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2019 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М ”ХХК-ийг хариуцагчаар татаж гэрээний үндсэн үүрэг, алдангид нийт 605.498.212 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч Ж.Н нь 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч “Монгол плаза”ХХК-ийн эзэмшлийн газрыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/0 дүгээр захирамжаар өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “С ХХК-д шилжүүлэн авсан боловч гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн өр шилжинэ гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээнд үүрэг гүйцэтгүүлэгч нь ямар нэгэн байдлаар оролцоогүй. Иймд “М ХХК  болон Ж.Ннарын хооронд байгуулсан 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч “С ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/0 дүгээр захирамжаар шилжүүлсэн 1814.77 га тариалангийн газрыг нэхэмжлэгч “М ”ХХК-д шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Н-гийн төлөөлөгч М.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Ж.Н нь 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “М ”ХХК-тай газар тариалангийн салбарыг бүхэлд нь шилжүүлэн авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 100.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Ийнхүү биелүүлчхээд байхад “М ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2019 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М ”ХХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлэсэн тул дахин “М ”ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, энэ талаар шүүгчийн захирамждаа дурдсан байдаг. Үүнээс харвал Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон “Монгол плаза”ХХК-ийн хооронд төлбөрийн өр байхгүй болсон. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байхад “М ХХК нь  гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “С ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: иргэн Ш.Ннь 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “М ”ХХК-тай газар тариалангийн салбарыг бүхэлд нь шилжүүлэн авах гэрээг байгуулсан байдаг. Харин “С ХХК-д газар эзэмших эрх сумын Засаг даргын захирамжийг үндэслэн үүссэн. “С ХХК нь газрыг эзэмших хугацаандаа тариалангийн талбайд хөрөнгө оруулалт болгож ажилчдын байр, пүүний байр, контор, будааны агуулах, техникийн агуулах, халуун усны байр, үтрэмийн хашаа, польны хашаа зэрэг нийт 326.000.000 төгрөгийн  үндсэн хөрөнгийн хөрөнгө барьж байгуулсан. Мөн машин механизм, тоног төхөөрөмж, газрын үржил шимийг сайжруулах, хөрсний доройтол үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөрс арчилгааны чиглэлээр 2.314.800.000 төгрөг, нийт 2.640.800.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн тариан талбайд оруулсан. Ийнхүү “С ХХК-д сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн байхад “М ХХК нь тариалангийн газрыг буцаан шилжүүлэхийг шаардах эрхгүй юм. Мөн “С ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу “М”ХХК-ийн Тариалан эрхлэлтийн дэмжих санд төлөх ёстой өр төлбөрийг төлнө. Энэ талаар маргахгүй. Тийм ч учраас энэхүү үүргийг шилжүүлэн авч хэзээ, хэрхэн төлөх талаар  Хөдөө аж ахуйг дэмжих сантай ярилцаж байгаа. Иймд “М ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “М ХХК нь хариуцагч Ш.Н , “С ХХК нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1814.77 га тариалангийн газрыг “М ”ХХК-д шилжүүлэхийг даалгахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч “М ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт 1814.77 га талбайд тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхдаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн улаан буудай болон  дизель түлш зээлээр худалдан авч 2010 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн байдлаар 397.000.000  өр төлбөртэй байсан болох нь зохигчийн тайлбар, үрийн улаан буудайг зээлээр олгох, үрийн үнийг буцаан төлөхтэй холбоотой гэрээ, газар тариалангийн үйлдвэрлэлд дизель түлшийг зээлээр олгох гэрээ, өр, авлагын дэлгэрэнгүй журнал,  нэхэмжлэх,  санхүүгийн хуулга зэргээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч “М ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Ш.Но-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өөрийн эрхэлж буй газар тариалангийн салбарыг бүхэлд нь худалдахаар харилцан тохиролцож, “М ”ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн зориулалттай 1814.77 га талбайг 33 нэр төрлийн  хөдлөх эд хөрөнгийн хамт шилжүүлэх, хариуцагч Ш.Н нь  худалдан авсан эд хөрөнгийн үнэд нийт 497.000.000 төгрөгийг шилжүүлэхээс  50.000.000 төгрөгийг эд хөрөнгийн баримт шилжсэний дараа эсвэл гэрээг нотариатаар батлуулсны дараа, 50.000.000 төгрөгийг эд хөрөнгийг хүлээж авсны дараа төлж, үлдсэн 397.000.000 төгрөгийн оронд “М ”ХХК-ийн Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх ёстой өр төлбөрийн үлдэгдэл болох 397.000.000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “М ХХК нь хариуцагч Ш.Н-д газар тариалангийн зориулалт бүхий 33 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгийг, хариуцагч Ш.Н-гийн хувьцааг нь 100 хувь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг “С ХХК-ийн эзэмшилд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт байрлах тариалангийн зориулалттай 1814.77 га талбайг тус тус шилжүүлж, хариуцагч Ш.Н-гаас гэрээний дагуу 100.000.000 төгрөгийг  хүлээн авсан, талууд энэ талаар маргахгүй байна.

            Харин хариуцагч Ш.Н  нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 397.000.000 төгрөгийн оронд “М ”ХХК-ийн Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх өр төлбөр болох 397.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй учир Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь уг төлбөрийг “М ”ХХК-аас нэхэмжилсэн, уг өр төлбөрийг шилжүүлж байгаа талаар үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Монгол плаза”ХХК-аас 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 1814.77 га тариалангийн газрыг “М”ХХК-д шилжүүлэхийг даалгахаар шаардсан бол хариуцагч Ш.Ннь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 100.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн.  Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2019 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Монгол плаза”ХХК-ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэгэнт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлэсэн тул дахин “Монгол плаза”ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, энэ талаар шүүгчийн захирамждаа дурдсан байдаг. Үүнээс харвал Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон “Монгол плаза”ХХК-ийн хооронд төлбөрийн өр байхгүй болсон. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр, хариуцагч “С ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах 1814.77 га газрыг эзэмших эрх сумын Засаг даргын захирамжаар үүссэн байхад “М ХХК нь тариалангийн газрыг буцаан шилжүүлэхийг шаардах эрхгүй. Мөн “С ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу “М”ХХК-ийн Тариалан эрхлэлтийн дэмжих санд төлөх ёстой 397.000.000 өр төлбөрийг төлнө. Гэхдээ хэзээ төлж барагдуулах талаар тохиролцоогүй тул гэрээ байгуулснаас хойш өдийг хүртэл тухайн газарт хөрөнгө оруулалт хийснээс төлж барагдуулах боломж гараагүй.Тийм ч учраас энэхүү үүргийг шилжүүлэн авч хэзээ, хэрхэн төлөх талаар  Хөдөө аж ахуйг дэмжих сантай ярилцаж байгаа. Уг төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй  гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагч нарын татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх,  худалдан авагч нь  худалдагчид  хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө  хүлээн авах үүрэгтэй.

            Хариуцагч Ш.Н нь нэхэмжлэгч “М ”ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах газар тариалангийн талбай болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 33 нэр төрлийн тоног төхөөрөмж зэргийг нийт 497.000.000  төгрөгөөр худалдан авснаас 100.000.000 төгрөгийг төлж, үлдэх 397.000.000 төгрөгийн оронд “М ”ХХК-ийн Тариалан эрхлэлтийн дэмжих санд төлөх ёстой 397.000.000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг зөрчжээ.

            Учир нь эзэмшигчтэй нь тохиролцсоноор  үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч  этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох боловч талууд үүрэг гүйцэтгүүлэгч болох Тариалан эрхлэлтийг дэмжих санд мэдэгдээгүй байна.

            Иймд зохигчдын хооронд 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 6.2-6.3 дахь хэсэгт заасан заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

            Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар дээрх хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн тул шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

            Учир нь нэхэмжлэгч “М ”ХХК-аас 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09/88 тоот албан бичгээр “2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “С ХХК-ийн захирал Ш.Н-ай худалдах, худалдан авах 01 тоот гэрээ хийн аж ахуйгаа шилжүүлсэн бөгөөд “М ”ХХК-ийн Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх өглөгийг Ш.Н нь бүрэн хариуцлага хүлээсэн болох тул холбогдох санхүүгийн бүртгэлийг хийж өгнө үү” гэж Тариалан эрхлэлтийг дэмжих санд мэдэгдэж байсан, мөн нэхэмжлэгч “М ХХК нь 0000 УБ улсын дугаартай, Foton AF6150 маркийн тээврийн хэрэгсэл, 0000 УБ улсын дугаартай YTO-000 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн татварыг хариуцагчаас шилжүүлэн авч төлж барагдуулсны үндсэн дээр 2020 оны 03 дугаар сард эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн зэргээс үзэхэд 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

            Мөн хариуцагч Ш.Н болон “С ХХК-аас худалдах, худалдан авах гэрээнд заасан “М ”ХХК-ийн Тариалан эрхлэлтийн дэмжих санд төлөх ёстой 397.000.000 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулаагүй нь энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 1814.77 га тариалангийн газрыг “М ”ХХК-д шилжүүлэх үндэслэл болохгүй бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас “М”ХХК-нд холбогдуулан үрийн буудай болон дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 555.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/0000  дугаар шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

          Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь тухайн асуудлаар дахин “М ”ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй  байх бөгөөд уг өр төлбөрийг “С ХХК  нь хариуцах үүрэг хүлээж, өрийг шилжүүлэн авах талаар Хөдөө аж ахуйг дэмжих санд хандсан байгаа болох нь хариуцагч нарын тайлбар, “С ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн албан бичиг зэргээр нотлогдож байна.

            Иймд хариуцагч “С ” ХХК-аас М ”ХХК-ийн Тариалан эрхлэлтийг дэмжин санд төлөх 397.000.000 төгрөгийн өр төлбөрийг түүний өмнөөс төлж барагдуулахаа илэрхийлсэн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь дээрх өр төлбөрийг “М ”ХХК-аас шаардсан нэхэмжлэлээсээ татгалзсан зэргээс үзэхэд талууд 2010 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч “М ХХК-ийн хариуцагч Ш.Н, “С ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1814.77 га тариалангийн газрыг “М ХХК-д шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.713.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

     1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.Н, “М ХХК нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1814.77 га тариалангийн газрыг “М ”ХХК-д шилжүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч “М ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.713.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР