Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/02587

 

 2020             09             28

                                          183/ШШ2020/02587

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ……………..………… тоотод оршин суух, Х овогт Г.Т /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............................. тоотод оршин суух, Ц овогт Р.Э /рд:00000000/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 6 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, хариуцагч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Т миний бие Р.Э-тай 0000 онд танилцаж хамтын амьдралтай болоод 0000 онд том охин Б, 0000 онд бага охин Г нар төрж, бид хоёр охинтой болсон. 0000 оны 00 дугаар сарын 09-ний өдөр бид гэрлэлтээ бүртгүүлээд, хамт амьдраад 00 жил болсон. Хамт амьдрах хугацаанд санаа сэтгэл таарахгүй, тааламжгүй харилцаатай болж хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсээд 2019 оны 7 сараас хойш хэн хэнээсээ хамааралгүй тусдаа амьдраад жил гаран хугацааг өнгөрөөсөн. Бид хоёр эв зүйгээр асуудлыг шийдээд гэр бүлээ цуцлах шийдвэрт хүрээд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон энэ нөхцөл байдлыг харгалзаад, хүүхдийн тэтгэлгийг тогтоож, гэр бүл цуцлуулж, 6 000 000 төгрөгийг гаруулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Р.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:”... Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Р.Э миний биед холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Р.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Г.Т, Р.Э нар 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр гэр бүл болсноо 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин Э.Б, 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр Э.Г нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа нь амжилтгүй болсны улмаас шүүхэд хандсан байх тул шүүх Г.Т, Р.Э нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Б, 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Э.Г нарыг эх Г.Т-ын асрамжид үлдээж, мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Э.Б, Э.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.Э-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Р.Э хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6 000 000 төгрөгийг хахриуцагч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 500 000 төгрөгийг нийт 12 сарын хугацаанд төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшин 217 900 төгрөгөөр тооцож 56 787 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х овогт Г.Т /рд:00000000/, Ц овогт Р.Э /рд:00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Б, 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Э.Г нарыг эх Г.Т-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Б, 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Э.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Р.Э-аар тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Р.Э , энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Т нар тус тус даалгасугай. 

 

6. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6 000 000 төгрөгийг хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сар бүр 500 000 төгрөгийг нийт 12 сарын хугацаанд төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Р.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 56 787 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНГӨНТУУЛ