Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

 

 

 

 

 

 

 

 

2024          02          07                                           2024/ШЦТ/37

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2024/0032

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Улсын яллагч                                          Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч                                         Р.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Жавзандуламаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Г-д  холбогдох 2339003740447 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Р.Г-ыг нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар баг "Дуутын даваа" гэх газар Чингис хотоос Улаанбаатар хотын чиглэлийн А0501 төв магистрал зам дээр 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 50 минутын орчим 08-69 УБТ улсын дугаартай "hyundai starex" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-б "хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх," 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч Ө.У-ын эрүүл мэндэд "баруун атгаал ясны далд хугарал" бүхий хүндэвтэр, А.Б-гийн эрүүл мэндэд "баруун атгаал ясны далд хугарал" бүхий хүндэвтэр, Б.П-ын эрүүл мэндэд "баруун хацар ясны далд, гайморын хөндийн гадна ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зураг /хх-ийн 6-8 хуу/

Хохирогч А.Б-гийн өгсөн: ...Тухайн өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын төмөр замын Баянтүмэн тасгаас 14 цаг 30 минутын үед Улаанбаатар хот руу хөдөлсөн. Би жолоочийн яг арын суудалд суугаад хажуугийн цонхоор юм хараад явж байсан. Гэнэт хүмүүс шороо гэж орилох шиг болоод машин шороо мөргөөд зогссон. Осол болсны дараа миний баруун гар дээшээ өргөгдсөн байдалтай хөдөлгөж болохгүй байсан. Тэгээд би зүүн гараараа баруун гараа доош буулгаж бариад автомашинаас буусан. Тэгээд нэг приус автомашин хажууд ирж зогсоод жолооч нь би та нарт саад байна гээд гэрлээрээ дохио өгөөд байхад толиндоо харахгүй явсаар шороо мөргөчихлөө гэж хэлж байсан, тэр приус автомашины улсын дугаарыг би хараагүй учир мэдэхгүй байна. Тухайн үед гадаа бүрэнхий бүх автомашинууд гэрлээ асаагаад явж байсан. Ослын дараа замын унаанд П  бид 2-ыг суулгаад Жаргалтхаан сумын эмнэлэгт ирсэн. Тэгээд би баруун гартаа сойлт хийлгээд өвчин намдаагч тариа хийлгэсэн. Хэсэг хугацааны дараа үлдсэн 4 хүн маань ирсэн. Тэгээд утасны сүлжээ ороод Энхдалай дарга албаны дарга руу мэдэгдсэн гэж ярьж байсан. П ын хамраас цус гараад тогтохгүй байхаар нь эмч 2 удаа судас тариа хийлгээд дараа нь дусал хийсэн. Тэгээд цус гарах нь арай багассан. Тухайн шөнө 02 цагийн үед Багануур өртөөнөөс автомашин ирж бид нарыг харуулаад баруун гараа хугарч бяцарсан гэдгийг мэдээд шууд эмнэлэгт хэвтсэн. Гэмтлийн эмнэлэгт 7 хоног, төмөр замын эмнэлэгт бас 7 хоног хэвтэн эмчлүүлсэн... Тухайн тээврийн хэрэгслийг Г  гэдэг УБТЗ-ын авто тээвэр үйлчилгээний төвийн жолооч машин жолоодож байсан. Тухайн осол болсон өдөр Г-аас  ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл ү*******тэхгүй байсан... Ослын улмаас миний баруун гар бяцарч хугарсан, ахар сүүлд босож суух үед хөндүүртэй болсон. Мөн 2 өвдөгний арьс зулгарч хөхөрсөн байсан гэхдээ одоо хөхрөлт арилсан боловч газарт өвдөгдөж суух үед өвдөг хөндүүртэй байгаа. Мөн духны зүүн талд хөхөрсөн байсан нь одоо эдгэрсэн. 2023 оны 08-р сарын 15-ны өдөр бүтэн унтуулгатай хагалгаанд орж баруун гартаа 14 ширхэг хадаастай холбогч төмөр хадуулсан, хадаасыг 1 жилийн дараа авна гэсэн. Миний эмчилгээний 08-р сард гарсан зардал болох 784.575 төгрөгийг Улаанбаатар төмөр замын Авто тээвэр үйлчилгээний төвөөс нэхэмжилж авсан харин 09-р сард гарсан эмчилгээний зардлаа аваагүй байгаа маргааш эмнэлэгт үзүүлээд нэхэмжлэл гаргана...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Хохирогч Ө.У-ын өгсөн: ... Би Улаанбаатар төмөр замын эрчим, хүч, ус ханган нийлүүлэлтийн төвийн инженерээр ажилладаг. Бид 2023 оны 08 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Чойбалсан сумын төмөр замын Баянтүмэн тасагт томилолтоор ажиллаж байгаад 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу буцсан. Бид нар Дорнод аймгаас 15 цаг өнгөрж байхад гарсан. Ингээд явсаар байгаад 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сум нэлээн өнгөрөөд Жаргалтхаан сум дөхөж байхад зам засварын шороо мөргөн зам тээврийн осол гаргасан. Тухайн үед бид нарын урд том машин явж байсан ба уг машиныг гүйцэж түрүүлээд гараад ирэхэд урд овоолсон шороо байсан. Тухайн үед нар жаргаж байсан ба шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Бид нарын урд шороо гэнэт гарч ирсэн ба юу юугүй очоод мөргөсөн. Тэгээд осол болсны дараа бид нар машинаас бууцгааж ард явж байсан машиныг зогсоон сууцгааж Жаргалтхаан сумын эмнэлэг рүү явсан. Харин жолооч маань машин дээрээ үлдсэн... Тухайн ослын улмаас миний баруун гар хугарсан... Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг би сайн мэдэхгүй байна... агаарт боссон шорооноос үүдэн харагдах байдал муу байсан...надад нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч Г гэх хүн миний эмчилгээний зардал хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

Хохирогч Б.П-ын  өгсөн: ...Тухайн ослын улмаас миний хамар мөн нүүр хэсэг гэмтсэн. Би гэмтсэн хамар, нүүр хэсгээ эмчлүүлж одоо хэвийн болсон...надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй. Жолооч Г  гэх хүн миний эмчилгээний зардал хохирлыг барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/

Иргэний нэхэмжлэгч А.Г-ын өгсөн: ...Уг тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар төмөр замын авто тээврийн баазын эзэмшлийн тээврийн хэрэгсэл...уг тээврийн хэрэгслийн урд гүпер доод гар, хөндлөн тяг, өндгөн тулгуур зэрэг нь эвдэрсэн... Р.Г  нь урд гупер доод гар, хөндлөн тяг, өндгөн тулгуур зэрэг эвдэрсэн зүйлсийг шинээр худалдан авч сольж манай байгууллагыг хохиролгүй болгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

Гэрч Т.Болдоогийн өгсөн... Тухайн өдөр Дорнод аймгийн Баянтүмэн тасгаас /сум/ Улаанбаатар хот руу 13 цагийн үед Улаанбаатар төмөр замын байгууллагын автомашин болох 0869 улсын дугаартай шар өнгийн Хонда Старекс маркийн автомашинтай зургуулаа хөдөлсөн. Автомашиныг авто баазын жолооч Г  жолоодож явсан. Тэгээд тус оройн 20 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт орох үед П  нэг юм хэлэх шиг болоод би яасан юм бол гээд урагш өндийтөл гэнэт урд сандлын аравчийг цээж хэсгээрээ мөргөсөн. Тэгээд бид машинаас буугаад хартал зам засварын ажил хийгээд зам хаасан байсан овоолоостой шороог мөргөж зогссон байсан. Тэр овоолоостой шорооны орчимд ямар нэгэн замын анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан. Тэгээд гэмтсэн 2 хүн болох Б , П  2-ыг эхлээд замын унаанд суулгаж Жаргалтхаан сумын төвийн эмнэлэг рүү явуулсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 544 дугаартай дүгнэлт:

1.2. Ө.У-ын биед баруун атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 98-99 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 545 дугаартай дүгнэлт:

1.2. А.Б-гийн биед баруун атгаал ясны далд хугарал, баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлээс баруун атгаал ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун гарт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 113-114 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 546 дугаартай дүгнэлт:

1.2. Б.П-ын биед баруун баруун хацар ясны далд, гайморын хөндийн гадна ясны далд, хамрын ясны далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд Нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүдээс баруун хацар ясны далд, гайморын хөндийн гадна ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..гэх дүгнэлт /хх-ийн 136-137 хуу/

 

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа:

08-69 УБТ улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Равсал Г  нь:

ЗХД-н 3.4.Б Жолооч дараах үүргийг хүлээнэ: хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бус хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.

12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж дүгнэв /хх-ийн 56-57 хуу/

 

Р.Г-ын яллагдагчаар өгсөн: ...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би хохирогч нарынхаа хохирлыг барагдуулж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 хуу/

 

Р.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 213 хуу/

Р.Г  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162 хуу/

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 180 хуу/

Р.Г-ын  жолоодох эрхийн  лавлагаа /хх-ийн 181 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 186-190 хуу/

Хохирогч А.Б-гийн гаргасан “2023 оны 8-аас 10-р сард гарсан эмчилгээний зардлыг жолооч төлсөн. Цаашид 2024 онд баруун гарт тавьсан 14 ш төмөр хадаасыг хагалгаанд орж авахуулах тул тухайн үед нь гарах зардлыг жолооч төлнө гэсэн бөгөөд надад өөр гомдол, хүсэлт байхгүй болно” гэсэн нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 177 хуу/

Хохирогч Ө.У-ын гаргасан “авто замын осолтой холбоотойгоор жолооч Г д ямар нэгэн гомдолгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 178 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Г д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Г  нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20 цаг 50 минутын орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар баг "Дуутын даваа" гэх газарт 08-69 УБТ улсын дугаартай "hyundai starex" маркийн автомашин жолоодож явахдаа зам засварын ажлын үед зам дээр овоолсон байсан шороог мөргөж  зам тээврийн осол гарган зорчигч Ө.У-ын эрүүл мэндэд баруун атгаал ясны далд хугарал, А.Б-гийн эрүүл мэндэд баруун атгаал ясны далд хугарал, баруун гарт шарх , Б.П-ын эрүүл мэндэд баруун баруун хацар ясны далд, гайморын хөндийн гадна ясны далд, хамрын ясны далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Р.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч А.Б , Ө.У , Б.П , иргэний нэхэмжлэгч А.Г , гэрч Р.Болдоо нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

Дээрх зам тээврийн осол нь шүүгдэгч Р.Г  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадлагаагаар, уг ослын улмаас хохирогч Ө.У , А.Б , Б.П  нарын  биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

Тухайн үед 0869 УБТ улсын дугаартай  Hyundai starex маркийн автомашиныг Р.Г  нь жолоодож явсан болох нь шүүгдэгч  болон хохирогч, гэрчийн  мэдүүлгээр тогтоогдсон,  шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Р.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Г-ын дээрх үйлдлийг Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Г  нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний  өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. гэж заасан байх тул шүүгдэгч Р.Г д холбогдох хэргийг зүйлчлэхдээ эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Шүүгдэгч Р.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч А.Б  нь “2023 оны 8-аас 10-р сард гарсан эмчилгээний зардлыг жолооч төлсөн. Цаашид 2024 онд баруун гарт тавьсан 14 ш төмөр хадаасыг хагалгаанд орж авахуулах тул тухайн үед нь гарах зардлыг жолооч төлнө гэсэн бөгөөд надад өөр гомдол, хүсэлт байхгүй болно” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 177 хуу/ хохирогч Ө.У  нь “авто замын осолтой холбоотойгоор жолооч Г д ямар нэгэн гомдолгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 178 хуу/ гаргасан, хохирогч Б.П  нь ...надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй. Жолооч Г  гэх хүн миний эмчилгээний зардал хохирлыг барагдуулсан... /хх-ийн 30 хуу/ гэж мэдүүлэг өгсөн, иргэний нэхэмжлэгч А.Г  мэдүүлэгтээ “Р.Г  нь урд гупер доод гар, хөндлөн тяг, өндгөн тулгуур зэрэг эвдэрсэн зүйлсийг шинээр худалдан авч сольж манай байгууллагыг хохиролгүй болгосон” /хх-ийн 34-35 хуу/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай  дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар  хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-ыг  4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Р.Г  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Р.Г  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ОДХҮҮ