Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2024/0030/Э

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Г.Анхбаяр, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Б.Болортунгалаг,

Шүүгдэгч                                     Э.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Батсүрэнгээр хөтлүүлж,

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Э-т холбогдох 2439000000026 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ...................... тоотод Б.Б-ынд хоноод явахдаа хохирогч О.Б-ын “iphone 13 rpo max” маркийн гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогчид 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч О.Б-ын өгсөн: ... 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай найз ******* нөхөр Э  хоёр хүүхэдтэйгээ манай гэрт 2 литртэй нийслэл нэртэй 2 ширхэг пиво хувааж уугаад манайд хоносон. Нөхөр хүүхэд бид гурав гэрийн баруун талын орон дээр манай найз  нөхөр хүүхэдтэйгээ гэрийн хойд талд газраар унтсан. Тэгээд би унтахдаа өөрийн ipone 13 pro тах маркийн гар утсыг өөрийн дэрлэж байсан дэрэн доор хийгээд унтсан. Тухайн үед манай нөхөр миний утсыг барьж байсан болохоор өглөө 09 цагийн үед босоод шууд ажилдаа явсан. Тэгээд манай нөхөр намайг ажил дээр байхад утсаа хаана тавьсан бэ олохгүй байна гэж над руу ярихаар нь утсаа дэрэн доор үлдээсэн гэхэд байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед гайхаад утсаа хайсан боловч олоогүй нөхөр бид хоёр Ариунсанаа, Э  хоёроос гар утас харсан уу гэж асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тухайн *******, Э  хоёр Улаанбаатар хот руу гэр рүүгээ явсан. Тэгээд би олдохгүй байхаар нь гайхаад Э  руу мессенжерээр утсаа олдоггүй хараагүй юм уу гэхэд мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Э руу мессенжерээр цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэж бичихэд уучлаарай би авсан юм аа хоёулаа учраа олъё энэ сардаа багтаагаад мөнгийг нь өгье гэхээр нь би миний утас хаана байгаа гэж асуухад засварт өгсөн гэж хэлсэн. Тэгээд миний Хаан банкны 5938084355 дугаартай данс руу Хаан банкны 5954190158 гэсэн данснаас eegii utas гэсэн утгатай 2,000,000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь энэ долоо хоногт багтааж өгье гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/

Гэрч ******* өгсөн: ...эхнэр Э  гэх залуугийн фейсбүүкийн мессенжерээр цагдаагийн байгууллагаар шалгуулна гэхэд би утсыг чинь авсан уучлаарай мөнгийг нь төлье гэж хэлээд манай эхнэрийн данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний бодлоор эхнэр бид хоёрын унтаж байхад авсан гэж бодож байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч Э.*******гийн өгсөн: ... Б  над руу фейсбүүк мессенжерээр та хоёр миний утсыг авч яваад зарчихсан юм биш үү гэхээр нь би нөхрөөсөө асуухад би утсыг нь аваад зарчихсан юм аа намайг уучлаарай гэсэн. Тэгээд би Б д манай нөхөр утсыг чинь авсан байна хохирлыг нь барагдуулъя гэхэд 3,500,000 төгрөг өг гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр өөрийнхөө Хаан банкны данснаас Б ын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Iphone 13 pro max маркийн гар утасны үнэлгээг 3.200.000 төгрөгөөр  тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ий шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний  өдрийн 2024/ШД-11 дугаартай  дүгнэлт /хх-ийн  31-33 хуу/

Э.Э ын яллагдагчаар өгсөн: ... Тухайн хэрэг болдог өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны орой би өөрийн эхнэр *******гийн хамтаар найз Б ын гэрт очсон. Тэгээд Б ын нөхөр манай эхнэр Б  бид 4 нийлээд тэдний гэрт 2 литрийн 2 ширхэг том пиво хувааж уугаад тэндээ амарцгаасан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 01 дугаар сарын 03-ны өглөө намайг сэрэхэд тэдний орны хажууд газарт цайвар хөх өнгийн кейстэй I phone 13 pro тах маркийн гар утас унтраалттай байхаар нь аваад халаасандаа хийгээд Б сэрээд гар утас харсан уу гэхээр нь үгүй гэж хэлээд эхнэрээ гэрт нь аваачиж үлдээгээд би өөрөө Улаанбаатар хот руу явж Сүхбаатарын талбайн баруун талд байдаг гар утас зардаг газарт очоод танихгүй хүнд нөгөө утсаа 650000 төгрөгөөр зарсан.... Би хохирогчид одоогийн байдлаар 2 сая төгрөгийг төлчхөөд байгаа. Үлдэгдэл 1 сая 200 мянган төгрөгийг би Улаанбаатар хот руу явж ажил хийгээд тэр мөнгөнөөсөө удаахгүйгээр төлж барагдуулахаа илэрхийлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу/

Э.Э ын  иргэний үнэмлэхийн лавлагаа  / хх-ийн  41 хуу/

Э.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуу/

Хохирогч О.Б-ын гаргасан “Э овогтой Э т гомдол санал байхгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 65 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 61-62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг .................... тоотод байх хохирогч О.Б-ын гэрт байхдаа түүний “iphone 13 rpo max” маркийн гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогчид 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Э нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч О.Б , гэрч Б.Б, Э.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Э нь хохирогч О.Б-ын “iphone 13 rpo max” маркийн гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогчид 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Б д 3.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч О.Б  нь “Эрдэнэчулуун овогтой Э  гомдол санал байхгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 65 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар ******* аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгчид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзлээ

Шүүгдэгч Э.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Э ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Э.Э т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

4. Шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                               

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ