Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2024/0036/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Ц.Жавзандулам

Улсын яллагч                                                Д.Ч

Шүүгдэгч                                                  В.М нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.М-д холбогдох 2439000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.М нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим согтуурсан үедээ Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг 12-04 тоотод байх гэртээ хохирогч О.Н-тай маргалдаж гарын шуу, толгой руу нь төмөр сандлаар цохих, нүүр, толгой, зүүн дал хэсэг рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд зүүн талын хөмсөгний дээд хэсэг, зүүн бугалганы гадна доод хэсэгт шарх, зүүн нүдний алимд цус харвалт, хоёр нүдний зовхи, хүзүү, дал, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт нөсөө бүхий зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч В.М-ын  мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны үед өгсөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч О.Н-ын  өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 21-22  хуу/ хохирогч О.Н-ын  биед тогтоогдсон гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 хуу/ хохирогч О.Н-ын  гаргасан “миний бие харилцан тохиролцож сайн дураар эвлэрч хохирлыг бүрэн барагдуулсан нэхэмжлэх хохирол болон гомдолгүй” гэх нотариатаар батлуулсан хүсэлт /хх-ийн 70 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч В.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

 Гэмт хэргийн улмаас хохирогч О.Н-ын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О.Н нь “миний бие харилцан тохиролцож сайн дураар эвлэрч хохирлыг бүрэн барагдуулсан нэхэмжлэх хохирол болон гомдолгүй” гэх нотариатаар батлуулсан хүсэлт /хх-ийн 70 хуу/  гаргасан  байх тул шүүгдэгч В.М нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч В.М нь хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч В.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг хоногийг нь 15.000 төгрөгөөр тооцож нийт 30.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөлтэй, ногоон өнгийн модон тавцантай  сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийг хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.М-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М-ын  цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг  15.000 төгрөгөөр тооцож, нийт 30.000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцсугай.

5. Шүүгдэгч В.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

6. Шүүгдэгч В.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөлтэй, ногоон өнгийн модон тавцантай сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч В.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээс бусад тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ