Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/02664

 

 

    2020                 10              05                       183/ШШ2020/02664

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ....................., өөрийн байранд байрлах, Х ХХК /рд:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......................... тоотод байрлах, Э ХХК /рд:000000/-д холбогдох,

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 97 087 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ханбогд сити ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2018 оны 3 дугаар сард Э ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ” байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэг .......................... тоот хаягт байрлах орон сууцны барилга болон нэгдсэн гражийн байгууламжийн карказ угсралтын ажил, гэрээнд заагдсан бусад ажлыг 1 240 621 200 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэвч гэрээт ажлыг хийж гүйцэтгэх явцад гэрээгээр тохиролцоогүй тагт. парпед цутгалт 34 648 000 төгрөг, хана цутгалт 37 861 000 төгрөгийн ажлыг нэмж хийж гүйцэтгэн гэрээний үнэ 1 278 482 200 болж өөрчлөлт орсон юм. Ингээд манай компанийн зүгээс гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дугаар 2019/000 “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах юмиссын дүгнэлт” актаар улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан. Гэрээний төлбөрт “Э” ХХК нь 1 203 482 200 төгрөгийг төлсөн. Бид тооцоо нийлэхэд 75 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан удахгүй төлж барагдуулна гэдэг байсан. Гэвч “Э” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахгүй байна. Иймээс Э ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрөө гаргуулж авахаар шүүхэд хандаж байна. Иймд Э ХХК-иас барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 97 087 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компанитай 2018 оны 3 дугаар сард ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн ......................... тоотод байршилтай барилгын ажлын угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн. Уг гэрээт ажлаар нийт 1 278 482 250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэрээний үлдэгдэл төлбөрт 75 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөр талууд тооцоо нийлээд баталгаажууулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Энэхүү төлбөрийг манай компаний зүгээс санхүүгийн боломжгүй байдлаас болж одоог хүртэл төлж чадахгүй байгаа. 22 087 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн  байсан. Алдангийн хэмжээ хэт өндөр байгаа тул хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх байгууллага алдангийн хэмжээг багасгуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Бид боломжоороо төлнө, огт барагдуулахгүй гээгүй. Өнгөрсөн хугацаанд бартерийн журмаар байр өгч шийдье гэсэн боловч хүлээж аваагүй. Заавал бэлэн мөнгөөр авна гэсэн. Манай компаниас 575 981 200 төгрөгийг бэлэн мөнгөөр, бартерийн журмаар 627 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан үүргээ дийлэнх хувиар нь биелүүлсэн байгаа” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 97 087 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 3 дугаар сард барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээбайгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн ............................ тоот хаягт байрлах 00000000 тоот дугаартай орон сууцны барилга болон нэгдсэн гаржийн байгууламжийн карказ угсралтын ажил буюу гэрээний хавсралт 1 заагдсан ажлыг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр багтаан хийж гүйцэтгэх, барилгын ажлын 1 м.кв үнэ 105 000 төгрөг байх бөгөөд 11 815 44 м.кв талбайд нийт 1 240 621 200 төгрөг байхаар тус тус талууд тохиролцсон байх бөгөөд урьдчилгаа 1 203 482 200 төгрөгийг төгрөг төлсөн, хүлээн авсан талаар талууд маргаагүй.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх энэхүү гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана...” гэж зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар “Барилгын ажил гүйцэтгэх тухай” гэрээг бичгээр хийж, гэрээний 2.4 дэх заалтад алданги тооцохоор тохиролцсон нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэлд төлбөр болон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлан алдангийг 50 хувиар багасгаж, хариуцагчаас алданги нийт 94 162 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 925 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 628 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232,6, 232,8 дахь хэсгийг баримтлан хариуцагч Э ХХК-иас нийт 94 162 500 төгрөгийг гаргуулан Нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 925 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНГӨНТУУЛ