| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/02 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/02
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 545,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын ******* Өвтийн******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгойд нь хэд хэдэн удаа цохиж, хазах зэргээр түүний биед цээж, баруун даланд шарх, дух, баруун хацарт сорви, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, цээж, зүүн бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч шүүх хуралдаанд өгсөн: Тухайн хэрэг болсон өдөр манай нөхөр айлд очиж юм хийхээр явсан байсан. Би хүүхдүүдтэйгээ гэртээ байсан. Манай гадаа нэг хүн ирээд би охинтойгоо гарч уулзаж байхад манай нөхөр жаахан согтуу ирсэн. Манай нөхөр буруугаар ойлгоод энэ хэн юм бэ? гэж асуухад би юм хэлээгүй юм. Би нөхрөө архи уусан байна гэж уурлаад нэг удаа цохиж авсан. Бид хоёр маргалдаад хэсэг хугацааны дараа эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би **** **** оны *** дүгээр сараас хойш *** суманд хамтран амьдарч байна. **** гурван хүүхдийн хамт амьдардаг. **** 2023 оны 11 дүгээр сарын 23-ны орой 19 цагийн орчим гэрээсээ гарч яваад шөнийн 23 цагийн орчимд гэртээ согтуу архи уусан ирээд намайг хэл амаар доромжилж зодсон. **** гэртээ зүгээр орж ирээд л намайг “гөлөг, нохой, гичий” гэх мэт үгээр харааж, миний толгойны орой хэсэгт гар утсаараа нэлээд хэдэн удаа цохиж, гараараа алгадаж толгойн орой болон хацар, шанаа, хамар хэсэгт доороо оруулж байгаад зодсон, баруун хацар, зүүн хөхний дээд тал, зүүн дал хэсэгт нэг нэг удаа хазсан, зүүн гарын шуу хэсэгт хоёр удаа хазсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн **** эмч ажилтай. **** биед зүүн гарт хөхсөн мөн нуруу хөхөрсөн, нуруу болон зүүн гарын бугуйнд хазсан шүдний ором байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 тал/,
Өвөрхангай аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвийн эмч **** “...Өвчний түүх: 2 цагийн өмнө хүнд зодуулсан гэнэ. Зүүн гар бугуйн үеэр хөхөрч өвдсөн, хазсан шүдний оромтой, нурууны хэсгээр 2-3 газар хазсан оромтой, хөхөрсөн...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33 тал/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **** дугаартай “...1. ***** биед цээж, баруун даланд шарх, дух, баруун хацарт сорви, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, цээж, зүүн бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тоггоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой. З. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4 Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахтүй. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 81-83 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч нь бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ***** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч ***** шүүх хуралдаанд гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хохирол төлснийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ****** 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА