| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 184/2018/00479/и |
| Дугаар | 01693 |
| Огноо | 2018-07-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 01693
Б.С-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/01261 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2 805 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д,
хариуцагч Б.О,
хариуцагчийн өмгөөлөгч Т.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.С-аас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 400 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 2 800 000 төгрөгийг Б.О-гийн Голомт банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед түүний хүсэлтийн дагуу мөнгө зээлсэн. Энэхүү зээлсэн 2 800 000 төгрөг, нотариатын зардал 5 000 төгрөгийн хамт нийт 2 805 000 төгрөгийг иргэн Б.О-ээс гаргуулж өгнө үү.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэрээр хариуцагч Б.О-ийг ажилд нь эгүүлэн тогтоож манай компаниас 2 232 553 төгрөгийн цалинг олгохоор шийдвэрлэсэн. Зээлийг гэрээг амаар байгуулсан, тохиролцсоны дагуу данс руу шилжүүлсэн. 2 800 000 төгрөгийг Б.С хувиасаа зээлсэн, “Русбел” ХХК-аас зээлүүлээгүй. Зээлийг хүүгүй зээлүүлсэн, ажиллаж байх хугацаандаа зээлээ төлөх ёстой байсан гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс “Русбел” ХХК-д менежерээр ажилд орж Ургамал төвийг шинээр нээж ажилласан. Тус компанийн захирал Б.С бөгөөд намайг “Соёолж” ХХК-д зохион байгуулагч, менежерээр ажиллаж байхад хамтарч ажиллахыг санал болгосны дагуу миний бие дээрх ажилд орсон. Надад шилжүүлсэн гэх 2 800 000 төгрөг нь зээл биш харин ажилласан цалин юм. Гэтэл Б.С дээрх мөнгийг надад хувиараа зээлсэн мэтээр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Энэхүү 2 800 000 төгрөгийг “Голомт банк” ХХК-иас асуухад цалингийн нягтлан очиж хийсэн байдаг. Хэрвээ зээл байсан бол зээл гэсэн утгаар дансанд хийж, миний цалингаас суутгаж авах ёстой байсан. 2 800 000 төгрөгийг зээлээгүй, зээлийн харилцаа үүсээгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О-ээс 2 805 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.С давж заалдах гомдолдоо:
Миний бие амаар зээлийн гэрээ байгуулж, 2 800 000 төгрөгийг Б.О-гийн харилцах дансаар шилжүүлж өгсөн байтал нотлохыг хүсэхгүй, тухайн шилжүүлгийг миний өмнөөс очиж хийсэн хүний мэдүүлгийг авалгүй, тодруулахгүй хэргийг шийдвэрлэсэн. Б.О-т мөнгөө шилжүүлэхдээ Б.С-аас орлого гэдэг утгаар хийсэн нь миний бие болон Б.О-ийн хоорондох аман зээлийн гэрээний дагуу хийгдсэн гүйлгээ болно.
Тухайн үед Б.О нь нөхөр өвчтэй, эмчлүүлэх шаардлагатай гэж шалтгаан тоочиж тухайн мөнгийг зээлж байсан. Мөн надаас зээлсэн зээлийн төлбөрийг "Русбел" ХХК болон иргэн Б.О хоорондын хөдөлмөрийн харилцаатай ямар нэгэн байдлаар шууд холбоогүй. Б.С гэдэг хувь иргэний хувьд иргэн Б.О-т дансааар дамжуулж орлого хийж, зээлсэн мөнгө болно. Б.О-т “Русбел” ХХК-аас хийсэн ажлын төлбөрийг cap тутам өгч байсан.
Иймд анхан шатны шүүх бодит нотлох баримтыг хянаж, тодруулж үзэлгүй нэг талыг барьсан шийдвэр болсон тул миний зүгээс гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 2 800 000 төгрөг, нотариатын зардал 5 000 төгрөг нийт 2 805 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан Голомт банкны орлогын мэдүүлэг, хариуцагч Б.О-ийн дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.С-аас хариуцагч Б.О-ийн Голомт банкны 1105126944 тоот дансанд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 400 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй. /хэргийн 6-8, 102, 105, 107 дугаар тал/
Хариуцагч Б.О нь дээрх шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг “Русбел” ХХК-д менежерээр ажиллаж байх үеийн цалин гэж тайлбарласан боловч “Русбел” ХХК-аас түүнийг ажиллаж байх хугацааны цалин олговрыг нь “цалин Русбел” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлдэг байсан болох нь Голомт банкны дансны хуулгаар тогтоогдсон тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч нь тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
Тиймээс нэхэмжлэгч Б.С-аас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн 2 800 000 төгрөгийг хариуцагч Б.О-ийн дансанд шилжүүлсэн нь нотлогдсон, талуудын хооронд 2 800 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С хариуцагч Б.О-ээс 2 800 000 төгрөгийн мөнгөн хөрөнгөө шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Харин зээлийн гэрээний үүргийг шаардахдаа холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2018/01261 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 2 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 59 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА