| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 114/2026/0014/З |
| Дугаар | 221/МА2026/0664 |
| Огноо | 2026-09-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0664
Ц.Г-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Г
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18.430.461 төгрөг гаргуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 114/ШШ2026/0023 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 114/2026/0014/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Г оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18.430.461 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 114/ШШ2026/0023 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.7, 57 дугаар зүйлийн 57.2, 57.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18.430.461 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулж Ц.Г т олгуулахаар шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х давж заалдах гомдолдоо:
“...Ц.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд түүнийг Хайрхан багийн Засаг даргын албан тушаалд хууль ёсоор томилогдсон эсэх нь урьдчилан тогтоогдох зайлшгүй ач холбогдолтой үйл баримт мөн. Ц.Г ийг Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Хайрхан багийн Засаг даргаар томилохдоо тус захирамжийн эрх зүйн үндэслэл болгон Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн "Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай" 03 дугаар тогтоолыг шууд үндэслэсэн байдаг. Иймд уг 03 дугаар тогтоолын хууль ёсны байдал нь Б/13 дугаар захирамжийн эрх зүйн үндэслэл, улмаар Ц.Г тухайн албан тушаалыг хууль ёсоор эрхэлж байсан эсэхтэй шууд шалтгаант холбоотой... Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 03 дугаар тогтоолын хууль ёсны байдал нь тухайн цалин хөлсний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй асуудал гэж үзэх боломжгүй. Харин уг тогтоол нь Б/13 дугаар захирамжийн шууд эрх зүйн үндэслэл болсон эсэх, түүний хууль ёсны байдал нь Ц.Г-ийн албан тушаал эрхлэх эрхийн үүсэлд хэрхэн нөлөөлөх эсэхийг шүүх хэргийг бүх талаас нь, бүрэн дүүрэн, бодитойгоор дүгнэх хүрээнд зайлшгүй тогтоох шаардлагатай.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ2025/0041 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/MA2025/0769 дүгээр магадлалаар хэргийн шийдвэрлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тодорхой гаргаж тавьсан байхад шүүхээс 03 дугаар тогтоолыг гаргасан нөхцөл, түүнийг гаргах хууль зүйн үндэслэл, нэр дэвшүүлэх ажиллагааны хуульд нийцсэн байдал, улмаар уг тогтоол нь Б/13 дугаар захирамжийн эрх зүйн үндэслэлд хэрхэн нөлөөлөх талаар бүрэн, бодитой, харилцан уялдаатай эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий энэхүү үйл баримтыг удаа дараагийн шүүхийн шийдвэр, магадлалд оролцогчдоос тодорхой гаргаж тавьсан боловч түүнд бүрэн дүүрэн эрх зүйн дүгнэлт өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдалд эргэлзэхэд хүргэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 10-ны 114/ШШ2026/0023 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Г оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
2.1.Нэхэмжлэгч Ц.Г оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18.430.461 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Багийн Засаг даргад нэр дэвшигч Ц овогтой Г 179 санал буюу 90.4 хувийн олонхын санал авсан тул Хайрхан багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга”-д уламжилж[1], үүний дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Ц.Г ийг Хайрхан багийн Засаг даргаар томилж[2], Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар[3] захирамжаар “Ё.О нь Хайрхан багийн Засаг даргаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилогдсон бөгөөд "Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэсэн заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр тус Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.
2.3. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Г оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 769 дүгээр магадлалаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 46 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
2.4. Үүний дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Ц.Г ийг Хайрхан багийн Засаг даргаар дахин томилжээ.
2.5. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.”, 57.2.1-д “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж тус тус заасан.
2.6. Нэхэмжлэгч Ц.Г ийг Хайрхан багийн Засаг даргаар томилсон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 769 дүгээр магадлалаар хүчингүй болгосон, мөн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц.Г нь Хайрхан багийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэж байсан байх бөгөөд энэ хугацаанд цалин хөлс аваагүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон цалингийн дүнд хэргийн оролцогчид маргаагүй байна.
2.7. Тодруулбал, нэгэнт Хайрхан багийн Засаг даргаар томилсон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/418 дугаар захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 769 дүгээр магадлалаар хүчингүй болгосон энэ тохиолдолд нэхэмжлэгч Ц.Г нь ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш буюу 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Хайрхан багийн Засаг даргаар дахин томилогдсон буюу 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 131 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 18.430.461 төгрөгийг гаргуулах эрхтэй ба анхан шатны шүүхийн “...03 дугаар тогтоолыг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байх тул тус тогтоолыг илт хууль бус гэж үзэх боломжгүй...” гэх дүгнэлт зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс 03 дугаар тогтоолыг гаргасан нөхцөл, түүнийг гаргах хууль зүйн үндэслэл, нэр дэвшүүлэх ажиллагааны хуульд нийцсэн байдал, улмаар уг тогтоол нь Б/13 дугаар захирамжийн эрх зүйн үндэслэлд хэрхэн нөлөөлөх талаар бүрэн, бодитой, харилцан уялдаатай эрх зүйн дүгнэлт хийгээгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 114/ШШ2026/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА