Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 127/ШШ2022/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 127/2022/0005/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ц.З- нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж-, Б.А- нарт холбогдох

 Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.З- итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- нь Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж-, Б.А- нарт холбогдуулан, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны төлөвлөгөөт хяналт шалгалтаар Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019-2020 онд шинээр тэтгэвэр тогтоолгон авсан малчин даатгуулагчийн өндөр насны болон хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 1079 даатгуулагчийн тэтгэврийн хувийн хэрэг, материалын үндэслэл, тогтоолт, олголтыг тус тус шалгасан.

Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж-, Б.А- нар нь Батноров сумын тэтгэвэр авагч 222806 тоот хувийн хэргийн дугаартай Ц овогтой З- “1993 онд Батноров суманд шуудан хүргэгчээр ажиллаж байсан хугацаагаа нөхөн даатгалтай давхцуулан, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарыг дуустал өндөр насны тэтгэвэр 1750000 төгрөг үндэслэлгүй авсан” гэж үзэж, уг мөнгөн дүнг Ц.З-ээр төлүүлэхээр  2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр улсын байцаагчийн акт тавьсан.

3. Нэхэмжлэгч Ц.З- нь маргаан бүхий актын талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж, уг газрын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2/58 тоот албан бичгээр хариу авсан.

Мөн Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1 дугаар, “Улсын байцаагчийн актыг хүчинтэйд тооцох тухай” тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 32/07 тоот албан бичиг зэргийг хүлээн авчээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан. 

4. Нэхэмжлэгч Ц.З- итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Улсын байцаагч нарын акт тавих болсон үндэслэл нь Батноров сумын Засаг даргын 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/52, 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110 тоот захирамжууд байжээ.

А/52 дугаар захирамжид Батноров сумын төвийн аж ахуйн нэгж, байгууллагын нэр бүхий 13 жолооч, хөдөө багт мал малладаг, хувьдаа машин бүхий 2 иргэний нэрийг оруулаад нийт 15 жолоочийг аймаг руу албаны болон хувийн ажлаар ирж очихдоо сумын холбооноос шуудан хүргэх, аймгийн шуудан холбооноос шууданг нь авчирч байх, сумын холбооны эрхлэгч Бариашир нь шуудан авчирсан хүмүүст зохих хөлс, урамшуулал олгож байх гэсэн утга бүхий захирамж  байжээ. Ц.З- нь уг захирамжийг огт мэдээгүй, шуудан хүргэж өгч, цалин хөлс авч байгаагүй. Аймгийн холбооны газарт Ц.З-ийг шуудангийн жолоочоор ажилд авсан тушаал, цалин хөлс олгосон баримт огт байхгүй.

Сумын Засаг даргын 1993 оны 110 тоот захирамж нь нэр бүхий 45 хүнийг шинэ жилийн баярыг тохиолдуулан үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсугай гэсэн утга бүхий захирамж бөгөөд Ц.З- хувьд хувийн мал аж ахуйтан байсан, малаа өсгөсөн, сум багтаа үлгэр жишээ малчин байсан гэж шагнагдсан гэдгээ хэлсэн боловч эдгээр захирамжуудыг хамаатуулан, хууль бус акт тавих үндэслэлээ болгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж-, Б.А- нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу нэр бүхий 101 тэтгэвэр авагчийн тэтгэврийн хувийн хэрэг материалыг холбогдох төрийн архивт байх баримт болон Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд хадгалагдах хавтаст хэргийн материалаас үндэслэлийг шалган баталгаажуулсан.

... Шалгалтаар өгөгдсөн чиг үүргийн дагуу 222806 тоот хувийн хэргийн дугаартай Хэнтий аймгийн Батноров сумын малчин өндөр насны тэтгэвэр авагч СА62051019 регистрийн дугаартай Цэвээнсодном овогтой Занданпүрэвийн хувийн хэрэг материалын үндэслэлийг холбогдох төрийн архивт байх баримт бичигтэй тулган шалгахад дараах зөрчлүүд илэрсэн байна Үүнд:

- Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/52 дугаартай “Хэвлэл шуудангийн талаар авах арга хэмжээний тухай” захирамжаар авто машины жолооч нараар сумын хуваарьтай хэвлэл шууданг зохих журмын дагуу аймгийн холбооны газраас авах, сумын холбооны салбараас хүргэж өгөхийг авто машин бүхий албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нарт үүрэг болгосон. Хэвлэл шуудан авчирч ирсэн, хүргэж өгсөн бүртгэлийг үндэслэн жолооч нарт аймгийн холбооны газартай тооцоо хийж зохих хөлсийг сар бур олгож байхыг сумын холбооны эрхлэгч Б.Бариад даалгасан. Захирамжийн хавсралтад Ц.З- ГАЗ-53 88-06,

- Хэнтий аймгийн Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаартай “Урамшуулах тухай" 1993 онд ажлын амжилт гаргасан ажилтныг хавсралтад дурдсаны дагуу үнэ бүхий зүйлээр урамшуулсугай. Хавсралтаар Ц.З-,

- Иргэн Ц.З- нь 2020 оны 9 дүгээр сарын 10-нд малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох материалыг нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгөхдөө тэтгэвэр тогтоолгох өргөдөлдөө 1992 оны 06 сараас ардын Аж ахуйтан болсон гэж мэдүүлж өргөдөл бичиж, холбогдох материалыг бүрдүүлсэн байсан тул тэтгэврийн байцаагч тэтгэврийг тогтоон олгосон. 1981 онд нээсэн Хөдөлмөрийн дэвтэрт 1992 оны 6 сарын 01-ээс өөрийн хүсэлтийг үндэслэн авто машины жолоочийн ажлаас чөлөөлж сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсэн тушаалтай.

- 1993 онд шуудан хүргэгчээр ажиллаж байсан хугацаагаа ажиллагаагүй мэтээр ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамруулж, ажиллаж байсан хугацаагаа, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлтэй давхцуулан авсан байна. Улмаар тус ажилласан жилээ нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудсаар малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн дор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

- Нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол гэсэн нөхцөл болзлыг хангаагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэсэн заалтын дагуу Ц.З- малчин тэтгэврийн эрх үүсэхгүй байх тул улсын байцаагчийн 2021.8.20-ны 33 тоот акт бичиж 1750000 төгрөгийн тэтгэврийг үндэслэлгүй авсан гэж үзэж байна.

- Батноров сумын ЗДТГ-т хадгалагдах 1993-1994 оны нэр бүхий төсөвт газруудын цалингийн цэсийг шалгахад сумын эмнэлэг, цэцэрлэг, сургууль зэрэг байгууллагаас тээвэр хийж цалин хөлс авсан нь цалингийн цэсээр нотлогдож байна. Энэ нь түүний нэхэмжлэлд дурдсанчлан цалин хөлс авч байгаагүй ажиллаагүй гэж байгаа нь худал гэдгийг нотолж байна. Хуулбарыг хавсаргалаа.

Иргэн Ц.З- хувьд зориуд ажиллаж байсан хугацаагаа ажиллаагүй хэмээн мэдүүлж Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан, мөн малчин тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж байна. Тухайн даатгуулагч иргэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж үнэн зөв материал бүрдүүлээгүй, ажилласан байдлаа нуун дарагдуулснаас нийгмийн даатгалын санг хохироосон тул Занданпүрэвтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Б.А- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ц.З- нь “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэсэн нөхцөлөөр 2020 оны 11 дүгээр сарын 1-ны өдөр  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 1993 онд сумын холбооны газар шуудан хүргэгчээр ажилласан хугацааг нь хасвал малчнаар ажилласан 15 жил нь хүрэхгүй болно. Иймд акт тавьж, 2020 оны 11 сараас 2021 оны 4 сар хүртэл авсан тэтгэврийн нийт 1750000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Ц.З- өндөр насны тэтгэвэр олголт 2021 оны 4 дүгээр сараас эхлэн зогссон” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч Ц.З- нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ц.З- нь 2020 оны 11 дүгээр сарын 1-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон, сар бүр 350000 төгрөгийн тэтгэвэр авч байсан байна. Гэтэл Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж-, Б.А- нар нь Ц.З-ийг, “1993 онд Батноров суманд шуудан хүргэгчээр ажилласан хугацаагаа нөхөн даатгалтай давхцуулан, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон өндөр насны тэтгэвэр үндэслэлгүй авсан” гэж үзэж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улсын байцаагчийн акт гаргаж, “Нийгмийн даатгалын сангаас үндэслэлгүй илүү олгогдсон 1750000 /нэг сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг Ц.З-ээр нөхөн төлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Ц.З- нь уг үндэслэлийг үгүйсгэж, Батноров суманд Холбооны газрын шуудан хүргэгчээр ажиллаж байгаагүй гэж тайлбарлан, нэхэмжлэлдээ Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/52 дугаар, 1993 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн  110 дугаар захирамжуудыг тус тус хавсарган ирүүлж, улсын байцаагч нар эдгээр захирамжийг өөрт нь хамаатуулан акт тавьсан нь хууль бус гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч Д.Ж-, Б.А- нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, дээр дурдсан, Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын 1993 оны А/52, 1993 оны 110 дугаар захирамжуудыг тус тус үндэслэл болгож, “уг захирамжуудын хавсралтад Ц.З- нэр орсон, 1993 онд шуудан хүргэгчээр ажиллаж байсан хугацаагаа ажиллаагүй мэтээр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн дагуу нөхөн тооцуулж, улмаар малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан нөхцөл болзлыг хангаагүй, эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.

5. Хариуцагчийн тайлбарын үндэслэл болгосон дараах 2 нотлох баримтыг шүүх судлан үзэхэд,

а/Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/52 дугаар захирамж нь Хэвлэл шуудангийн талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж байх бөгөөд уг захирамжийн хавсралтад заасан жолооч нарын нэрсийн 15-рт Ц.З- нэр байгаа ч, энэ захирамж нь түүнийг шуудан хүргэгчээр ажилд томилсон тухай шийдвэр биш байна. Уг захирамжид, “Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалж хэвлэл шуудан цаг хугацаандаа ирээгүйгээс сумын хөдөлмөрчдийн оюуны хэрэгцээг хангах мэдээлэл сурталчилгааны ажилд муугаар нөлөөлж байгаа” тухай заагаад, хэвлэл шууданг аймгийн холбооны газраас авах, сумын холбооны салбараас аймагт хүргэж байхыг автомашин бүхий албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт үүрэг болгож, хэвлэл шуудангийн үйлчилгээнд албан ажлаа хавсран  гүйцэтгэж байх жолооч нарын нэрсийг /15 хүн/ хавсралтаар баталсан байна. Хариуцагч улсын байцаагч нар нь ийм утга агуулга бүхий захирамжийг үндэслэн, нэхэмжлэгч Ц.З-ийг Батноров суманд  шуудан хүргэгчээр ажиллаж байсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Захирамжийн 3 дахь заалтад, жолооч нарт зохих хөлс олгож байх тухай заалт байгаа ч хөлс олгосон тухай ямар нэгэн баримт байхгүйг дурдах нь зүйтэй.

б/ Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар захирамж нь “Урамшуулах тухай” захирамж байх бөгөөд шинэ жилийн баяраар идэвх зүтгэл гарган оролцсон сурагчид, ажлын амжилт гаргасан ажилтанг үнэ бүхий зүйлээр урамшуулжээ. Захирамжийн хавсралтад заасан 45 хүний нэр дотор Ц.З- нэр байгаа боловч ажил, албан тушаалын талаар заагаагүй байна.

Иймээс энэ захирамжийг, нэхэмжлэгч Ц.З-ийг шуудан хүргэгчээр ажиллаж байсныг нь нотолсон баримт гэж үзэх боломжгүй юм.

6. Иймд, хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж-, Б.А- нарын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гаргасан, Ц.З-ээр илүү олгосон тэтгэвэр нөхөн төлүүлэх тухай актыг үндэслэлгүй, хууль бус гэж шүүх дүгнэв.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.З- нь Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд жолоочоор ажиллаж байгаад 1992 онд нэгдэл хувьчлагдах үед ГАЗ-953 машин болон мал хувьчлан авч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон. 

8. Нэхэмжлэгч Ц.З- нь 2012 онд батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн дагуу хүсэлт гаргаж, 1992 оны 7 дугаар сарын 1-нээс 1996 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 4 жил 4 сар, 1998 оны 7 дугаар сарын 1-нээс 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 2 жил 6 сарын, нийт 6 жил 10 сарын хугацааг 2013 онд нөхөн тооцуулж, 1814000445 тоот баталгаажилтын хуудас авсан байна. Үүнд тухайн хуулийг зөрчсөн зүйл байхгүй, мөн уг баталгаажилтын хуудсыг хүчингүйд тооцсон зүйл байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

9. Хариуцагч нарын тайлбар болон тэтгэвэр тогтоолтын баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.З- нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-гийн 1 дэх заалтаар буюу “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэх үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон, сард 350000 төгрөг авч эхэлжээ.

10. Хариуцагч нарын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан, Ц.З-ээр өндөр насны тэтгэврийн нийт 1750000 /нэг сая долоон зуун тавин/ мянган төгрөгийг нөхөн төлүүлэх тухай актыг шүүх хууль бус гэж үзсэн ба уг хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч Ц.З- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-гийн 1 дэх хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Ц.З- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж-, Б.А- нарын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Илүү олгосон тэтгэвэр нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ж-, Б.А- нараас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.З-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЛЖМАА