| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 105/2024/0141/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 179
2024 02 20 2024/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2302 00804 0017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 2000 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МБЭБМ ХХК-д менежер ажилтай гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, 15 дугаар байр 2 дугаар орц 00 тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8 дугаар гудамжнаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 214.2 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 0 тоотод уг олсон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 9 сарын дундуур ганцаараа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн гудамжаар явж байгаад гудамжинд каннабис ургасан байхыг хараад 100 төгрөгийн гялгар уутанд дүүрэн түүж тэр хавьд байдаг эзэнгүй хашаанд дэлгэж орхиод орой нь хатсан байхаар нь гялгар уутандаа буцаагаад хийгээд үүрч явдаг цүнхэндээ хийсэн. Тэгээд сэтгэл санаа тавгүй үедээ хатаасан өвснөөсөө гаргаж ирээд тамхи шиг тамхины цаасанд ороож татаж хэрэглэдэг байсан. Тухайн үед би эхнэртэйгээ маргалдаж муудалцсан байсан дараа нь 2023 оны 10 сард эхнэр Ариунтуяатай эвлэрээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 2-р орцны 00 тоот 1 өрөөг хамтран түрээсэлж амьдарч эхэлсэн, тэр байранд нүүж очихдоо гялгар ууттай хатаасан өвсөө авч очоод өөрийнхөө хувцас дотор хадгалсан. Тэгээд 2023 оны 10 сардаа 2-3 удаа тамхи шиг ороож татаж хэрэглэсэн... Хамгийн сүүлд Чингис хааны төрсөн өдөр гээд бүх нийтийн амралтын өдөр тохиолдоод гэртээ амарсан тухайн үед манай эхнэр хагалгаанд ороод бие нь жаахан өвдөөд байсан учраас би каннабис өвснөөсөө сүүнд буцалгаж өгсөн, би өөрөө бас уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/,
Гэрч Н.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэрээс гарсан өвсний талаар мэдэх зүйл огт байхгүй байна. Эмийн тухайд бол миний уудаг эм байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №5806 дугаартай дүгнэлт:
1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд Т-209, БЗД-н 5 дугаар хороо, 15 дугаар байрны 00 тоот нэгжлэгээр хураан авсан 358,5 грамм өвс гэх зүйл а/х Ганпүрэв 2023.11.23" гэж хаягласан зиплок ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно.
2. Шинжилгээнд ирүүлсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 214,2 грамм байна.” гэх 3317 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 52-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №5808 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн “******* УИ00251556 2023.11.23 гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн “******* УИ00251556 2023.11.23” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн.
Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт /хх- ийн 69-71/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5807 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Ариунтуяа 2023.11.23” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн “Ариунтуяа 2023.11.23” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн.
Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 75-77/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №602 дугаартай дүгнэлт:
******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест, ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24, 25-27/
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 0 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлд: “...цагаан өнгийн шүүгээнээс морины зураг бүхий даавуун ууттай ногоон өнгийн ургамлын үр мэт зүйлийг гаргаж өгснийг 1 гэж дугаарлан ЦЕГ, ХТТГ гэсэн лацтай зиплок уутанд хийж битүүмжлэн ... хураан авав...” гэснээр, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18/,
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Н-196/07 дугаартай: “...Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий олсны ургамал бүртгэгдсэн байна...” гэсэн албан бичиг /хх-ийн 38/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: “...*******ийн заасан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа 8 дугаар гудамжны ертөнцийн зүгээр баруун талын үзүүр хэсэгт гэр хорооллын гудамж дунд хашааны буланд хэсэг газар цасанд дарагдсан газраас ургаж хатсан хэсэг өвч ургамал мэт зүйл байсныг зургаар бэхжүүлэв...” гэснээр, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-122/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 168/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 157/ гэсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн биедээ болон бусад агуулах сав, орон байранд хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, оногдуулахаар үндэслэлтэй байна гэж үзэж. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлт
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ: “Миний үйлчлүүлэгч нь уг бодисыг хадгалсан гэх үйлдэл дээрээ мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд гэм буруугаа хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Иймд улсын яллагчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох саналыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргав.
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8 дугаар гудамжнаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 214.2 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 0 тоотод уг олсон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан болон бэлтгэсэн” гэж үзнэ.
Хяналтын прокуророос *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******ийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бэлтгэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.
Иймд шүүгдэгч *******ийг 2023 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8 дугаар гудамжнаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 214.2 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 0 тоотод уг олсон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч *******ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан боломжтой бол тэнсэх үгүй бол зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбар бүхий санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хоёр төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч *******ид хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулав.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж. *******ид зорчих эрх хязгаарлах ял эдэлж байх хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж шүүхээс үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа шаргал өнгийн даавуун ууттай 214.2 грамм цэвэр жинтэй олсны ургамал, 11 ширхэг капсултай эм, Riperinone Epillior or гэсэн бичиглэлтэй хуванцар савтай 2 хайрцагтай эм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, түүж бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид эрх бүхий байгууллагын хяналтад 2 /хоёр/ жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч *******ид зорчих эрх хязгаарлах ял эдэлж байх хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа шаргал өнгийн даавуун ууттай 214.2 грамм цэвэр жинтэй олсны ургамал, 11 ширхэг капсултай эм, Riperinone Epillior or гэсэн бичиглэлтэй хуванцар савтай 2 хайрцагтай эм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.
6. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 2 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хадгалах, ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БАТМАНДАХ