Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Хархорин дахь сум дундын шүүхийн ******* дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 60,000 төгрөгөөр торгох ялаар,

Хархорин дахь сум дундын шүүхийн 2******* дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан.

/РД: /

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын тоот // айлын хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргалдан түүний толгойд модоор цохиж толгойн чамархайн хэсэгт шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум, *** багт *** гэх ахынд ***, ****, ***, **** бид нар архи уугаад сууж байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг сэрсэн чинь толгойгоо боосон гэртээ хэвтэж байсан. **** эхнэр *** ярихдаа **** чиний толгой руу модоор цохисон тэгээд толгой чинь хагарсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *** оны *** дугаар сарын ***-ны би нөхөр /***/, ***, ***, *** бид нар манай гэрт байж байсан чинь **** гаднаас 0,75 литртэй тал архитай орж ирсэн. ***, *** хоёр хоорондоо хэрэлдээд, маргалдаад байсан. Нэг харсан чинь тэр хоёр гараад явсан байсан. Гадаа хүн орилохоор нь гараад харсан чинь **** толгой нь хагарсан байсан. **** юу болов гээд асуусан чинь **** өөрөө өдөөд байхаар нь сандлын модоор цохисон гэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *** онь *** дугаар сарын ***-ны өдөр манай нөхөр ****, мөн *** бид гурав манай төрсөн ах ***** байж байсан чинь **** гаднаас 0.5 литртэй “Харзтай” нэртэй тал архитай орж ирсэн. ***, **** хэл амаар доромжлоод байсан. ****, **** хоёр гэрт байж байснаа маргалдаад гэрээс гарсан чинь удалгүй хүн орилсон. Гарахад **** толгойноос цус гарч байсан. **** асуусан чинь **** намайг архины шилээр цохисон тэгэхээр нь би сандлын модоор цохисон гэсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 тал/,

Өвөрхангай  аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгэзр сарын 02-ны өдрийн “...1 .**** биед баруун чамархайн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтад нөлөөлөхгүй. Амь насанд аюулгүй гэмтэл байна...” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 3-6 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 51-53 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч **** нь өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын **** баг ***** тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** үл ялих зүйлээс маргалдан түүний толгойд модоор цохиж толгойн чамархайн хэсэгт шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч нь бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ***** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч **** шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хэргийн материал танилцуулахад хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж бичсэн /хавтаст хэргийн 61 тал/ байна. Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *****н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ялын санал гаргасан.

Шүүгдэгчээс улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Иймд шүүгдэгч **** овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэв.

Шүүгдэгч ***** зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нэг сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                              Бусад асуудлаар:

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 94 см урттай, 4 см өргөнтэй цэнхэр өнгийн будагтай мод нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ******** 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх 01 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 94 см урттай, 4 см өргөнтэй цэнхэр өнгийн будагтай мод нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА