| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/06 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/06
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2024/*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн сумын *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд,
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгэгдэж байсан.
/РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн сумын гэх газраас хохирогч 7 тооны адуу, хохирогч 3 тооны адууг тус тус хууль бусаар хүч хэрэглэхгүй нууц далд аргаар авч хохирогч нарт 9,900,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн сумын гэх газраас хохирогч 7 тооны адуу, хохирогч 3 тооны адууг тус тус хууль бусаар хүч хэрэглэхгүй нууц далд аргаар авч хохирогч нарт 9,900,000 төгрөгийн хохирол учруулж олон тооны мал хулгайлсан нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1.1. Үүнд:
Хохирогч шүүх хуралдаанд өгсөн: Хохирлыг шүүгдэгч *** бүрэн төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч **** шүүх хуралдаанд өгсөн: Шүүгдэгч **** морь эрж хайсны зардалд 800,000 төгрөг өгсөн. Сая шүүхээс завсарлага авсны дараа шүүгдэгч 2,000,000 төгрөг өгсөн. Одоо үлдэх нэг сая төгрөгийн хохирлоо авмаар байна гэв.
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг Улаан ам гэх газар нутаглаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн. Улаанбаатар хотруу явахдаа өөрийн эзэмшлийн 32 тооны үхэр, 150 орчим бог, 28 тооны адуу зэргийг аав **** үлдээгээд явсан. Миний адуунаас 7 тооны адуу, манай гэртэй айл саахалт **** 3 тооны адуу нийт 10 адуу хулгайд алдагдсан байсан. ... 2023 оны 04 дүгээр сарын 10-ны үе гэж санаж байна миний төрсөн дүү **** адуундаа явж байгаад 1 дүгээр баг Өндөр хясаа гэх газар нутагладаг миний хамаатны хүн болох **** гэх хүний эзэмшлийн 3 тооны адуутай миний 1 сартай зээрд морь нийт 4 тооны адуу гүйж ирээд адуундаа нийлсэн талаар надад хэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр миний соёолон 5 настай хонгор адуу, 6 настай хавчиг зээрд үрээ нийт 2 тооны адуу гүйж ирээд адуундаа нийлсэн. Бид нар хулгайд алдсан юм байна гэж бодоод шуурхай хайж эхэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд *** ахтай мотоциклтой Архангай аймгийн Цэнхэр сумын “Нарийн хамрын үзүүр” гэх газар нэг танихгүй айлд буугаад алга болсон адуунуудаа сураглахад тухайн айлын эгч “2023 оны хавар манай гэрт нэг залуу орж ирж танилцаад явсан. Тухайн залууг **** гэдэг бөгөөд Цэнхэр сумын Ширдэгийн голоор нутагладаг, тухайн үед манайд ирэхдээ Цэнхэр сумын Нарийн хамрын үзүүр гэх газар буюу манай гэрээс дээшээ ойролцоо 10 тооны нэг зэгэлтэй, бусад нь бараан зүсмийн адуунууд байгаа мотоциклийн дуу сонсоод шууд зугтаадаг ороо морьд байгаа танайх анзаарч байгаарай би маргааш морь унаад ирээд авна гэж хэлээд явсан маргааш нь мотоциклтой ирэхдээ 2 тооны зээрд зүсмийн адуу нэг нь ногттой адууг манай гэрийн хажуунаас туугаад явсан” тухай бид хоёрт хэлсэн. Бид хоёр тухайн айлдаа хоноод маргааш нь Цэнхэр сумын Ширдэгийн гол уруудаад дунд үеэр нь нэг танихгүй айлд орж асуухад тэр айл ***хүргэн ах Онгоо гэх айлтай ойрхон хаваржсан гэсэн. Тэр хэлэхдээ 2023 оны хавар цагаан сараас хойш *** хүргэн ах **** гэх хүний адуунд 3 тооны 2 нь сартай зээрд зүсмийн 1 нь хойд хөл нь шийр цагаан адуунууд холбоотой байсан. *** манайд ирэхдээ сартай зээрд морь унаж ирсэн. Тэр адуугаа 3 сая төгрөгөөр зарна. Хужирт сум руу гүйгээд байдаг адуу гэж байсан гэсэн. Бид тэр айлдаа хоноод маргааш нь Ширдэгийн голоор дахин нэг айлаар орж сураглахад Сартай зээрд зүсмийн адуу **** гэх хүний адуунд холбоотой явж байсан гэж хэлсэн. Бид **** хүргэн ах **** гэх айлд очиж адуугаа асуухад хараагүй, үзээгүй гэж хэлэхээр нь би замын айлуудаас танай адуу дотор сартай зээрд зүсмийн морь холбоотой байсан гэж сураг сонсоод ирлээ гэхэд **** гэх хүн намайг дагуулаад даваа өгсөж яваад байн байн утсаар яриад “явсан уу, явсан уу” гээд яриад байсан. **** ах үлдээд ойр орчмын газар дуран тавиад хараад сууж байхад **** гэх хүний хүүхэд мотоциклтой адуугаа тууж хашаа руу оруулаад өөр сартай зээрд мориор сольж холбоод миний сартай зээрд зүсмийн морийг хөтөлж яваад уулын модонд уясан байсан. **** ах бид хоёр мотоциклтой явж уул руу орж морио аваад сумруу явсан. **** ахын 3 тооны, миний 7 тооны нийт 10 тооны адуу алдсан. Хамгийн сүүлд аав **** цагаан сарын өмнө үзэхэд байсан, цагаан сараас хойш 2 дугаар сарын эхээр үзэхэд байхгүй байсан гэж надад хэлсэн. ...2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би өөрөө **** уулзаж алга болсон адуунуудын талаар асуухад “яагаад манай тэнд очсон юм болоо” гээд байсан. Би цагдаад өргөдөл өгнө гэхэд битгий мэдэгдээрэй би өгнө гээд хүргэн ахтайгаа утсаар яриад наад зээрд морио өгөөд явуул гээд байсан. **** ах бид хоёрын нийт 10 тооны адуунаас 3 тооны адуу гүйж ирсэн. Нэг адууг нь өөрсдөө олж ирсэн. 6 тооны адуу сураг чимээгүй байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 тал/,
Хохирогч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Хохирол төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний эзэмшлийн 3 адуу **** гэх залуугийн адуунд байдаг юм. Тухайн **** гэх залуугийн 7, миний 3 адуу нийт 10 тооны адуу 2023 оны 02 дугаар сард алдсан. Тухайн үед цаг хэцүү мал тэжээлд ороод хэцүү байсан болохоор сайн хайж чадаагүй. 2023 оны 04 дүгээр сард байх цастай үе байсан. **** дүү **** манай адуунд 3 морь гүйж ирлээ гэсэн. ...Тэр үеэс сураг тасраад саяхан 2023 оны 06 дугаар сард **** хотоос ирсэний дараа бид хоёр алдсан морио хайж явсан. ...Шийртээд даваад өлийн голруу ороод нэг танихгүй айлд ороход хоёр хөгшин байсан. Тухайн айлаас морины сураг гаргахад **** тухайн айлд морьд нь урагшаа гүйгээд байна мотоциклийн бараа харж чаддаггүй морьд байгаа юм гэж хэлсэн байсан. Тэр морьдын зүсийг асуухад ихэнхи нь бараан морь байсан. Нэг саарал морь байсан. Нарийн хамар гэх газар модтой нүүрэнд байсан гэж хэлсэн. Тэгж сураг гаргаад **** бид хоёр манай морьд мөн байна гэж бодоод нарийн хамар гэх газар луу өгсөөд явсан. ...Бид хоёр *** гэрт ороход *** буюу ****, эхнэр, 8 дугаар ангийн эрэгтэй хүүхэд, нэг улаан цамцтай хүүхэд, **** эхнэр хоёр хүүхэдтэйгээ байсан. **** *** буюу **** “танай бор морьтой манай сартай зээрд зүсмийн морь холбоотой байна” гэхэд **** тийм юм гэж юу байсан юм адуундаа очиж үзүүлье гэж хэлээд баруун зүгт модтой ам байсан, тийшээ явсан. Би гэрээс нь гараад хойд ууланд гарч ойр орчмыг дурандаж байтал, **** гэрээс бор дээлтэй залуу, улаан цамцтай банди хоёр мотоцикл унаад зүүн талын ам өгсөөд толгод даваад яваад өгсөн. Би жаахан сэжиг аваад буцаад **** гэрт ирэхэд **** ирээгүй байж байгаад удалгүй ирсэн. Бид нар гэртээ байж байхад **** эхнэр **** утсаар ярьж байгаад **** ах адуугаа алдсан гээд ирсэн байна чи ярих уу гэхэд би шууд тулгаад үзье гэж бодоод **** гэрээс гараад түлээний хажууд очоод “**** зээрд морь **** бор морьтой холбоотой байна” гэхэд *** тиймээ ах *** ахын зээрд морь гүйж явахаар нь барьж аваад холбосон байгаа гэсэн би утсаа **** өгч яриулахад **** гэрээсээ гараад ирсэн байсан. **** утсаар **** хэлэхдээ чи хүргэн ахаар портер дээр нь ачуулаад давааны ёроол хүргүүлчих гэж хэлэхэд *** хажуугаас нь **** утсыг булааж аваад **** чи юу яриад байгаа юм, согтуу байгаа юм уу, тэр сартай зээрд морь чинь миний морь гэж хэлээд утсаа тасалсан. Бид хоёр нэг л сонин байна гэж бодоод мотоциклтой хоёр хүний араас явсан. **** гэрээс гараад 1 км орчим уулын бэлд зэрэгцээ барьсан 3 хашаа байсан. Саяхан адуу хашаад гаргасан шинжтэй байсан. Бид хоёр мотоциклийн мөрийг дагаж уул өгсөж модны зах руу орсон. ..Ойрхон зуур тэгш газар гарахад **** сартай зээрд адууг модноос уясан байсан. Бид хоёр тухайн морь уясан модыг тойруулж хутгаар зорж тэмдэглээд үлдээсэн одоо очвол зааж өгч чадна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 20-22 тал/,
Хохирогч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хохиролд адуугаа эрж хайсны унааны зардалд 800000 төгрөг шүүгдэгчээс өгсөн. 3 адууны хохирлоос 2 сая төгрөг өгсөн, нэг адууны нэг сая төгрөг төлж барагдуулаагүй байна. Гомдолтой байна гэв.
Гэрч **** шүүх хуралдаанд өгсөн: **** миний төрсөн дүү байгаа юм. Ноднин хэрэгт холбогдсон шүүх, цагдаагаар явж байсан учир айлын 10-н адуу хулгайлсан хэрэгт орсон гэхээр нь өөрт нь хэлэлгүй манай ахан дүүс ярилцаад хохирогч ****, **** нартай уулзаж хохирол төлбөрийг барагдуулсан гэв.
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би *** гэх хүнийг танина. 2006 онд төрсөн эгч **** нь гэр бүл болсон. Манай хадам дүү байгаа юм. 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр Архангай аймагт байж байгаад иртэл манай бор азаргатай адуунд 1 морь миний бор адуунд холбочихсон байсан. 1 сартай зээрд морь байсан. Би морийг тулж хараагүй. **** хэний морь болохыг асуухад би худалдаж авсан юм гэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Архангай аймгийн Цэнхэр сум Ширдэгийн голоор нутагладаг. **** сайн танихгүй. 2023 оны 06 дугаар сарын эхээр адууныхаа хажууд явж байхад манай адуунд сартай зээрд зүсмийн хүзүүнээсээ аргамжаа чирсэн адуу адууны хажуугаар гүйж явсан. Удалгүй 17 цагийн орчимд манайхаар намхан шар залуу, нэг эмэгтэйтэй хамт ирээд адуугаа алдчихлаа гүйцсэнгүй гэж байсан. Тухайн үед хаанаас явж байгаа хэний хүүхэд вэ гэхэд намхан шар залуу нь **** хүүхэд гэж байсан. *** гэх хүнийг *** гэдэг. 2023 оны 07 дугаар сарын эхээр хоёр залуу мотоциклтой ирээд алдсан адуугаа хайгаад явж байна. Ширдэгийн голоор зусдаг **** **** хулгайлсан байсныг ганц сартай зээрд морио тэдний гаднаас аваад явж байна гээд явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: **** анх надад тухайн хоёр сартай зээрд морийг өөрийнх нь унаган адуу гэж байсан. Хавар хэдэн сарыг нь мэдэхгүй байна. **** хоёр зээрд морины нэг нь гүйгээд алга болсон гэж *** буюу *** ах надад хэлсэн. Тухайн үед *** үлдсэн нэг сартай зээрд морийг зарна гээд ярьж байсан. ...*** унаж байсан сартай зээрд морь нь *** гэх хүний бор морьтой цуг хүзүүгээр нь холбочихсон манай гэрийн хавьд ирсэн байхад нь харсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би цагаан сарын дараа 3 сарын эхээр аавындаа хятруун гэх газар очоод өөрийн үнээгээ хайж байсан. Тухайн үед мотоциклоо эвдээд урд талын обуд олох гээд хятруун дээр байж байсан. Тухайн үед би *** гэх хүнтэй цуг явж байсан. *** богино үстэй хүрэм өмсчихсөн, улаан хүрэн мотоциклтой явж байсан ба надтай таараад “*** ахын адуу хаана байгаа бол би Архангайгаас нэг хээр морь гүйлгээд алдчихсан тэдний адуунд гүйж ирсэн байх” гэж асууж байсан. Тэгээд дараа нь 7 дугаар сард *** ахын гэрт очиход **** манай адуунаас морь туугаад Архангай явсан байна гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 тал/,
Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны 05 дугаар сарын сүүлээр *** урагшаа 3 морь алдчихлаа намайг морин дээр хүргээд өгөөч гэж гуйхаар нь цуг яваад хадам ахынд нь хоноод өглөө хадам ахынх нь гэрийн урд талын уулын нуруунд 3 морь байсан тэнд нь хүргэж өгөөд Орхоны шийртийн амны дэлгүүр хүртэл 20 орчим км цуг тууж явсан, алга болсон 3 морины нэг морийг нь *** унаад нөгөө хоёрыг нь хөтлөөд явна гэсэн. Хүрэн морь, хонгор морь, сартай зээрд морьд байсан. Шийртийн амны дэлгүүр хүрээд би **** мотоциклийг унаад цаашаа шууд Цэнхэрийн голд гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115 тал/,
Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №**** дугаартай “...шинжилгээний обьектийн 2023 оны 02 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 9,900,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-57 тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-38 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 95-98 тал/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд гэрч ***, ***, *** нарыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр оролцуулж мэдүүлэг авахад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс гэрч ***, *** нарын мэдүүлэг эрс зөрүүтэй мэдүүлж байх тул шүүхээс гэрчээр анх өгсөн мэдүүлгийг үнэн зөв мэдүүлсэн гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн.
2. Эрх зүйн дүгнэлтийн хувьд:
Хулгайлах гэмт хэрэг нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг гэмт этгээд шууд санаатай, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар, амар хялбар аргаар орлого олох гэсэн шунахай сэдэлт зорилготой өөрийн мэдэлд авч, захиран зарцуулж, иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулах байдлаар илэрдэг. 2023 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн сумын *** баг *** гэх газраас хохирогч *** 7 тооны адуу, хохирогч *** 3 тооны адууг тус тус хулгайлж хохирогч нарт 9,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт мал гэдэгт хонь, ямаа, үхэр, тэмээ, адуу хамаарна. Олон тооны мал гэж найман бог, 2 бод, түүнээс дээш малыг ойлгоно гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан **** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *** овгийн **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: **** 10 тооны адуу хулгайлсан биш 1 тооны адууг авч явсан. Ийм учраас хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 34.14 дүгээр зүйл шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. 2-т нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэсэн байдаг. **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчлэх боломжтой. Зүйл ангийг нь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт би 10 тооны адуу хулгайлаагүй, 1 тооны адууг авсныг хүлээн зөвшөөрч байна, гомдолтой байна гэж мэдүүлсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** хохирогч **** 7 тооны, **** 3 тооны адууг хулгайлсан үйлдэл, хохирогч нарт 9,900,000 төгрөгийн хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3. Хохирлын хувьд:
Хохирогч **** 7 тооны адуунаас 3 нь ижилдээ гүйж ирсэн, нэг тооны адууг нь өөрөө хайж олж авсан, үлдсэн 3 тооны адууны хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байна.
Хохирогч **** 3 тооны адууг тус бүр 1,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Адуугаа эрж хайхад гарсан зардалд 800,000 төгрөгийг шүүгдэгчээс хохирогчид өгсөн болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогч **** хохирлыг төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан бөгөөд уг хугацаанд 2,000,000 төгрөгийг хохирогч **** шүүгдэгчээс төлсөн, нэг сая төгрөгийг төлөөгүй, төлөхөө илэрхийлж байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** хохиролд нэг сая төгрөг гаргуулж хохирогч **** олгохоор шийдвэрлэв.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг хохирогч **** хохирлыг төлснийг, **** хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн хэмжээг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Шүүгдэгч ***** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч **** нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мотоцикл хулгайлсан гэмт хэрэгтээ тус шүүхийн 2023 оны *** дугаар сарын ****-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Шүүх хэд хэдэн тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ялыг нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.
Шүүгдэгчид оногдуулсан хоёр жилийн хорих ялыг, тус шүүхийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэнийг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч *** хохирлыг төлснийг, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овгийн ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч **** овгийн ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хоёр жилийн хорих ялыг, тус шүүхийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэнийг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****с хохиролд нэг сая төгрөг гаргуулж хохирогч ***** олгосугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч **** хохирлыг төлснийг, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА